| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/00827/И |
| Дугаар | 210/МА2025/01954 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01954
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 08-ны өдрийн 197/ШШ2025/012937 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
13,184,709 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******/цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан 13,184,709 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2022 оны 12 сарын 18-ны өдөр № 2022/26 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр өмгөөлөгч ******* ХХК нь *******ХХК-д холбогдох захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд төлөөлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцох, *******ХХК нь өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд гэрээний 1 дүгээр зүйлд заасан нийт төлбөрийн хангагдсан 10 хувь байх, ажлын зардалд 10,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.
4. Хариуцагч *******ХХК-аас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажлын хөлс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлсөн үйл баримтад талууд маргаагүй.
5. Хэрэгт цугларсан баримтаар ******* ХХК нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг гүйцэтгэж, дараах ажиллагаанд оролцсон байна. Үүнд:
5.1. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2024 оны 04 сарын 14-ний өдрийн *******ХХК-ийн гомдлыг хэлэлцэх хуралдаанд өмгөөлөгч ******* оролцсон;
5.2. *******ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Татварын улсын байцаагч нарын 2022 оны 12 сарын 15-ны өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалт хуульд нийцсэн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан;
5.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд *******ХХК-ийн өмгөөлөгчөөр ******* оролцож, тус шүүхийн 128/ШШ2023/0764 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тухай /2006, 2019 онуудын/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2-т тус тус заасныг баримтлан *******ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн, Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ******* нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагч нарын 2022 оны 12 сарын 15-ны өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн;
5.4. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд *******ХХК-ийн өмгөөлөгчөөр ******* оролцож, тус шүүхийн 221/МА2023/0741 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн;
5.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд *******ХХК-ийн өмгөөлөгчөөр ******* оролцож, тус шүүхийн 128/ШШ2024/0456 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74.1,Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 41 дүгээр зүйлийн 41.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн, Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ******* нарт холбогдуулан гаргасан тус татварын улсын байцаагчдын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актын зөрчлөөр тогтоосон хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;
5.6. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 221/МА2024/0603 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан *******ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ******* нарын үйлдсэн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг 231,847,099.33 төгрөгөөр хасаж багасгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн;
Нэхэмжлэгч ******* ХХК нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянасан болох нь дээрх магадлалын тодорхойлох нь хэсэгт тусгагджээ.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллага нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
6.1. Нэхэмжлэгч нь ... 2022 оны 12 сарын 18-ны өдөр № 2022/26 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний *******ХХК нь өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд гэрээний 1 дүгээр зүйлд заасан нийт төлбөрийн хангагдсан 10 хувь байхаар тохиролцсон тул нэхэмжлэлийн хангагдсан дүн буюу 231,847,099 төгрөгийн 10 хувиар тооцож, өмгөөллийн хөлсөнд авсан 10,000,000 төгрөгийг хасаад 13,184,709 төгрөг шаардсан. гэж тайлбарласан.
6.2. ******* ХХК-ийн өмгөөлөгч ******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн шүүхийн 128/ШШ2024/0456 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан боловч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд оролцоогүй байх тул гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жил орчим хугацаанд үргэлжилсэн хугацаанд *******ХХК-д эрх зүйн туслалцаа үзүүлж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, хариуцагч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан мэтгэлцээгүй байх тул өмгөөллийн хөлсийг 10 хувиар бууруулж, хариуцагч байгууллагаас 11,866,239 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,318,471 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.
7. Хариуцагчийн өмгөөлөгчийн дараах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
7.1. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т зааснаар өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөхийг хориглохоор зохицуулсан бөгөөд өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг гүйцэтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих журмаар оролцож байгаа тохиолдолд үр дүнгээс үл хамааран өмгөөллийн хөлсийг үйлчлүүлэгч төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг нь үр дүнгээс үл хамаарч гүйцэтгэсэн ажлын хөлс гэж тохирсон, мөн үр дүнгээс хамаарч өмгөөллийн үйлчилгээний хөлсийг тодорхой хувиар тохиролцсон нь Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэгт нийцжээ.
Өмгөөллийн үйл ажиллагаа нь үргэлжилсэн шинжтэй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх зэргээр үргэлжилсэн үйлчилгээ байх тул биечлэн оролцож үр дүн гаргаагүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.
7.2. Цаг хугацааны хувьд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болсны дараа талуудын харилцаа нь маргааны зүйлд ач холбогдолгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ... үйлчлүүлэгчийн талаар мэдээллийг ашиглан өөрийн үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг дордуулах гомдол гаргасан, сүрдүүлэх шинжтэй үйлдэл гаргасан ... гэсэн гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 08-ны өдрийн 197/ШШ2025/012937 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас 11,866,239 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,318,471 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 223,874 ... гэснийг ... 204,810 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,874 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
С.ЭНХБАЯР