| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01146/И |
| Дугаар | 01271 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 01271
2016 оны 10 сарын 12 өдөр Дугаар 142/ШШ2016/01271 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “Хоршихуй” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1961 онд төрсөн, 55 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шинэ тосгоны 11 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух Буянт овгийн Доржийн Бямбацогтод /регистрийн дугаар ФА61111174/ холбогдох 6 372 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хоршихуй” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус хоршооны гишүун Дорж овогтой Бямбацогт нь хоршооны зээлийн журмын дагуу 10 сарын хугацаатай сарын 4,1%-н хүүтэйгээр 6 760 000 төгрөгийг 2015 оны 1-р сарын 17-нд зээлсэн. Зээлийн төлөлтөө 2016 оны 02 сарын 05-ныг хүртлэх хугацаанд 2 016 730 төгрөгийг төлсөн болно. Одоогийн байдлаар үндсэн зээл 5 633 000 төгрөг, хүү 692 860 төгтөг, нэмэгдүүлсэн хүү 46 190 төгрөг буюу нийт 6 372 050 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хоршооны дүрмийн дагуу удаа дараа төлөлт хийхийг шаардсан боловч төлөлт хийхгүй удаж байгаа тул Иргэн Д.Бямбацогтоос зээлийн төлбөрт 6 372 050 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Бямбацогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хоршихуй хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн 6 372 050 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 12 сараас эхэлж төлөөд 2017 оны 06 сар гэхэд төлж дуусгана” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хоршихуй” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Д.Бямбацогтод холбогдуулан 6 372 050 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 6 372 050 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 12 дугаар сараас эхлэн 2017 оны 06 дугаар сар гэхэд төлж дуусгана гэсэн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 116 910 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 58455 төгрөг, төрийн сангаас 58455 гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хоршихуй” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй Д.Бямбацогтод холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага 6 372 050 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 116 910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 58455 төгрөг, төрийн сангаас 58455 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА