Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 4745

 

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/04745

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, .. дүгээр байрны ..тоотод оршин суух, .. регистртэй, Харгана ургийн овогт Б.Тын,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ... дугаар байрны ..тоотод оршин суух, .. регистртэй, Уриахан ургийн овогт Ц.А,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ... дүгээр байрны .. тоотод оршин суух, регистртэй, Бодонгууд ургийн овогт Б.Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 52,564,789 /тавин хоёр сая таван зуун жаран дөрвөн мянга долоон зуун наян есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Б.Э, хариуцагч Ц.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би найз Эрдэнэчулууны эгчийнх нь хүүхэд хүндээр өвдсөн, БНСУ-д эмчлүүлэх болсон, мөнгөний хэрэгцээ их байна гэж гуйсны дагуу өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо,..дүгээр байрны ... тоот хаягтай Ү-... дугаарын эрхийн улсын бүртгэлтэй, ... гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцаа  нарын санал болгосноор зээл Ц.А, Б.Э олгодог гэх хүнд барьцаалуулан анх 24,000,000 төгрөгийг авч эгчийнх нь хүүхдийн эмчилгээний зардал болгон өгсөн.   Ц.А, Б.Э нар нь миний өмчлөлийн орон сууцыг эхний зээл авсан хүнээс зээл чөлөөлдөг хүнээр чөлөөлүүлж, дахин зээлийн гэрээний барьцаанд тавьж зээл авсан бөгөөд дахин зээлийг чөлөөлүүлж Хас банкинд барьцаанд тавьж зээл авсан. Хас банктай байгуулсан зээлийн гэрээнд Ц.А, Б.Э нар гарын үсэг зурж мөнгийг хүлээн авч ашигласан. Миний хувьд тэдний авсан зээлнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, найзынхаа эгчийнх нь хүүхдэд тус болж эмчилгээний зардал яаралтай олох ёстой гэсэн болохоор л зээлийн гэрээний барьцаанд тавьсан. Гэтэл Ц.А, Б.Э  нар нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас миний өмчлөх эрх зөрчигдөж байраа хураалгах дээрээ тулаад байна. Иймд Ц.А, Б.Э нарын Хас банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавигдсан миний өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ..дүгээр байрны ....тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулга болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:   

Ц.А, Б.Э нар нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Т-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо .. дүгээр байрны ... тоот дахь 2 өрөө орон сууцыг Хас банкинд барьцаалуулан 50,000,000 төгрөг авахуулж, банкны үндсэн зээл болон хүүг төлөхөөр тохирсон байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацаанд нийт 8,000,000 төгрөгийг төлсөн ба зээлийг тохирсон хугацаанд нь төлөөгүйгээс Б.Т нь банкинд 52,564,789 төгрөгийн зээлийн өртэй болсон тул Ц.А, Б.Э нараас 52,564,789 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Э-ыг хамтран хариуцагчаар оролцуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзээд хариуцагч Б.Э-аас татгалзаж байна. Б.Э нь нэхэмжлэгч Б.Т-тай садан төрлийн холбоотой хүн учир Ц.А- Б.Т-нарыг холбож өгсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч болж чадахгүй учир Б.Эрдэнэчулуунаас татгалзаж байна.

Харин Б.Т- нь өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавиулж Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авч, энэ мөнгийг Ц.А-д өгсөн. Уг зээлийг хэрэхн яаж төлөх талаар талууд ярилцаад Ц.А өөрөө авсан зээлийг төлнө гэдэг үүргийг хүлээгээд зээлийг төлж явж байсан. Зээлийг бүрэн төлөөгүйгээс энэ маргаан үүссэн. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагын 387,000 төгрөгөөс татгалзаж байна. Тэгэхдээ энэ мөнгийг татгалзах ёстой учраас татагалзаж байгаа юм биш. Ц.А нь 42,000,000 төгрөгийн зээлийг Хас банкнаас зээлэхээс өмнө Б.Т-ын машиныг түрээслэсний төлбөр 387,000 төгрөгийг зээлэнд тооцуулна гэсэн зүйл ярьж байгаа. Хэрэв зээлэнд өгч байгаа юм бол яагаад Хас банкны дансанд хийх ёстой мөнгийг үүрэг хүлээсэн дансандаа хийхгүй, Б.Т-ын хувийн дансанд хийгээд байгаа, хийсэн он сар өдөр нь ч Хас банкнаас зээл авахаас өмнө байгаа гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхдээ энэ талаар Б.Т-тай ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаас хасахаар болсон. Б.Т-ын байр 2,800,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй барьцаанд байсныг Ц.А 42,000,000 төгрөгийн зээл авахын тулд 2,800,000 төгрөгийг төлж байрыг чөлөөлүүлсэн байдаг. Энэ мөнгийг бид хүнийг хохироохгүй гэдэг үүднээс хасч тооцож байгаа. Б.Т 2 хүүхэдтэй, нэг хүүхдээ алдчихсан. Ийм зовлон мэддэг учир хүүхэд өвдлөө гэхэд нь туслаж зээл авч өгсөн. Түүнээс биш гудамжинд гаръя гэж зээл авч өгөөгүй. Ц.А 38,000,000 төгрөг авсан гэж тайлбарладаг боловч түүнийгээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч татгалзлаа нотлох үүрэг хүлээсэн. 4,000,000 төгрөгийг банкны зээлийн эдийн засагчид хахууль гэж Ц.А өгсөн байдаг. Ц.А нь цагдаа дээр мэдүүлэхдээ Б.Т банкнаас авсан зээлийн мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тодорхой хугацаа заагаад төлнө гэж бичиж өгөөд эрүүгийн хэргийг хаалгасан. Өөрсдөө зээлийн мөнгийг авсан учир үүргээ ухамсарлана гээд Ц.А Хас банкинд зээлийг төлөөд явж байсан. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлий нгэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээнд заасан графикийн дагуу төлнө гэж Ц.А цагдаа дээр тодорхойлолт бичиж өгсөн. Хас банкны зүгээс Б.Т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр банктай эвлэрч, гэрээгээ цуцлаад хүүгээ зогсоосон. Иймд Ц.А-гээс 49,277,789 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Тодбаяр нь Хас банктай зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн байраа барьцаанд тавьж, 42,000,000 төгрөг авсан. Энэ зээлийн гэрээнд Б.Э бид хоёр ямар нэгэн гарын үсэг зурж, банктай зээлийн гэрээ байгуулаагүй. Харин 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би Б.Т-с 38,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. 38,000,000 төгрөгийг Золжаргал гэж хүнд зээлийн өрөнд өгсөн юм. Нэхэмжлэлд бичсэнчлэн Тодбаярын Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 111 тоот, Ү-... дугаар бүхий эрхийн улсын бүртгэлтэй, . гэрчилгээ..тэй 2 өрөө орон сууц нь Нисэх дэх Хас банкны салбарт барьцаанд байсныг 2,800,000 төгрөгийг А би төлж барьцаанаас гаргаад, хорооллын ахуй үйлчилгээний салбар дахь Хас банкинд Т өөрөө тавьсан. Б.Т нь Э бид хоёрт 38,000,000 төгрөгийг ямар нэгэн гэрээ хийлгүй өгсөн юм. Тодбаяр нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагаар биднийг шалгуулж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Цагдаа дээр шалгагдаж байхдаа Б.Т нь баталгаа гэж төлбөр төлүүлэх талаар бичиг хийлгэж авч байсан. Ц.А би, Б.Таас зээлж авсан мөнгөө Хас банкинд түүний нэрийн өмнөөс төлж байсан. Орлогын баримтаар нийт 8,300,000 төгрөг төлсөн. Баримтын хуулбарыг шүүх хуралдаан дээр гаргаж өгнө. Б.Т-т төлөх 38,000,000 төгрөгөөс 11,100,000 төгрөг төлсөн. 50,000,000 төгрөгийг Б.Таас аваагүй. Бэлнээр авсан 38,000,000 төгрөгийн талаар тайлбараа бичлээ. Үлдэгдэл төлбөрөө төлөх талаар Э, Т нартай харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэжээ.

 

Хариуцагч Ц.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ц.А цагдаа дээр 38,000,000 төгрөг гар дээр авсан нь үнэн гэж мэдүүлсэн. Авсан энэ мөнгөнөөсөө төлсөн. Б.Т 2,800,000 төгрөгийн зээлийн барьцаанд байраа тавьсан байсан учир Ц.А 2,800,000 төгрөгийг төлж байрыг чөлөөлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас энэ мөнгийг хасч тооцох ёстой гэж үзсэн. Үүнийг нэхэмжлэгч тал ч хасч тооцохыг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Хас банкны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн болон ипотекийн гэрээн дээр Б.Тын гарын үсэг байгаа болохоос Ц.Агийн гарын үсэг байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Ц.А, Б.Э нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Ц.Агийн хувьд авсан 38,000,000 төгрөгөөс 7 удаагийн төлөлтөөр нийт 8,300,000 төгрөгийг төлсөн. Мөн 2,800,000 төгрөгийг Б.Т-ын зээлийн үлдэгдлийг төлж байр чөлөөлсөн. Б.То-ын Хаан банкны дансанд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 9 удаагийн төлөлтөөр 387,000 төгрөг, мөн 100,000 төгрөг Хаан банкинд төлсөн. Утга нь зээл төлөв гэсэн утгатай. Ц.А бэлэн бусаар буюу дансаар 11,587,000 төгрөг, ойролцоогоор 1,100,000 төгрөгийг бэлнээр Б.Т-т төлсөн. Бэлнээр гэдэг нь Б.Тбайраа барьцаалж Ц.А-д мөнгө авч өгсөн болохоор баар, ресторанд орох үед түүнийг дуудаж төлбөрөө төлүүлдэг байсан бөгөөд ямар нэгэн байдлаар дарамт үзүүлдэг байсан. Залуу хүмүүс дарамт шахалт байсан учир сэтгэл санаагаар унаж, амиа хорлохыг завдсан зүйл болсон нь үнэн. Хариуцагчийн зүгээс авсан 38,000,000 төгрөгөөс төлсөн 12,687,000 төгрөгөө хасуулаад үлдсэн мөнгийг нь төлөхийг зөвшөөрч байна. Банктай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд Ц.А-үй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ц.А, Б.Э нарт холбогдуулан, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, хариуцагч нараас зээлийн төлбөрт 52,564,789 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Б.Э-ыг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 49,277,789 төгрөг болгон багасган хариуцагч Ц.А-гээс гаргуулахаар өөрчилсөн байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчээс 38,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан бөгөөд Б.Тын орон сууцыг өмнөх барьцаанаас чөлөөлөхөд зарцуулсан 2,800,000 төгрөг, түүний Хаан банкин дахь данс руу шилжүүлсэн 387,000 төгрөг, үүн дээр тусдаа төлсөн 100,000 төгрөг, Хас банкны зээлийн төлбөрт төлсөн 8,300,000 төгрөг, мөн бэлнээр төлсөн 1,100,000 төгрөг, нийт 12,687,000 төгрөгийг анх авсан 38,000,000 төгрөгөөс хасч тооцон, үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй учир Б.Т-ын Хас банктай байгуулсан зээлийн гэрээний графикт заасан төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй учир үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй боловч аман хэлцлээр харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Б.Т нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хас банктай барьцаат зээлийн гэрээ байгуулан, 42,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, .. дүгээр байрны ... тоот дахь 2 өрөө орон сууцаа барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Тодбаяр нь тийнхүү Хас банкнаас зээлж авсан 42,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Амартүвшинд хүлээлгэн өгч, тэрээр зээлийн графикийн дагуу зээлийг банкинд төлж дуусгахаар амаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан тодорхойлолт, Ц.Амартүвшингийн Хас банкинд Б.Тодбаярын өмнөөс зээлийн эргэн төлөлт хийсэн төлбөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /хх 4, 7, 88-93/

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дүн болох 42,000,000 төгрөгийг бус, 38,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж, мөн Б.Т бэлнээр 1,100,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн тайлбар татгалзлыг нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заадаг бөгөөд хэлцэл хийгч этгээд хүсэл зоригоо зөв илэрхийлэх шаардлагатай бөгөөд хэрэв хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар хүсэл зоригийг тайлбарладаг.

Тодруулбал, талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч Б.Т өөрийн өмчлөлийн орон сууцыг Хас банкны зээлийн барьцаанд тавьж, зээлийн гэрээг байгуулж, зээлж авсан 42,000,000 төгрөгийг хариуцагч Ц.А шилжүүлэх, хариуцагч Ц.А нь Хас банкы зээлийн гэрээний графикийн дагуу Б.Т өмнөөс зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээж, 2015 оны 5 дугаар сард 1,000,000 төгрөг, 6 дугаар сарын 10-ны өдөр 2,900,000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 9 дүгээр сарын 14-ний өдөр 900,000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 800,000 төгрөгийг тус тус Хас банкинд төлж байсан байх тул хариуцагч Ц.А нь аман хэлцлээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Т түүнийг хэлцлийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч .. регистртэй, Уриахан овогт Ц.А 49,277,789 /дөчин есөн сая долоон зуун далан долоон мянга долоон зуун наян есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Харгана овогт Б.Т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 404,339 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Эрдэнэчулуунд холбогдох шаардлагаас татгалзсаныг батлаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА