Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 4745

 

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/04745

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 111 тоотод оршин суух, ШВ83060112 регистртэй, Харгана ургийн овогт Баатар овогтой Тодбаярын,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар байрны 50 тоотод оршин суух, УД90101111 регистртэй, Уриахан ургийн овогт Цогтгэрэл овогтой Амартүвшин,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД-44 дүгээр байрны 57 тоотод оршин суух, ШЗ84070512 регистртэй, Бодонгууд ургийн овогт Батаа овогтой Эрдэнэчулуун нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 52,564,789 /тавин хоёр сая таван зуун жаран дөрвөн мянга долоон зуун наян есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч Б.Эрдэнэчулуун, хариуцагч Ц.Амартүвшингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Тодбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би найз Эрдэнэчулууны эгчийнх нь хүүхэд хүндээр өвдсөн, БНСУ-д эмчлүүлэх болсон, мөнгөний хэрэгцээ их байна гэж гуйсны дагуу өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 111 тоот хаягтай Ү-2205015179 дугаарын эрхийн улсын бүртгэлтэй, 000195266 гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцаа Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нарын санал болгосноор зээл олгодог гэх хүнд барьцаалуулан анх 24,000,000 төгрөгийг авч эгчийнх нь хүүхдийн эмчилгээний зардал болгон өгсөн. Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нар нь миний өмчлөлийн орон сууцыг эхний зээл авсан хүнээс зээл чөлөөлдөг хүнээр чөлөөлүүлж, дахин зээлийн гэрээний барьцаанд тавьж зээл авсан бөгөөд дахин зээлийг чөлөөлүүлж Хас банкинд барьцаанд тавьж зээл авсан. Хас банктай байгуулсан зээлийн гэрээнд Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нар гарын үсэг зурж мөнгийг хүлээн авч ашигласан. Миний хувьд тэдний авсан зээлнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, найзынхаа эгчийнх нь хүүхдэд тус болж эмчилгээний зардал яаралтай олох ёстой гэсэн болохоор л зээлийн гэрээний барьцаанд тавьсан. Гэтэл Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нар нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас миний өмчлөх эрх зөрчигдөж байраа хураалгах дээрээ тулаад байна. Иймд Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нарын Хас банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавигдсан миний өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 111 тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулга болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:   

Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нар нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Тодбаярын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байрны 111 тоот дахь 2 өрөө орон сууцыг Хас банкинд барьцаалуулан 50,000,000 төгрөг авахуулж, банкны үндсэн зээл болон хүүг төлөхөөр тохирсон байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацаанд нийт 8,000,000 төгрөгийг төлсөн ба зээлийг тохирсон хугацаанд нь төлөөгүйгээс Б.Тодбаяр нь банкинд 52,564,789 төгрөгийн зээлийн өртэй болсон тул Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нараас 52,564,789 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Эрдэнэчулууныг хамтран хариуцагчаар оролцуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзээд хариуцагч Б.Эрдэнэчулуунаас татгалзаж байна. Б.Эрдэнэчулуун нь нэхэмжлэгч Б.Тодбаяртай садан төрлийн холбоотой хүн учир Ц.Амартүвшин Б.Тодбаяр нарыг холбож өгсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч болж чадахгүй учир Б.Эрдэнэчулуунаас татгалзаж байна.

Харин Б.Тодбаяр нь өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавиулж Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авч, энэ мөнгийг Ц.Амартүвшинд өгсөн. Уг зээлийг хэрэхн яаж төлөх талаар талууд ярилцаад Ц.Амартүвшин өөрөө авсан зээлийг төлнө гэдэг үүргийг хүлээгээд зээлийг төлж явж байсан. Зээлийг бүрэн төлөөгүйгээс энэ маргаан үүссэн. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагын 387,000 төгрөгөөс татгалзаж байна. Тэгэхдээ энэ мөнгийг татгалзах ёстой учраас татагалзаж байгаа юм биш. Ц.Амартүвшин нь 42,000,000 төгрөгийн зээлийг Хас банкнаас зээлэхээс өмнө Б.Тодбаярын машиныг түрээслэсний төлбөр 387,000 төгрөгийг зээлэнд тооцуулна гэсэн зүйл ярьж байгаа. Хэрэв зээлэнд өгч байгаа юм бол яагаад Хас банкны дансанд хийх ёстой мөнгийг үүрэг хүлээсэн дансандаа хийхгүй, Б.Тодбаярын хувийн дансанд хийгээд байгаа, хийсэн он сар өдөр нь ч Хас банкнаас зээл авахаас өмнө байгаа гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхдээ энэ талаар Б.Тодбаяртай ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаас хасахаар болсон. Б.Тодбаярын байр 2,800,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй барьцаанд байсныг Ц.Амартүвшин 42,000,000 төгрөгийн зээл авахын тулд 2,800,000 төгрөгийг төлж байрыг чөлөөлүүлсэн байдаг. Энэ мөнгийг бид хүнийг хохироохгүй гэдэг үүднээс хасч тооцож байгаа. Б.Тодбаяр 2 хүүхэдтэй, нэг хүүхдээ алдчихсан. Ийм зовлон мэддэг учир хүүхэд өвдлөө гэхэд нь туслаж зээл авч өгсөн. Түүнээс биш гудамжинд гаръя гэж зээл авч өгөөгүй. Ц.Амартүвшин 38,000,000 төгрөг авсан гэж тайлбарладаг боловч түүнийгээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч татгалзлаа нотлох үүрэг хүлээсэн. 4,000,000 төгрөгийг банкны зээлийн эдийн засагчид хахууль гэж Ц.Амартүвшин өгсөн байдаг. Ц.Амартүвшин нь цагдаа дээр мэдүүлэхдээ Б.Тодбаяраас Хас банкнаас авсан зээлийн мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тодорхой хугацаа заагаад төлнө гэж бичиж өгөөд эрүүгийн хэргийг хаалгасан. Өөрсдөө зээлийн мөнгийг авсан учир үүргээ ухамсарлана гээд Ц.Амартүвшин Хас банкинд зээлийг төлөөд явж байсан. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлий нгэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээнд заасан графикийн дагуу төлнө гэж Ц.Амартүвшин цагдаа дээр тодорхойлолт бичиж өгсөн. Хас банкны зүгээс Б.Тодбаярт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр банктай эвлэрч, гэрээгээ цуцлаад хүүгээ зогсоосон. Иймд Ц.Амартүвшингээс 49,277,789 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Амартүвшин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Тодбаяр нь Хас банктай зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн байраа барьцаанд тавьж, 42,000,000 төгрөг авсан. Энэ зээлийн гэрээнд Б.Эрдэнэчулуун бид хоёр ямар нэгэн гарын үсэг зурж, банктай зээлийн гэрээ байгуулаагүй. Харин 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би Б.Тобаяраас 38,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. 38,000,000 төгрөгийг Золжаргал гэж хүнд зээлийн өрөнд өгсөн юм. Нэхэмжлэлд бичсэнчлэн Тодбаярын Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 111 тоот, Ү-2205015179 дугаар бүхий эрхийн улсын бүртгэлтэй, 000195266 гэрчилгээтэй 2 өрөө орон сууц нь Нисэх дэх Хас банкны салбарт барьцаанд байсныг 2,800,000 төгрөгийг Амартүвшин би төлж барьцаанаас гаргаад, хорооллын ахуй үйлчилгээний салбар дахь Хас банкинд Тодбаяр өөрөө тавьсан. Б.Тодбаяр нь Эрдэнэчулуун бид хоёрт 38,000,000 төгрөгийг ямар нэгэн гэрээ хийлгүй өгсөн юм. Тодбаяр нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагаар биднийг шалгуулж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Цагдаа дээр шалгагдаж байхдаа Б.Тодбаяр нь баталгаа гэж төлбөр төлүүлэх талаар бичиг хийлгэж авч байсан. Ц.Амартүвшин би, Б.Тодбаяраас зээлж авсан мөнгөө Хас банкинд түүний нэрийн өмнөөс төлж байсан. Орлогын баримтаар нийт 8,300,000 төгрөг төлсөн. Баримтын хуулбарыг шүүх хуралдаан дээр гаргаж өгнө. Б.Тодбаярт төлөх 38,000,000 төгрөгөөс 11,100,000 төгрөг төлсөн. 50,000,000 төгрөгийг Б.Тодбаяраас аваагүй. Бэлнээр авсан 38,000,000 төгрөгийн талаар тайлбараа бичлээ. Үлдэгдэл төлбөрөө төлөх талаар Эрдэнэчулуун, Тодбаяр нартай харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэжээ.

 

Хариуцагч Ц.Амартүвшингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ц.Амартүвшин цагдаа дээр 38,000,000 төгрөг гар дээр авсан нь үнэн гэж мэдүүлсэн. Авсан энэ мөнгөнөөсөө төлсөн. Б.Тодбаяр 2,800,000 төгрөгийн зээлийн барьцаанд байраа тавьсан байсан учир Ц.Амартүвшин 2,800,000 төгрөгийг төлж байрыг чөлөөлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас энэ мөнгийг хасч тооцох ёстой гэж үзсэн. Үүнийг нэхэмжлэгч тал ч хасч тооцохыг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Хас банкны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн болон ипотекийн гэрээн дээр Б.Тодбаярын гарын үсэг байгаа болохоос Ц.Амартүвшингийн гарын үсэг байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Тодбаяр, Ц.Амартүвшин нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Ц.Амартүвшингийн хувьд авсан 38,000,000 төгрөгөөс 7 удаагийн төлөлтөөр нийт 8,300,000 төгрөгийг төлсөн. Мөн 2,800,000 төгрөгийг Б.Тодбаярын зээлийн үлдэгдлийг төлж байр чөлөөлсөн. Б.Тодбаярын Хаан банкны дансанд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 9 удаагийн төлөлтөөр 387,000 төгрөг, мөн 100,000 төгрөг Хаан банкинд төлсөн. Утга нь зээл төлөв гэсэн утгатай. Ц.Амартүвшин бэлэн бусаар буюу дансаар 11,587,000 төгрөг, ойролцоогоор 1,100,000 төгрөгийг бэлнээр Б.Тодбаярт төлсөн. Бэлнээр гэдэг нь Б.Тодбаяр байраа барьцаалж Ц.Амартүвшинд мөнгө авч өгсөн болохоор баар, ресторанд орох үед түүнийг дуудаж төлбөрөө төлүүлдэг байсан бөгөөд ямар нэгэн байдлаар дарамт үзүүлдэг байсан. Залуу хүмүүс дарамт шахалт байсан учир сэтгэл санаагаар унаж, амиа хорлохыг завдсан зүйл болсон нь үнэн. Хариуцагчийн зүгээс авсан 38,000,000 төгрөгөөс төлсөн 12,687,000 төгрөгөө хасуулаад үлдсэн мөнгийг нь төлөхийг зөвшөөрч байна. Банктай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд Ц.Амартүвшингийн гарын үсэг байхгүй учир банктай байгуулсан зээлийн гэрээнд заасан графикийн дагуу төлбөр төлөх үүргийг хариуцагч хүлээгээгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Тодбаяр нь хариуцагч Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нарт холбогдуулан, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, хариуцагч нараас зээлийн төлбөрт 52,564,789 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Б.Эрдэнэчулууныг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 49,277,789 төгрөг болгон багасган хариуцагч Ц.Амартүвшингээс гаргуулахаар өөрчилсөн байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчээс 38,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан бөгөөд Б.Тодбаярын орон сууцыг өмнөх барьцаанаас чөлөөлөхөд зарцуулсан 2,800,000 төгрөг, түүний Хаан банкин дахь данс руу шилжүүлсэн 387,000 төгрөг, үүн дээр тусдаа төлсөн 100,000 төгрөг, Хас банкны зээлийн төлбөрт төлсөн 8,300,000 төгрөг, мөн бэлнээр төлсөн 1,100,000 төгрөг, нийт 12,687,000 төгрөгийг анх авсан 38,000,000 төгрөгөөс хасч тооцон, үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй учир Б.Тодбаярын Хас банктай байгуулсан зээлийн гэрээний графикт заасан төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй учир үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй боловч аман хэлцлээр харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Б.Тодбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хас банктай барьцаат зээлийн гэрээ байгуулан, 42,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 111 тоот дахь 2 өрөө орон сууцаа барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Тодбаяр нь тийнхүү Хас банкнаас зээлж авсан 42,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Амартүвшинд хүлээлгэн өгч, тэрээр зээлийн графикийн дагуу зээлийг банкинд төлж дуусгахаар амаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан тодорхойлолт, Ц.Амартүвшингийн Хас банкинд Б.Тодбаярын өмнөөс зээлийн эргэн төлөлт хийсэн төлбөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /хх 4, 7, 88-93/

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дүн болох 42,000,000 төгрөгийг бус, 38,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж, мөн Б.Тодбаярт бэлнээр 1,100,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн тайлбар татгалзлыг нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заадаг бөгөөд хэлцэл хийгч этгээд хүсэл зоригоо зөв илэрхийлэх шаардлагатай бөгөөд хэрэв хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар хүсэл зоригийг тайлбарладаг.

Тодруулбал, талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч Б.Тодбаяр өөрийн өмчлөлийн орон сууцыг Хас банкны зээлийн барьцаанд тавьж, зээлийн гэрээг байгуулж, зээлж авсан 42,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Амартүвшинд шилжүүлэх, хариуцагч Ц.Амартүвшин нь Хас банкы зээлийн гэрээний графикийн дагуу Б.Тодбаярын өмнөөс зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээж, 2015 оны 5 дугаар сард 1,000,000 төгрөг, 6 дугаар сарын 10-ны өдөр 2,900,000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 9 дүгээр сарын 14-ний өдөр 900,000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 800,000 төгрөгийг тус тус Хас банкинд төлж байсан байх тул хариуцагч Ц.Амартүвшин нь аман хэлцлээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Тодбаяр түүнийг хэлцлийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УД90101111 регистртэй, Уриахан овогт Цогтгэрэлийн Амартүвшинээс 49,277,789 /дөчин есөн сая долоон зуун далан долоон мянга долоон зуун наян есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Харгана овогт Баатарын Тодбаярт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 404,339 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Эрдэнэчулуунд холбогдох шаардлагаас татгалзсаныг батлаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА