Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01975

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04586 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг, зардалд 212,067,755 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч ******* нь ******* ХК-тай 2020 оны 10 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 157,500,000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай бараа бүтээгдэхүүн худалдан авахаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр байгуулсан барьцааны гэрээгээр бизнесийн орлогыг барьцаалсан, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг банкны өмчлөлд шилжүүлсэн. Уг зээлийн гэрээнд 2021 оны 10 сарын 27-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 108 сар болгож, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Зээлдэгч 2025 оны 01 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 10,390,855 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 34,506,123 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,000 төгрөг, нийт 44,897,978 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, гэрээний үүргээ зөрчсөн тул банк зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд үндсэн зээлийн төлбөрт 147,109,145 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 61,270,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,631,389 төгрөг, нотариатын зардал 57,000 төгрөг, нийт 212,067,755 төгрөг гаргуулж, ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч тээврийн хэрэгслийг банкинд хүлээлгэн өгсөн гэх боловч тээврийн хэрэгслийг ашиглах эрх *******д байсан, банкинд өгсөн баримт байхгүй. Тээврийн хэрэгслийн улсын дугаар ******* нь ******* болж өөрчлөгдсөн гэжээ.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ******* ХК-тай 2020 оны 10 сарын 07-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээг байгуулан 157,500,000 төгрөгийг 96 сарын хугацаатай зээлж авсан. Фидуцийн гэрээгээр шинэ ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг банкны өмчлөлд шилжүүлсэн. Фидуцийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг нэг мөр дуусгавар болгох нь зүйтэй гэж үзэж байна. Зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс 212,010,755 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс арлын ******* дугаартай, ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслээр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 1,288,490 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,218,004 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй бөгөөд шүүх үйл баримтыг үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

1.******* нь *******" ХК-д хандаж 2022 оны 03 сарын 30-ны өдрийн хүсэлтдээ ...зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2020 оны 10 сарын 07-ны өдрийн фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг банкинд хураалгаж, зээлээ хаалгах хүсэлтээ уламжилж, зээлийн гэрээний үүргийг барьцааны гэрээгээр дуусгавар болгохоор мэдэгдсэн. Энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах талаар нөгөө талдаа мэдэгдсэн үйл баримт байхад шүүх тус үйл баримтыг зөв үнэлэн дүгнэлгүйгээр, үндэслэлгүй шийдвэр гаргасан. "*******" ХК нь гэрээ цуцлах үндэслэл бий болсон байхад гэрээг цуцлахгүйгээр хүү нэмж тооцож, гэрээг цуцлах хүсэлт гаргаснаас хойшхи 3 жилийн хугацаанд үндэслэлгүйгээр хүүгийн төлбөрт 64,901,609 төгрөг шаардсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлээс хасаж өгнө үү.

2.******* дээрх хүсэлтдээ энэ өдрөөр зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийн үлдэгдлийг фидуцийн гэрээний зүйл болох ******* Улсын дугаартай тээврийн хэрэгслээр хангуулахаар тээврийн хэрэгслийн түлхүүр болон бичиг баримтыг банкинд шилжүүлэн өгч, өөрийн зүгээс бүх арга хэмжээг авсан. *******гийн бизнесийн хамтрагч ******* /2024.03.14-ний өдөр нас барсан/ уг тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч байсан ба тэрээр "*******" ХХК-аас тээврийн хэрэгслийг сонгож авахдаа надаар зээл авахуулсан. Энэ байдлыг "*******" ХК-ийн Ривер гарден салбарын захирал *******, харилцааны менежер ******* нар мэдэж байсан. Тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* нь сар бүрийн зээлийн төлбөрийг миний дансанд шилжүүлж, түүнийг нь банк татаж авч ирсэн юм. Мөн ******* бусдад төлөх өр төлбөртөө уг тээврийн хэрэгслийг ******* гэх хүнд шилжүүлсэн байсан.

Автомашины зээлийн төлбөр нэхэгдэхэд би автомашиныг олж авахаар 2022 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж энэ бүх үйл явдлыг тогтоолгосон ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ бүх байдлыг банкны хүмүүст мэдэгдэж, өөрийн хадгаламжаа цуцалж, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 13,720,800 төгрөг төлсөн. Энэ үед ч автомашиныг олж авч, өр төлбөртөө тооцож авахыг банкинд удаа дараа мэдэгдэж, автомашиныг бодитоор гарган өгөхийн тулд банктай хамтран ажилласаар ирсэн. Автомашины өмчлөгч нь "*******" ХК тул Иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлийн дагуу автомашиныг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан, үүнд нь би банкинд тусалж автомашины бодит эзэмшил хэнд байгааг банкинд гарган өгч байсан. Гэтэл банк нь зээлийн гэрээг цуцлах хүсэлтээс хойш 3 жилийн хугацаанд зээлийн гэрээг цуцлалгүй хүү тооцож, фидуцийн зүйлээр үүргийг хангуулах асуудлаар банктай харилцаж байгаагүй, хүчин чармайлт гаргаагүй мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй, шүүх эдгээр үйл баримтыг зөв үнэлэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан шийдвэр болжээ.

3.Би тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч *******д итгэмжлэл өгч төлөөлөгчөөр дамжуулан оролцож байсан ч төлөөлөгч шүүх хуралдаанд биеийн байдлаас болж оролцож чадалгүй, таалал төгссөн байна. Төлөөлөгч маань 2025.05.21-ний өдөр болсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж, шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг би мэдээгүй, энэ талаар надад хэлээгүй. Шүүх хуралдаан болсныг хожим мэдсэн, шүүхийн шийдвэрийг 2025.06.25-ны өдөр шуудангаар хүлээн авсан.

Энэ нь төлөөлөгч, төлөөлүүлэгчийн хоорондын асуудал мэт боловч хариуцагч талын оролцоогүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, үр дагаварт нь хариуцагч миний эрх, ашиг сонирхол ноцтой хохирч, хариуцагчийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04586 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэх зүйл дурдагдаагүй. Зээлийн гэрээний 6.5-д талууд энэ гэрээгээр үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасан. Фидуцийн гэрээний 2.4.3-т зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгийг үл маргах журмаар бодитоор шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн гэж, мөн 5.2-т хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн авахад акт үйлдэж, хүлээлцэх бөгөөд боломжгүй нөхцөл байдалд бусад нотолгооны аргаар баталгаажуулна гэж заасан. Банкнаас хөрөнгийг шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан *******тэй холбогдож байсан. Гэвч бодит байдалд хүлээж авах боломжгүй байсан. Тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэй этгээд нь бодитоор авчирч өгөөгүй, банкнаас тухайн тээврийн хэрэгслийг хаана байгааг мэдэх боломжгүй байсан. Зээлдэгч зээлийн гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасан ч хөрөнгийг бодитоор шилжүүлж өгөөгүй учир зээлийн гэрээний харилцаа хэвээр байгаа учир гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй. Тиймээс хариуцагч нь гэрээний дагуу зээлээ төлөх үүрэг хүлээнэ. Хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй тухай анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн эрх ашгийг хамгаалах хугацаагаар хангалттай хангасан. Хариуцагч руу тухайн үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга утсаар холбогдсон. Иймд гомдолд дурдсан өөрийн биеэр оролцож, эрх ашиг сонирхлоо хамгаалуулаагүй, эрх ноцтой зөрчигдсөн гэх тайлбар үндэслэлгүй. Хариуцагч зээл хаах талаар бичгээр банкинд 1 удаа хүсэлт өгөөд энэ асуудлыг хаясан. Мөн анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулах, эрх ашгаа хамгаалуулах хугацаа байсан ч өнөөдөр анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримт гарган ярьж байна. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд 212,067,755 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслээр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, банктай фидуцийн гэрээ байгуулан зээл авсан тул үүрэг зөрчигдсөнөөр банк фидуцийн зүйлээр зээлийн үүргийг хангуулах боломжтой, тээврийн хэрэгслийн түлхүүрийг банкинд өгсөн гэж тайлбарлан маргажээ.

3.******* ХК, ******* нарын хооронд 2020 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 157,500,000 төгрөгийг, жилийн 15 хувийн хүү, 96 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч авсан зээлийг ашиглаж, тохиролцсон хуваарийн дагуу хүүгийн хамт буцаан төлөх үүргийг, мөн зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байна. Шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон байна. Зээлдүүлэгч зээлийг олгосон талаар талууд маргаагүй байна.

4.Зээлдэгч ******* зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зээлийг харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй нь 2025 оны 01 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 10,390,855 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 34,506,123 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,000 төгрөг, нийт 44,897,978 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй тухай нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн бүртгэлийн картаар тогтоогдсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020.11.18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай №183 дугаар тогтоол болон Ковид-19 цар тахлын улмаас хариуцагчийн орлого доголдсон учир зээлдэгч *******гийн 2021.10.26-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд зээлийн гэрээний хугацааг 108 сар болгон өөрчилж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Хариуцагч энэ хугацаанд мөн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч буюу банк гэрээнд заасан зээлийг зээлдэгчид олгох үүргийг, харин зээлдэгч буюу хариуцагчийн хувьд авсан зээлээ буцаан төлөх үүргийг хүлээдэг. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар зээл төлөх үүрэг нь зээлдэгчийн үүрэг тул хариуцагч ******* зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдалд нэхэмжлэгчийг буруутгахгүй.

Иймээс анхан шатны шүүх хариуцагчийн төлөх зээлийн гэрээний үүргийг зөв тодорхойлж, хариуцагч *******гээс 212,010,755 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

5.Зээлийн гэрээний талууд 2020 оны 10 сарын 07-ны өдөр фидуцийн гэрээгээр Форд мустанг /*******/ маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үед уул үүргийг хангуулахаар тохиролцож, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр ******* ХК бүртгэгдсэн байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа учир фидуцийн зүйлээр үүргийг хангуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд ...уг тээврийн хэрэгсэл банкинд ирээгүй учир хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаж байна ... фидуцийн гэрээний зүйлээр хангуулах тухай шаардлагаас татгалзаж байна... гэж тайлбарласан нь дээрх фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан агуулгатай байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох ба нэхэмжлэгч нэгэнт үүргийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлагаас татгалзаж мөнгөн төлбөр гаргуулахаар шаардсан тул энэ агуулгаар мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч ******* ХК нь фидуцийн гэрээний зүйл болсон Форд мустанг /*******/ маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг бодитоор гаргуулан авахаас татгалзсан гэж үзэх тул уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч фидуцийн зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжтой тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

6.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна. 2025.05.21-ний өдрийн 16:30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн *******, мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* дугаараар дамжуулан мөн сарын 13-ны өдөр мэдэгдсэн нь хэргийн 66 талд, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийн эзгүйд явуулахыг зөвшөөрсөн хүсэлтийг шүүхэд цахимаар ирүүлсэн нь хэргийн 70 талд тус тус авагджээ.

Иймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талд шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй. Мөн хариуцагч нар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй учир шүүх тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчөөгүй байна.

7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,288,490 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Э.ЭНЭБИШ