Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 158

 

А-У-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар магадлалтай, А-У-т холбогдох 2322000000042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд 2003 оны 10 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэгдсэн,

2006 оны 12 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

2014 оны 12 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил 01 сар хорих ял,

2022 оны 04 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

Харчин овогт А-ийн -У нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.У-ыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 02 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний Тоёота Аллион загварын 87-58 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.      

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.У-ын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.У хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн гэх газраас өөрийн хадам Онхоон гэх айлаас Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадад байх өөрийн гэрээдээ явах замд Луус сумын засмал зам дээр О.Б гар өргөөд зогсож байсан. Очиж уулзтал хамт явъя гэсэн, тэгээд хоёул дэлгүүр орж 2 шил архи аваад Луус сумаас 10 километр орчим яваад 2 шил архиа зогсоод уусан. Би согтоод машин барих чадваргүй болохоор О.Б-т унуулаад, би өөрөө жолоочийн эсрэг талын суудалд суугаад унтаад явсан. “Хаана явж байгаагаа мэдэхгүй байна” гэж сэрээхээр нь “айл байвал сурахгүй юу” гэж хэлчихээд буцаад унтаад өгсөн. Унтаад хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй, нэг мэдэхэд хүн намайг татаж сэрээхээр нь хартал О.Б-ын хамаатан болох Дундговь аймгийн Өлзийт сумын цагдаа Ц.Д гэх хүн байсан. Машинаас буугаад очтол мөн сумын төлөөлөгч Х.Э, Л.Б гэх хүмүүс байсан. Тэгээд О.Б болон миний биед үзлэг нэгжлэг хийгээд, О.Б-ын өврөөс утас, машины арын суудал дээрээс юм хурааж аваад Өлзийт сум руу бид хоёрыг авч явсан. Өлзийт суман дээр байлгаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр О.Б-ыг аваад Дундговь аймгийн Цагдаагийн газар руу авч явсан. Дараа нь намайг 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Цагдаагийн газар авчирсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Цагдаагийн газрын өрөөнд надаас Өлзийт сумын төлөөлөгч Х.Э нь дуудсан цагт ирж байх, мөн байцаалт өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн гар бичмэл хийлгэж аваад намайг явуулсан. О.Б бид хоёроос 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлэг аваагүй байж, авсан мэтээр бичиг үйлдэж, миний гарын үсгийг хуурамчаар зурж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ялласанд гомдолтой байна. Иймд миний холбогдсон хэргийн үнэнийг олж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа ... Шүүгдэгч А.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнийг гэм буруутайд тооцон 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

1.1. А.У-ыг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө машин механизм ашиглаж Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар баг, Хармагтай гэх газар оршин суух иргэн С.Н-н байнга амьдардаг монгол гэрт нэвтэрч А605 маркийн гар утас, нэг нүдний дуран, Жи мобайлын утас өсгөгч болон цэнэглэгч, мөн гар утасны арын кейс дотор байсан 20,000 төгрөгийг хулгайлж, нийт 618,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч А.У нь Дундговь аймгийн Луус сумаас өөрийн байнга оршин суудаг Өлзийт сумын Буянт гэх газарт нутаглах гэртээ очих санаа зорилготой явсан болох нь А.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч О.Б-ын “А.У сувдан цагаан өнгийн Allion маркийн машин уначихсан надтай ирж уулзахаар нь би А-У-т хандаж “чи хаа хүрч яваа юм” гэхэд “би хөдөө гэрээдээ явж байна” гэхээр нь би “хамт явъя” гэсэн, тэгээд бид хоёр Луус сумаас Өлзийт сумын Буянт бригад руу хамт явсан” гэх мэдүүлэг, гэрч Х.О-ны “2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 9 цагийн үед А.У манайхаас ганцаараа гэрээдээ явлаа гээд Луус сумын чиглэлд явсан” гэх мэдүүлгүүдээр нотлогддог. А.У нь Луус сумаас Өлзийт сум руу явж буй дээрх зорилго бол гэртээ очих байсан бөгөөд хохирогч С.Н гэх айл руу зорьж очоогүй, зам асуух зорилготой очсон болох нь А.У-ын удаа дараагийн мэдүүлгүүдээр нотлогддог юм.

Шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч А.У-ын өөрийн өмчлөлийн Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн “8758 УБМ” улсын дугаарыг зориудаар авсан болох нь гэрч О.Б, Х.Э, Л.Б нарын мэдүүлгүүд болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож байна гэж дүгнэсэн. Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгслийн улсын дугаарыг зориудаар авч өөрийн үйлдлийг түргэтгэх зорилгоор ашигласан гэж дүгнэн түүнийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэргийн цор ганц гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад:

-“А.У Луус сумаас, Өлзийт сумын Буянт гэх газар руу явахдаа ямар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан бэ” гэх асуултад “Аllion маркийн сувдан цагаан өнгийн машинаар явсан би улсын дугаарын анзаараагүй машинаас буухад тэр машины хойд болон урд номер нь байхгүй байсан” гэж,

-хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “2023 оны 01 сарын 14-ний өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад хонио хариулж явж байтал манай гэрийн баруун зүгт нэг цагаан өнгийн жижиг тэрэг зогсон хажууд нь хоёр хүн машинаасаа буусан зогсож байгаа харагдсан” гэж,

А.У яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Ингээд Луус сумын төв дээр байдаг Супермаркет руу бид хоёр хамт ороод хоёр шил архи авсан. Тэгээд зүүн урагш 10 км давхиад овоон дээр зогсоод 2 шил архиа хувааж уусан” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт А.У нь “номерын хүрээ эвдэрсэн учраас номероо авсан байсан, хадам Онхооныд очиход би номероо авцан байсан, Луус сумаас урагш гараад бид хоёр машинаасаа бууж архи уусан” гэж тус тус мэдүүлсэн.

Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд А.У нь Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн “8758 УБМ” улсын дугаарыг эд зүйл хулгайлах үйлдлийн өмнө эсвэл дараа нь ямар цаг хугацаанд авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл эд зүйлсийг хулгайлах санаа зорилгоор, түүнийг зөөж тээвэрлэхийн тулд улсын дугаарыг урьдчилан авсан гэх үйл баримт тогтоогдоогүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “машин механизм ашигласан” гэх хүндрүүлэн үзэх нөхцөлийг “учрах саадыг арилгах зорилгоор” гэж тодорхойлсон бол энэ нөхцөл нь гэм буруутай этгээд учирч болох саадыг арилгахын тулд зориуд санаатайгаар автомашиныг бэлдэж ашигласан байхыг шаарддаг.

“Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдгийг хуулийн тайлбарт “бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашиглаж үйлдсэнийг ойлгоно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл А.У нь Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн “8758 УБМ” улсын дугаарыг авч байгаа нь “хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашиглаж” гэх хуулийн дээрх шаардлагатай нийцэхгүй байна.

Улсын дугаараа авсан нь ямар учрах саадыг арилгаж буй нь тодорхойгүй, А.У нь уг тээврийн хэрэгслийг зөвхөн Дундговь аймгийн Луус сумаас өөрийн байнга оршин суудаг Өлзийт сумын Буянт гэх газарт нутаглах гэртээ очих санаа зорилготой ашиглаж, унаж явснаас бус хулгай хийхээр хуулийн дээрх шаардлагад заагдсанаар урьдчилан бэлтгэж ашиглаагүй, машин механизмыг ашиглаж хулгайлсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Тээврийн хэрэгслийг хулгай хийх зориулалтаар анх худалдаж аваагүй, улсын дугаарыг хулгай хийх сэдэл, санаа зорилготойгоор авсан нь бүрэн тогтоогдоогүй. Зөвхөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн гэр рүүгээ явах замдаа хохирогчийнд очсон, өөрөөр уг тээврийн хэрэгслийг ашиглаж тухайн хохирогчийнд зорьж очоогүй үйл баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Түүнчлэн автомашин ашигласан үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэхгүй бөгөөд аливаа тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг тогтоохдоо “тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, эзлэхүүн, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоосны эцэст гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үздэг. Гэтэл А.У нь Дундговь аймгийн Луус сумаас Өлзийт сумын Буянт гэх газар байх өөрийн гэртээ очих зорилготой явахдаа тохиолдлоор /зам асуух зорилгоор/ эзэнгүй айлд очиж, айлд орсноор хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн, улмаар хулгайлсан эд зүйлийг автомашиндаа тавин авч явсныг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзэхгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх хулгайлагдсан эд зүйл нь заавал тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй эд зүйлс болоход, анх тээврийн хэрэгслийг ямар зорилгоор ашиглах болсонд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

1.2. А.У нь Дундговь аймгийн Луус сумаас Өлзийт сумын Буянт гэх газар байх өөрийн гэртээ очих зорилготой явахдаа зам асуух зорилгоор эзэнгүй айлд очиж, айлд орсноор хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн, улмаар хулгайлсан эд зүйлийг автомашиндаа тавин зөөвөрлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл хулгайлах үйлдэл төгссөний дараа эд зүйлийг тээвэрлэсэн, хэргийн газраас зайлуулсныг машин механизм ашигласан гэж үзэн хүндрүүлэх шинжид хамааруулж үздэггүй.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилготой байдаг бөгөөд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог. А.У нь хохирогч С.Н-н гэрт байсан эд зүйлсийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн авч, гэрээс гарснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзэхээр байна. Хулгайлагдсан эд хөрөнгийг автомашиндаа тавин зөөвөрлөж буй санаа зорилгоор бус цааш үргэлжлэн өөрийн байнга оршин суух Өлзийт сумын Буянт гэх газар байрлах гэртээ очих санаа зорилгоор явж буйд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Иймээс А.У-ын үйлдлийг “машин механизм ашиглаж” гэж хүндрүүлэн зүйлчилж буй нь үндэслэлгүй байна.

2. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

2.1.Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл”-ийг шүүхийн шийдвэрт тусгахаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч А.У-ын үйлдэл “машин механизм ашиглаж” хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрхэн, ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож буй тодорхойгүй, ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүхийн энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэн дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөлгүй орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

З.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

3.1.Хэрэг учрал болоход хамт явсан А.У, гэрч О.Н нар нь харилцан эсрэг сонирхол бүхий мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгдөг. Хохирогч С.Н “гэрийн гадаа 2 хүн машины хажууд зогсож байсан” гэх мэдүүлгийг ч өгдөг. Шүүгдэгч А.У нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн гэх мэдүүлэгт зурагдсан гарын үсэг А.У-ын гарын үсэг эсэх нь эргэлзээтэй байдаг. Учир нь уг өдрөө буюу 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “22 цагаас хойш мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй” гэх утга бүхий хүсэлтийг бичиж өгөхдөө зурагдсан гарын үсэг, мэдүүлэг болон эрх үүрэг, хууль сануулсан баримтад зурагдсан гарын үсгүүд өөр хоорондоо зөрүүтэй. А.У тайлбарлахдаа “дээрх өдөр гэрчээр мэдүүлэг өгөөгүй, миний гарын үсэг биш” гэдэг.

Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор яллагдагч А.У-ын гарын үсэг, бичвэр мөн эсэхэд шинжээч томилсон боловч Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсээс “Харьцангуй чөлөөт загвар нь гэмт хэрэг гарснаас хойш бий болсон, гэхдээ туршилтын бус байдлаар үйлдэгдсэн гар бичмэл, мэдүүлэгт зурагдсан гарын үсэг, баталгаа, захидал гэх мэт зүйл хамаарна” гэх хариуг өгч, хэрэгт дүгнэлт гараагүй.

Шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 170 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагаа буюу гарын үсэгт шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжтой эсэхийг тодруулах ажиллагааг хийхийг даалгасан. Гэтэл мөрдөгчөөс дахин шинжээч томилсон шийдвэрийг гаргалгүй, өмнөх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг шинжилгээний байгууллагад хүргүүлж, улмаар шаардлагатай чөлөөт загвар, харьцангуй чөлөөт загвар олдоогүй гэх албан бичгийг шинжилгээний байгууллагад хүргүүлсэн байна. Мөрдөгчөөс ямар байдлаар бичвэрийн чөлөөт загварыг бүрдүүлэх, цуглуулах ажиллагаа хийсэн нь хэрэгт огт авагдаагүй. Шинжээч томилсон болоод л буцаая гэсэн итгэл үнэмшлээр хандсан, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийж ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хамт явсан 2 хүн нь эсрэг сонирхол бүхий мэдүүлгийг өгдөг, А.У-ын гэрчийн мэдүүлгийн гарын үсэг өөр байхад түүнийг бүрэн тодруулалгүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцооны хэлбэр бий эсэх, нотлох баримтыг хуульд заагдсан үндэслэл, журмын дагуу бүрдүүлсэн эсэх, гэмт хэргийг хэн үйлдсэнийг бүрэн тогтоогдоогүй байхад эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

А.У-ын гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг тодруулснаар шүүгдэгчийн эрх зүйн байдал, цаашид гэм буруугийн талаар байр сууриа илэрхийлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эргэлзээгүй байдал бий болгох байсан. Иймээс А.У-ын машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн 2023 оны 06 дугаар  сарын 22-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор С.Батсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээЭрүүгийн хавтаст хэрэгтэй танилцахад шүүгдэгч А.У нь С.Н-н гэрээс 618,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Харин хэргийн зүйлчлэлийн хувьд хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд шунахайн сэдэлтээр бусдын өмч хөрөнгийг нууцаар, өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд эд хөрөнгийг авч захиран зарцуулах бодит боломж, бололцоо бий болсон үеэс гэмт хэрэг төгссөнд тооцогддог. Энэ хэргийн тухайд гэмт хэрэг төгссөний дараа автомашин ашигласан үйлдэлд хүндрүүлэх шинжээр зүйлчлэх боломжгүй. Шүүгдэгч А.У нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хулгайлах гэмт хэргийг үйлдэж, эд зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн захиран зарцуулах эрх бий болгосноор хэргийн газраас өөрийн тээврийн хэрэгслээр явсан нь хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр А-У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо гэмт хэрэг үйлдэх санаа зорилго хэзээ бий болсон, төгссөн цаг хугацааг буруу тогтоосноос гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар алдаатай дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн өөрчлөлт оруулах боломжтой байна” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн А-У-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос А.У-ыг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутагт оршин суух иргэн С.Н-н гэрээс машин механизм ашиглан 618,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.У-ыг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг “Хармагтай” гэх газар оршин суух иргэн С.Н-н байнга амьдардаг монгол гэрт нэвтэрч Самсунг А605 загварын гар утас, нэг нүдний дуран, Жи мобайл гар утасны өсгөгч болон цэнэглэгч, 20,000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 618,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Н /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/, гэрч О.Б /хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/, Ж.Ж /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ нарын өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт болон А.У-ын эзэмшлийн Тоёота Аллион загварын 87-58 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-14 дүгээр хуудас/, хулгайд алдагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэв.

3.Шүүгдэгч А.У “прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, сумын төлөөлөгч Х.Э, Л.Б нар нэгжлэг хийгээд О.Б-ын өврөөс гар утас ... хурааж авсан, мөрдөгч 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр надаас мэдүүлэг аваагүй атлаа миний гарын үсгийг хуурамчаар зурсан, хэргийн үнэнийг олж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасны дагуу хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, түүнчлэн прокурор, мөрдөгч нар А.У-ыг хилс хэрэгт холбогдуулан гүтгэж, зориуд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

4.Шүүгдэгч А.У нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “22 цагаас хойш мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй” гэх агуулга бүхий хүсэлтийг бичиж өгөхдөө зурсан гарын үсэг, мөн өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны хуудас болон гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд зурагдсан гарын үсэг нь хоорондоо зөрүүтэй гэж маргаж буй хэдий ч Дундговь аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Э-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр “... цагдаагийн хэсэг дээр очиход 22 цаг өнгөрч байсан учраас Уламбаяраас мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа шөнийн цагаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу гэхэд байхгүй гэсэн учраас өөрөөр нь хүсэлтийг нь бичүүлж аваад мэдүүлэг авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/ өгсөн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.У-ын гаргасан гомдолтой холбогдуулан бичиг судлалын шинжилгээ хийлгэх зорилгоор 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд яллагдагч А.У-аас 6 хуудас бичгийн хэв загвар /дээж/-ыг авч, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор бичиг судлалын шинжилгээ хийхийг Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст даалгасан боловч шинжилгээ хийлгэхэд шаардлагатай чөлөөт загвар, харьцангуй чөлөөт загвар олдоогүй гэх үндэслэлээр мөрдөгчийн тогтоолыг буцаасан байх бөгөөд хавтаст хэргийн 28, 34, 36, 90, 92, 93, 102, 104, 107, 108, 109, 111, 112, 115, 116, 121 дүгээр талд авагдсан А.У-ын гарын үсэг бүхий холбогдох бичгийн баримтуудаас үзэхэд түүний гарын үсэг тогтсон нэг загваргүй, тэрээр гарын үсгээ монгол болон кирилл бичгийн үсэг ашиглан өөр өөрөөр зурсан байх тул А.У-ын гарын үсгийг шинжлэн судлах боломжгүй болжээ.

Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй юм.

Хохирогчийн гаргасан гомдлын дагуу шүүгдэгч А.У-ыг хулгайн гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр шалгах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон байхад мөрдөгч Х.Э 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А.У-аас үйлдсэн гэмт хэргийнх нь талаар гэрчийн мэдүүлэг авсан нь /хавтаст хэргийн 28-32 дугаар хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд заасан сэжигтнээс мэдүүлэг авах журмыг зөрчсөн байх тул шүүх тухайн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг мөрдөгч заавал сануулахаас гадна мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.6-д заасны дагуу өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогчоос гэрчийн мэдүүлэг албадан авч болохгүй.

Мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5, 31.11 дүгээр зүйлийн 1.1-д “Баривчлагдсан сэжигтэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн  7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.” гэж заасныг тус тус ноцтой зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцдоггүй болно.

5.Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ А.У-ыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

Учир нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэдэгт эд хөрөнгө байгаа газарт хялбар хүрэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөвөрлөх, тээвэрлэх зэргээр хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэхийн тулд тусгайлан бэлтгэсэн зэвсэг, техник хэрэгсэл, машин механизм ашигласныг ойлгоно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч А.У өөрийн эзэмшлийн Тоёота Аллион загварын 87-58 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замд таарсан хохирогч С.Н-н гэрээс Самсунг А605 загварын гар утас, нэг нүдний дуран, Жи мобайл гар утасны өсгөгч болон цэнэглэгч зэрэг овор хэмжээ багатай эд зүйлсийг хулгайлан авч, улмаар цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх шинжгүй, өөрөөр хэлбэл хулгайлах үйлдлээ хялбарчилж учрах саадыг арилгах, эсхүл хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх зорилгоор зориуд машин механизм ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх бөгөөд энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч А.У нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан иргэний “Орон байр халдашгүй байх” эрхийг зөрчиж, бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр...-нд нэвтэрч үйлдсэн” шинжийг агуулсан байхад энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэв.

Иймд прокуророос шүүгдэгч А-У-т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн зүйл, хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жил хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирно гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч А.У-ын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн шинжийг агуулсан тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх талаар өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлын үүнд хамаарах хэсгийг хангах үндэслэлгүй байна.

6.Хяналтын шатны шүүхээс А-У-т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөнтэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Тоёота Аллион загварын 87-58 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Прокуророос шүүгдэгч А-У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилж, шүүгдэгч Харчин овогт А-ийн -Уыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар А.У-ыг 2 /жил/ хорих ялаар шийтгэсүгэй”,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Тоёота Аллион загварын 87-58 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А-У-т буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч А-У-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх талаар өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧИД                                          Б.АМАРБАЯСГАЛАН

     Б.БАТЦЭРЭН

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                 Б.ЦОГТ