| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00784/И |
| Дугаар | 01288 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 01288
2016 оны 10 сарын 14 өдөр Дугаар 142/ШШ2016/01288 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-13-03 тоотод оршин суух Боржигон овгийн Даваацэрэнгийн Сүхбатын /регистрийн дугаар ФМ57013075/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1973 онд төрсөн, 43 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-19-06 тоотод орших суух Боржигон овгийн Даваацэрэнгийн Отгонбаяр /регистрийн дугаар ХЖ73030907/,
Хариуцагч: 1973 онд төрсөн, 43 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-19-06 тоотод орших суух Халх овгийн Цэрэндоржийн Энхбаатар /регистрийн дугаар ЧС73031971/ нарт холбогдох 8 832 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Сүхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Д.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Сүхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2012 оны 05 дугаар сард Баян-Өндөр сумын Их залуу багт өөрийн эзэмшил газарт хувийн орон сууц барих зорилгоор иргэн Б.Ганбаатар, Д.Энхтуяа нараас СП-6 маркын суурийн хүнд даацын хавтан 76 ширхэгийг нэг бүрийг нь 92 000 төгрөг, давхар хоорондын дамжих шат 2 ширхэгийг нэг бүрийг нь 160 000 төгрөг, цонхны даацын ялуу хавтан 8 ширхэгийг нэг бүрийг нь 40 000 төгрөгөөр бодож нийт 7 632 000 төгрөг, тээврийн зардалд 1 200 000 төгрөг бүгд 8 832 000 төгрөгөөр худалдаж аваад 2013 оны 04 дүгээр сард өөрийн эзэмшил газраа буулгасан юм. Надад мөнгөний хэрэгцээ гарсан тул өөрийн газрыг хамтран эзэмшигч нартай ярилцаж тохиролцсоны дагуу 2013 оны 08 дугаар сард бусдад худалдсан бөгөөд газраа хүлээлгэн өгөхөөр очтол барилгын материалыг гадагш нь ачсан байсан. Хөрш айлын хүмүүсээс нь хэн хааш нь ачсаныг тодруулж асуухад “...танай төрсөн дүү Д.Отгонбаяр гэгч хүн өөрийн нөхрийн хмат ирээд ачаад явсан...” гэсэн хариултыг өгсөн. Иргэн Д.Отгонбаяр, н.Энхбаатар нараас барилгын материалын үнийг удаа дараа нэхсэн боловч өнөөдрийг хүртэл тооцоог хийхгүй байгаа болно. Иймд миний зөвшрөөлгүйгээр дур мэдэн манай эзэмшил хашаанд байсан барилгын материалыг хулгайгаар ачиж надад 8 832 000 төгрөгний хохирол учруулсан тул иргэн Д.Отгонбаяр болон түүний нөхөр Энхбаатар нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “2010 оны 06 дугаар сард Д.Сүхбат нь Эрүүгийн хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдан цагдан хоригдож, хорих ялаар шийтгүүлэх гэж байсан. Тухайн үед тэрээр мөрдөнд өлсгөлөн зарлаж биеийн байдал нь муу байсан. Тэгээд “надад туслаач ах нь хэцүү байдалд ороод байна. Би шоронд тэсэхгүй шүү дээ” гээд гуйгаад байсан. Миний хувьд төрсөн ах болон 2 нялх охиныг нь хараад их өрөвдсөн. Ийм хэцүү хүнд байдалд байхад нь яаж туслахгүй байхав гэж бодоод нөхөртөө ч хэлэлгүй нууцаар 15 сая төгрөгийг түүнд өгсөн болно. Д.Сүхбат нь хохирогч талд өр төлбөрийг нь төлж барагдуулснаар хохирогч гомдол саналгүй болж улмаар цагдан хорихоос суллагдсан билээ. Тухайн үед Д.Сүхбат нь баярлаж талахрсанаа илэрхийлээд миний мөнгийг удахгүй буцааж өгөхөөр тохиролцсон юм. Гэвч бүтэн 5 жил өнгөрч байхад надад нэг ч төгрөг өгөөгүй билээ. Би удаа дараа нэхэж, гуйж байсан боловч огт тоохгүй яваад байсан. Эцэст нь миний нөхөр мэдэж Д.Сүхбаттай ярилцаж тохиролцох гэсэн боловч хэл амаар доромжлоод тохиролцоонд хүрээгүй. Иймд миний бие харилцан ярилцсаны үндсэн дээр 2015 оны 05 сарын 18-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Гэвч Д.Сүхбат нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2405 тоот шүүгчийн захирамжийг зөрчиж, сайн дураараа биелүүлэхгүй байсан тул 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан юм. Энэ үед Д.Сүхбат өөрийн нэхэмжлэлд дурьдаад байгаа төлбөрийнхөө талаар юу ч хэлээгүй. Хэрвээ үнэхээр түүний хэлж байгаагаар барилгын материалын үнийг удаа дараа нэхэмжилсэн нь үнэн юм бол түүнд тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргах боломж байсан байх. Үүнээс харахад Д.Сүхбат нь нэхэмжлэл дээрээ ор үндэсгүй худал зүйлүүдийг бичиж намайг болон миний гэр бүлийн хүнийг гүтгэн доромжилж байна гэж үзэж байна. 2011 оны 10 сарын эхээр Д.Сүхбат нь эхнэр Энхчулууны хамт намайг дагуулан нэг хашаанд аваачиж 39 ширхэг блокыг үзүүлээд надад бэлэглэсэн. Учир нь тухайн үед би машины гараж барих гэж байгаа гэсэн чинь хүнд үед тус болсон гээд надад зүгээр л өгсөн. Тэр үед бид 2 ямар ч үнэ мөнгө ярилцаж тохиролцоогүй тул би тус болсны бэлэг гэж бодож авсан. Хамгийн гол нь Д.Сүхбатын гаргасан нэхэмжлэл дээр байгаа цаг хугацаа нь надад бэлэглсэн блокны цаг хугацаатай зөрөөд байгаа учраас надад ямар ч хамааралгүй нэхэмжлэл гэж үзэж байна. Би зөвхөн 50*50 болон 60*60 харьцаатай холилдсон нийт 39 ширхэг /зарим нь хагархай байсан/ блокнуудыг 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ачиж явсан. Д.Сүхбатын нэхэмжлэлд дурьдаад байгаа давхар хоорондын дамжих шат, цонхны даацын ялуу хавтан зэрэг зүйлүүд байгаагүй тул би аваагүй. Надад үүнийг гэрчлэх гэрчүүд бий. Мөн тухайн үед миний нөхөр Ц.Энхбаатар нь энэ үйл ажиллагаанд оролцоогүй тул энэ нэхэмжлэлд хамааралгүй гэж үзэж байна. Энэ нь зөвхөн төрсөн ах дүүгийн хооронд болсон зүйл юм. Иймд Д.Сүхбатын гаргасан нэхэмжлэл нь ор үндэслэлгүй, худал гүйтгэлгийн шинжтэй, цаг хугацааны хувьд маш их зөрүүтэй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Сүхбат нь хариуцагч Д.Отгонбаяр, Ц.Энхбаатар нарт холбогдуулан барилгын материалын үнэ 7 632 000 төгрөг, тээврийн зардалд 1 200 000 төгрөг, нийт 8 832 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Д.Сүхбат шүүх хуралдаанд “...Д.Отгонбаяр, Ц.Энхбаатар нар нь миний эзэмшлийн хашаанд байсан барилгын материалыг ачиж явсан.76 ширхэг даацын хавтан байсан 1 ширхэгийг 92 000 төгрөгөөр тооцно.2 ширхэг давхар хооронд дамжих шат байсан.1 ширхэгийг нь 160 000 төгрөгөөр тооцно.Цонхны даацын ялуу хавтан 8 ширхэг байсан.1 ширхэгийг нь 40 000 төгрөгөөр тооцож нийт барилгын материалын үнэ 7 632 000 төгрөг, тээврийн зардалд 1 200 000 төгрөг, нийт 8 832 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэсэн шаардлагаа дэмжиж оролцсон.
Хариуцагч Д.Отгонбаяр шүүх хуралдаанд “...Ц.Энхбаатар бол миний нөхөр.Бид 2 шүүхэд нэг ижил байр суурьтай оролцож байгаа. Би төрсөн ах Д.Сүхбатад мөнгө хэрэгтэй үед нь 15 000 000 төгрөг зээлдүүлж тус болж байсан. 2011 оны 10 сарын эхээр Д.Сүхбат нь эхнэр н.Энхчулууны хамт намайг дагуулан нэг хашаанд аваачиж 39 ширхэг блокыг үзүүлээд надад бэлэглэсэн. Учир нь тухайн үед би машины гараж барих гэж байгаа гэсэн чинь хүнд үед тус болсон гээд надад зүгээр л өгсөн. Тэр үед бид 2 ямар ч үнэ мөнгө ярилцаж тохиролцоогүй тул би тус болсоны бэлэг гэж бодож авсан. Хамгийн гол нь Д.Сүхбатын гаргасан нэхэмжлэл дээр байгаа цаг хугацаа нь надад бэлэглэсэн блокны цаг хугацаатай зөрөөд байгаа учраас надад ямар ч хамааралгүй нэхэмжлэл гэж үзэж байна. Би зөвхөн 50*50 болон 60*60 харьцаатай холилдсон нийт 39 ширхэг /зарим нь хагархай байсан/ блокнуудыг 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ачиж явсан. Д.Сүхбатын нэхэмжлэлд дурьдаад байгаа давхар хоорондын дамжих шат, цонхны даацын ялуу хавтан зэрэг зүйлүүд байгаагүй тул би аваагүй.2013 онд би Д.Сүхбатаас суурийн блок аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбараа дэмжиж оролцсон.
Хариуцагч шүүх хуралдаанд “..тухайн үед би машины гараж барих гэж байгаа гэсэн чинь хүнд үед тус болсон гээд надад зүгээр л өгсөн. Тэр үед бид 2 ямар ч үнэ мөнгө ярилцаж тохиролцоогүй тул би тус болсоны бэлэг гэж бодож авсан” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч Д.Сүхбат хариуцагч Д.Отгонбаяр, Ц.Энхбаатар нарт барилгын материал бэлэглээгүй гэсэн тайлбар гаргаж байгаа, хариуцагч нар авсан эд хөрөнгөө бэлэглэсэн хөрөнгө болохыг нотолж чадаагүй тул хариуцагч нарыг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан гэж үзэх үндэстэй байна.
Тодруулбал нэхэмжлэгч Д.Сүхбат болон хариуцагч Д.Отгонбаяр, Ц.Энхбаатар нарын хооронд ямар нэгэн гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхад хариуцагч Д.Отгонбаяр, Ц.Энхбаатар нар нь Д.Сүхбатын эзэмшлийн барилгын суурийн хавтан / суурийн блок / авч ашигласан нь тэднийг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэл болж байна.
Хариуцагч Д.Отгонбаяр шүүх хуралдаанд “...би 2011 оны 10 сарын эхээр Д.Сүхбатын хашаанаас бүтэн, хагархай нийт 39 ширхэг блок авсан.2013 онд Д.Сүхбатын хашаанаас юуч аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа боловч Д.Сүхбатын “...2012 оны 05 дугаар сард Б.Ганбаатар, Д.Энхтуяа нараас барилгын материал худалдан авсан” гэсэн тайлбар нь гэрч Б.Ганбаатарын 2012 оны 04, 05 сард Д.Сүхбат гуайд блок зарсан” гэсэн тайлбар, 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Д.Сүхбат, Б.Ганбаатар нарын хооронд хийгдсэн бараа худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байх тул хариуцагчийн “...2011 онд Д.Сүхбатын хашаанаас суурийн блок авсан” гэсэн тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хариуцагч Д.Отгонбаяр “...намайг 2011 онд Д.Сүхбатын хашаанаас блок авсан болохыг гэрч Д.Болор-Эрдэнэ, Д.Оюунбилэг нар мэдэж байгаа” гэж тайлбарлаж байгаа, гэрч Д.Оюунбилэг “...Д.Отгонбаярын гэр бүл, манай гэр бүл нийлээд 2011 онд граш барьсан. Д.Отгонбаяр Д.Сүхбатаас бүтэн, тал нийт 39 блок авсан” гэсэн, гэрч Д.Болор-Эрдэнэ “...2011 оны 10 дугаар сард Д.Сүхбатын хашаанд буулгасан блокнуудаа “Маамуу нааш ир” цэцэрлэгийн хашаанд Д.Отгонбаярын хүсэлтээр хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг өгсөн боловч гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул гэрч Д.Болор-Эрдэнэ, Д.Оюунбилэг нарын мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэхэмжлэгч Д.Сүхбат “...Д.Отгонбаяр, Ц.Энхбаатар нар нь миний эзэмшлийн хашаанд байсан 76 ширхэг даацын хавтан, 2 ширхэг давхар хооронд дамжих шат, 8 ширхэг цонхны даацын ялуу хавтанг миний зөвшөөрөлгүй авсан” гэсэн тайлбар, хариуцагч Д.Отгонбаяр “....Д.Сүхбатын хашаанаас бүтэн, хагархай нийт 39 ширхэг блок авсан” гэсэн тайлбар тус тус гаргаж байх боловч Д.Отгонбаяр, Ц.Энхбаатар нарын эзэмшлийн грашид үзлэг хийхэд тус грашид 14 бүтэн, 18 тал блок орсон болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа, үзлэгээр тогтоосон блокны тоо ширхэгийн хувьд талууд маргаагүй тул хариуцагч Д.Отгонбаяр, Ц.Энхбаатар нараас Лэндс ХХК-ийн үнэлгээг үндэслэн 14 бүтэн, 18 тал блокны үнэ гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Талууд Лэндс ХХК-ийн блокыг үнэлсэн үнэлгээний хувьд маргаагүй тул 14 бүтэн блокны үнэ / 1 ширхэг блокыг 85 000₮ / 1 190 000 төгрөг, граш барихад ашиглагдсан, гэвч бүтэн блокны үнээр тооцох боломжгүй гэж үзэж тал 18 ширхэг блокыг тал үнээр нь тооцож / 42 500х18 ширхэг/ 765 000 төгрөг, нийт блокны үнэ 1 955 000 төгрөгийг хариуцагч Д.Отгонбаяр, Ц.Энхбаатар нараас гаргуулах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Сүхбат хариуцагч Д.Отгонбаяр, Ц.Энхбаатар нарыг 76 ширхэг даацын хавтан, 2 ширхэг давхар хооронд дамжих шат, 8 ширхэг цонхны даацын ялуу хавтан авсан гэж үнийг нь нэхэмжилж байгаа боловч Д.Отгонбаяр, Ц.Энхбаатар нар хариуцагч Д.Отгонбаярын авсан гэж зөвшөөрсөн бүтэн, тал 39 ширхэг суурийн блок / хавтан /-с бусад эд хөрөнгийг авсан болох нь тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгч тээврийн зардалд 1 200 000 төгрөг зарцуулсан нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 6 877 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 262 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 46 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Отгонбаяр, Ц.Энхбаатар нараас 1 955 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сүхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 877 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА