| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01087/И |
| Дугаар | 01272 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 01272
2016 оны 10 сарын 12 өдөр Дугаар 142/ШШ2016/01272 Орхон аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1963 онд төрсөн, 53 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-17-34 тоотод оршин суух Жаргал овгийн Цэвэгмэдийн Цогтгэрэлийн /регистрийн дугаар ФМ63053031/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба
Хариуцагч: “Найдвар-Од” аудит ХХК-нд холбогдох үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаяр, Д.Ганбат, Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цогтгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3507 дугаартай шүүгчийн захирамжаар Л.Отгонбаяраас 30 000 000 төгрөг гаргуулж, Ц.Цогтгэрэл надад олгохоор шийдвэрлэсэн. Миний бие тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан билээ. Төлбөрт битүүмжлэгдсэн хашаа байшингийн үнэлгээний талаар төлбөр авагч, төлбөр төлөгч бид тохиролцоогүй юм. Ингээд мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгохоор Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 016/53/02 дугаартай шинжээч томилох тогтоол гарган баталсан. Тогтоолд мэргэжлийн шинжээчээр “Найдвар-Од аудит” ХХК-ийг томилсон. Үнэлгээний байгууллагаас Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн замын урд 1-09 тоот 800 мкв газар 7 296 000 төгрөг, 112 мкв үйлчилгээний зориулалттай барилга 60 916 700 төгрөг, нийт 68 212 700 төгрөгөөр үнэлсэн. “Найдвар-Од” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 05/16 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд бичигдсэн зүйлүүдээс зарим нэг зүйл нь бодит байдалтай нийцэхгүй байна. Үүнд:
1.Шинжээч байгууллага үл хөдлөх хөрөнгөдөө үзлэг хийхдээ төлбөр авагч талд мэдэгдэлгүй байлцуулалгүй хийсэн.
2.Тухайн тайланд бичигдсэн газар, байшинги йн төлөв байдал нь байшингийн бодит байдалтай нийцэхгүй байна. Үүнд:
А.Тухайн тайланд бичигдсэн үнэлж буй хөрөнгийн төлөв байдалд : талбайн хэмжээ 112 мкв, инженерийн байгууламж нь: нам даралтын зуухаар халдаг, 2013 онд баригдсан гэжээ
Гэтэл бодит байдал дээр тухайн газар болно байшингийн кадастрын зураг нь байхгүй тул хэмжээг тогтоох боломжгүй, өөрөөр хэлбэр кадастрын зургийн хэмжээг үндэслэн газар, байшингийн хэмжээг харьцуулан бодитоор хэд байгааг тогтооно.
Б. Байшингийн хувьд 2013 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аюсан боловч урьд баригдсан
В.Инженерийн байгууламжийн хувьд ханан пийшингээр халдаг, ердийн галалгаатай байшин байгаа.
Дээр бичсэн зүйлээс дүгнэхэд энэ бүгдийг зориудаар буруу бичсэн. Үүнийг үндэслэн үнэлгээний аргачлалаа өндөр тооцсон гэж үзэж байгаа тул “Найдвар-Од” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 05/16 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд “Найдвар-Од” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 05/16 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн замын урд 1-09 тоот 800 мкв газар 7 296 000 төгрөг, 112 мкв үйлчилгээний зориулалттай байшинд тус тус дахин үнэлгээ тогтоолгох, дахин үнэлгээ тогтоолгохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалагж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Найдвар-Од аудит ХХК өмнө нь гаргасан үнэлгээгээ өөрчилж 58 187 100 төгрөгний дүгнэлт гаргасан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цогтгэрэл нь хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, “Найдвар-Од аудит” ХХК-нд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахыг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай тайлбар гаргасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаарзүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, “Найдвар-Од” аудит ХХК-нд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА