Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 045

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Бугат сумын 3 дугаар багийн оршин суугч К.Хабдиланы нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарт холбогдох;

Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр актын К.Хабдиланаар албан томилолтын зардал 545000 төгрөг, 2015 онд авсан үр дүнгийн урамшил 931000 төгрөгийг төлүүлэх тухай хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Хабдилан, хариуцагч Х.Берген, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч К.Хабдилан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус аймгийн Бугат сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн юм. 2016 оны 09 дүгээр сарын 16-нд хууль бусаар ажлаас аймгийн Засаг дарга халсан тул Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж эгүүлэн томилогдож байсан. Намайг сургуулийн захирлын ажлаас халсны дараа аймгийн Засаг даргын баталсан А/665 дугаар захирамжийн дагуу сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нар хяналт шалгалт хийжээ. Тус санхүүгийн шалгалтаар надад нийт 2227000 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон байна. Миний бие тус актыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Турк улсад туршлага солилцох ажлаар очихдоо албан томилолтын бүрдэл дутуу баримтаар томилолтын мөнгө болох 545000 төгрөг шилжүүлж авсан гэдэг нь үндэслэлгүй юм. Турк улсад аймгийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нийт 42 захирал аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан удирдамжийн дагуу туршлага солилцох ажилд бүрэн гүйцэд хамрагдаж ирсэн. Ингээд томилолтын үнэмлэхийг тухайн очсон газраар бөглүүлж авсан ба удирдамжийн дагуу туршлага солилцох зөвлөгөөнд оролцсоныг тухайн үед тэмдэглүүлж байсан болно. Тухайн туршлага солилцох зөвлөгөөнийг аймгийн Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан К.Имаммагзам удирдаж байсан учраас томилолтын үнэмлэхэд тухайн хүнээр гарын үсэг зуруулсан юм. Мөн миний бие нэгэнт төрийн албан хаагч учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар төрийн албан хаагчийн баталгаа болох нөхөн төлбөр буюу томилолтын зардлыг авах баталгаагаар хангагдсан байдаг. Энэхүү үндэслэлийн дагуу томилолтын мөнгийг хэмнэгдсэн зардлаас буюу сургуулийн түлш халаалтынзардлаас гаргаж авсан. Тухайн томилолтын мөнгийг авснаар би ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй. Яагаад гэвэл би ямар нэгэн хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, туршлага солилцох зөвлөгөөнд оролцсон нь хувийн ажил биш, төрийн ажлаар явж ирсэн учраас томилолтын мөнгийг авсан нь үндэслэлтэй хэмээн үзэж байна. Гэтэл дутуу баримт нэрийдлээр шууд төлбөр тавьсан нь хуульд нийцэхгүй байна.Баримт дутуу гэж үзэж байгаа бол шалтгаан нөхцөлийн талаар тайлбар авах, залруулах боломжгүй бол төлбөр тавьсан бол зүйд нийцнэ гэж үзэж байна.

2. Удирдах дээд шатны байгууллагын шийдвэр, эрх зүйн актгүйгээр өөрөө өөртөө шийдвэр гарган 2015 онд 931000, 2016 онд 441000, нийт 1372000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал авсан гэх тухайд аймгийн Боловсрол, соёлын газартай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр 2015 онд 83,3 хувь буюу сайн үнэлгээ авсан тул ажлын үр дүнгээр авсан урамшуулал юм. Тухайн үед ажиллаж байсан бүх захирлууд үр дүнгийн урамшуулал авдаг байсан, одоо ч гэсэн захирлууд үр дүнгийн урамшууллыг авч байгаа. Гэтэл ганцхан надад үр дүнгийн урамшуулалд акт тавьсан нь цаанаасаа зохион байгуулалттайгаар, улс төрийн өнгө аястайгаар бичүүлсэн нь тодорхой байгаа. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/299дүгээр тушаалын 3.2 дахь хэсэгт Хичээлийн жилийн 1,3 дугаар улирлын ажлыг энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу ажилтан өөрөө үнэлж, хамт олны хуралд тайлагнана гэж заасан ба миний хувьд 1,3 дугаар улирлуудад өөрийнхөө ажлыг багш,ажилчдын хуралд тухайн журмын үзүүлэлтийн дагуу тайлагнаж, ажлын үр дүнг дүгнүүлдэг байсан. Уг журмын 3.3-д Хичээлийн жилийн 2,4 дүгээр улиралд ажилтны өөрийн үнэлгээг сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан багш, ажилтан, эцэг, эхээс бүрдсэн баг магадлан баталгаажуулна гэж заасан байгаа. Энэхүү магадлан баталгаажуулах багийг захирлуудын хувьд аймгийн Боловсрол, соёлын газар гэж бид нар үзэж байгаа. Тийм учраас аймгийн Боловсрол, соёлын газрын дарга, аймгийн Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаас бүрдсэн ажлыг хэсгийг захирлуудын ажлын тайланг хамгаалуулахаар аймгийн Засаг дарга байгуулдаг ба тухайн ажлын хэсэгт ажлаа тайлагнаж, гэрээгээ дүгнүүлдэг байсан болно.

Тус актыг гаргахдаа надаас тайлбар болон сонсох ажиллагаа хийлгүйгээр шууд танилцуулсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд улсын байцаагчийн хууль бусаар тавьсан актын томилолтын мөнгө болох 545000 төгрөг, удирдах дээд шатны байгууллагын шийдвэр, эрх зүйн актгүйгээр өөрөө шийдвэр гарган 2015 онд 931000 төгрөг гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Хайратхан, улсын байцаагч Х.Берген нар шүүхэд ирүүлсэн болон улсын байцаагч Х.Берген шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны А/665 тоот захирамж болон Бугат сумын бүрэн дунд сургуулийн захирал байсан К.Хабдилантай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний 01 тоот удирдамжаар Бугат сумын бүрэн дунд сургуулийн 2015-2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хэсэгчилсэн төлөвлөгөөт бус шалгалтыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ноос 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэж, шалгалтын танилцуулга болон шалгалтын явцад гарсан зөрчил дутагдлыг арилгуулах тухай 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот албан шаардлага, 01, 02, 03, 04 тоот актуудыг үйлдэж холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулж, сургуулийн захирал Б.Жандаулет, нягтлан бодогч Б.Жанболат нарыг байлцуулан Засаг даргын зөвлөлд танилцуулсан. Сургуулийн захирал байсан К.Хабдиланыг утсаар болон сумын Засаг дарга Х.Хайв, нягтлан бодогч Б.Жанболатаар дуудуулсан боловч Засаг даргын зөвлөлийн хуралд оролцоогүй.

Илэрсэн зөрчил дутагдлуудтай холбоотой дээрх 4 актын 01 тоот нь сургуулийн захирал байсан К.Хабдилантай холбоотой зөрчлийг үндэслэн тогтоосон акт байсан. Уг актыг К.Хабдиланд танилцуулсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан тул тайлбартай гарын үсэг зуруулан Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтад зааснаар гомдлоо ерөнхий байцаагчид гаргана гэдгийг танилцуулсан. Түүний дагуу К.Хабдилан нь ерөнхий байцаагчид гомдлоо гаргасан ба Сангийн яамнаас ахлах байцаагч Энхжаргал шалгалтын материалууд болон нотлох баримтуудыг дахин хянан шалгаж, уг актыг үндэслэлтэй тогтоогдсоныг нотолсон. Төлөвлөгөөт бус шалгалтын явцад 4 актаар нийт 6296700 төгрөгийн акт тогтоосны 2227000 төгрөг нь сургуулийн захирал байсан К.Хабдилантай холбоотой зөрчлийг үндэслэн тогтоосон акт байсан гэж дээр ярьсан.

Дээрх 01 тоот актыг /2227000 төгрөг/ задалж тайлбарлавал:

310000 төгрөг нь сургуульд зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авсан өсгөгчийн үнийн зөрүү байсан. Үүнийг Цагдаагийн байгууллагаас шалган тогтоож, аймгийн Прокурорын газраас хянан К.Хабдиланаар төлүүлсэн. 1372000 төгрөг нь К.Хабдилан өөрөө өөртөө тушаал гарган авсан үр дүнгийн урамшууллын мөнгө байсан. Үлдсэн 545000 төгрөг нь Турк улсад туршлага солилцох ажлаар очиж үндсэн баримтуудыг дутуу бүрдүүлэн авсан албан томилолтын мөнгө байсан. Ер нь бид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж гүйцэтгэдэг бөгөөд төлөвлөгөөт шалгалтыг оны эхнээс төлөвлөж олон нийтэд мэдээлсэн байгууллагуудад хийж гүйцэтгэдэг бол төлөвлөгөөт бус шалгалтыг явцын дунд удирдах дээд байгууллага болон иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлт, гомдлын дагуу хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэдэг. Аймгийн Засаг даргын дээрх албан тоотод Бугат сумын бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаа, ерөнхий төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх талаар тусгасан бол Бугат сумын иргэдээс ирүүлсэн 14 төрлийн гомдолд К.Хабдилантай холбоотой дээрх зөрчлүүдийг тусгасан тул хяналт шалгалтын ажлыг хийж, гомдол бүрээр шалгаж, хариу мэдэгдэж уг өргөдөл, гомдлыг барагдуулсан.

Уг гомдлын 3 дахь асуудалд галч нарт өвлийн улиралд сар бүр 3 хувь, багш нарт 5-7 хувийн урамшуулал олгож, захиралөөрөө 15-45 хувийн урамшуулал авч, цалингийн цэсэд, тушаалд тусгасан урамшууллын дүнгээс өөрөөр олгодог гэснийг тодруулж,тушаалаас өөр дүнгээр илүү олгосон цалинг 03 тоот актаар багш нараар төлүүлж, 1372000 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг илүү авсан тул К.Хабдиланаар төлүүлэхээр акт тогтоосон.

Үр дүнгийн урамшууллын талаар авч үзвэл энэ хүн огт авах ёсгүй урамшууллыг авсан биш, авах ёстой байсан. Гэтэл түүнийг олгосон эрхийн акт нь буруу байна. Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохдоо Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013.08.13-ны А/293 дугаар тушаалаар сургууль, цэцэрлэгийн багшийг шалгуур үзүүлэлтээр үнэлж, ажлын үр дүнг тооцон урамшил олгодог бол сургуулийн захирлыг ажлыг Засгийн газрын 2013 оны 393 тоот тогтоолын хавсралтын 2.5-д заасан сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг харгалзан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Боловсрол, соёлын газраас ажил дүгнэсэн үнэлгээг харгалзан захирлыг томилсон аймгийн Засаг даргаас шийдвэр гарч уг мөнгийг авах ёстой байтал бусад багш, ажилчдад үр дүнгийн урамшуулал авах тухай гаргасан тушаал дотор өөрийн нэрийг оруулан өөрөө өөртөө шийдвэр гарган урамшууллын мөнгийг авсан тул уг мөнгийг төлүүлэхээр акт тогтоосон. Тэгээд миний актыг хүлээн зөвшөөрөхгүй байвал ерөнхий байцаагчид гомдолд гаргах эрхтэй болохыг хэлсэн бөгөөд нэхэмжлэгч ерөнхий байцаагчид гомдол гаргасны дагуу Сангийн яамны улсын ахлах байцаагч н.Энхжаргал шалгаж, миний акт үндэслэлтэй тогтоогдсон болохыг нотолсон юм.

5 дугаар гомдолд Турк улсад аймгийн Боловсролын газраас болон багш нар өөрийн зардлаар очиход К.Хабдилан нь гарсан зардлыг сургуулиас гаргуулсан гэсэн ба гомдлын 7-рт өөрийн хадам ах болох Ш.Биржанд 2016 онд 500000 , 545000 төгрөгийг тус тус ямар ч үндэслэлгүй олгож, сургуулийн төсөвт 1045000 төгрөгийн хохирол учруулсан байдлыг шалгаж өгөх талаар тусгасан. Албан томилолтын зардлыг бүртгэх, албан хаагчдад олгохдоо Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох журам, Сангийн сайдын Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2011 оны 188 дугаар тушаалыг мөрдөж олгодог. Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 12-т албан томилолтын зардлыг тооцоог ирснээсээ хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг албан томилолт олгосон удирдах дээд шатны байгууллага буюу албан тушаалтанд танилцуулан томилолтын үнэмлэх дээрээ гарын үсэг зуруулж, томилолтоор ажилласан хугацааг батлуулан байр, уналгын хөлс төлсөн баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хийж дуусгана гэж заасан. Үүний дагуу байгууллагын даргын баталсан томилолтын үнэмлэх, удирдамжийн дагуу томилолт олгон, томилолтоор ажиллаж ирсний дараа ажлын 5 хоногийн дотор ажлын үр дүнгийн тайлан бичүүлэн байгууллагын даргаар дүгнүүлж, тэмдгээр баталгаажуулах ба томилолтоор ажилласан календарийн бүх хоногийн тоог гаргахдаа явсан ,буцаж ирсэн өдрийг нэг хоногт тооцон томилолтын үнэмлэхэд бичигдсэн хоногоос хасаж, томилолтоор ажилласан хоногийг гаргаж, тухайн үед мөрдөгдөж байгаа томилолтын зам хоногийн тарифаар үржүүлэн томилолтын зам хоногийн зардлыг олгох ёстой. Томилолтын урьдчилгаа олгосон бол баримтын бүрдлийг хангасан байдлаар тооцоо хийж, шаардлага хангахгүй баримт ирүүлсэн тохиолдолд олгосон томилолтын зардлыг албан хаагчаас суутгах ёстой. К.Хабдиланы хувьд түүнийг томилсон дээд удирдлагаас зөвшөөрөл авч томилолтын үнэмлэх, удирдамжаа батлуулан, мөн томилолтоор ажиллаж ирснээс хойш ажлын тайлан бичиж, томилолтоо хаалгуулан дүгнүүлсэн байх ёстой байсан. Монгол улсын Сангийн сайдын Гадаад томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай 2011 оны 188 дугаар тушаалын дагуу албан томилолтын зам хоногийг нэг өдөрт Турк улсад 140 ам доллар, Казахстан улсад 120 ам доллар байхаар тусгасан ба түүнийг үндэслэн тооцоо бодохдоо Монгол банкны тухайн үеийн ам долларын төгрөгтэй тэнцэх ханшны тодорхойлолтыг аймаг дахь Монгол банкны захирлыг тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан авч хавсаргасан байх ёстой.Санхүүгийн баримтад Турк улс, Казахстан улсуудад ажиллах удирдамж, мөн аймгийн Засаг даргын баталсан томилолтын үнэмлэх, Астана, Стамбул хооронд явах нислэгийн тийзийг хавсаргасан байсан. Албан томилолтын мөнгийг олгохдоо нэгдүгээрт, удирдамж, албан тоот ирэх ёстой ба тухайн албан тоотод албан томилолтын зардлыг хаанаас гаргах ёстой байсныг тусгасан байх ёстой. Дээрх томилолтын зардлын баримтын бүрдүүлэлтийг шалгахад томилолтоор ажиллуулсан удирдамжид албан томилолтын зардлыг хаанаас гаргахыг тодорхой тусгаагүй байсан. Тэгээд нягтлан бодогчоос удирдамжийн талаар тодруулахад, удридамжид тийм асуудал байгаагүй байсан нь тогтоогдсон. Дараа нь сургуулиудын захирлын холбооны тэргүүн байсан, тухайн удирдамжийг боловсруулсан Б.Айдынаас тодруулахад, хаанаас гаргах талаар тодорхой хэлээгүй, боломжтой бол төсвөөс гаргаж болох талаар амаар хэлж байсан боловч бичгээр ямар нэгэн эрхийн акт гаргаагүй гэж тайлбар өгсөн байгаа. Мөн энэ талаар бусад сургуулиудын зарим захирлуудаас асуухад бүгдээрээ томилолтын мөнгийг төсвөөс гаргуулж аваагүй гэх тайлбар хэлж байсан болно. Удирдамж, үнэмлэхийг байгууллагын удирдлагаар батлуулсан боловч томилолтоор ажилласан ажлын үр дүнгийн тайлан бичигдээгүй,томилолтоор ажилласан хоногийг тооцоогүй, томилолтын мөнгийг хүргэн ах гэх Ш.Биржаны нэр дээр шилжүүлсэн тул хүчин төгөлдөр бус баримтаар болон Засгийн газрын Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 2014 оны 147 дугаар тогтоолын заалтыг зөрчсөн тул акт тогтоосон гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр Төсвийн зарцуулалтыг шалгасан тухай актаар[1]Бугат сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан К.Хабдиланаар 2015, 2016 онд авсан үр дүнгийн урамшил 1372000 төгрөг, бүрдэл дутуу баримтаар олгосон 545000 төгрөг, сургуульд авсан өсгөгчийн үнийн зөрүү 310000 төгрөг, нийт 2227000 төгрөгийг төлүүлж төсвийн орлого болгохоор тогтоосон байна.

Үүнээс удирдах дээд шатны байгууллагын шийдвэр, эрх зүйн актгүйгээр сургуулийн захирал өөрөө шийдвэр гарган үр дүнгийн урамшил авсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолын хавсралтын 2.5 дахь заалтыг зөрчсөн, Турк улсад туршлага солилцохоор очиж ажилласны албан томилолтын зардлыг сургуулийн төсвөөс бүрдэл дутуу баримтаар гаргуулан авсан нь Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журам, Зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаалыг зөрчсөн гэсэн үндэслэлээр албан томилолтын зардал 545000 төгрөг болон 2015 онд авсан үр дүнгийн урамшил 931000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч К.Хабдилан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна, 5.2-т төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх..., 52 дугаар зүйлийн 52.1-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл,эрх бүхий байгууллагын шийдвэрээр,... бусад үндэслэлээр хийнэ, 52.2-т энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ, 52.3-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ,52.4-т хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй гэж тус тус зааж төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх үндэслэл, журмыг тусгайлан зохицуулжээ.

Тус аймгийн Бугат сумын бүрэн дунд сургуулийн 2015, 2016 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтад хэсэгчилсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг аймгийн Засаг даргын А/665 дугаар захирамж болон иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг үндэслэн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 18-04/01 тоот удирдамжийн дагуу хийсэн гэж хариуцагч тал тайлбарласан.

Энэхүү төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх үндэслэл болсон аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/665 дугаар захирамжаар[2] Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1,8.2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Бугат сумын бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаа,ерөнхий төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх шалгалтын ажлын хэсгийг байгуулж, удирдамжийг баталсан байх ба удирдамжид[3] тухайн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 23-25-ны хооронд хийхээр тусгасан байна. Гэтэл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Х.Берген нь удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг хийгээгүй, үүний дараа аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нь аймгийн Засаг даргын дээрх А/665 дугаар захирамж болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 01 тоотТөлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамжийг[4] дахин гаргасан хэдий ч мөн адил удирдамжид заасанхугацаанд хяналт шалгалтыг эхэлж, дуусгаагүй болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар[5] тогтоогдож байх тул хариуцагчийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч аймгийн Засаг даргын баталсан удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг хийгээгүй үндэслэлээ аймгийн хэмжээнд санхүүчдийн баярыг зохион байгуулж явуулсан, Ховд аймагт явагдсан сургалтад оролцсонтой холбоотой гэж тайлбарлан энэ талаарх нотлох баримтуудаа[6] гаргаж өгсөн боловч санхүүчдийн баяр болон сургалт нь уг удирдамжид заасан хяналт шалгалт хийх хугацаанаас хойш зохион байгуулагдсан байх тул хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хяналт шалгалтыг удирдамжид заасан хугацаанд хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй,мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг хийгээгүй буюу эхэлж, дуусгаагүй үндэслэл нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүйг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан удирдамжид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх хугацааг ажлын 15 өдрөөр тогтоосон болон улсын байцаагч Х.Берген тухайн хяналт шалгалтыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 27-ныг дуустал буюу ажлын 20 хоногт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т заасантай нийцээгүй байна.

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 2017 оны 01 дүгээр сарын 02-оос эхлэн хийж гүйцэтгэсэн гэж хариуцагч тайлбарласан боловч хяналт шалгалтыг эхэлсэн өдөр эрх бүхий албан тушаалтнаас удирдамжийг батлаагүй байсан,өөрөөр хэлбэл удирдамжийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан байх тул улсын байцаагч удирдамжгүйгээр хяналт шалгалтыг явуулснаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 52 дугаар зүйлийн 52.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.

Үүнээс гадна аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагааны баримт бичигт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр удирдамж баталсан, гэтэл тухайн иргэдийн өргөдөлд зохих нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байхад уг өргөдөл, гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, хяналт шалгалт явуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасантай нийцээгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх..., 5.9-д Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн санал дүгнэлт,шалгуулагч этгээдийн санал хүсэлтийг тусгана, 5.10-д Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана гэж заасныг улсын байцаагч үйл ажиллагаандаа баримталж ажиллаагүй байх ба уг ажиллагаа хийгдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар нотлох баримт гаргаж өгч чадаагүй болно.

Иймд хариуцагч улсын байцаагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, 5.9,5.10, 52 дугаар зүйлийн 52.2, 52.3, 52.4-т заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмыг зөрчсөн нь тогтоогдсон,хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж явуулсан хяналт шалгалтын үр дүнд гаргасан актыг хууль ёсных гэж дүгнэх боломжгүй,уг хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр актын К.Хабдиланаар албан томилолтын зардал 545000 төгрөг, 2015 онд авсан үр дүнгийн урамшил 931000 төгрөгийг төлүүлэх тухай хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2,5.6,5.9, 52 дугаар зүйлийн 52.2, 52.3,52.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр актын К.Хабдиланаар албан томилолтын зардал 545000 төгрөг, 2015 онд авсан үр дүнгийн урамшил 931000 төгрөгийг төлүүлэх тухай хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 3-4-р хуудас

[2] Хэргийн 19-20-р хуудас

[3] Хэргийн 20-р хуудас

[4] Хэргийн 21-22-р хуудас

[5] Хэргийн 23-33,

[6] Хэргийн 126-129-р хуудас