| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1542/Э |
| Дугаар | 1569 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1569
2019 10 14 2019/ШЦТ/1569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мд холбогдох 1906 03703 2002 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1967 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг, Буурлын 8 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж М /РД:.............../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ж.М нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Их зайсан” эмнэлэгт иргэн М.Түвшинбилэгийн гээгдүүлсэн Самсунг загварын гар утсыг завшсаны улмаас 488.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мгийн өгсөн: “Намайг шүдний эмнэлэгт ороход сандал дээр хар өнгийн гар утас байсан. Би тэнд байсан нэг хүүхдээс “чиний гар утас мөн үү” гэж асуухад “биш” гэж хариулсан. Би тухайн гар утсыг бариад сууж байгаад авч гарсан. Дүү гар утасгүй байсан учир авсан гар утсаа дүүдээ өгсөн. Би хуулийн мэдлэггүйн улмаас гэмт хэрэгт холбогдож одоо шүүхийн танхимд зогсож байгаадаа харамсаж байна. Өөрийнхөө үйлдлээс уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Түвшинбилэгийн өгсөн: “... Тэгээд би утсаа алдчихаад “Их зайсан” эмнэлгийн нэг давхрын хяналтын камерын бичлэгийг үзсэн чинь миний сууж байсан сандал дээр байсан утсыг ойролцоогоор 50 орчим насны эмэгтэй миний сууж байсан сандал дээр суугаад миний утсыг аваад хэсэг сууж байгаад гараад явж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Даваажавын өгсөн: “... манай төрсөн эгч Ж М Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их зайсан” эмнэлгийн нэг давхарын сандал дээрээс гар утас олсон гээд ягаан өнгийн гэртэй Самсунг эс-8 маркийн гар утас өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19/,
Алдагдсан гэх гар утсанд 83249993 дугаарыг хийж ашигласан гэх “Юнител” ХХК-й 2019 оны 08 дугаар сарын 26-ны 05-01/5431 тоот албан бичиг /хх.9/,
Алдагдсан утсыг 488.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.24-25/,
Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мгийн яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед “Их зайсан” эмнэлэг дээр үдээс өмнө ирсэн юм. Ингээд хүлээлгийн зааланд ороод суух гэтэл сандал хар өнгийн гар утас байсан хажууд нь 5-6 дугаар ангийн бололтой хүүхэд сууж байхаар нь “энэ чиний утас мөн үү” гэхээр “биш” гэсэн. Тэгээд би 5-10 минут сандал дээр суухад хүн ирж аваагүй болохоор нь “хүн утсаа орхиж” гэж бодоод аваад гарсан. Ингээд гар утсыг өөрийн дүү Бүрэнжаргалд “олсон” гэж хэлээд өгчихсөн юм. Үнэндээ ийм асуудалд хэрэг үүсдэг гэдгийг мэдэхгүй байна... Гар утасны эзэнд утсыг нь өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх.33-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ж.М нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Их зайсан” эмнэлэгт иргэн М.Түвшинбилэгийн гээгдүүлсэн Самсунг загварын гар утсыг завшсаны улмаас 488.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Түвшинбилэгийн өгсөн: “... Тэгээд би утсаа алдчихаад “Их зайсан” эмнэлгийн нэг давхрын хяналтын камерын бичлэгийг үзсэн чинь миний сууж байсан сандал дээр байсан утсыг ойролцоогоор 50 орчим насны эмэгтэй миний сууж байсан сандал дээр суугаад миний утсыг аваад хэсэг сууж байгаад гараад явж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Даваажавын өгсөн: “... манай төрсөн эгч Ж М Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их зайсан эмнэлгийн нэг давхарын сандал дээрээс гар утас олсон гээд ягаан өнгийн гэртэй самсунг эс-8 маркийн гар утас өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19/,
Алдагдсан гэх гар утсанд 83249993 дугаарыг хийж ашигласан гэх “Юнител” ХХК-й 2019 оны 08 дугаар сарын 26-ны 05-01/5431 тоот албан бичиг /хх.9/,
Алдагдсан утсыг 488.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.24-25/,
Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мгийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд би 5-10 минут сандал дээр суухад хүн ирж аваагүй болохоор нь “хүн утсаа орхиж” гэж бодоод аваад гарсан. Ингээд гар утсыг өөрийн дүү Бүрэнжаргалд “олсон” гэж хэлээд өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх.33-36/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ж.Мгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Ж.М гар утсыг хохирогчид буцаан өгсөн, хохирогч М.Түвшинбилэг нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Мгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ж.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Ж Мийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Мд сануулсугай.
5. Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Түвшинбилэг гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР