| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/04618/И |
| Дугаар | 210/МА2025/01973 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01973
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/04416 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ХХК, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 94,186,140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******ХХК нь *******ХХК-тай 2022 оны 06 сарын 17-ны өдөр байгуулсан ******* дугаартай Асфалтьбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ-ний Ерөнхий нөхцөлийн 1-д *******ХХК нь ******* дүүргийн ******* ******* хотхоноос *******гийн гудамж хүртэл тавигдах 1 км автозамын барилгын ажилд асфалтьбетон хольц, битумын эмульс нийлүүлэх, шаардлагатай тохиолдолд автогудернатороор цацлага цацаж өгөх, *******ХХК нь нийлүүлсэн 66 бүтээгдэхүүний болон автогудернатороор цацлага цацаж гүйцэтгэсний төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Талууд мөн өдөр дээрх гэрээний 1.3-т заасныг үндэслэн *******-1 дугаартай Захиалгын гэрээ байгуулж, энэ гэрээгээр нийлүүлэгчээс захиалагчид нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, үнэ, тоо хэмжээ, бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа, төлбөр төлөх нөхцөлийг зохицуулж баталгаажуулсан.
Мөн өдөр *******ХХК нь *******той "Батлан даалтын гэрээ" байгуулж, гэрээний 1.2, 1.3, 1.4-т зааснаар "Асфалтьбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ"- ний үндсэн төлбөрөөс гадна нэмэлтээр үүссэн бусад төлбөрүүдийг төлөх үүргийг хүлээсэн. *******ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. "*******ХХК гэрээний төлбөрт 320,000,000 төгрөгийг төлж, 62,790,760 төгрөгийг төлөөгүй.
Иймд үлдэгдэл төлбөр 62,790,760 төгрөг, алданги 31,395,380 төгрөг, нийт 94,186,140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн *******ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: *******ХХК-тай асфальт бетон хольц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хамтран ажилласан. Хугацааны эцэст *******ХХК-д 65,000,000 төгрөгийн өртэй байснаас тухайн компанийг төлөөлж манай компанитай харилцдаг байсан *******ын шаардлагаар 2022 оны 08 сарын 19-ний өдөр 50,000,000 төгрөгийг *******ХХК-аас асфалтны үнэнд гэсэн утгаар түүний дансанд шилжүүлж, үлдсэн өрийг НӨАТ-ын дүнгээс хасуулж тооцуулахаар тохиролцсон.
*******ХХК-ийн захирал ******* 2024 оны хавар *******ХХК-аас дээрх мөнгийг шаардахад нь бид *******тай утсаар холбогдож асуухад Би компанитайгаа мөнгөний тооцоотой байгаа. Уг асуудлыг ойрын хугацаанд шийднэ. Танай компанид энэ асуудал хамаагүй гэж хариу өгсөн. Энэ талаар *******д Манай компаниас шилжүүлсэн мөнгийг танай ажилтан хувьдаа завшсан явдал болжээ. Иймээс өөрийн ажилтантай учраа олж, манай компанид НӨАТ бичиж өгөөрэй гэж хүссэн. *******ХХК мөнгөө цаг тухайд нь шилжүүлсэн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гоос 94,186,140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628,885 төгрөгөөс 628,881 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг, хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамжид 628,881 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч *******ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:
1.Анхан шатны шүүхээс хэргийн бодит нөхцөлийг бүрэн тодорхойлолгүй шийдвэр гаргасан. *******ХХК 2022 онд *******ХХК-тай асфальтбетон хольц худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Уг компанийг төлөөлөн ******* нь бидэнтэй гэрээ зурж, бүх үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн. Бид 62,000,000 төгрөгийн эцсийн үлдэгдэлтэй байх үед 2022 оны 08 сарын 19-ний өдөр ******* нь захирал *******той үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх талаар ярилцсаны дагуу эхэлж 50,000,000 төгрөгийг төлж, үлдэх 12,000,000 төгрөгийг НӨАТ-аас хасуулахаар тохиролцсон. Бидэнтэй анхнаасаа гэрээ байгуулсан болон компанийн өмнөөс бүрэн төлөөлөн харилцдаг байсан *******т бүрэн итгэж түүний хэлснээр дээрх мөнгийг өөрийнх нь дансанд шилжүүлсэн. Энэ явдлаас хэдэн сарын дараа *******ХХК-ийн захирал ******* төлбөрийн үлдэгдэл 62,000,000 төгрөгийг нэхэмжлэхэд болсон байдлыг *******аас тодруулахад ямарч асуудалгүй зохицуулна, та санаа зоволтгүй гэж байсан ч 2023 онд *******ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан. Компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд нь *******ХХК-ийн нэрийн өмнөөс аливаа харилцаанд оролцож байгаа тохиолдолд төлөөлөх этгээдийн учруулсан хохирлыг компани бусдын өмнө өөрөө хариуцах ба хохирлыг тусад нь төлөөлөгчөөс гаргуулдаг. Гэтэл шүүх иргэний эрх зүйн харилцааг буруу тодорхойлон хэргийг шийдвэрлэсэн нь хууль болон эрх зүйн үндэслэлгүй шийдвэр болохыг харуулж байна.
2.Анхан шатны шүүхэд нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах хүсэлтийг хүлээн авалгүй *******ХХК-ийн эрхийг зөрчсөн. *******ХХК-ийн зүгээс төлбөрөө төлсөн ба төлбөр төлөөгүй байдлыг бий болгосон *******ыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ талаар шүүхэд тайлбарлан бичиг өгсөн ч *******тай холбоотой нотлох баримтыг авалгүй шүүх хуралдааныг хийж нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан нь *******ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн.
3.Анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хурлыг хариуцагчийн эзгүйд явуулж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Мөн хариуцагчийн тайлбарыг хүлээн авахаас татгалзан хэт нэг талыг барьсан, мэтгэлцээнээр хэргийг бодит нөхцөлийг тогтоолгох боломжоор хангалгүй процессийн алдаатай шийдвэрийг гаргасан.
4.Шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагчаар *******, *******ХХК-ийг тогтоосон ч шүүхээс зөвхөн батлан даалтын гэрээний дагуу *******д хариуцуулахаар тогтоосон нь үндэслэлгүй байна. Гэтэл батлан даалтын гэрээ нь нөхөх шинжтэй гэрээ бөгөөд үндсэн гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй бол батлан даалтын гэрээний үүрэг үүсэх учиртай ба үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар батлан даалтын гэрээг байгуулсан туп компанийн үүргээс тусад нь салган шийдвэрлэх нь хуулийн агуулгад нийцээгүй болно.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хянуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч *******ХХК-ийн гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь *******ХХК-ийн захирал н.Баттулгыг танихгүй, уулзаж байгаагүй, зөвхөн *******тай харьцаж байсан гэсэн. Гэвч уг маргаантай асуудал нь нэг бус гурван гэрээний хүрээнд байгуулагдсан нь баримтаар тогтоогдсон. Захиалгын гэрээ, Батлан даалтын гэрээг хариуцагч ******* нь *******ХХК-тай байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь эдгээр гэрээний үүргийг шаардсан маргаан юм. Хариуцагч нь *******ыг гэрээ байгуулах, төлбөр тооцоотой холбоотой үйл ажиллагаанд оролцсон гэж байгаа ч гэрээнд түүнийг төлбөр хүлээн авах эрх бүхий этгээдээр заагаагүй, төлбөрийг дансаар шилжүүлэх үүргийг гэрээнд тодорхой заасан. Энэ дагуу *******ХХК-ийн захирал ******* төлбөрийг тухай бүрд шилжүүлж ирсэн.
*******, ******* нарын хооронд ямар яриа, тохиролцоо явагдсан, юу ярилцсаныг нэхэмжлэгч мэдэх боломжгүй. Төлбөр төлөгдөхгүй байсан тул нэхэмжлэгчээс *******ХХК-тай холбогдон төлбөр нэхэмжлэхэд төлбөрийг ******* авсан гэж мэдээлэл өгсөн. Анхан шатны шүүх уг маргааныг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн. Тухайн үед хариуцагчийн зүгээс гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Мөн хариуцагч тал шүүхэд нотлох баримт, тайлбар гаргах хангалттай хугацаа байсан ч шүүх хуралдаанд хариуцагч өөрөө оролцоогүй, товыг мэдэгдсэн атал ирээгүй. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч *******ХХК, хариуцагч *******ХХК, ******* нарт холбогдуулан гэрээний үүргийн үүдэгдэл төлбөрт 62,790,760 төгрөг, алданги 31,395,380 төгрөг, нийт 94,186,140 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******ХХК эс зөвшөөрч, төлбөрөөс 65,000,000 төгрөг үлдсэний 50,000,000 төгрөгийг тус компанийг төлөөж байсан ажилтанд шилжүүлж, үлдэх төлбөрийг НӨАТ-аас хасуулахаар тохирч гэрээний үүрэг дууссан гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс хариуцагч талын хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн болон шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэргийн үйл баримтыг бодитой тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Иймд хариуцагч *******ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
4. Хэрэгт 2022 оны 06 сарын 17-ны өдөр *******ХХК, *******ХХК нарын хооронд Асфальтбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ, мөн *******ХХК, ******* нарын хооронд Батлан даалтын гэрээ тус тус байгуулагджээ. Нэхэмжлэгч эдгээр гэрээний үүргийг хариуцагч нараас шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад хариуцагч нараас шаардаж буй шаардлагын үндэслэлээ тодруулсан нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлд авагджээ.
Гэвч эдгээр ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэгч нь хариуцагч *******ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэх байдал тогтоогдсонгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд *******д хандсан учраас *******ХХК-аас төлбөр нэхэмжлэхгүй гэх байдлаар хандсан гэсэн тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч *******ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзаагүй байна.
Анхан шатны шүүх хуралдааны 2025.05.16-ны өдрийн тэмдэглэлд нэхэмжлэгч тал 94,186,140 төгрөгийг *******ХХК-аас гаргуулах ёстой боловч хариуцагч ******* нь Батлан даалтын гэрээгээр үүрэг хүлээсэн тул 94,186,140 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байна гэж нэхэмжлэлээ тайлбарласан, мөн тэмдэглэлд даргалагч шүүгчийн *******ХХК-аас ямар нэгэн шаардаж буй шаардлага байхгүй юу гэсэн асуултад нэхэмжлэгчийн ит/төлөөлөгч: Үндсэн гэрээ байгуулсан нь *******ХХК байсан учраас хариуцагчаар татсан гэж хариулсан бөгөөд шүүх хуралдааны төгсгөлд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлсэн нь мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байх үр дагаврыг үүсгэдэг.
Нэхэмжлэгч нь хоёр хариуцагчид холбогдуулан 94,186,140 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ч хэнээс нь ямар үндэслэлээр, хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар нэхэмжлэгчээс тодруулж, мөн хариуцагч *******ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байгаа бол хууль зүйн үр дагаврыг танилцуулж, тодорхой болгосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй.
Энэ чиг үүргээ шүүх хэрэгжүүлэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагч *******ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзаагүй байхад татгалзсан гэж үзсэн атлаа шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хуульд нийцээгүй байна.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүрэгт 94,186,140 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч *******ХХК эс зөвшөөрч 50,000,000 төгрөгийг тус компанийг төлөөлөн ажиллаж байсан *******т өгсөн гэх тайлбарыг шүүхэд гаргасан. Энэхүү татгалзлаа нотлох үүргийн хүрээнд *******ыг гэрчээр оролцуулж мэдүүлэг авах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэсэн агуулгаар 2025.01.27-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтийг нь шүүх 2025.01.28-ны өдрийн ******* дугаартай захирамжаар хүсэлт тодорхой бус гэсэн үндэслэлээр хангахгүй орхижээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан. Гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа нь шүүхийн оролцоогүй хийгдэхгүй буюу хэргийн оролцогч өөрөө бүрдүүлэх нотлох баримтад хамаарахгүй. Шүүх гэрчээр дуудагдсан этгээдийг шүүхэд дуудан ирүүлж, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг сануулан авсан гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх тул уг үүргийг хэргийн оролцогчид хариуцуулах боломжгүй юм.
Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хариуцагч *******ХХК-аас тухайн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх эрхийг хязгаарласан буюу шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.
6. Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, энэ талаар гаргасан хариуцагч *******ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Мөн хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй, шүүх энэ эрхээр хангаагүй тухай гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Хэргийн 98, 99 талд авагдсан баримтаар шүүх 2025.05.16-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч бөгөөд хариуцагч *******ХХК-ийн захирал *******д 2025.05.07-ны өдөр мэдэгджээ. Иймд шүүх хариуцагч нарын эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь хууль зөрчөөгүй, эрхийг нь зөрчөөгүй байх тул энэ гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарын агуулгыг логик дэс дараалалгүй, хэт цэгцгүй байдлаар тусгаснаас шийдвэр нь бүтцийн хувьд хэргийн оролцогч, сонирхогч бусад этгээдэд ойлгомжгүй, шаардлагагүй нүсэр /нийт 13 хуудас шийдвэрийн 8 хуудас нь тодорхойлох хэсгийг бүрдүүлсэн/ болжээ.
Шийдвэр нь бүтцийн хувьд хэргийн оролцогчид ойлгомжтой байх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбарын үндсэн, гол санаа давхардаагүй, цэгцтэй байх шаардлагад нийцүүлбэл зохих талаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 29 дугаар Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай тогтоол батлагдсан. Тус тогтоолын 1-р хавсралтын 3.3-т энэ талаар тодорхой дурдсаныг тэмдэглэж байна. Энэ талаар дүгнэх, анхаарах асуудлын шалтгаан, үндэслэлийг тэмдэглэх нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хянах давж заалдах шатны шүүхийн үндсэн чиг үүрэгт хамаарахыг дурдав.
Шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргахдаа Улсын дээд шүүхээс баталсан шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг баримтлах үүрэгтэй. Мөн шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүргийг мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.8-д зааснаар шүүгчийн туслах хэрэгжүүлэхийг анхаарч, шийдвэрийн тодорхойлох хэсгийг хууль, журамд нийцүүлэн боловсруулах үүрэгтэйг цаашид анхаарч ажиллах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/04416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628,881 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЭНЭБИШ