Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 126

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.ОЮУН-ЭРДЭНЭ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Г,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Б.Ц,

Нарийн бичгийн дарга П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , Б овгийн Б.Ц-т холбогдох 1928001610111 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 04-нд ................. аймаг, ....... суманд төрсөн, эрэгтэй, ....... настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, .............................. ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймаг, ............. сум, ............. багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овгийн Б.Ц, регистрийн дугаар ............................;

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймаг, Ноён сумын 2 дугаар баг, Цагаан толгой гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Г-тай маргалдан улмаар чулуугаар толгойн зүүн тал руу нь шидэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А залгаад худгийн ус шавхах гэсэн юм шланк аваад хүрээд ир гэсэн.  Хэдэн шил архитай очоод 2 шил архи уусан. Би чулуун дээр сууж байгаад хойшоо хөл халитраад унасан юм. Тэгээд овоолоотой чулуу байхаар нь тэндээс аваад Г руу шидчихсэн гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирол бүрэн төлж барагдуулаагүй байгаа. Биеийн байдал тааруу, ярьж сайн чадахгүй, толгой их өвдөж байгаа. Өөр зүйл бол гайгүй. Юм мартаж санаж байгаа. Завж мэдрэл байхгүй, шүлс их гоожиж байгаа. Цаашид толгойдоо хагалгаа хийлгэж нөхөөс тавиулна. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэв.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 сарын 01-ны өдөр А, Ө, Д бид дөрөв Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад баг Цагаан толгой гэх газарт байсан. Улмаар Ц гэх залуу миний санаж байгаагаар тухайн өдрийн орой 16 цагийн үед ирсэн бөгөөд Ц нь 4 шил Ерөөл нэршилтэй 750 граммын архи авчираад бид тав тухайн архинаас 2 шилийг нь хувааж уусан. Тухайн үед бид тав Д-гийн фургон маркийн тээврийн хэрэгсэлд ууж байсан бөгөөд миний санаж байгаагаар нэг мэдсэн Ц нь “би чулуугаар цохидог хүн шүү” гэх зэрэг үг хэлээд надруу дайрч байсан ба нэг мэдсэн Ц нь миний толгойн тус газрын зүүн талын чамархайн хэсэгт 1 удаа цохихыг санаж байгаа ба араас нь дахиад цохих шиг болсон. Тэгээд нэг мэдсэн үүр цайсан хажууд Өнөрөө ганцаараа байсан харагдаж байсан ба би өглөө 08 цагийн үед би өөрийн мотоцикльтой гэрлүүгээ ганцаараа явсан... Миний биед учирсан гэмтлийг Ц (Ц) нь чулуугаар миний санаж байгаагаар 2 удаа цохиж учруулсан... Одоо миний толгой өвддөг мөн нугас шилэн хүзүүрүү хатгуулж өвддөг ярианы чадвар 80-90 хувь буурч гацажтүгдэрч ярьдаг болсон. Бас юм санаж чадахгүй дороо мартдаг болсон... Тухайн үед би чулуугаар цохиулсанаас болоод ухаан алдаж унаад өглөө ухаан орсон явдал юм...” гэжээ /хх-7-8/,

Гэрч С.Хэрлэнчимэг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би нөхөр М овогтой Г-тай гэр бүл болоод 15 жил болж байгаа ба бид хоёр Өмнөговь аймаг Ноён сум, Ганзагат 2 дугаар баг Ширмэнгийн Шанд гэх газарт оршин суудаг. Улмаар миний санаж байгаагаар манай нөхөр 2019 оны 06 сарын 26-ны өдөр сумын төв дээр байдаг айлд гар утас хүргэж өгөхөөр явсан ба тухайн шөнө тус сумын А, Ө гэх хүмүүстэй уулзаад Өнөрөөгийн хөдөө гэрт очиж хоносон байсан. Маргааш буюу 2019 оны 06 сарын 27-ны өглөө Ноён сумын Ганзагат баг Цагаан толгой гэх газарт шар юм гарч байгаа газарлуу тухайн хоёр хүнтэй явсан гэж Өнөрөөгийн ээжээс сонссон. Тэгээд 2019 оны 06 сарын 29-ны өдөр манай нярай хүүхэд чацага алдаад гүйлгээд байхаар нь Өнөрийг эзэмшлийн ................ дугаарын утсаар хэл аваад ир гэж хэлсэн. Тэгтэл Г нь тухайн өдрийн шөнө 00 цагийн үед өөрийн саарал өнгийн ХАЖО загварын мотоцикльтой ирсэн. Тэгээд би юу хийж байгаа талаар асуухад “би А Өнөрөө хоёртой шрүпп ухаж байгаа” гэж хэлж байсан бөгөөд нүүр ам болон ил харагдах гэмтэл шархгүй ирсэн. Улмаар маргааш нь буюу 2019 оны 06 сарын 30-ны өглөө 10 цаг өнгөрөөгөөд хүнс хийчээд ганцаараа явсан ба орой 22 цагийн үед надруу залгаад “хүүхэд яаж байгаа талаар асуучаад, бид хэд шрүпп ухаж байна, алт гарч ирэхгүй байна” гэж ярьж байсан бөгөөд маргааш нь бас өглөө 10 цагийн үед залгаад хүүхдийн талаар асуусан ба дахин хэл аваагүй. Гэтэл өчигдөр нь буюу 2019 оны 07 сарын 02-ны өдрийн өглөө 10 цагийн үед Г өөрийн саарал өнгийн мотоциклийг унасан ганцаараа юүдэнтэй цамц өмсөөд гадуураа хөх өнгийн куртиктэй өмссөн ба толгойн хэсэг тэр чигээрээ цус болсон мөн эрүү нь зүүн талруугаа муруйсан байдалтай харагдаж байхаар нь юу болсон талаар асуухад ярьж чадахгүй байсан. Тэгээд би сайн асууж тодруулахад гараараа мотоциклиос унасан гэж надад ойлгуулсан. Улмаар би энэ талаар Ноён сумын эмнэлгийн байгууллагад мэдэгдэж хүргүүлсэн...” гэжээ /хх-9-10/,

Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай найз нар болох Ө, Д, Г бид дөрөв Өмнөговь аймгийн Ноён сум Ганзагат багийн нутаг Цагаан толгой гэх газарт алт гарч байна гэж дуулаад бид хэд тийшээ явахаар болсон. Улмаар Ө, Д, Г нар түрүүлж яваад Ө-нд байсан ба би араас нь буюу маргааш нь очсон. Тэгээд бид дөрөв тухайн Цагаан толгой гэх газарт очиход ямар нэгэн хүн байхгүй байсан ба бид хэд шрүпп нүх ухаж байгаад юм олдохгүй болохоор нь өөр нүхрүү ортол тэнд ус байсан. Тэгэхээр нь би тухайн усыг шавхах гээд Ц-луу 2019 оны 07 сарын 01 -ны өдөр утсаар залгаад ус шавхах багаж авчир гэж хэлсэн. Удалгүй тэр өдрөө Ц нь ус шавхах багаж авчираад бид хэд тэр нүхийг ухаж байгаад орой 16-17 цагийн үед байх (би цаг хугацааг нь сайн санахгүй байна) бид тав Дгийн эзэмшлийн саарал өнгийн Фургон маркийн тээврийн хэрэгсэл дотор 750 граммын Ерөөл нэртэй 2 шил архи хувааж уусан. Гэтэл намайг машинаас гараад иртэл Г Ц хоёр нь юунаас мэдэгдэхгүй хоорондоо маргаад зууралдаад байхаар нь би Цыг арагш нь түлхээд унагаатал Ц суугаагаараа байж байхдаа газраас чулуу аваад Груу шидсэн. Улмаар тухайн чулуу Гын зүүн талын чамархай хэсэгг онтол цус гараад эхэлсэн ба бид хэд Гын толгойн цусыг цэвэрлээд тэндээ хонохоор болсон. Гэтэл Д-ийн эхнэр хагалгаанд орно шөнөө буцаж сумруу явсан бөгөөд бид хэд тэндээ хоносон. Маргааш өглөө нь буюу 2019 оны 07 сарын 02-ны өдөр бид босоод Гыг хартал толгой нь цус болсон байхаар нь түүнийг цэвэрлээд асуутал “миний толгой өвдөөд байна” гэхээр нь өвчин намдаах эм өгсөн. Удалгүй Г тэндээсээ өөрийн саарал өнгийн мотоциклийг унаад явсан ба араас нь бид хэд хоёр мотоцикльтой хуваагдаж суугаад араас нь дагаж явсан. Хэсэг хугацааны дараа бид Өыг гэрт нь очоод Өнөрөөгийн эхнэрээс нь Г-г асуухад “аль түрүүнд Г өөрийн мотоцикльтой яваад өгсөн” гэхээр нь бид тайвшираад тэндээ үлдсэн... Г Ц хоёр хоорондоо маргаж байсан бөгөөд намайг орж салгасны дараа Ц нь 1 удаа чулуу аваад Груу шидтэл толгойн зүүн талын хэсэгт онож гэмтээсэн...” гэжээ. /хх-14-15/,

Гэрч Б.Д  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би цаг хугацааг нь сайн санахгүй байна миний мэдэж байгаагаар 2019 оны 06 сарын 25-ны өдөр Г, Ө, Ө-ийн эхнэрийн хамтаар миний эзэмшлийн Фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй Ноён сумаас Өых руу явсан. Улмаар тэр шөнөө Өынд хоёр хоноод араас А ирээд Г, Ө, А бид дөрөв Ноён сумын Ганзагат баг Цагаан толгой гэх газарт очсон. Тэндээ бид хэд шрүпп /нүх/ ухаж хэсэг байж байгаад өөр нүхрүү орж ухах гэтэл устай байсан. Тэгэхээр нь ус шавхах хэрэгтэй болоод тухайн багажыг Ц-т захиж авчруулсан. Тухайн өдөр нь 2019 оны 07 сарын 01 байсан ба тэр өдрийн 16-17 цагийн үед Ц нь ус шавхах багаж авчирсан ба бид хэд Цын авчирсан 750 граммын 2 шил Ерөөл нэртэй архийг миний машин дотор хувааж ууцгаасан. Улмаар бид хэд хэсэг хугацаанд хөзөр тоглож байгаад гарч бие засаж байж байтал Г нь машинаас гараад Цын ар шилэн хүзүүрүү гараараа нэг удаа цохих шиг болсон. Гэтэл тэр хоёр барьцалдаад байж байтал А дундуур нь ороод Цыг түлхтэл хойшоо хөл алдаад унасан бөгөөд Ц нь газраас нэг чулуу аваад Груу шидэх шиг болсон ба тус чулуу Гын толгойн зүүн талын хэсэгт оносон. Тэгээд бид хэд Гын толгойноос цус гарахаар нь Цын фудволкийг ураад толгойг нь боотол Г нь авч шидээд байхаар нь би хэд явж сум оръё гэтэл “зүгээрээ яахын хэрэггүй” гэсэн. Тэгээд би тухайн үед сумын төврүү явах ажилтай байсан бөгөөд удалгүй тэндээс сумруу өөрийн эзэмшлийн фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан...” гэжээ. /хх-15-17/,

Гэрч Э.Ө мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би өөрийн найз А, Д, Г, нарын хамтаар Өмнөговь аймгийн Ноён сум Цагаан толгой гэх газарт алт ухахаар очсон. Улмаар тэнд шрүпп нүх ухаж байгаад өөр нүхрүү ортол тухайн газарт ус байхаар нь уг усыг шавхах гээд шланк хэрэг болохоор тус сумын иргэн Цг дуудсан. Тухайн өдөр нь 2019 оны 07 сарын 01-ний өдөр байсан бөгөөд Ц нь  орой 17-18 цагийн үед ирсэн. Тэгээд бид хэд уулзаад Цгийн авчирсан 750 граммын 2 шил Ерөөл нэртэй архийг 5 уулаа хувааж уух үедээ хөзөр тоглож байсан. Гэтэл бүгд гарч ороод бие засаад, тамхи татаад байж байсан ба машин дотор сууж байгаад гараад иртэл А нь Г Ц хоёрын дундуур орсон салгаад зогсож байсан. Тэгээд сайн хартал Гын толгойноос цус гарсан байсан бөгөөд түүнийг Цгийн пудволкийг ураад боож байсан. Өөр зүйлийн талаар би мэдэхгүй...” /хх-18-20/,

Шүүгдэгч Б.Ц-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Миний санаж байгаагаар байгаагаар 2019 оны 07 сарын 01 -ны өдөр өөрийн эрхэлдэг ажил болох ЗЛ5 ХХК-наас амралтаа аваад өөрийн оршин суудаг Ноён суманд ирсэн. Гэтэл манай сумын таньдаг залуу болох А нь миний утасруу залгаад “чи алтны нүхний ус шавхах шаланк аваад урд Ганзагд багийн Цагаан толгой гэх газарт хүрээд ир” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тухайн багаж хэрэгслийг аваад үдээс хойш 16-17 цагийн үед очсон. Уг газарт очиход А Д Ө Г нар байсан бөгөөд орой болохоор нь миний авчирсан Ерөөл нэршилтэй 2 шил 750 граммын шилтэй архийг бид тав хувааж уусан. Улмаар тухайн шилтэй архийг хувааж ууж байх үед бид хэд машин дотор хөзөр тоглоод сууж байсан ба машинаас буугаад гарах гэтэл Г нь миний ар дагз хэсэгрүү гараараа нэг удаа цохиод авахаар нь яагаад цохисон талаар нь асуухад намайг “ална тална” гэх үг хэлсэн. Тэгэхээр нь бас миний уур хүрээд бид хоёр барилцаат автал А бид хоёрын голоор ороод салгатал би арагшаа хөл алдаад газар бөгсөөрөө унасан. Улмаар би тухайн суусан газартаа гар түшиж суутал миний гарт нэг атганд таарсан чулуу баригдахаар нь түүнийг аваад шитдэл Гын толгойн тус газарт онож гэмтээсэн. Түүнээс хойш ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй бөгөөд бид хэд Гын толгойноос нь цус гарахаар нь толгойг нь боогоод цусыг нь тогтоосон ба сумын төврүү эмнэлэг явах уу гэж асуутал Г нь “эмнэлэгрүү явах хэрэггүй, би зүгээр” гээд бид хэд тэндээ хоносон. Маргааш нь өглөө нь босоод хартал Г нь гайгүй байсан бөгөөд гэрт нь хүргэж өгөх талаар асуухад хэрэггүй гэж хэлээд ганцаараа яваад өгсөн...” гэжээ. /хх-28-30/

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 441 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...М.Г-н биед хуйхны язарсан шарх, зүүн чамархайн цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэжээ /хх-23/,

Үл хөдлөх хөрөнгийн талаарх улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-33/,

Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн засаг даргын тодорхойлолт /хх-41/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-78/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өвчний түүх /хх-47-73/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Ц-н гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Ц-н нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Ц 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчимд ............... аймаг .............. сумын 2 дугаар баг ...................  гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Гтай маргалдан толгойн тус газарт чулуу шидэж хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Гын  мэдүүлэг /хх-7-8/, гэрч С.Хэрлэнчимэгийн мэдүүлэг /хх-9-10/, гэрч С.Агийн мэдүүлэг  /хх-14-15/, гэрч Б.Дгийн мэдүүлэг /хх-15-17/, гэрч Э.Өын мэдүүлэг /хх-18-20/, яллагдагч Б.Ц-н мэдүүлэг /хх-28-30/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/ зэрэг хавтаст хэрэгт  авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ц-н үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Гын эрүү мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 441 дугаартай шинжээчийн “...М.Гын биед хуйхны язарсан шарх, зүүн чамархайн цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл  тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-23/, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Гын өвчний түүх, эмчилгээ хийлгэсэн хуудас, яаралтай тусламжийн хуудас, гэмтлийн эмчийн үзлэг, гавал тархины тодосгогч бодисгүй компьютер томографийн шилжилгээ, мэс заслын тэмдэглэл, сувилгааны тэмдэглэлийн хуулбар /хх-47-73/ зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан. Шүүгдэгч Б.Ц нь газраас чулуу авч хохирогч М.Г руу шидэж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзэв.

          Шүүгдэгч Б.Ц 1985 оны 11 дүгээр сарын 04-нд .............. аймаг, ............... суманд төрсөн, эрэгтэй, ..............настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, .................. ажилтай, ам бүл 1............... аймаг, ............. сум, ................. багт оршин суух хаягтай, нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, ял шийтгэлгүй болох нь Үл хөдлөх хөрөнгийн талаарх улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-33/, ................ аймгийн ............. сумын ............. багийн засаг даргын тодорхойлолт /хх-41/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-78/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Ц-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.

Шүүгдэгч Б.Ц-н гэмт үйлдлийн улмаас хохирогч М.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учирч хор уршигт нэхэмжилсэн хохирол төлбөрийг дараах  байдлаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч эмчилгээтэй холбоотой зардал, өмгөөллийн хөлс 6.428.317 төгрөг, толгойдоо хагалгаа хийлгэж нөхөөс тавиулах төлбөр 500.000 төгрөг тус тус  нэхэмжилсэн.

          Шүүгдэгч Б.Ц хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Гад эмчилгээтэй холбоотой зардал, толгойдоо хагалгаа хийлгэж нөхөөс тавиулах төлбөр 500.000 төгрөг,  4.827.717  төгрөг төлсөн болох нь шүүгдэгч Б.Ц-н мэдүүлэг /хх-30/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, 379.400 төгрөгийг дансаар шилжүүлсэн талаарх шүүгдэгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд хохирол төлбөрөө авсан талаарх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

            Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнө байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж тус тус заасныг баримтлан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Гын толгойдоо хагалагаа хийлгэж нөхөөс тавиулах 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх эмчилгээний зайлшгүй зардал гэж үзэж хангаж шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Ц-н дээр дурдсан хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хуваан хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Г, өмгөөлөгч Ц.Б нарын хүсэлт, хохирогч амь насанд аюултай хүнд гэмтэл авсан,  мөн биеийн байдлыг тус тус харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Ц-т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овгийн Б.Ц-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ц хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Г-д эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 4.827.717 /дөрвөн сая найман зуун хорин долоон мянга долоон зуун арван долоо/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Гын нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Г цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шүүгдэгч Б.Ц цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ