| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2025/00175/И |
| Дугаар | 210/МА2025/01974 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01974
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04103 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2024 оны 06 сард ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд орсон. 2024 оны 08 сарын 09-ний орой 20 цагийн үед тус холбооны ажилтнуудтай амралтаар явж байхад Удирдах зөвлөлийн дарга ******* над руу утасдаж өчигдөр удирдах зөвлөл хуралдаж өөрийг чинь ажлаас чинь чөлөөлж байна гэж мэдэгдсэн. Маргааш нь оршин суугчдын групп дээр шинэ гүйцэтгэх захиралтай боллоо гэж Удирдах зөвлөлийн дарга ******* холбооны гүйцэтгэх захирлын ажлыг Хяналтын зөвлөлийн дарга ******* холбооны тамга тэмдэг, гэрчилгээг гардуулж байгаа зургийг нийтэлсэн байсан. Ажил эхлэхэд ажлын өрөөндөө ирэхэд цоожны голыг сольчихсон байсан. Ингэж ажлаас гэнэт үндэслэлгүй халагдсан учир ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрээ авъя гэхэд хэдэн хүний гарын үсэг зурах дутуу байгаа гарын үсгээ гүйцээгээд чамд өгье гэж хэлсэн. 2024 оны 10 сарын 16-ны өдөр СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан *******тай уулзаж ажлаас халагдсан тухай тогтоолоо авъя гэхэд хүмүүс гүйцээгээд зурахаар өгье гэсэн. Өөрийн биеэр 2024 оны 11 сарын 11-ний өдөр холбооны байранд ирж авахад гүйцэтгэх захирал *******, нягтлан бодогч *******, менежер ******* нар байсан.
Тогтоолд өөрийн хүсэлтээр ажлаас халагдъя гэж бичжээ. Шүүхэд нэхэмжлэл гаргасан ч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан ч зөвшилцөлд хүрээгүй. Хуралд оролцсон удирдах зөвлөлийн дарга ******* намайг ажлаа хийдэггүй, ажлын цагт ажил дээрээ байдаггүй, шаардлага биелүүлдэггүй, харуул хамгаалалтын компанийг дур мэдэн татан буулгасан, хогны компанитай өндөр дүнтэй гэрээ байгуулсан гэх мэтээр шууд бүх бурууг над руу чиглүүлсэн.
Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эдгээр удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүд нь цаашид уг үүрэгт ажлыг хийх эрхгүй болохыг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ******* СӨХ-ны нягтлан бодогч *******ийн санал болгосноор *******ыг СӨХ-ны даргын ажилд авсан. Хэсэг хугацааны дараа *******, ******* хоёр нь ******* СӨХ-д ажилладаг нь батлагдсан. Энэ нь анхнаасаа хоорондоо үгсэн хуйвалдаж ашиг сонирхлын зорилгоор *******ыг СӨХ-ны даргаар томилуулсан. ******* нь даргаар томилогдон ирснээр Удирдах зөвлөлд хэлж ярихгүй шууд харуул хамгаалалтын албыг татан буулгаж гэрээг цуцалж оронд нь өөрийн хамаарал бүхий ******* СӨХ-ны хамгаалалтанд ажилладаг хүмүүсээс хүн авчирч ажиллуулсан байдаг. Хотхон хогондоо дарагдаж оршин суугчид хэл ам хийж бухимдаж эхэлсэн. ******* нь ажлын цаг барьдаггүй. Ажилдаа ирэхгүй СӨХ удирдлагагүй болж СӨХ-ны ажил шууд унаж оршин суугчид бухимдаж пост оруулж шаардлага тавих болсон. Энэ нь оршин суугчдын групп дээр бичсэн сэтгэгдлүүд баримтаар нотлогдоно. Удирдах зөвлөл хуралдаж *******ыг цаашид ажиллуулах эсвэл ажиллуулахгүй байх талаар хуралдан цаашид албан газарт ажил хөдөлмөр хийх, нийгмийн даатгалаас тэтгэмж авах, мөн СӨХ-д 2 сар ажилласан тул халах тушаал гаргалгүй өөрийн хүсэлтээр гэж ажлаас чөлөөлсөн.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагчид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ******* СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг цаашид сонгуульт ажил хийх эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
1.Ажлаас халсан тухай 2024 оны 08 сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоол нь *******ыг өөрийн хүсэлтийн дагуу чөлөөлжээ гэсэн үндэслэл нь хууль бус гэж эс зөвшөөрч байна. Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, мөн тухайн тогтоол нь 08 сарын 10-ны өдөр удирдах зөвлөлийн хурал бололгүйгээр хийгдсэн буюу хүчингүй тогтоол.
2.Шүүхийн шийдвэрт 2024 оны 12 сарын 25-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан гэж ээ. Би шүүхэд гомдлоо 2024 оны 11 сарын 11-ний өдөр гаргасан, шүүхэд нэхэмжлэл хүлээн авсанаас хойш иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнө талууд хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд шийдвэрлүүлээгүй гэдэг үндэслэлээр буцаасан. Ингээд Баянгол дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах комиссоор маргалдагч талтай хамт орж шийдвэрийг хавсаргаж дахин нэхэмжлэл гаргасан буюу хөөн хэлэлцэх хугацаа энэ шүүхийн процессыг дуусах хүртэл хугацаагаар хойшлох ёстой байсан.
3.Шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон. Шүүгч уг шийдвэрийг гаргахдаа Удирдах зөвлөлийн 2024 оны 08 сарын 10-ны өдрийн тогтоолоос хөөн хэлэлцэх хугацааг тооцсон ч уг өдөр болон үүнээс өмнө Удирдах зөвлөлийн хурал болоогүй бөгөөд Удирдах зөвлөлийн дарга дур мэдэн ажлаас чөлөөлсөн учраас тогтоолд нөхөж гарын үсэг зуруулахаар 2024 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг гаргаж өгөөгүй. Энэ тухай ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн авахад байсан 3 хүн гэрчлэх бүрэн боломжтой байсан. Ажлаас чөлөөлөх шийдвэрийг гардуулж өгсөн ******* нь уг шүүх хуралд өөрийн биеэр сууж байсан бөгөөд түүнээс асуух боломжтой байсан.
4.Шийдвэрт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцох тухай дурдаад 2024 оны 08 сарын 09-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдаж байгааг мэдсэн учраас тэр хугацаагаар шаардах эрх үүссэн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзжээ. Гэвч хуульд зааснаар хөдөлмөрийн маргаан үүсч байгааг нотлох үндсэн баримт болох ажил олгогчийн ажлаас чөлөөлж байгаа тухай шийдвэрийг бичгээр хүлээн аваагүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь хуульд үл нийцэж байгаа бөгөөд шүүгчийн шийдвэр гаргахад баримталж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтууд дахь шийдвэрийг гардан авснаас хойш гэсэн заалттай үл нийцэж байна.
Би шүүхэд нэхэмжлэл гаргах явцад ******* СӨХ-ны зүгээс маш их гүтгэлэг доромжлол ихээр ирүүлж янз бүрийн байдлаар сэтгэл санааны дайралт ихээр хийж байсантай холбогдуулан миний бие ажилд эгүүлэн томилох мөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг цаашид сонгуульт ажил хийх эрхгүй болохыг тогтоолгох тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгээс татгалзаж зөвхөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагыг хангуулах хүсэлтэй байна гэжээ.
5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Удирдах зөвлөл нийт 10 гишүүнээс бүрддэг. Тухайн үед 3-4 гишүүн хөдөө орон нутагт байсан тул хурлын үеэр оролцох боломжгүй байсан бөгөөд тэдний саналыг утсаар авч, дараа нь 3-4 хоногийн дараа хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан. Би 2024 оны 09 дүгээр сард СӨХ-ны түр орлогч даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд ажилд орсноос хойш нэхэмжлэгч надтай утсаар холбогдон СӨХ-ны даргаар томилогдсон эсэхийг асуусан. Тухайн үед би түр орлогч даргаар ажиллаж байгаа талаараа хэлэхэд нэхэмжлэгч ажлаас халагдсан тушаал гарсан гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ажлаас халагдсан тушаалаа 09 дүгээр сарын сүүлч буюу 10 дугаар сарын эхээр биечлэн очиж авсан. Уг тушаалыг гардан авах үед гурван хүн хамт байсан болно гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* СӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ******* СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг цаашид сонгуульт ажил хийх эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4.******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2024 оны 06 сарын 01-ний өдрийн ******* тогтоолоор *******ыг тус СӨХ-ны Гүйцэтгэх захирлаар томилсон байх бөгөөд мөн Удирдах зөвлөлийн 2024 оны 08 сарын 10-ны өдрийн ******* тогтоолоор *******ыг өөрийнх нь хүсэлтээр гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2024 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авсан тухай нэхэмжлэлдээ дурдаж, нэхэмжлэлээ 2024 оны 12 сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан байна.
5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ...2024.08.09-ний орой 20 цагийн үед тус холбооны ажилтнуудтай амралтаар явж байхад Удирдах зөвлөлийн дарга ******* утсаар ярьж өчигдөр УЗ хуралдаж өөрийг чинь ажлаас чөлөөлж байна гэж мэдэгдсэн. Маргааш нь оршин суугчдын групп дээр шинэ гүйцэтгэх захиралтай боллоо гэж УЗ-ийн дарга ******* шинэ гүйцэтгэх захирал *******т холбооны тамга тэмдэг, гэрчилгээг гардуулж байгаа зургийг нийтэлсэн байсан ... ажил эхэлж ажлын өрөөнд ирэхэд цоожны голыг сольсон байсан гэж тайлбарлажээ.
Тэрээр өөрийг нь ажлаас чөлөөлснийг 2024.08.10-ны өдөр мэдсэн байх бөгөөд ажлын өдөр эхлэх үед нэхэмжлэгчийн ажлаа явуулдаг СӨХ-ны байрны хаалганы цоожийг хариуцагч сольсон нь нэхэмжлэгчээр СӨХ-ны ажил үүргийг гүйцэтгүүлэхээс татгалзсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч 2024.08.12-ны өдрөөс хойш СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгээгүй байна.
Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2024.11.11-ний өдөр хүлээн авсан гэж, хариуцагч тушаалыг 9-р сард авсан гэж зөрүүтэй тайлбарлаж энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Ажил олгогч ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх тул нэхэмжлэгч ******* нь ажлаас халагдсан болохоо мэдсэн өдрийг 2024 он 08 сарын 12-ны өдөр гэж тооцох бөгөөд нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзнэ.
6.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор эрх бүхий этгээдэд хандах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 09 сарын 11-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байжээ.
Гэвч нэхэмжлэгч 2024 оны 12 сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан ч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаагүй гэж нэхэмжлэлийг татгалзсан тухай тайлбарласан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн хэрэгт Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 12 сарын 17-ны өдрийн тэмдэглэл авагдсан хэдий ч нэхэмжлэгч өргөдлөө тус хороонд хэзээ гаргасан нь тодорхойгүй байна.
Иймээс нэхэмжлэгч *******ыг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй, хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
7.Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцжээ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар *******ын гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Э.ЭНЭБИШ