Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 0023

 

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын

“Их-Уул дулаан” орон нутгийн өмчит

 үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга C.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Т.Бурмаа, хариуцагч Б.Ууганжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1129 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ууганжаргалд холбогдох

Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 1.490.000 /нэг сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Б.Ууганжаргалаас байгууллагад учруулсан хохирол болох 1.490.000 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Б.Ууганжаргал нь “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгөөс хувьдаа завшсан нь Хөвсгөл аймгийн Цагдаа, Прокурорын дүгнэлтээр буюу бусад нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тул 1.490.000 төгрөгийг гаргуулж өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ууганжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагын захирал Т.Бурмаа намайг “Howo” маркийн өөрөө буулгагч машин авсан хэргээр ажлаас халсан. 2015 оны 3 дугаар сард Авлигатай тэмцэх газар шалгаад “Howo” маркийн машины хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би ажлаас халагдахдаа 5 сартай жирэмсэн 0-3 хүртэлх насны нэг хүүхэдтэй, ам бүл 5, нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан. Би ажилдаа буцаж орохоор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд шийдвэр, магадлал миний талд гарсан. Захирал Т.Бурмаа нь сүүлд цагдаагийн газар гомдол гаргаж улмаар цагдаагийн газар нь эрүү үүсгэн прокурорт шилжүүлж прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан юм. Бурмаа захирлын нэхэмжлэл өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байсан захирал Цогтбаяртай холбоотой асуудал гэж миний хувьд ойлгож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1129 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Ууганжаргалаас гэм хорын хохирол 1.490.000 /нэг сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Их-Уул дулаан ОНӨҮГазрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Бурмаа давж заалдах гомдолдоо: ... Шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч 10 дугаар сарын 03-ны өдөр шүүх хурал болохоос 6 цагийн өмнө мэдэгдэл ирж шүүх хурал болохоос 15 минутын өмнө очоод нотлох баримттай танилцах, нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангаагүй, мэтгэлцэх боломж ч олгоогүй, эрх үүрэг ч танилцуулаагүй болно.

...Б.Ууганжаргалыг учруулсан хохирол 1.490.000 төгрөгийг төлөөгүй болохыг дурдсан байдлаас үзэхэд энэ хүн мөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Их-Уул дулаан ОНӨААТҮГ-т хохирол учирсан, төлөгдөөгүй болох нь тодорхой харагдаж байна. Энгийнээр бодоход хэрэгт ганцхан прокурорын хуулбар тогтоол байхад шүүх шууд байгууллагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж болохгүй байсан санагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтаас харахад шүүх өөрийн эрх хэмжээгээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, шаардлагатай нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа явуулж болохоор байсан байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй, хэрэгт хамааралтай баримтууд илт дутуу, байгууллагад хохирол учирсан байхад нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажиллагаа хийгээгүйд гомдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсч байна гэжээ.  

Хариуцагч Б.Ууганжаргал давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт тасралтгүй 5 жил ажиллаж байгаад 2015 оны 10 сарын 21-ний өдөр ажлаас халагдсан. ... 2016 оны 9 сарын 23-нд ажлаа аваад маргааш нь халсан. Захирал Т.Бурмаа 2016 оны 6 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нэхэмжлэл нь хууль бус, гүтгэн доромжилсон шинжтэй юм. Б.Ууганжаргал би ямар ч хохирол учруулаагүй. Прокурорын дүгнэлтийг шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө гардаж авсан ба дээд шатны прокурорт гомдол гаргах боломж олдоогүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь Б.Ууганжаргалаас байгууллагад учруулсан хохирол 1.490.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3-т зааснаар “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх”,  мөн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар  “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай  танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй”  бөгөөд зохигч эрхээ эдлэх боломжийг  шүүх бүрдүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүрэг танилцуулаагүй, хариуцагчийн тайлбар, татгалзал, холбогдох нотлох баримттай танилцаж тайлбар гаргах  боломж олгоогүй  нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, эрх эдлэх боломжоор хангаагүй гаргасан шийдвэр нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэсэн өдрөө буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсныг нэхэмжлэгчийн эрхийг хангах бүхий л боломжийг шүүх бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан  “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн “...нотлох баримттай танилцах боломж, нотлох баримт бүрдүүлэх боломжийг хангаагүйгээр зогсохгүй мэтгэлцэх боломж ч олгоогүй, иргэний эрх, үүрэг ч танилцуулаагүй”  гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1129 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн  59.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.790 /гучин найман мянга долоон зуун ерэн/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                           М.ХҮРЭЛБААТАР

                                                 Т.ГАНБАТ