Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02003

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндуламын даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/07522 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******ХХК-д тус тус холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ******* улсын дугаар тээврийн хэрэгсэл, 31,000,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 24,885,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт, цахилгааны төлбөр нийт 11,000,718 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь *******тэй танил, найз нөхдийн харилцаатай. 2023 оны 07 сарын сүүлээр ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ий үхрийн ферм дээр очиж уулзахад үхрийн фермээ худалдана, маш их ашигтай, манайх 50 гаруй үхэртэй, 20 гаруй үхрийг нь саадаг, өдөрт дунджаар 200 литр сүү гардаг, үүнийгээ *******-д 1 литрийг нь 1,100 төгрөгөөр өгдөг, сардаа 6,000,000 төгрөгийн ашигтай ажиллана гэж танилцуулсан.

1.2. Үүний дараа нэхэмжлэгч нь *******тэй ******* тоот хаягт байрлах үхрийн фермерийн зориулалттай 263,3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 30,000 м.кв газрын хамт 110,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, аман хэлцэл хийсэн.

1.3. Нэхэмжлэгч нь төлбөрт өөрийн эзэмшлийн Тоёото Клугер маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 80,000,000 төгрөгт тооцож өгөх, 31,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэхээр тохиролцсоны дагуу 2023 оны 08 сарын 11-ний өдөр хариуцагчийн нэр дээр шилжүүлэн өгч, 31,000,000 төгрөгийг 2023 оны 09 сарын 01-ний өдөр *******ий дансанд нь шилжүүлэн өгсөн.

1.4. Мөн тус газар дээр баригдсан 4x5 хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байшингийн хамт шилжүүлж өгөхөөр тохиролцсон ба 2023 оны 11 cap хүртэл ашиглаж байгаад дотор эд юмсаа авч бүрэн чөлөөлж өгнө гэсэн боловч одоог хүртэл чөлөөлж өгөөгүй.

1.5. Түүнчлэн үхрийн фермд ашиглагдаж буй камерын хяналтын системийн төхөөрөмж, 380 к.ваттын тог, гүний усыг байнга ашиглуулна гэж тохиролцсон. Гэтэл хариуцагч нар нь хашаа татан хашаалж мал бэлчээрлэх, тухайн газрыг эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлаж хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчөөд байна.

1.6. Иймд талуудын хооронд аман хэлцлээр байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ******* улсын дугаар тээврийн хэрэгсэл, 31,000,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 24,885,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

1.7. *******т шилжүүлж өгөх үхрийн фермерийн зориулалттай 263,3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон 30,000 м.кв газрын эзэмших эрх нь *******ий үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцааг эзэмшдэг *******ХХК-ийн нэр дээр байдаг болно гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. *******ХХК-ийн нэр дээр нэгж талбарын ******* дугаартай, гэрчилгээний ******* дугаартай ******* хороо, ******* хаягт байрлах тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалттай 69,944 м.кв талбай бүхий газар бүртгэлтэй байдаг ба Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 11 сарын 26-ны өдрийн шийдвэрээр уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байна.

2.2. Тус газар дээр хариуцагч үхрийн фермерийн болон хүн амьдран суух зориулалттай зуны байшин, цахилгааны 380 кв дэд станц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан сүүний чиглэлээр үхрийн фермер ажиллуулж байсан ба саасан сүүгээ *******-д нийлүүлдэг байсан.

2.3. Хариуцагч сүүний чиглэлийн үхрүүдээ зарах зорилгоор зарын групп дээр 2023 оны 07 сард зар оруулснаар *******, *******нар 2023 оны 07 сард ирж уулзан сүүний чиглэлийн үхрүүд болон үхрийн фермтэй танилцаж, үхрийн фермерийн зориулалттай 263.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 54 тооны сүүний чиглэлийн үхэр /нас насны үхрүүдийг тус бүрд нь үнэлсэн/-ийн хамт 120,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.

2.4. Ийнхүү тохиролцохдоо үхрийн фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хоёр айлын газрын эзэмших эрх, 54 тооны үхэр, сүүний бетон, саалтуур зэрэг эд хөрөнгийг 120,000,000 төгрөгт тооцон худалдсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба энэ гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ болно.

2.5. Хэлцлийн дагуу ******* ******* ХХК-ийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй байгаа 263.6 м.кв талбай бүхий фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр, 54 тооны үхрийг 110,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэгч нь 80,000,000 төгрөгт тооцож Тоёото клугер маркийн автомашиныг шилжүүлэн өгч, 30,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж үхрийн үнийг төлсөн ба энэ талаар маргаангүй.

2.6. Үхрийн фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хувьд талууд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж гэрээний нэг хувийг өөрт нь өгсөн ба тэрээр одоо хүртэл Улсын бүртгэлийн байгууллагад хандаж өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй юм байна гэдгийг бид хэргийн материалтай танилцах үедээ олж мэдсэн.

2.7. Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөгийг одоо хүртэл хариуцагч талд төлөөгүй учраас 2 айлын газрын эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа. Энэ төлбөрийг төлсөн тохиолдолд 2 айлын газрын эрхийг шилжүүлж өгөхөд хариуцагч татгалзах зүйлгүй.

2.8. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмын талаар хуульчилсан ба аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

2.9. Нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшлийн 54 тооны үхрийг, үхрийн фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, цахилгаан, ус, газар, хашаа зэргийг багагүй хугацаанд ашиглаж, үхрийн дийлэнх хэсгийг бусдад худалдан борлуулсан атлаа хууран мэхэлсэн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн мэдэлдээ авч эзэмшиж, ашиглаж, үр шимийг хүртэж байсан атлаа гэрээнээс татгалзаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

2.10. Хариуцагч ******* нэхэмжлэгч *******тай байгуулсан гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн, ******* хариуцагч *******д төлөх төлбөрийн дийлэнх хэсгийг биелүүлсэн байгаа тул энэ нь гэрээнээс татгалзах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй. Хариуцагч тал ямар нэгэн байдлаар гэрээний үүргээ зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Худалдах, худалдан авах тохиролцооны дагуу ******* нь өөрийн эзэмшлийн Тоёото клугер маркийн автомашинаа 80,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн ба 30,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн.

3.2. ******* нь нийт 110,000,000 төгрөгийг надад төлсөн ба үлдэгдэл 10,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгч *******аас шаардах эрхтэй гэж үзэж байна. Учир нь би худалдах, худалдан авах тохиролцооны дагуу 54 тооны сүүний чиглэлийн үхрүүдийг болон үхрийн фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний дагуу түүнд шилжүүлж өгсөн боловч ******* үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөхгүй хариуцагчийг чирэгдүүлж байна.

3.3. Түүнчлэн ******* нь 2023 оны 08 сараас эхлэн манай компанийн өмчлөлд бүртгэлтэй цахилгаанаас шитээс цахилгаан авч хэрэглэж ирсэн ба өөрийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг одоог хүртэл төлөөгүй цахилгааны өр төлбөр үүссэн байгаа тул цахилгааны төлбөрт төлөгдөөгүй байгаа 1,000,718.82 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

3.4. Иймд *******аас Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, цахилгааны төлбөр 1,000,18.82 төгрөг, нийт 11,000,718.82 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:

4.1. Үхрийн фермерийг 110,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Нөгөө талаас 120,000,000 төгрөг гэдэг. Бодит байдал дээр 110,000,000 төгрөгөөр худалдан авсан. 130,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн ба 1,000,000 төгрөг дээр яагаад маргахгүй байгаа вэ, гэхээр зээлж авсан мөнгө байсан учраас банкнаас зээл аваад өгөх ёстой мөнгөн дээр зээлсэн мөнгийг өгсөн.

4.2. 1,700,000 цахилгааны хэрэглээ гарсан гэж үздэг. Үүнийг хариуцагч маш сайн мэдэж байгаа. Намар болоод чацаргана хурааж авдаг. Чацаргана хадгалдаг том хөргүүрээ аваачиж тавьсан. Өвлийн цагт тодорхой температурт барихын тулд ашигладаг. 40 тн том хөргүүр жил болгоны намраас хавар хүртэл түүсэн чацарганаа тэнд хийгээд өөрөө ашигладаг.

4.3. Бодит байдал дээр малчин ДДИШ тв, гар утасны цэнэглэгч, гэрэл зэргээс өөр цахилгааны хэрэглээ байхгүй. Аргал түлдэг. Өвөл нь нүүрс аваачиж өгдөг байсан гэж тайлбарладаг. Өөрийнхөө хэрэглэж байсан зүйлийг нэхэмжлэгч өөрөө төлөхгүй байна гэдэг байдлаар тайлбарласан. 40 тн хөргүүрийг тодорхой температурт барьж, халуун хүйтнээр үлээлгэхийн тулд доод тал нь 7,5 киловатт эсвэл 5,5 киловатт байна. Энгийнээр яривал энэ төлбөр маш өндөр гарна. Энэ зүйлүүд дээр маргадаг учраас манайх хэрэглэсэн хэмжээгээрээ төлнө.

4.4. Гэхдээ ийм өндөр хэмжээнд тогны мөнгө гараагүй. Тухайн үед зэрэгцээд хөргүүр ажиллуулж байсан гэдгээ хэлэхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******ХХК, ******* нарт холбогдуулан гаргасан *******ХХК, *******, ******* нарын хооронд амаар байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч *******ээс Тоёото Клугер маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бэлнээр шилжүүлсэн 31,000,000 төгрөгийг, гэрээнээс учирсан хохирол 24,885,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас 1,000,718 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,130,725 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 28,567 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг буруу тайлбарлаж, Иргэний хуулийн тус заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалт нь гэрээний үүргийг зөрчөөгүй тал нь гэрээний үүргийг зөрчсөн талын буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлоо арилгуулах шаардах эрхийн үндэслэл бүхий заалт бөгөөд энэ тохиолдолд гэрээний үүргээ зөрчиж, хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тал нь нэхэмжлэгч бус хариуцагч тал /Үхрийн Фермд ашиглагдаж байсан 4x5 харьцаатай байшин. үхрийн ферм дотор байрлаж буй хяналтын камерын удирдах төхөөрөмж зэргийг хүлээлгэн өгөөгүй, 380 к.ваттын тог, гүний худгийн усыг саадгүй ашиглуулах зэрэг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хуулийн энэхүү заалтыг үгүйсгэж шийдвэр гаргасан нь хуулийн зүйл заалтыг илэрхий тодорхой буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

6.2. Түүнчлэн хариуцагч тал анх тохирсон үхрийн фермийн үхрийн тэжээл тариалж байсан газар, дагалдах зүйл болох тог, ус, байшин зэргийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах үндэслэл үүсэхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь үхрийн фермийг дагалдах эд зүйлсийн хамт бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй, сүү, махны чиглэлийн Сементал үүлдрийн үхрүүд гэж буруу мэдээлэл өгсөн, мөн үхрүүд нь архи пивоны үйлдвэрийн шаар гэх шингэнээр байнга тэжээж донтсон байсан зэрэг мэдээллийг нуун дарагдуулсан хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас үүссэн шалтгаант холбоог огт шүүх дүгнээгүй байна.

6.3. Нэхэмжлэгч үхрийн фермийг авснаас эхлэн 2023 оны 08 сараас хэлэн малчин хөлсөлж ажиллуулсан ба 2023 оны 10 сараас эхлэн өвс тэжээл, эм тариа сүүний сав зэрэг зүйлсийг өөрийн хөрөнгөөр татаж хариуцагч *******ий хэлсний дагуу ашиг олно, өсгөнө, үр дүнг нь үзнэ гэж их зүтгэсэн боловч шаар уухгүй болохоор үхэр сүү гарахаа больж, фермийн барилга дотроосоо нурж, ашиг орлого олдог гэх бүх асуудал худлаа байсан нь тодорхой болж энэ талаар удаа дараа мэдэгдсэн боловч ямар ч хариу арга хэмжээ аваагүй тул шүүхэд хандсан.

6.4. Хариуцагч нь гэрээний дийлэнх хэсгийг биелүүлээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасны дагуу үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж байгаа үндэслэлгүй буюу хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шүүх хариуцагч нь харилцан тохиролцсон үүргийн дийлэнх хэсгийг биелүүлээгүй байхад үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхдээ талуудын ашиг сонирхлыг нийтэд нь дэнслэн үзэх шаардлагатай байсан. Шүүх энэ тохиолдолд нэхэмжлэгч талын ашиг сонирхлыг харгалзаж үзээгүй.

6.5. Харин эсрэгээрээ шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, мөн хуулийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан ..., ... гэрээг цуцлах болон доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх шаардлагаа гаргах хугацаа дууссан байна... гэж тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй бөгөөд эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн цаг хугацаандаа шаардлагаа тавьж, газар шилжүүлж өгөх үүргээ болон фермийн барилгыг засаж сайжруулж өгөх талаар удаа дараа мэдэгдэж байсан.

6.6. Анхан шатны шүүх нь үүргийг ялимгүй зөрсөн гэж тогтоохдоо нэхэмжлэгч талын дээр дурдсан ашиг сонирхлыг харгалзан үзээгүй буюу талуудын аль алиных нь ашиг сонирхлыг адил тэгш байдлаар харгалзан үзээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн байна.

6.7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлох зорилгоор холбогдох гэрчүүд болох *******, ******* нарыг асуулгахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч захирамж гаргасан боловч захирамжийн биелэлт хэрэгжээгүй.

6.8. Хариуцагч ******* нь ҮХЭХ-ийн гэрчилгээг худалдан авагч *******ын нэр дээр шилжүүлэх байтал ******* Худалдах худалдан авах гэрээ хийж өгснийг нэхэмжлэгч миний бие зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж миний нэр дээр гэрээ хийгдэх ёстой, газар мөн адил миний нэр дээр шилжих ёстой, мөн дагалдах эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгөх тухай байнга хэлж байсан ба түүнээс хойш үүргээ биелүүлээгүй болно.

6.9. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох тогны 1,000,718 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг 1,000,718 төгрөг зарцуулсныг хэрхэн ямар нотлох баримтаар тогтоосон нь эргэлзээтэй, 2023 оны 10 сард тог тасалсан, зөвхөн гэрэл чийдэн асдаг, хяналтын камераа шилжүүлж өгөөгүй, ажиллаагүй, хариуцагч нь 5 га газарт чацаргана тариалдаг ба өөрөө тог их зарцуулдаг, энэ талаар газар дээр үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдоно.

6.10. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээнээс татгалзах маргааныг шийдвэрлэхэд гэрээнээс татгалзах, хуулиар тогтоосон журмын талаарх зохицуулалт нь зайлшгүй хэрэглэвэл зохих хууль байхад хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, гэрээнээс татгалзах журмын талаарх зохицуулалтыг хэрэглээгүйгээс хууль эрх зүйн хувьд бүрэн дүгнэлт өгөөгүй буюу гэрээний эрх зүйн маргаанд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэхэд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл, журмыг зохицуулсан Иргэний хуулийн 204, 205, 221, 225 дугаар зүйлд тодорхой тусгасан ба хэрэглэвэл зохих хууль мөн.

6.11. Энэ утгаараа Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан Иргэний хуулийн 204, 221, 225 дугаар зүйл гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль ч үед хэрэглэгдэнэ. Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ дуусгавар болох учир энэ тохиолдолд гэрээний үүргийг шаардах эрх мөн адил дуусгавар болж, харин гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзсанд буруутай нөгөө талаас гэрээний үүрэг бус, хохирол шаардах эрх үүсэхийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тодотгон заасан байдаг.

6.12. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлоох баримтуудыг үнэлээгүй ба тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биеэ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй буюу нотлох баримтын талаар ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчилсөн шаардлагын хэмжээг ихэсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр ямар шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан талаар шийдвэртээ тодорхой заагаагүй байх тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч талаас гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрч бичгээр гаргасан гомдолтой танилцсан. Шүүх хуралдаанд гомдолд дурдагдаагүй зарим зүйлсийг дурдлаа. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв дүгнэсэн.

7.2. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн. Худалдах, худалдан авах гэрээний зүйлийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж, үүнтэй холбогдуулан гарах үр дагаврыг шаардаж байгаа гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан үндэслэл бүхий дүгнэсэн.

7.3. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах үндэслэлгүй тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 болон 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол, үр дагаврыг нэхэмжлэх эрхгүй талаар үндэслэлтэй дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаарх дүгнэлт үндэслэлтэй учир нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүх *******ын нэхэмжлэлтэй, *******ХХК, ******* нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгээс 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

8.2. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа гэрээний зүйл болох *******хаягт байршилтай 263.6 м.кв талбайтай, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах фермерийн доорх газар, 54 тооны үхэр зэрэг хөрөнгийг нийт 120.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба хэрэгт авагдсан баримтаар худалдан авагч худалдагч талд 110,000,000 төгрөг төлсөн үйл баримт нотлогдон тогтоогдож байгаа талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа шийдвэр гаргахдаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай.

8.3. Нэхэмжлэгч *******аас төлсөн 110,000,000 төгрөг нь 54 тооны үхэр /нас насны үхэр/-ийн үнэ бөгөөд фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 10,000,000 төгрөг төлөгдөөгүй байхад төлөгдсөн байна гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

8.4. Хавтаст хэрэгт ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 12 сарын 18-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нотлох баримтаар авагдсан ба тус гэрээнд тусгагдсан ... 10,000,000 төгрөгийг төлсөн болно ... гэсэн гэрээний заалтад үндэслэж уг мөнгө төлөгдсөн байна гэж шууд дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсон.

8.5. Хэдийгээр уг гэрээнд ийм нөхцөл тусгагдсан хэдий ч фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид төлсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй, хариуцагч уг мөнгийг нэхэмжлэгч төлөөгүй учраас түүнээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх хэрэгт авагдсан уг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн гэж үзэж байгаа болно.

8.6. Зохигчид худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 110,000,000 төгрөг төлөгдсөн, 54 тооны үхрийг хүлээн авсан, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар маргаагүй. Харин газрын хэмжээ, бусад эд хөрөнгийг худалдаж авахаар тохиролцсон, тохиролцоогүй гэж маргасан бөгөөд хариуцагч фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж байгаа учраас уг хөрөнгийн доорх газар болох 1400 м.кв газрын эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон учраас үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд уг хэмжээтэй газрын эрхийг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлдэг.

8.7. Иймд дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/07522 дугаар шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангагдаагүй хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

9.1. Талууд гэрээний үнийг 120,000,000 төгрөг байхаар тохирсон байдаг. 120,000,000 төгрөг байхаар тохиролцсоныг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Талуудын хоорондын захидал харилцаанд 10,000,000 төгрөгийг шаардсан захидал огт байхгүй.

9.2. Нэхэмжлэгч захидал харилцаагаар сементал үүлдрийн үхэр биш байгаа тул өгсөн, авсан зүйлсийг буцаах тухай тодотгож хэлсэн байдаг. Уг асуудалд хариуцагчаас үлдэгдэл 10,000,000 төгрөгийг шаардсан тухай баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөн гэрээг шилжүүлэхтэй холбоотойгоор ******* ХХК-ийн төлөөлөгч *******ийн байгуулсан гэрээнд ямар нэгэн төлбөр тооцоогүй гэх баримт байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, *******ХХК-д тус тус холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ******* улсын дугаар тээврийн хэрэгсэл, 31,000,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 24,885,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч Худалдах-худалдан авах гэрээний үүрэг, цахилгааны төлбөр нийт 11,000,718 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь ...******* тоот хаягт байршилтай 263,6 м.кв талбайтай, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 3 га талбайтай газар эзэмших эрх, 54 үхрийг 110,000,000 төгрөгөөр худалдан авсан. гэж, хариуцагч нь ... 54 үхэр, 263,6 м.кв үл хөдлөх хөрөнгө, 14,000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 120,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж тус тус тайлбарласан.

 

Талуудын ******* тоот хаягт байршилтай 263,6 м.кв талбайтай, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 54 үхрийг худалдахаар тохиролцсон болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт ******* улсын дугаартай, Тоёота клугер маркийн автомашиныг 80,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн, мөн 30,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн зэрэг үйл баримтад маргаангүй.

 

4. ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2023 оны 12 сарын 18-ны өдөр******* бүртгэлийн дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* тоот хаягт байршилтай, 236,6 м.кв фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгч ******* эзэмшдэг байсан үйл баримтад маргаагүй ба дээрх гэрээ нь 2023 оны 07 сарын үхрийн ферм худалдах- худалдах авах гэрээний салшгүй хэсэг гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч *******ын байгуулсан хэлцэл гэж үзэв.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар эрх зүйн дүгнэлт зөв болжээ.

 

Талууд үхрийн ферм худалдах-худалдан авах зорилгоор аман хэлбэрээр болон Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан бичгийн хэлбэрээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна.

 

6. Талуудын гэрээний тохиролцоо нь аман хэлбэрээр байгуулагдсан тул гэрээний зүйл болон үнэ нь маргааны зүйл болжээ.

 

6.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 04 сарын 11-ний өдрийн А/172 дугаар шийдвэрээр нэгт талбарын ******* дугаартай, 30,000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар *******ХХК-д фермерийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь ... гэрээний зүйлд 30,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг авахаар тохиролцсон ... гэж тайлбарлах боловч хэрэгт цугларсан баримтаар талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний зүйлд 30,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлэх талаар тохиролцоо байсан нь баримтаар нотлогдохгүй байх тул 30,000 м.кв талбайтай газрын эзэмших эрх шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэхгүй.

 

Нотолгооны хуваарилалтын хувьд хариуцагч нь ...1,400 м.кв талбайтай газрын эзэмших эрх гэрээний зүйл байсан гэсэн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг үнэлж, талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч нар нь 1,400 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй байна.

 

6.2. Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнийг нэхэмжлэгч тал ... 110,000,000 төгрөг ... гэж, хариуцагч тал ... 120,000,000 төгрөг ... гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргасан.

 

Хариуцагч нь ...******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2023 оны 12 сарын 18-ны өдөр******* бүртгэлийн дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үнэ 10,000,000 төгрөгийг төлөөгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх дээрх гэрээний 3.2-д ... Төлбөр төлөгдсөн ... гэж, 3.3-д ... төлбөрийг бүрэн төлж дууссан ... гэсэн тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлаж, гэрээний үнэ төлөгдсөн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нарын гэрээний үнэ ... 120,000,000 төгрөг байхаар тохиролцсон ... гэсэн тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнийг нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 110,000,000 төгрөг гэж тохиролцсон талаар тайлбар үндэслэлтэй байна.

 

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээний үнэд 110,000,000 төгрөг төлсөн талаар үйл баримтад маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үнийг бүрэн төлсөн гэж үзэх тул гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.3. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний зүйлд 4 м.кв х 5 м.кв талбайтай байшин байсан гэх боловч гэрээний энэ тохиролцоо хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээний зүйл гэж үзэхгүй.

 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар ялимгүй зөрчил гаргасан үндэслэлээр гэрээнээс татгалзахгүй гэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.1. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах шалтгааныг сүүний чиглэлийн сементал үүлдрийн үхэр гэж хэлсэн нь худлаа байсан, мөн камерын хяналтын системийн төхөөрөмж, 380 к.ваттын цахилгаан болон гүний усыг байнга ашиглуулна гэж тохиролцсон боловч ашиглуулахгүй байгаа гэсэн үндэслэлээр тайлбарласан.

 

7.2. Хэрэгт цугларсан баримтаар фермерийн зориулалтаар худалдан авсан гэх 54 үхэр нь сүүний чиглэлийн сементал үүлдрийн үхэр биш гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг баримтаар нотлогдохгүй тул гэрээнээс татгалзах шалтгаан гэж үзэхгүй.

7.3. Талуудын камерын хяналтын системийн төхөөрөмж, 380 кваттын цахилгаан болон гүний усыг байнга ашиглуулна гэсэн тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээний зүйлд хамаарахгүй байх тул уг үндэслэлээр гэрээнээс татгалзах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, цахилгааны төлбөрт 1,000,718 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад шаардах эрхэд хамааралтай Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлаагүй алдаа гаргасныг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/07522 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 243 дугаар зүйлийн 243.1 ... гэсний дараа ... 492 дугаар зүйлийн 492.1.1 ... гэснийг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990,325 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР