| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2014/0764/э |
| Дугаар | 403 |
| Огноо | 2017-06-06 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 403
Д.Анхтуяад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Уянга,
шүүгдэгч Д.Анхтуяа, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 155 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Уянгын бичсэн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 5/23 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201301022777 дугаартай Д.Анхтуяад холбогдох хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Барнууд овогт Доржийн Анхтуяа, 1986 оны 3 дугаар сарын 17-нд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн Ганган-Орхон Дэнжийн 1-7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЙР86031701/;
Д.Анхтуяа нь ганцаараа буюу давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол хорооллын 905 дугаар байрны 83 тоот орон сууцыг түрээслэн сууж байхдаа “Бодит зууч” компанид давхар түрээслэн 4,500,000 төгрөгийг залилсан,
2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Э.Доржсүрэнгээс дүүгийнхээ сургалтын төлбөрийг өгөх гэсэн юм 2-3 хоногийн дараа өгнө гэж хэлээд 2,500,000 төгрөгийг залилсан,
2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр А.Ганболдоос гаалийн бичигтэй “Ниссан каушка” загварын автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч мөнгийг нь өгөлгүйгээр Сайн ломбарданд тавьж залилан 40,000,000 төгрөгийг залилсан, /машиныг үнэлээгүй, хаана байгааг тогтоогоогүй/,
2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт Ж.Бат-Өлзийгөөс “Тоёота приус” загварын автомашиныг худалдаж авна гэж хууран мэхэлж 3,000,000 төгрөгийг залилсан,
2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Нэргүйд 2 өрөө орон сууц зарна гэж 6,000,000 төгрөгийг залилсан,
2013 оны 12 дугаар сард өөрийгөө Гаалийн ерөнхий газарт ахлах нягтлан ажилтай чамайг гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө Т.Цэнджаваас 1,400,000 төгрөгийг залилсан,
2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х.Балжиннямаас хүүтэй зээлчих гэж хэлж 1,000,000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх аргаар залилж нийт 8 удаагийн давтан үйлдлээр бусдад 58,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
2013 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 170/6 байрны 67 тоот 2 өрөө сууцыг түрээслэн сууж байхдаа Б.Нарангэрэлд зарна гэж 43,000,000 төгрөгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч бусдад нийт 101,400,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Анхтуяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэв.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ганболд нь “Ниссан каушка” загварын машиныг ажил хийж өгсөн хөлсөндөө өөрийнх нь компани авсныг Т.Лхамсүрэнд шилжүүлж өгсөн гэж мэдүүлж байгаагаас үзэхэд энэ автомашин хэний өмч вэ гэдэг нь эргэлзээтэй болж байна. Иймд энэ автомашин хувь хүний өмч үү, аж ахуйн нэгжийн өмч үү гэдгийг тогтоосны эцэст хохирогчийг зөв тогтоох шаардлагатай,
2. Энэ автомашиныг хэргийн материал дотор хоёр удаа хоёр өөрөөр үнэлсэн байна. Энэ хоёр үнийн алингаар нь хохирол учирсан болохыг тогтоох, /2011 оны шинэ “Ниссан каушка” загварын машин зах зээлийн үнэ нь ямар байсныг тогтоох/,
3. Хэрэгт олон иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг тогтоосон нь ойлгомжгүй байгааг ойлгомжтой зөв тогтоох хэн нь иргэний нэхэмжлэгч, хэн нь иргэний хариуцагч болохыг зөв тогтоох,
4. Хохирлын хэмжээг зөв тогтоох, одоо байгаа нийт хохирлын хэмжээнд иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа үнийн дүн орчихсон байгаа нь буруу байна. Иймд үүнийг зөвтгөх,
5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 719 дүгээр магадлалд заасан заалтууд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 247 дугаартай шүүхийн тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 100 дугаар захирамжид заасан Хонгорзул, Дэжид нарыг олж байцаах шалгаж тогтоох шаардлагатай. Учир нь Д.Анхтуяа нь н.Бат-Өлзийд 13,800,000 төгрөгийг Хонгорзулаас авч өгсөн гэх мэдүүлгийг шалгах шаардлагатай, мөн н.Дэжидэд өгсөн 4,500,000 төгрөгийг аваагүй гэж мэдүүлж байгааг шалгах шаардлагатай байх тул Д.Анхтуяад холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Д.Анхтуяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Д.Уянга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 155 дугаар шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн тогтоолд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ганболд нь “Ниссан каушка” загварын машиныг ажлын хөлсөндөө өөрийнх нь компани авсныг Т.Лхамсүрэнд шилжүүлж өгсөн гэж
мэдүүлж байгаагаас үзэхэд энэ автомашин хэний өмч гэдэг нь эргэлзээтэй болж
байна. Иймд энэ автомашиныг хувь хүний өмч үү, аж ахуйн нэгжийн өмч үү гэдгийг
тогтоосны эцэст хохирогчийг зөв тогтоох шаардлагатай гэжээ.
Хохирогч А.Ганболд нь тухайн компанидаа гүйцэтгэх захирлын албан тушаалтай, тус компанийг ахтайгаа хамтарч байгуулсан байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирлын хувьд А.Ганболд компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад, гэрээ, хэлцэл хийхэд шууд оролцож болно. Иймд А.Ганболд “Ниссан каушка” автомашиныг захиран зарцуулах эрхтэй юм. А.Ганболд компанийн нэр дээр байсан автомашиныг шилжүүлэх эрх олгосон бичгийг менежер Эрдэнэжаргалд өгч, Эрдэнэжаргал нь автомашины эзэмшигчийг солиулан, уг автомашин нь Х.Лхамсүрэнгийн нэр дээр шилжиж очсон байдаг.
2. Энэ автомашиныг хэргийн материал дотор хоёр удаа хоёр өөрөөр үнэлсэн
байна. Энэ хоёр үнийн алинаар нь хохирол учирсан болохыг тогтоох гэжээ.
Эхний үнэлгээг нь Дүүргийн засаг даргын дэргэдэх үнэлгээний комисс тогтоосон, 2 дахь үнэлгээг Д.Анхтуяагийн өмгөөлөгч Энх-Амгалан хүсэлт гаргасны дагуу одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлсэн байна. Эхний үнэлгээний хувьд “Ниссан каушка” загварын автомашин шинэ учраас 40,000,000 төгрөгөөр үнэлсэн ба 2013 оны бодит хохирлыг харуулахад ач холбогдолтой. 2 дахь үнэлгээ нь 23,500,000 төгрөгөөр үнэлсэн нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар буюу автомашиныг хураан авч, битүүмжлэх үеийн бодит үнэлгээг харуулсан, улмаар иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн эрх, үүргийг хангах зорилгоор хийгдсэн ажиллагаа юм.
3. Хэрэгт олон иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг тогтоосон нь ойлгомжгүй байгааг ойлгомжтой зөв тогтоох, хэн нь иргэний нэхэмжлэгч, хэн нь иргэний хариуцагч болохыг зөв тогтоох гэжээ.
Яллагдагч Д.Анхтуяа нь хохирогч А.Ганболдыг хуурч мэхлэн “Ниссан каушка” загварын автомашиныг дүү X.Лхамсүрэнгийн нэр дээр болгуулан “Сайн” авто ломбарданд 18,000,000 төгрөгөөр тавьж мөнгийг нь авсан.
“Ниссан каушка” загварын 08-95 ӨВР улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг прокурор 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэжээ. Автомашиныг битүүмжлэлээс чөлөөлөгдсөний дараа “Тайгын булаг авто” ХХК уг машиныг үндсэн зээл 18,000,000 төгрөг, зээлийн хүү, түүний алдангид 27,000,000 төгрөгөөр иргэн Г.Ариунболдод зарж борлуулсан. Автомашиныг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж хураан авсны дараа буюу сарын дараа иргэн Г.Баттулга нь энэ автомашины миний өмч, би энэ автомашиныг 8,000,000 төгрөгөнд 2016 оны 1 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээ хийж авсан гэж нотариатаар батлуулсан. Худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг гомдолдоо хавсаргаж өгсөн. Гэтэл Авто тээврийн газраас гаргасан автомашины эзэмшигчийн лавлагаагаар уг автомашины эзэмшигчээр Г.Ариунболд бүртгэгдсэн байна.
Хэрэгт “Тайгын булаг” ХХК-ийн захирал Я.Мягмарсүрэнг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, гэтэл компани нь уг машиныг гэмт хэргийн замаар олдсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж цааш нь зарж борлуулжээ. Тус компани нь одоо иргэний хариуцагч бөгөөд иргэн Г.Ариунболдын хохирлыг барагдуулах ёстой. Иймд хэрэгт тус компанийг буюу Н.Мягмархоролыг иргэний хариуцагчаар /5-р хх-ийн 171 тал/ татсан байна. Харин Г.Ариунболд нь тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй, түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг шүүхийн тогтоолд дурдан хэргийг шийдвэрлэх боломжтой. Г.Баттулгын хувьд Г.Ариунболдоос 8,000,000 төгрөгөө нэхэмжлэх эрхтэй. /түүнийг гаргасан гомдлын дагуу хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон/
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн иргэн, хуулийн этгээд хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээдийг тогтоосны дараа ...шүүх холбогдох этгээдийг иргэний хариуцагчаар татах тогтоол гаргана. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад тооцоог бүрэн хийх боломжгүй бөгөөд энэ нь гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бол эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг 1 нэхэмжлэгчид мэдэгдэнэ гэснийг тус тус удирдлага болгон шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой билээ.
4. Хохирлын хэмжээг зөв тогтоох, одоо байгаа нийт хохирлын хэмжээнд
иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа үнийн дүн орчихсон байгаа нь буруу байна. Иймд үүнийг зөвтгөх гэжээ.
Уг гэмт хэргийн хувьд хохирогч А.Ганболдод 40,000,000 төгрөг, хохирогч Б.Нямцэнгэлд 4,500,000 төгрөг, хохирогч Б.Нарангэрэлд 43,000,000 төгрөг, хохирогч Б.Нэргүйд 6,000,000 төгрөг, хохирогч Т.Цэнджавд 1,400,000 төгрөг, хохирогч Э.Доржсүрэнд 2,500,000 төгрөг, хохирогч Х.Балжиннямд 1,000,000 төгрөг, хохирогч Ж.Бат-Өлзийд 13,800,000 төгрөг учирсан байна. Нийт хохирол 112,200,000 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс хохирол төлөгдсөн, төлөгдөөгүй хохирлыг тооцвол хохирогч А.Ганболд автомашинаа буцаан авна гэснийг хангавал 40,000,000 төгрөгийн хохирол төлөгдөхгүй, хохирогч Б.Нямцэнгэл нь 4,500,000 төгрөгөөс 520,000 төгрөг төлсөн одоо 3,980,000 төгрөг хохирол, хохирогч Б.Нарангэрэлийн 43,000,000 төгрөгнөөс 38,000,000 төгрөгийг Г.Нямдаваа төлсөн, үлдсэн 5,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Бат-Өлзийгийн 13,800,000 төгрөгийн автомашиныг буцаан өгсөн боловч, уг автомашиныг авто осолд оруулан автомашиныг нь эвдрэл гэмтэл учруулсныг засуулсан, дугааргүй байсан машинд номер авахуулан уг автомашины зарах үнэлгээнд хохирол учруулсан гээд нийт 3, 100,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Нэргүйгийн 6,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Т.Цэнджавын 1,400,000 төгрөгийн хохирол, хохирогч Э.Доржсүрэнгийн 2,500,000 төгрөгийн хохирол, хохирогч Х.Балжиннямын 1,000,000 төгрөгийн хохирол тус тус төлнө. Иргэний нэхэмжлэлийг хангах эсэх, хэрэв хангавал хэнд ямар хэмжээгээр олгох, түүнчлэн иргэний нэхэмжлэл гаргаагүй бол эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эсэх асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх боломжтой билээ.
5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 719 дүгээр магадлалд заасан заалтуудыг хангах гэжээ. Тус магадлалд дараах 3 ажиллагааг хийлгэхээр заасан байсан.
а. Т.Нямдаваагийн Хаан банкны 5135628888 дансанд 38,000,000 төгрөг орж, уг мөнгийг Г.Нямдаваа захиран зарцуулсан байхад тодруулан шалгах ажиллагаа
хийгээгүй байна. Тодруулбал Г.Нямдавааг Д.Анхтуяатай бүлэглэн гэмт хэрэг хийсэн
эсэхийг шалгаж тогтоох талаар дурдсан байна.
Прокуророос Г.Нямдавааг хэрэгт холбогдуулан шалгаад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тогтоолд гомдол гаргаагүй байдаг.
б. Д.Анхтуяагийн 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү А.Мөнхдалай, 2007 оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин А.Мөнхжин нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг асуудлыг шийдвэрлээгүй байна гэсэн байна.
Яллагдагч Д.Анхтуяагийн эмэг эх болох Ё.Чимидийг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү А.Мөнхдалай, 2007 оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин А.Мөнхжин нарын харгалзан дэмжигчээр тогтоосон байдаг. /12-р хх-ийн 133 тал/ Ё.Чимид нь 2015 оны 3 сард нас барсан тул хүүхдүүдийг төрсөн эцэг болох Г.Алтанхуягийн асрамжид өгсөн.
в. “Ниссан каушка” загварын 08-95 ӨВР улсын дугаартай автомашины иргэний
нэхэмжлэгч, иргэний хариуцагч нь хэн болох, хохирол төлбөрийг хэн хариуцах зэрэг ажиллагааг хийх нь зүйтэй. Уг машины үнэлгээ 40,000,000 төгрөг байхад 27,000,000 төгрөгөд зарагдсан гэсэн байна. Зөрүүг хэн хариуцах гэжээ.
Мөрдөн байцаалтын удаа дараагийн ажиллагаагаар уг машины хохирлыг яллагдагч болон иргэний хариуцагч “Тайгын булаг” ХХК тус тус хариуцахаар тогтоогдсон байдаг. Иймд магадлалд заасан асуудлуудад дахин мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна.
6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 247 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 100 дугаар захирамжид заасан Хонгорзул, Дэжид нарыг олж байцаах шалгаж тогтоох шаардлагатай. Учир нь Анхтуяа нь н.Бат-Өлзийд 13,800,000 төгрөгийг Хонгорзулаас авч өгсөн гэж мэдүүлгүүдийг шалгах шаардлагатай, мөн н.Дэжидэд өгсөн 4,500,000 төгрөгийг аваагүй гэж мэдүүлж байгааг шалгах шаардлагатай гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 247 дугаар тогтоолын 4 дэх заалтаар “...Анхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт Ж.Бат-Өлзийгөөс “Тоёота приус” загварын автомашиныг 13,800,000 төгрөг тоолж өгөөд худалдаж авсан, үүнийг Хонгорзул гэрчилнэ, Хонгорзул одоо Төрийн банкинд ажилладаг гэж мэдүүлж хэлсээр байтал шалгаж өгдөггүй, иймд Хонгорзул гэх хүнийг энэ хэрэгт гэрчээр асуух шаардлагатай байна” гэж заасан байдаг. Дээрх шүүхийн тогтоолын 5 дахь заалтанд “Д.Анхтуяа нь 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол хорооллын 905 дугаар байрны 83 тоот орон сууцыг түрээслэн сууж байхдаа “Бодит зууч” компанид давхар түрээслэн 4,500,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй би энэ мөнгийг аваагүй, утсаар яриагүй, харин миний нэрийг бариад Г.Нямдаваагийн эхнэр Содгэрэл ярьсан байсан гэсэн мэдүүлгийг үндэслэн утсаар ярьсан гэх Содгэрэл, мөнгө очиж авсан Дэжид нарыг асууж тодруулах гэжээ.
Анхан шатны шүүх нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөх үүрэггүй яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн хэрэгт хийгдэж тогтоогдсон ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг удаа дараа прокурорт буцааж байна.
Хохирогч Ж.Бат-Өлзий нь Хонгорзул гэдэг хүний талаар мэдүүлдэггүй. Энэ Хонгорзул гэдэг хүн байхгүйг /яллагдагч Д.Анхтуяагийн өмгөөлөгч байсан/ гэрч Б.Энхбуйрын мэдүүлгээр тогтоосон.
Яллагдагч Д.Анхтуяа нь “Бодит зууч” компанийн ажилтан Э.Нямцэнгэлтэй уулзан, удаа дараа утсаар ярьж дээрх орон сууцнаас гадна хэд хэдэн байр байгаа гээд дагуулж явж үзүүлсэн, мөн “Бодит зууч” компаниас түрээсийн мөнгө 4,500,000 төгрөгийг авахдаа хохирогч Э.Нямцэнгэлтэй утсаар ярихдаа “...дүүгээ яваад авахуулчихъя гэж хэлээд Дэжид гэдэг хүнээр уг мөнгийг авахуулсан байна. Тус компани нь уг хүний иргэний үнэмлэхийг хуулбарлан авч үлдээж, мөнгийг өгсөн. Хэд хоногийн дараа яллагдагч Д.Анхтуяа өөрөө ирж хуурамчаар үйлдсэн байрны ордер, гадаад паспорт хоёроо өгч хуулбарлуулсан гэдгийг хохирогч Э.Нямцэнгэлийн мэдүүлэг, баримт бичгийн хуулбаруудаар тус тус тогтоогдсон. Хэрэгт Дэжид, Хонгорзул нарыг гэрчээр асуух шаардлагагүй, хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой.
Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 155 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллах дүгнэлтийн хэмжээнд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
Шүүгдэгч Д.Анхтуяагийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан бөгөөд улсын яллагчийн эсэргүүцлийг зөвшөөрөхгүй байна. Анхтуяад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тогтооход анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүд чухал ач холбогдолтой...” гэв.
Шүүгдэгч Д.Анхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хохирлын хэмжээг зөв тогтоож, Нямдавааг уг хэрэгт шалгаж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 155 дугаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүхийн тогтоолын:
“...хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.Ганболд “Ниссан каушка” загварын машиныг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн эсэхийг тогтоох, 2013 оны 8 дугаар сард 2011 оны шинэ “Ниссан каушка” загварын автомашины зах зээлийн үнэлгээ ямар байсныг үнэлгээний эрх бүхий этгээдээр үндэслэл бүхий үнэлүүлэх, Э.Нямцэнгэлээс мөнгө авсан Дэжидийг /хэрэгт иргэний үнэмлэхний хуулбар нь авагдсан/ шалгаж тогтоох шаардлагатай...” талаар тус тус дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй байх ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг гарсан байдал...”, 80.1.5 дахь хэсэгт заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ...” зэргийг тогтооход ач холбогдолтой гэж,
бусад үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагагүй гэж тус тус давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 155 дугаар шүүхийн тогтоолын:
тодорхойлох хэсгийн 3, 4 дэх заалтыг бүхэлд нь, 5 дахь заалтын зарим хэсгийг хүчингүй болгож,
тодорхойлох хэсгийн 1, 2 дахь заалт, 5 дахь заалтын зарим хэсгийг хэвээр үлдээж,
прокурор Д.Уянгын бичсэн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 5/23 дугаар улсын яллагчийн 3, 4 заалтын талаар бичсэн хэсгийг бүхэлд нь, 5 дахь заалтын зарим хэсгийн талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, бусад заалтуудын талаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэрэг прокурорт очтол Д.Анхтуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.ОЧМАНДАХ