Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 01256

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 11 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01256                                   Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1976 онд төрсөн, 40 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн вокзалын 04-28 тоотод оршин суух Боржигон овгийн Дашбалжирын Отгонцагааны /регистрийн дугаар МЗ76011862/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаан банкны Орхон салбарт холбогдох үнэлгээний ажлын хөлс 350 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Отгонцагаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Отгонцагаан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Үнэлгээчин Отгонцагаан миний бие 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Л.Ариунцэцэг шүүгчийн гаргасан 913 тоот шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч Хаан банкны Д.Отгонбаяр, Д.Оюунгэрэл нарт холбогдох хэрэгт шинжээчээр ажилласан бөгөөд одоог хүртэл ажлын хөлс болох 350 000 төгрөгийг Хаан банк төлөөгүй тул дээрх ажлын хөлсийг Хаан банкнаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Отгонцагааны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 913 дугаар шүүгчийн захирамжааар шинжээч томилсон байдаг ба ингэхдээ хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилсон байдаг. ИХШХШТХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Отгонцагаан нь Хаан банкны Орхон салбарт холбогдуулан үнэлгээ хийсэн ажлын хөлс 350 000 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Отгонцагаан шүүх хуралдаанд “...2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 913 тоот шүүгчийн захирамжийн дагуу Хаан банкны нэхэмжлэлтэй Д.Отгонбаяр, Д.Оюунгэрэл нарт холбогдох хэрэгт шинжээчээр ажилласан бөгөөд одоог хүртэл ажлын хөлс болох 350 000 төгрөгийг Хаан банк төлөөгүй тул Хаан банкнаас гаргуулж өгнө үү” гэсэн шаардлагаа дэмжиж оролцсон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдсайхан шүүх хуралдаанд “...2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 913 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилохдоо хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилсон байдаг.Тиймээс манай банк үнэлгээчний ажлын хөлсийг төлөхгүй.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй Д.Отгонбаяр, Д.Оюунгэрэл нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Оюунгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа хүсэлт гаргасны дагуу Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 913 дугаар шүүгчийн захирамжаар Лэндс ХХК-ийн Орхон аймаг дахь салбарыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч 913 дугаар шүүгчийн захирамжийн дагуу дүгнэлт гаргуулан шүүхэд хүргүүлсэн гэсэн тайлбар гаргасан боловч дээрхи тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.Гэвч хариуцагч талаас нэхэмжлэгчийг шүүгчийн захирамжийн дагуу үнэлгээ хийж дүгнэлт гаргасан тухайд маргаагүй.

Нэхэмжлэгч Д.Отгонцагаан үнэлгээ хийхдээ үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан Д.Отгонбаяр, Д.Оюунгэрэл нартай үнэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, мөн Хаан банктай ч дээрхи гэрээг байгуулаагүй байх тул нэхэмжлэгчид Хаан банкны Орхон салбараас үнэлгээний ажлын хөлсийг шаардах эрх үүсэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Отгонцагааны Хаан банкны Орхон салбарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Отгонцагааны 350 000 төгрөг гаргуулах тухай Хаан банкны Орхон салбарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 150 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА