Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2026/0071

 

Н.Ж нарын 6 иргэний нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                       П.Соёл-Эрдэнэ

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

                                                           Г.Банзрагч

                                                            Д.Батбаатар

Илтгэгч шүүгч:                            М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2026/0018 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2026/0235 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2026/0232 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Н.Ж, Х.Б, Т.Эр, М.Д, өмгөөлөгч С.Н,  нэхэмжлэгч Н.Е, С.Н, өмгөөлөгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг цахимаар оролцуулан нэхэмжлэгчид болон өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Н.Ж нарын 6 иргэнээс Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/*** дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/*** дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог 6 байхаар шинэчлэн тогтоожээ.

3.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ж нарын 6 хүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/*** дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар Н.Ж нараас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/*** дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Нэхэмжлэгч нар болон өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2026/0232 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.Нэхэмжлэгч Н.Ж, Х.Б, Т.Э, М.Д, өмгөөлөгч С.Н нараас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

6.1.Засаг даргын бүтэц баталсан захирамж нь нэхэмжлэгч нарын орон тоог устгаснаар тэднийг ажлаас чөлөөлөх шууд шалтгаан болсон тул энэ нь нийтийн эрх зүйн хүрээнд гарсан, гадагш чиглэсэн захиргааны акт.

6.2.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий актыг нэхэмжлэгч нарын эрхийг хөндсөн бодит акт гэж үзэж, түүний хууль зүйн үндэслэлийг (бүтэц өөрчлөх шаардлага бодитой байсан эсэх, хуульд нийцсэн эсэх) хянан хэлэлцсэн нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан баталгааг хангах шүүхийн үндсэн чиг үүрэгт бүрэн нийцсэн.

6.3.Нэхэмжлэгч нар тус тусдаа ажлаас чөлөөлөгдсөн шийдвэртэйгээ маргаж байгаа боловч тэдгээр тушаалын эрх зүйн үндэслэл нь маргаан бүхий А/*** дугаар захирамж юм, уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан актын шинжийг хангаж байгаа.

6.4.Бүтэц, орон тоог баталсан Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх сурвалж үндэслэл болж байгаа тул уг актын хууль ёсны байдалд дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг бүрэн сэргээх боломжгүй, захиргааны хэргийн шүүх уг маргааныг харьяалан шийдвэрлэхгүй гэж үзсэн нь иргэний шүүхэд хандах эрхийг хязгаарлаж, хууль зүйн хамгаалалтгүй үлдээж байна.

6.5.Давж заалдах шатны шүүх маргааны актыг шүүхийн хяналтаас гадуур үлдээсэн. Улсын дээд шүүхийн 2010 оны 13 дугаар тогтоол, 2019 оны 210 дугаар тогтоолуудын агуулгаас өөрөөр дүгнэсэн.

6.6.Бүтэц баталснаар нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах баталгаа алдагдсан тул уг нь акт нь “дотоод” шинжээсээ хальж, “нийтийн эрх зүйн маргаан”-ы объект болсон гэж тайлбарласнаас өөрөөр тайлбарлаж хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлал үндэслэлгүй.

6.7.Улсын дээд шүүх “Засаг даргын бүтэц, орон тоо баталсан шийдвэрийг захиргааны актад тооцон хянан шийдвэрлэх нь иргэний шүүхэд хандах эрхийг хангах бус, харин захиргааны үйл ажиллагаанд тавих шүүхийн хяналтын үндсэн зорилготой нийцнэ” гэж үзсээр ирснийг үгүйсгэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгч Н.Е, С.Н, өмгөөлөгч А.С нараас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

7.1.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрийг дээрх байдлаар хүчингүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн аймгийн Засаг дарга Орон нутгийн өмчийн газрын бүтцийг шинэчлэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т заасан чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах зорилгоор орон тоог шинэчлэн тогтоох зохицуулалтыг баримталсан гэх боловч бодит байдал дээр ямар нэгэн судалгаа, дүн шинжилгээ хийгээгүй, төрийн албан хаагчийн орон тооны давхардал, нягтруулах асуудлаар судалгаа, шинжилгээ хийх бүрэн эрх бүхий Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн дүгнэлт гаргуулахгүйгээр орон тоог өөрчлөн баталсан нь хууль бус гэж, Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүй, дээд шатны байгууллагын шийдвэр, чиглэлийг зөрчсөн буюу Монгол Улсын Их Хурлаас төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгох чиглэл өгсөн байхад тус газрын орон тоог 62 хувиар хассан гэж, Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгавраар шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, сул орон тоог царцаах чиглэл өгсөн байхад аймагт шинээр хэлтэс, тасаг байгуулж, дарга нарын орон тоог нэмсэн мөртлөө мэргэжилтнүүдийг цомхотгосон, Орон нутгийн өмчийн газрын дэргэд байгуулагдсан Ажлын хэсэг “чиг үүргийн давхардалгүй” гэсэн дүгнэлт гаргасан байхад Засаг дарга уг дүгнэлтийг үндэслэл болгоогүй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан агентлагийн бүтэц, зохион байгуулалтын жишиг загварыг үндэслэл болгоогүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн гэсэн дүгнэлт буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үгүйсгэсэн няцаасан дүгнэлт өгөөгүй.

7.2.Улсын дээд шүүхийн 2019 оны 207 дугаар тогтоолоос үзэхэд, захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй мэт шийдвэрийг шүүх захиргааны актад хамааруулан үзэж байсан байна.

7.3.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/*** дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гаргасан, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан шийдвэр мөн тул захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тийм учир анхан шатны шүүх уг актыг хянан хэлэлцэж, хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгсөн.

7.4.Харин давж заалдах шатны шүүх холбогдох хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарласан.   

7.5.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8.Хариуцагч нэхэмжлэгч нар болон өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч нар болон өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

10.Давж заалдах шатны шүүх “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/*** дугаар захирамжийг ... гагцхүү Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан дотогш чиглэсэн шинжтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

11.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

12.Хариуцагч Засаг даргын 2025 оны А/*** дугаар захирамжаар тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, 16 орон тоог 6 болгон багасган баталжээ.

13.Нэхэмжлэгч нараас уг бүтэц, орон тоог шинэчлэн баталсан 2025 оны А/*** дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “... Улсын Их Хурлаас улсын хөгжлийн төлөвлөгөөг батлахдаа төрийн албан хаагчдын тоог 9 хувиар цомхотгохоор тусгагдсаны дагуу Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгавар гарч, төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны орон тоог бууруулах арга хэмжээ авч, орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй байх зэргээр үүрэгдсэн, үүний дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас төрийн албан хаагчдын 9 хувийг цомхотгохдоо удирдах албан тушаалтны орон тоог бууруулах арга хэмжээ авч, шинэ орон тоо нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй байх зэргээр зохион байгуулах чиглэл өгсөн, гэтэл Орон нутгийн өмчийн газрыг 9 хувь биш, 62 хувиар цомхотгох шийдвэр гаргасан нь дээд шатны байгууллагын шийдвэрт нийцээгүй, ажлын хэсгээс чиг үүргийн давхардалгүй гэсэн дүгнэлт гарсан, албан даалгаврыг буруу ойлгож бүтэц баталсан, үүний улмаас орон тоог хассан нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн ...” гэх агуулгаар тодорхойлон маргаж буй энэ тохиолдолд уг захирамжийг нэхэмжлэгч нарт шууд эрх зүйн үр дагавар үүсгээгүй, байгууллагын дотогш чиглэсэн акт гэж үзэхгүй.

14.Учир нь, тус орон тооны бүтэц баталсан захирамж гарснаар нэхэмжлэгч нарын эрхэлж байсан албан тушаалын (төрийн захиргаа болон үйлчилгээ) орон тоо хасагдаж, улмаар тэдгээрийг ажлаас чөлөөлөх үр дагаврыг шууд үүсгэсэн буюу уг захирамж өөрөө нэхэмжлэгч нарын эрх зүйн байдалд өөрчлөлт оруулсан анхдагч эрх зүйн акт болсон байна.

15.Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 001/ХТ2025/0112 дугаар тогтоолд[1] “... 13.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 475 дугаар тогтоолын 5 дахь заалтаар хууль зөрчиж томилсон гэх нэр бүхий албан хаагчдын жагсаалтыг баталж, 6 дахь заалтаар холбогдох зөрчлийг хууль тогтоомжид нийцүүлэх, өөрчлөх арга хэмжээ авахыг Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгож, 7 дахь заалтаар зөрчлийг арилгаагүй тохиолдолд хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг мэдэгдэж, 8 дахь заалтаар албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгож тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд энэ тохиолдолд Төрийн нарийн бичгийн даргад Төрийн албаны зөвлөлийн үүрэг, даалгаврыг биелүүлэхгүй байх сонголт байхгүй буюу дээр дурдсаны дагуу Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар томилгоог Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгох, түүнчлэн өөрийг нь үүрэгт ажлаас чөлөөлөх үр дагавар үүсэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн 475 дугаар тогтоолын 5, 6, 7 ,8 дахь заалт нь эрх зүйн шууд үр дагавар бий болгох буюу захиргааны актын шинжийг хангаж байна” гэж дурдсан дүгнэлтийг адил тохиолдолд давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

16.Иймээс маргаан бүхий 2025 оны А/*** дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хангасан бөгөөд уг шийдвэрийг хуульд нийцсэн эсэх талаас нь шүүх хянаж, хууль зүйн дүгнэлт өгөх боломжтой байхад давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл болон анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээнд дүгнэлт өгөх чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдохоор байна.

17.Иймд давж заалдах шатны шүүх маргааны агуулгад дүгнэлт өгч, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй тохиолдолд хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2026/0235 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Д.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                  Д.БАТБААТАР

      М.БАТСУУРЬ


[1] Б.Солонго нар ба Төрийн албаны зөвлөл, 128/2025/ УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2025/0112, х.5,