Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1528

 

      2019       10       02                                   2019/ШЦТ/1528

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л.Э холбогдох эрүүгийн 1906 05326 1957 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Парис бааранд зохион байгуулагч хийдэг, ам бүл 3, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, тоотод түр оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

2010 онд Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзсан.

 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоод Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхмягмарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Л.Э эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, регистрийн дугаар, Л.Э .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны шөнийн 4 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис байрны гадна иргэн Б.Эрдэнэбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан

үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Э мэдүүлэхдээ: “...Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй уншиж танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй, миний учруулсан гэмтлүүд мөн болохоор шинжээч эмчийн дүгнэлттэй санал нийлж байна...” /хх-28-29/,

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эрдэнэбаярын өгсөн мэдүүлэг /хх-6-7/, хохирогч Б.Эрдэнэбаярын дахин өгсөн мэдүүлэг /хх-8-9/, гэрч П.Дамдинванжилын мэдүүлэг /хх-12-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн №10756 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18/, шүүгдэгч Л.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-47/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны шөнийн 4 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис баарны гадна хохирогч иргэн Б.Эрдэнэбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэбаярын өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 23 цагийн үед найз Оюунсүх, Дамдиннамжил гэх 2 найзтайгаа уулзаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Парис нэртэй бааранд шөнийн 1 цагийн үед ороод бид 3 нэг хүний 3 шил 0.5 граммтай Сэнгүр нэртэй пиво, Соёрхол нэртэй 0.5 граммтайг аваад тэрийгээ уугаад дуусгаад, 03 цагийн үед баарнаас гарах гэж байхад манай найзуудтай нэг залуу муудалцаад манай найзыг цохих гээд байхаар нь би хамгаалахад тэр залуу миний нүүрэн дунд цохичихсон...” /хх-6-7/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Эрдэнбаярын дахин өгсөн “... Миний хамарнаас цус гараад би доош суусан. Манай найзуудаас хэн нь юм бүү мэд цагдаа дуудсан байсан. Цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөд, шинжээч томилох тогтоол аваад гэмтлийн эмнэлэг, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр явж байхад намайг цохисон гэх залуу ирж, надтай уулзаж байсан... Дүгнэлтэн дээрх тусгагдсан гэмтлүүдийг бүгдийг Л.Э учруулсан...” /хх-8-9/ гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Дамдинванжилын “...Б.Эрдэнэбаяр луу томроод байсан. Б.Эрдэнэбаярын хамар луу 1 удаа цохьсон тэгэхэд Эрдэнэбаярын хамарнаас цус гараад доош харж суусан...” /хх-12-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Оюунсүхийн “...Ямар ч гэсэн Б.Эрдэнэбаярыг махлаг залуу цохьсон гээд хамарнаас нь цус гарсан харагдаж байсан. Тэр шөнөдөө эмнэлэгээр явж үзүүлсэн...” /хх-12-13/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагч Л.Э “...Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй уншиж танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй, миний учруулсан гэмтлүүд мөн болохоор би шинжээч эмчийн дүгнэлттэй санал нийлж байна...” /хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 10756 дугаартай дүгнэлтэд:

        1. Б.Эрдэнэбаярын биед хамрын яс, таславчийн хугарал, хамар, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 бус удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

        3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-18/ гэх дүгнэлт,

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Л.Э 2019 оны 9 дугаар сарын 5-ны шөнийн 4 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд иргэн Б.Эрдэнэбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Л.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Эрдэнэбаяр нь нэхэмжлэх зүйлгүй ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Л.Э холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Л.Э 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Л.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Л.Э  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Э 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Э нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

           

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                  Э.ЧИНГИС