Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01939

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04204 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 02, 03, 04, 05, 06 дугаар сарын цалинд 4,604,612 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2017 онд ажлаас үндэслэлгүй халагдсан ба Улсын дээд шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн ******* тогтоолоор ажилдаа эгүүлэн тогтоогдсон ч ажилд авалгүй байсаар 2018 оны 06 сарын 22-ны өдөр *******ийн албан тушаалд томилсон. Ийнхүү ажилд томилогдох хүртэл 2018 оны 02, 03, 04, 05, 06 сарын цалин 4,604,612 төгрөгийг ажил олгогч олгоогүй тул нөхөн гаргуулах, 2018 оны 03-06 сарын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Намайг 2024 оны 10 сарын 23-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа биеэр эдэлж, ажлын шаардлагаар амралтаа дуусгалгүй 2024 оны 11 сарын 18-ны өдөр ажилдаа ороход тэтгэвэрт гарах талаар мэдэгдсэнийг би зөвшөөрөөгүй ба үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ бичгээр өгсөн. Гэвч ээлжийн амралттай, эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд Ерөнхий захирлын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн ******* тоот тушаал гарсныг энэ өдрөө надад утсаар мэдэгдэж, өөрөө хүсээгүй байхад хүчээр тэтгэвэрт гаргасан. Хариуцагч нь хуулийн дагуу ажлаас чөлөөлж байгааг 45 хоногийн өмнө надад мэдэгдээгүй, мөн надад уг тушаалыг танилцуулаагүй, хүлээлгэж өгөөгүй. Иймд 2018 оны 02, 03, 04, 05, 06 сарын цалин 4,604,612 төгрөгийг нөхөн гаргуулж, MNB спорт сувгийн зохицуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор эрх бүхий байгууллагад гомдол гаргах байсан ч шууд шүүхэд хандсан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн. Бид 2024 оны 08 сард тэтгэвэрт гарах эрх нээгдсэн талаар өөрт нь мэдэгдсэн ч нэхэмжлэгч гардаж авахгүй, танилцахгүй гээд танилцаагүй тул ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 сарын 04-ний өдрөөс 12 сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны, мөн 2024 оны 12 сарын 07-ны өдрөөс 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны магадлагааг тус тус шүүхэд гарган өгсөн ч хэрэгт авагдсан цагийн бүртгэлийн мэдээллээр 2024 оны 12 сарын 06-ны өдрөөс 12 сарын 31-ний өдрийг хүртэл, мөн 2025 оны 01 сарын 02-ны өдрөөс 01 сарын 07-ны өдөр хүртэл ажлын цагийн бүртгэл авагдаагүй байдаг. Энэ хугацаанд нэхэмжлэгч ажилдаа ирээгүй буюу ажил тасалсан учраас байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1, 9.2.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч *******г *******ийн төрөлжсөн сувгуудын *******-ийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч *******ээс ажилгүй байсан хугацааны олговорт 10,695,022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ажилгүй байсан хугацаа /2018 оны 03, 04, 05, 06 дугаар сар, 2024 оны 12 дугаар сараас шийдвэр гарах энэ өдрийг хүртэл/-ны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч *******эд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,824 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 186,070 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн 2018 оны 02, 03, 04, 05, 06 саруудын цалин 4,604,612 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэргийн оролцогчийн нотлох үүргийн хуваарийг зөрчиж, үйл баримтаар огт тогтоогдоогүй асуудлыг зөвтгөн дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэх боломжгүй гэдгээ нотлоогүй, мөн энэ талаар тайлбар гаргаагүй байхад нэхэмжлэгч боломжгүй гэж үзсэн учраас шүүхэд хандсан нь хуульд заасан журам зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хороонд гомдол гаргах байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь шүүх шууд хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй. Мөн талуудын хооронд үүссэн маргаан нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх зүйн маргааны төрөлд хамаарах ба уг маргааны хөөн хэлэлцэх хугацааг ерөнхий хугацаагаар тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан тохиолдлыг харгалзалгүй нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн нь шүүхийн алдаа байна.

Шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь мөн урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүйг нэхэмжлэгч тайлбарлаагүй ба үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүхээс нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй талаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч 2025 оны 01 сарын 08-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн нь хэргийн 11 дэх талд авагдсан баримтаар тогтоогддог. Мөн нэхэмжлэгч тушаалаа гардан авч, тооцоо нийлсний дараа тэтгэврээ тогтоолгосон байдаг. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Шүүх нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй буюу эрх үүсээгүй байхад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч 2024 оны 12 сарын 02-ны өдөр тушаал гарах үед 56 нас 6 сар 2 хоногтой байсан буюу нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байсан. Шүүх тооцооллын алдаа гаргаснаас гадна нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны шаардлага хангасан учир тэтгэврээ тогтоолгосон. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь талуудын эрх тэгш байдлын зарчмын дагуу хариуцагч нь хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн учир нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж хууль, журмын дагуу шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй шалтгаан нь би ийм хуулийн талаар мэдээгүй. Мөн хариуцагч байгууллагатай холбоотой ямар нэгэн хэрэг маргаан үүссэн тохиолдолд тухайн байгууллагын зүгээс маш хүчтэй нөлөөлдөг бөгөөд хэрэг шийдвэрлэгдэхгүй байх асуудал их гардаг учир би тухайн комисст хандаагүй. Улсын дээд шүүхийн 2018 онд гарсан тогтоолыг хэрэгжүүлэхгүй 7, 8 жилийн хугацаа өнгөрсөн. Би тухайн тогтоолыг хэрэгжүүлэх талаар удаа дараа хариуцагч байгууллагад хүсэлт гаргасан. Гэтэл хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандсан. Хариуцагч тал нь анхан шатны шүүх цалин хөлсний тооцооллыг дахин хийгээгүй, тухайн тооцоололд дүгнэлт хийгээгүй гэж тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх миний тооцоолоогүй зүйлийг хүртэл тооцоолон гаргаж тооцоололд дүгнэлт хийсэн байдаг. Би Монгол Улсын иргэн хүний хувьд ямар ч тохиолдолд шүүхэд итгэж хандах нь миний эрх гэж үзэж байгаа учир өөрийнхөө шүүхэд хандсаныг буруу гэж бодохгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******, хариуцагч *******ид холбогдуулан 2018 оны 2, 3, 4, 5, 6 сарын цалинд 4,604,612 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж тайлбарлан маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гомдлыг үндэслэн хянах замаар анхан шатны шүүхийн энэхүү алдааг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн *******дугаартай тогтоолоор *******г *******ийн *******ийн *******ийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч *******г 2018 оны 06 сарын 25-ны өдөр шүүхийн тогтоолд заасан ажилд эгүүлэн томилсон байна. Гэвч ажил олгогч нь Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан даруй нэхэмжлэгчийг ажилд нь томилоогүйн улмаас нэхэмжлэгч 2018 оны 3, 4, 5, 6 дугаар сарын цалин 4,604,612 төгрөгийг авч чадаагүй, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тасалдсан ба хариуцагч цалинг нөхөн олгоогүй үйл баримт тогтоогджээ.

Шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулах үүрэгтэй.

Энэ үүргээ ажил олгогч биелүүлээгүй нөхцөлд ажилтан тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн журмаар эрхээ хамгаалуулах эрхтэй. Энэ талаар мөн /1999 оны/ хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Ийнхүү гомдол гаргах хугацааг мөн /1999оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй хэмээн хуульчилсан.

Нэхэмжлэгч *******гийн хувьд түүний ажилгүй байсан хугацааны цалин 4,604,612 төгрөгийг ажил олгогч олгож, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулаагүй бол ажилд томилсон 2018 оны 06 сарын 25-ны өдрөөс хойш 3 сарын дотор буюу 2018 оны 09 сарын 25-ны өдөрт багтаан хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүхэд гомдлоо гаргах байжээ. Гэвч ийнхүү гомдол гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх бөгөөд нэхэмжлэгч тэр даруй гомдлоо гаргаагүй тухайд маргаагүй байна.

Анхан шатны шүүхээс Улсын дээд шүүхийн 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 346 дугаар тогтоолыг үндэслэн тухайн шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар тоолно гэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь түүний ажилд эгүүлэн тогтоолгох тухай өмнөх нэхэмжлэлтэй хамт үүсээгүй, тухайн хугацаанаас хойш үүссэн тул Улсын дээд шүүхийн 2018 оны ******* дугаар тогтоолд заасан бус бие даасан нэхэмжлэлийн шаардлага тул хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хамаарахгүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийг хөөн хэлэлцэх ерөнхий хугацаагаар тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******г Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалингаа авах, холбогдох бичилт хийхийг даалгуулах эрхээ хэрэгжүүлэхээр мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд эрх бүхий этгээдэд гомдлоо гаргаагүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ тухай хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5.Хариуцагч *******ийн ерөнхий захирлын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн Б/664 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэсэн үндэслэлээр дуусгавар болгожээ. Ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн талаар ажил олгогчоос 2024.08.01-ний өдөр мэдэгдсэн гэх боловч энэ тайлбараа нотлоогүй, харин нэхэмжлэгчээс ажил олгогчид хандан 2024.11.21-ний өдөр гаргасан хүсэлтдээ энэ тухай 2024.11.19-ний өдөр мэдэгдсэн тухайд зохигч маргаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгохоос өмнө түүнд мэдэгдсэн гэж үзэх ба ажил олгогч энэ талаар 45 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх үүргийг хуулиар хүлээгээгүй. Түүнчлэн ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд хамаарахгүй учир энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч нь 2024 оны 12 сарын 02-ны өдрийн Б/664 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацааг буруу тооцож, нэхэмжлэгчийг 56 нас 5 сар 19 хоногтой байхад нь ажлаас чөлөөлсөн зөрчил гаргасныг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. Энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байхад шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

Учир нь нэхэмжлэгч ******* мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т зааснаар 2024 оны 12 сарын 14-ний өдөр 56 нас 6 сар хүрсэн бөгөөд 2025.02.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргах үед өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, иймээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох нь ач холбогдолгүй болсныг шүүх анхаараагүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.

Иймд нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс 11 хоногийн өмнө ажлаас чөлөөлсөн нь ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлд нь сэргээх үндэслэл болохгүй. Харин ажил олгогчоос нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024.12.02-14-ний өдөр хүртэлх 11 хоногийн цалинг нөхөн олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь ажилтны зөрчигдсөн эрхийг хамгаалахтай холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасанд нийцнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тооцож 1,224,000 төгрөгөөр тогтоосон нь зөв бөгөөд энэ журмын 1.6-д зааснаар нэхэмжлэгчийн 1 өдрийн цалин 58,256 /1,224,000:21 хоног/ төгрөг байх тул хариуцагч *******ээс 641,146 /58,256х11 өдөр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

6.Хариуцагч байгууллагаас 2024.12.02-ны өдрийн Б/664 дугаартай тушаалыг нэхэмжлэгчид хэзээ гардуулсан нь тодорхойгүй, уг шийдвэрийг нэхэмжлэгч 2025.01.08-ны өдөр ажил хүлээлцэх үед хүлээн авсан өдрөөр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацааг анхан шатны шүүх тооцон нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй буюу хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг шүүхэд хандах эрхээ алдсан гэж татгалзлаа илэрхийлсэн болон давж заалдах гомдлыг нь шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

7.Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 641,146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04204 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 4,604,612 төгрөг гаргуулж, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 641,146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...186,070 төгрөг... гэснийг 4,550 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Э.ЭНЭБИШ