| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 192/2025/01146/И |
| Дугаар | 210/МА2025/01938 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01938
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 23 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 27,577,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би улсад 30 жил 10 сар ажилласнаас хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөлд 22 жил 7 сар ажилласан. 1993-2005 онд ******* *******оор, 2009 онд ******* *******ийн дамжаанд суралцан төгсөөд ******* ажиллаж байхад 2014 оны 10 сараас ******* болон нэгдсэн. Би 2020 оны 07 сард тэтгэвэртээ гарч нэг сарын цалинтай дүйцэх 1,199,000.7 төгрөгийн тэтгэмж авсан. Үлдэгдэл тэтгэмжээ ажил олгогчоос хүсэхэд *******ХХК-д ажилласан байна гэдэг боловч 2012 оны 06 сарын 23-ны өдрөөс *******ийн захиргааны шийдвэрээр гражийн дугаар 4-180-aac 4-194 дугаартай 15 троллейбусыг ******* чиглэлд явуулсан байдаг. Улсын компаниас хувийн компанид 15 троллейбусыг шилжүүлэхдээ эзэмшиж байсан жолоочтой нь хамт тушаалаар *******ХХК-д шилжүүлснийг 2013 оны 04 сард мэдээд жил гаруй хөөцөлдсөний дараа 2014 оны 10 сарын 10-ны өдөр *******ХХК-аас *******д шилжиж ажилласан. Иймд 24 сарын цалинтай тэнцэх 28,776,000 төгрөгийн тэтгэмжээс 1 сарын тэтгэмж 1,199,000 төгрөгийг авсан тул 23 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 27,577,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь *******-т жолоочоор 2014 оны 10 сарын 23-ны өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй 5 жил 8 сар ажиллаад тэтгэвэр тогтоолгосон. Энэ үед 2018-2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан Хамтын гэрээний 3.4-т зааснаар 1-5 жил ажилласан нөхцөлд хамаарсан тул түүнд 1 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж олгосон. Уг заалтад тасралтгүй ажилласан жилийг тухайн байгууллагад ажилд орсон хамгийн сүүлийн тушаалаар тооцохоор заасныг баримталсан. Нийслэлийн захирагч ******* нь 2024 онд жолооч нарын цалин хөлс нэмэгдэн тэтгэвэрт гарсан жолоочийн тэтгэмжийг 24 сараар олгохоор шийдэж байгааг мэдэгдсэн энэ нь албан ёсоор албажаагүй ба ******* нь 2020 онд тэтгэвэрт гарсан тул 2024 оны зохицуулалтад хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 23 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 27,577,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,835 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2012 оны 06 сард ажлаас буусан үед ******* нарыг шөнөөр хуралд дуудан суулгаж *******нэртэй охин компани байгуулж байгаа, Цахилгаан тээвэр компанид харьяалагдана, эзэмшсэн троллейбусаараа заасан чиглэлд ажиллах талаар мэдэгдсэн. Хожим тэтгэвэр тогтоолгож тэтгэмж дутуу өгөхөд энэ асуудал яригдаж тасралтгүй ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 02-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр тасралтгүй ажилласныг тогтоосон ч тэтгэмж олгоогүй. Учир нь *******ХХК-д өөрийн хүсэлтээр шилжээгүй гэдгээ тогтоолгоод ир гэсэн ч энэ талаар шүүхэд хэд хэдэн удаа хандсан ч нэхэмжлэлийг хангахгүй *******ХХК нь хаягтаа байхгүй гэх зэрэг шалтгаанаар удаа дараа буцаагдсан. Би өөрөө хувийн компанид шилжиж ажиллах хүсэлт өгч ажлын байраа солиогүй, эзэмшиж байсан троллейбусыг улсын өмчөөс хувийн өмчид хууль бусаар шилжүүлэн авсан үйлдлийн улмаас тэтгэмжээ авах эрхгүй болсон. *******-ын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 1/32 тоот тодорхойлолтод Тухайн үед ******* нь ажлаас халагдах болон шилжих хүсэлтийг өөрийн биеэр болон бичгээр гаргаж байгаагүйг тодорхойлж байна гэсэн байдаг.
Тухайн үед *******, Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хорооны байгуулсан хамтын гэрээнд заасан 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг өгөөгүй тул Нийслэлийн нийтийн тээврийн салбарт мэргэшсэн жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан иргэд хохирч, авто тээврийн салбарт мөрдөгдөх тарифт хэлэлцээр бодит амьдралд хэрэгжихгүй, хийгдсэн хамтын гэрээ учир дутагдалтай байгааг төрийн удирдлагуудад гомдол хүргүүлснээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг томилогдон жолооч нарын ажиллах цагийн хуваарийг шалган зөрчлүүдийг тодорхойлж, хуульд нийцүүлэн засах үүрэг хотын захирагч *******т өгөгдсөнөөр энэ асуудал яригдан, жолооч нарын цалин хөлс нэмэгдэн тэтгэвэрт гарсан жолоочийн тэтгэмжийг 24 сараар олгохоор шийдэж буйг мэдэгдсэн. Энэ шийдвэр гарснаас хойш хотын захирагч *******т хүсэлт гаргахад 2024 оны 10 сарын 09-ний өдөр Нийтийн тээврийн бодлогын газрын хуулийн зөвлөх *******уг хүсэлтэд хариу өгөхөөр уулзахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлтээр орсон 82.5 дахь хэсэгт зааснаар тэтгэмж авах боломжтой гээд шүүхэд хандахыг зөвлөсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, хамтын гэрээнд тусгагдсан тэтгэмжийг олгож, Нийслэлийн нийтийн тээврийн салбарт кондуктор болон троллейбусны жолоочоор ажилласан нийт жилийг ажилласан бүх тушаалыг үндэслэн тогтоож, өдгөө мэргэшсэн жолоочийн нэг сарын дундаж цалин болох 3,500,000 төгрөгөөр тэтгэмжийг тооцон гаргаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 2018-2020 оны Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний үед ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдсөн. Хамтын гэрээнд ажилд орсон хамгийн сүүлийн тушаалаас хойш тухайн ажилтны ажилласан жилийг тогтооно гэж зааснаар тэтгэмж олгогдсон. Нэхэмжлэгч нь 2020 онд тэтгэврээ тогтоолгосон тул 2024 онд ******* захирагчийн амаар хэлсэн тайлбарыг үндэслэж 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах боломжгүй. Нэхэмжлэгчийг тэтгэвэрт гарснаас хойш 4 жилийн дараа энэхүү яриаг үндэслэж тэтгэмж олгох нь боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч нь тухайн үед *******ХХК-д ажиллаж байсан ч миний энд ажилласан хугацааг нийт ажилласан хугацаанд тооцож оруулаагүй гэдэг. Гэвч энэ талаар шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулах эрх нээлттэй байсан ч эрхээ хэрэгжүүлээгүй атлаа одоо ийнхүү маргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-т холбогдуулан 23 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 27,577,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь 2014.10-2020.07 сарын хооронд 5.9 жил ажилласан тул хамтын гэрээний дагуу 1 сарын тэтгэмж олгосон нь үндэслэлтэй гэж тайлбарлан маргажээ.
3.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Харин ажил олгогчийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн******* дугаартай тушаалаар нэхэмжлэгчид 1 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж 1,199,000 төгрөг олгосныг тэрээр эс зөвшөөрч 2025.02.05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлснийг анхан шатны шүүх анхаараагүй байна. Давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дүгнэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
4.Хариуцагч З*******-ын захирлын 2020 оны 07 сарын 01-ний өдрийн Б/212 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******ыг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж заасан үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Улмаар ажил олгогчийн мөн оны 09 сарын 24-ний өдрийн******* дугаартай тушаалаар *******ыг тус байгууллагад 5 жил 8 сар тасралтгүй ажилласан гэж тооцон түүнд 1 сарын цалинтай нь тэнцэх 1,199,000 төгрөгийн тэтгэмж олгосон нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 3.4-т заасныг үндэслэн олгогдсон байна.
Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Ажил олгогч нь энэ хуулийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж зааснаар ажил олгогч нь өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд хууль, гэрээнд заасан тэтгэмжийг олгох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд түүнд 2020 онд олгосон тэтгэмж 1,199,000 төгрөг нь Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээнд зааснаас багаар олгогдсон гэж үзэж байгаа бол тэр даруй ажил олгогчдоо хандан тодруулах эсхүл хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд гомдлоо гаргаж эрхээ хамгаалуулах боломжтой байжээ.
Энэ талаар мөн /1999 оны/ хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Ийнхүү гомдол гаргах хугацааг мөн /1999оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй хэмжээн хуульчилсан.
Нэхэмжлэгч *******ын хувьд түүний ажилласан жилийг ажил олгогч буруу тооцон тэтгэмжийг багаар олгосныг эс зөвшөөрсөн бол түүнд тэтгэмж олгосон /анхан шатны шүүх хуралдаанд тэр үедээ 1 сарын тэтгэмжээ авсан гэж тайлбарласан/ 2020 оны 09 сарын 24-ний өдрөөс хойш 3 сарын дотор буюу 2020 оны 12 сарын 24-ний өдөрт багтаан хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүхэд гомдлоо гаргах байжээ. Гэвч ийнхүү гомдол гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх бөгөөд нэхэмжлэгч тэр даруй гомдлоо гаргаагүй тухайд маргаагүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан асуудлаар хариуцагчид хандан 2024.01.28-ны өдөр өргөдөл гаргасныг хариуцагч 2024.02.02-ны өдөр 1/78 тоот албан бичгээр тэтгэмжийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн, мөн шүүхэд 2024.12.16-ны өдөр нэхэмжлэл гаргаж байсан нь 1-р хавтаст хэргийн 34-37, 48-51 дэх талд нотлох баримтаар авагдсан хэдий ч энэ хуульд заасан дээрх хугацаанд хамаарахгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******ыг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар тэтгэмж авах эрхээ хэрэгжүүлэхээр мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд эрх бүхий этгээдэд гомдлоо гаргаагүй нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. Анхан шатны шүүхийн шийдвэрт энэ агуулгаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
5.Нэхэмжлэгч нь улсад 30 жил ажилласнаас зорчигч тээврийн салбарт 22 жил 7 сар ажилласан хөдөлмөрөө үнэлүүлэх, мөн Улаанбаатар хотын захирагч ******* нь 2024 онд амлахдаа *******ээс тэтгэвэртээ гарч буй ахмадуудад 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгнө гэснийг үндэслэн 24 сарын цалинтай тэнцэх 28,776,000 төгрөгийн тэтгэмжээс 1 сарын тэтгэмж 1,199,000 төгрөгийг авсан тул 23 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 27,577,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтанд нэг сар ба түүнээс дээш хугацааны цалинтай нь тэнцэх тэтгэмж олгох үүрэгтэй байдаг. Энэ үүргийг хэрэгжүүлэхээр мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-д Хамтын гэрээнд тэтгэмж болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох харилцааг зохицуулна гэж хуульчилсныг үндэслэн ажил олгогч, ажилтныг төлөөлсөн үйлдвэрчний хооронд 2018-2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан Хамтын гэрээ-г 2018.07.20-ны өдөр байгуулжээ.
Нэхэмжлэгч ******* 2009.11.25-2012.06.26-ны өдрийн хугацаанд *******-т, мөн 2012.06.23-2014.10.29-ний өдрийн хугацаанд *******ХХК-д, мөн 2014.10.23-2020.07.01-ний өдрийн хугацаанд *******-д троллейбусны жолоочоор тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Дээрх хамтын гэрээний 3.4-т З*******-ын бааз байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд ажлаас гарахад тухайн байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг доорх хэмжээгээр 1 удаа олгоно гэсэн байх бөгөөд 1-5 жил ажилласан бол 1 сар-ын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэжээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 2012 оны 06 сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 сарын 29-ний өдрийн хугацаанд *******ХХК-д троллейбусны жолоочоор ажилласан хугацааг *******-т ажилласан хугацаанд оруулан тооцоогүй, харин 2014 оны 10 сарын 23-ны өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаан *******-т ажилласан хугацаагаар тооцон 1 сарын тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 3.4-т нийцсэн байна. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ******* нь *******ээс тэтгэвэртээ гарч буй ахмадуудад 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгнө гэж 2024 онд амлалт албан ёсоор хэрэгжээгүй гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлтэй, энэ талаар тодорхой шийдвэр гараагүй байна.
Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 02-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******ыг 2009 оны 11 сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдрийн хугацаанд *******, *******ХХК, *******-д тус тус троллейбусны жолоочоор ажиллаж байсныг тогтоосон. Харин энэ хугацаанд *******-д тасралтгүй ажиллаж байсныг шүүхээс тогтоогоогүй байна.
Иймээс энэ агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, *******салбарт олон жил ажилласан хөдөлмөрөө үнэлүүлж 23 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 27,577,000 төгрөг гаргуулна гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломж, үндэслэл тогтоогдоогүйг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.
6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гэсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03564 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1... гэснийг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 129 дүгээр зүйлийн 129.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЭНЭБИШ