| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01164/И |
| Дугаар | 01257 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 01257
2016 оны 10 сарын 11 өдөр Дугаар 142/ШШ2016/01257 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “МТ авто” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1960 онд төрсөн, 56 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шинэ тосгоны 19 дүгээр гудамжны 24 тоотод оршин суух Хунтайж овгийн Сандуйжавын Санжбаатарт холбогдох 1 258 713 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд, хариуцагч С.Санжбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Сандуйжав овогтой Санжбаатар нь “МТ Авто” ХХК-д автоцистерний жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүүхдийн сургалтын төлбөр төлөх зорилгоор тус компанитай 02/13 тоот зээлийн гэрээ байгуулж 1,574,460 /нэг сая таван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийн цалингийн зээлийг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 сарын хугацаатай зээлж авсан. Иргэн С.Санжбаатар нь уг гэрээний 3.1, 3.2-т тус тус заасанчлан төлбөрийг хавсралтад заасны дагуу сар бүр тогтмол төлж, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор бүрэн хэмжээгээр барагдуулж дуусах ёстой байсан боловч орлого буулгаж байхдаа торхны хаалтыг буруу нээж шатахууны саванд холилт үүсгэсэн учраас 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд бидний зүгээс үлдэгдэл төлбер болох 839,142 төгрөгийг төлөх талаар удаа дараа шаардлага тавин холбогдож байсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, ажлаас челөелегдсөн өдрөөс хойш одоог хүртэл төлж барагдуулаагүй болно. Иймд иргэн С.Санжаабаатараас гэрээний үлдэгдэл төлөр 839 142 төгрөг, алданги 419 571 төгрөг нийт 1 258 713 төгрөгийг гаргуулан өгч нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Санжбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие С.Санжбаатар 2013 оны 12-р сарын 27-нд 2013 оны 12-р сарын 03-нд ажилаас халсан тушаалын хуулбар авч ажилаасаа 12 сарын 17-нд халагдсан 12 сарын 17-н хүртэл ажилласан цалин, 2013 оны 11-р сарын тонн километрийн хөлс (30 мянган тонн километр) 2013 оны 12-р сарын эхээр МТАвто дансанд (5028354872) тоотод 408 мянган төгрөг тушаасан. Энэ бүгд нийлээд хүүхдийн төлбөрөөс үлдсэн 839,676-н төгрөг хаагдсан гэж үзэж явсан. Энэ алданги тооцож нэхэмжилж байгаа 1,258,713 төгрөгийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МТ авто” ХХК нь хариуцагч С.Санжбаатарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 1 258 713 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...С.Санжбаатарын манай компаниас зээлж авсан 1 574 460 төгрөгийн үлдэгдэл 839 142 төгрөгийг гэрээнд заасан алданги 419 571 төгрөгийн хамт нийт 1 258 713 төгрөг нэхэмжилж байна” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
Хариуцагч шүүх хуралдаанд “...би 2013 оны 08 дугаар сард МТ авто ХХК-иас хүүхдийн сургалтын төлбөр төлөхөөр 1 574 460 төгрөгийн зээл авсан нь үнэнэ.Гэхдээ миний 2013 оны 12 дугаар сарын 17 хүртэлх хугацааны цалин, 2013 оны 11 дүгээр сарын 30 000 тн/км-ын хөлс, компанид тушаасан 408 000 төгрөг нийлээд миний зээл хаагдсан гэж би үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргасан.
Зохигчдын хооронд 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр С.Санжбаатар нь МТ авто ХХК-иас 1 574 460 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 сарын хугацаатай, хүүгүй, зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, 02/13 тоот зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралтаар тогтоогдож байна.
02/13 тоот зээлийн гэрээний хугацааг гэрээнд 2012 оны 08 дугаар сарын 29 гэж дурьдсан байх боловч зохигчид гэрээг 2013 оны 08 дугаар сарын 29-нд байгуулсан тухайд маргаагүй, мөн гэрээнд “...зээлийг 2013 оны 09 дүгээр сарын 01-нээс 10 сарын хугацаатай” гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх үндэстэй.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь дээрхи хүчин төгөлдөр гэрээний дагуу хариуцагч С.Санжбаатараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.
Хариуцагч С.Санжбаатар МТ авто ХХК-нд ажиллаж байх үедээ шатахууны саванд холилт үүсгэсэн, дээрхи үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь 44/13 тоот ажлаас халах тухай тушаал, илтгэх хуудас, С.Санжбаатарын гаргасан тайлбар, сав суллахад байлцсан тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон.
Шатахууны саванд холилт үүсгэсэн уг зөрчлийг арилгахад гарсан шатахууны тээврийн зардал, ажилчидын илүү цагийн хөлс болох 408 616 төгрөгийг С.Санжбаатараар төлүүлэхээр шийдвэрлэн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр МТ авто ХХК-ийн захиралын тушаал гарсаныг хариуцагч 2013 оны 12 дугаар сарын 17-нд хүлээн авч тушаалд дурьдагдсан 408 616 төгрөгийг төлсөн тухайд нэхэмжлэгч тал маргаагүй.
Хариуцагч шүүх хуралдаанд “...Компаниас намайг 408 616 төгрөгийг төл гэсний дагуу би хэрвээ төлчихвөл ажилтай үлдэх юм байна гэж бодоод төлсөн. Мөн миний 2013 оны 12 дугаар сарын 17 хүртэлх хугацааны цалин, 2013 оны 11 дүгээр сарын 30 000 тн/км-ын хөлсийг компани өгөөгүй.Тиймээс компанид тушаасан 408 000 төгрөг, миний авах ёстой цалин, 30 000 тн/км-ын хөлс нийлээд миний зээл хаагдсан гэж би үзэж байгаа.Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тэрээр 2013 оны 12 дугаар 03-ны өдрийн №44/13 тоот тушаалд дурьдагдсан 408 616 төгрөгийг МТ авто ХХК-нд төлсөн байна.
Тэрээр 2013 оны 12 дугаар 03-ны өдрийн №44/13 тоот тушаалд дурьдагдсан 408 616 төгрөгийг МТ авто ХХК-нд төлөхгүй, уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж 2013 оноос хойш маргаагүй.Тиймээс хариуцагчийн гаргасан зөрчилдөө төлсөн 408 616 төгрөгийг түүний зээлээс хасч тооцох боломжгүй.
Түүнчлэн хариуцагчийн 2013 оны 12 дугаар сарын 17 хүртэлх хугацааны цалин 262 980 төгрөг гарсныг нэхэмжлэгч зээл 1 574 460 төгрөгнөөс хасч тооцсон нь өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байгаа ба хариуцагч түүний 2013 оны 12 дугаар сарын 17 хүртэлх хугацааны цалинг дутуу тооцож зээлээс хассан гэж маргаагүй, мөн 2013 оны 11 дүгээр сарын 30 000 тн/км-ын хөлсийг МТ авто ХХК өөрт нь өгөөгүй талаар ямар нэгэн шаардлага, сөрэг нэхэмжлэл гаргаагүй.Тиймээс хариуцагчийн 2013 оны 11 дүгээр сарын 30 000 тн/км-ын хөлсийг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хасах үндэслэлгүй байна.
Хариуцагч алданги төлөхгүй гэж маргаж байгаа боловч зохигчид зээлийн гэрээндээ зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон, гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ тул хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 419 571 төгрөг гаргуулах үндэстэй.
Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж хариуцагч С.Санжбаатараас 1 258 713 төгрөг гаргуулж “МТ авто” ХХК-нд олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 759 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Санжбаатараас 34 759 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МТ авто” ХХК-нд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч С.Санжбаатараас 1 258 713 төгрөг гаргуулж “МТ авто” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА