| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/05297/И |
| Дугаар | 210/МА2025/02156 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/02156
*******гийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/06724 дугаар шийдвэртэй,
*******гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга:
1.1.Миний бие 1989 онд Хүнс хөдөө аж ахуйн техникумын аналитик химийн ангийг химийн лаборантаар төгсөөд 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ******* аймгийн ******* хотын 10 жилийн 3 дугаар сургуульд химийн лаборантаар ажилд орж ажилласан.
1.2.Улмаар 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүү *******г төрүүлж, ажлаасаа хүүхэд харах чөлөө авсан. 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа эргэн ороход химийн лаборантын орон тоо цомхотголд орсон тул тус сургуульдаа жижүүрээр ажилласан боловч 24 цагаар ажилладаг тул нялх хүүхэдтэй ажиллах боломжгүй болоод 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.
1.3.Өндөр насны тэтгэвэрт 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Иймд 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *******г 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд химийн лаборантаар, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл жижүүрээр ажиллаж байсныг тогтоож, үлдэх 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд химийн лаборантаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1.Шүүх хүүхэд төрүүлж, амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй хугацааг ажилласан жилд тооцоогүй нь үндэслэлгүй. Хүү *******г 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрүүлсэн бөгөөд хүүгийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн. Мөн ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ******* хотын 10 жилийн 3 дугаар сургуулийн захирлын 85 дугаартай Чөлөө олгох тухай тушаалаар Тус сургуулийн ажилтан ******* нь 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүү ******* төрүүлсэн ******* нь өөрөө хүүгээ асран хүмүүжүүлэх хүсэлт ирүүлсэн тул 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл чөлөө олгосугай гэх тушаалын хуулбарыг "хуулбар үнэн" тамгатайгаар хавсаргаж өгсөн. Иймээс 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүүхэд төрүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа болно.
3.2.Анхан шатны шүүх 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ажилласан жилд тооцоогүй нь 1991 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1, 83.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн. 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1-т Эхчүүдэд хүүхдээ төрүүлэхээс нь өмнө 45 хоног, амаржсаны дараа 56 хоногийн амралт олгоно., мөн хуулийн 83.1 дэх хэсэгт "Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн эхэд өөрөө хүсвэл хүүхдээ асрахад зориулж хүүхдийг нь хоёр /ихэр бол гурван/ настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална. гэж зохицуулсан буюу ажил албан тушаалыг нь хэвээр хадгалах"-аар заасан тул ажилласан жилд хамаарна гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гаргагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Хүсэлт гаргагч ******* нь ******* аймгийн ******* хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл химийн лаборантаар, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3.Хүсэлт гаргагч нь ******* аймгийн ******* хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл химийн лаборантаар, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасантай нийцжээ.
4.Харин анхан шатны шүүх ******* аймгийн ******* хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын тушаалууд, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрчийн мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хүсэлт гаргагчийн 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл химийн лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
4.1.******* аймгийн ******* хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Чөлөө олгох тухай 65 дугаар тушаалаар Тус сургуулийн ажилтан ******* нь 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүү *******г төрүүлсэн. ******* нь өөрөө хүүгээ асран хүмүүжүүлэх хүсэлт ирүүлсэн тул 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл чөлөө олгосугай гэж, 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр тушаалаар Тус сургуулийн химийн лаборант ******* нь сургуульд лаборантын орон тоогүй болсноос жижүүрээр түр ажиллаж байсан. Цаашид орон тооны хувьд жижүүрээр ажиллах боломжгүй болсон тул 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж шийдвэрлэсэн, гэрч ******* ...*******тай 1989 оны 07 дугаар сараас 1995 оны 10 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсан. Химийн багшаар ажиллаж байхад миний туслах лаборантаар ажиллаж байсан... гэж мэдүүлсэн, ******* болон ******* нарын дундаас 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүү ******* төрсөн талаарх хүүхдийн төрсний гэрчилгээ зэргийг харьцуулан дүгнэвэл ******* аймгийн ******* хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн химийн лаборант ******* нь 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байжээ.
1991 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байх үед хүсэлт гаргагч нь тухайн сургуульд ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан байх ба тус хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн эхэд өөрөө хүсвэл хүүхдээ асрахад зориулж хүүхдийг нь хоёр /ихэр бол гурван/ настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална. гэж зааснаар түүнийг дээрх хугацаанд химийн лаборант албан тушаалд ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
Иймд хүсэлт гаргагч *******г ******* аймгийн ******* хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн химийн лаборант албан тушаалд 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасантай нийцнэ.
5.Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/06724 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *******г 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд химийн лаборантаар, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧ Б.АЗБАЯР