| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 221/2026/0001/З |
| Дугаар | 001/ХТ2026/0070 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2026/0070
“Э***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Засгийн газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/ШШ2026/0010 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээд “БХТ”-ийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Э***” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт (цаашид “Засгийн газар” гэх) холбогдуулан “Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2 дахь заалтаар: Төрийн зарим чиг үүргийг “БХТ” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэхээр болсонтой холбогдуулан уг газрын дүрмийг шинэчлэн баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт үүрэг болгож;
3 дахь заалтаар: Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, ...” гэснийг хасаж тус тус шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгч “Э***” ХХК-аас дээрх Засгийн газрын тогтоолыг эс зөвшөөрч, илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ (агуулгаар нь товчлон тусгав) “... Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоол хууль зөрчсөн тухайд: ... Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг бусдад шилжүүлэх эрх Засгийн газарт олгогдоогүй, ... Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг “БХТ” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт шууд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг зөрчсөн, түүнчлэн тогтоолын 3 дахь заалтаар “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх” гэснийг хассан нь өмнөх зохицуулалтыг дордуулж, нэг этгээдэд сонгон шалгаруулалтгүйгээр төрийн үйлчилгээг шилжүүлж ашиг олох давуу нөхцөлийг бүрдүүлсэн;
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогыг зөрчиж байгаа тухайд: ... БХТ монополдож ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа нь хуулийн өмнө адил тэгш эрхтэй байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөж, төрийн чиг үүргийг эргүүлэн төрийн өмчит этгээдэд төвлөрүүлж, Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”, Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор батлагдсан “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгүүдийн эсрэг чиглэсэн шийдвэр үйлчилж, нийгэмд сөрөг үр дагаврыг бий болгосон, … Засгийн газрын энэ тогтоолын заалт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан хуулийн хориглолтыг үл тоосон ашиг сонирхлын зөрчил үүсгэх боломж олгосон, ... Барилга, хот байгуулалтын яам нь өөрийнхөө чиг үүрэгт хамаарахгүй төрийн захиргааны байгууллагын (Засгийн газрын агентлагийн) чиг үүргийг өөр этгээдээр хууль зөрчин гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан нь ТББ, хувийн хэвшилд шилжүүлэх тухай Засгийн газрын 22 дугаар тогтоолоор баталсан аргачлалыг огт мөрдөөгүй, сонгон шалгаруулалт хийгээгүй, нэг этгээдэд давуу байдал олгож, барилгын ижил төрлийн байгууллагуудын өрсөлдөх боломжгүй болгож, эрх ашгийг хөндөж хохироосон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байгаа;
-Засгийн газрын тогтоол нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, хууль бус үйлдлээ халхавчлах хэрэгсэл болж байгаа тухайд: ... Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд хуульчилсан барилгын төрийн захиргааны байгууллага болох Засгийн газрын агентлагт тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.10 дахь заалтаар олгосон төрийн чи гүүргийг БХТ-д шилжүүлэхээр гаргасан Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг Улсын дээд шүүхийн 2016 оны 264 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл Барилга, хот байгуулалтын яам нь Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу эрх ашиг нь хөндөгдөх этгээдүүдээс хэлэлцүүлэг хийж санал авахгүйгээр, Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг гаргуулж, хууль зөрчихөд хүргэсэн, энэ тогтоолоор халхавчлан Барилгын тухай хуулиар тусгайлан олгосон төрийн байгууллагын чиг үүргийг дур мэдэн гүйцэтгэн хууль бус үйлдлээ үргэлжлүүлж байна, уг тогтоолыг гаргаснаар Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Төр хувийн хэвшлийн түншлэл болон төвлөрлийг сааруулах төрийн бодлогын 2 баримт бичигт нийцээгүй, Засгийн газрын өмнө нь гаргасан 251, 22 дугаар тогтоолуудтай зөрчилдсөн шийдвэр, 51 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт” гэж тус тус тодорхойлон маргажээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... “БХТ”-ийн мэргэшсэн хүний нөөц, туршлага, материаллаг баазтай, агентлагийн чиг үүрэг хэрэгжүүлж байсан, мэргэжлийн байгууллага болохын хувьд түшиглэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргүүдийг гүйцэтгүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яамнаас санаачлан Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д тус тус заасныг үндэслэн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын гишүүдээс саналыг авч тусган Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн, Засгийн газрын хуралдаанаас тогтоолын төслийн үндэслэх хэсгийн Барилгын тухай хуулийн “36.1” гэснийг “34.2” гэж өөрчилж, Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг үндэслэн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолыг баталсан, энэхүү маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актад тавигдах шинжийг хангасан, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
5.Гуравдагч этгээд “БХТ” ТӨААТҮГ-аас “... Барилгын тухай хуулийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоол болон Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай” 2021/22 дугаар гэрээний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна, Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл, Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь Засгийн газар хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд, хуулиар өөр байгууллагад шилжүүлж болохоор заасан төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн, иймд уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5-д заасан акт гэж үзэх үндэслэлгүй” гэж тайлбарлан гарган маргажээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д тус тус заасныг баримтлан “Э***” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
7.Нэхэмжлэгч “Э***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Б.М нараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/ШШ2026/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан. Үүнд:
7.1.Давж заалдах шатны шүүх маргааны гол үндэслэлүүдэд бүрэн дүгнэлт өгөөгүй, өмнө шийдвэрлэгдсэн асуудалтай андуурч хамаатуулсан, илт хууль бус актын эрх зүйн шалгуурыг хэрэглээгүй, хуулийн үндэслэлийг тогтоогоогүй, нотлох баримтыг нягталж үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
7.2.Шүүхийн өмнөх шийдвэрүүдийн талаар: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо, Засгийн газрын 51 дүгээр тогтоол анхнаасаа “илт хууль бус” эсэхийг тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд энэ нь актын үндсэн хүчин төгөлдөр байдалд хууль зүйн дүгнэлт гаргуулах, хууль зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх, акт гаргах процессын ноцтой зорчил гаргасан эсэх зэргийг хамарсан бие даасан маргаан байсан юм. Гэтэл маргаан бүхий тогтоол нь бүхэлдээ хуулийн үндэслэлтэй эсэх, эрх зүйн хувьд бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн.
7.2.1.Өөрөөр хэлбэл, 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/ШШ2026/0010 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр магадлал нь хучин төгөлдөр байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж шийдвэрлэсэн буюу өмнө нь шийдвэрлэсэн маргааны нэхэмжлэлийн шаардлага өөр байсаар байтал хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
7.2.2.Учир нь өмнө нь нэр бүхий иргэдээс, маргаан бүхий тогтоолын хуулийн үндэслэлийг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэхдээ Засгийн газрын 51 дүгээр тогтоолын 1 дэх заалтад байгаа Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн зөвхөн 2 заалтыг л хэлэлцэж хүчингүй болгож буюу “... хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.
7.3.Шүүх маргааны гол үндэслэлд дүгнэлт өгөөгүй тухайд: Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлүүдээр дүгнэлт өгөөгүй болно.
7.3.1.Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд хуулиар тогтоосон Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээр байхад эдгээр хууль заасан “... хуульд нийцүүлэн ...”, “... төрийн бус мэргэжлийн байгууллагад ...” “... гэрээгээр ... ”, “сонгон шалгаруулалтаар” гэсэн хуулийн нөхцөл, шаардлагыг үл хэрэгсэн, энэ талаар дүгнэлт өгөлгүйгээр маргаан бүхий тогтоолыг төрийн өмчит этгээдэд шууд давуу эрх олгон гаргасан. Энэ нь хуулийн биелэлтийг хангах үүрэгтэй Засгийн газар хуулиа мөрдөөгүй, эрхээ хэтрүүлсэн, улмаар Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан гэж үзэхээр байна. Засгийн газар хуулийн шаардлага, нөхцөлийг үл хэрэгсэн шийдвэр гаргаж, хуулиар олгогдоогүй зохицуулалт бий болгосныг шүүх авч үзээгүй.
7.3.2.Маргаан бүхий тогтоолоор чиг үүрэг шилжүүлэх эрхгүй Барилгын сайдад зөвшөөрсөн заалт нь бусдаар хууль зөрчсөн үйлдэл хийлгэх агуулгатай бөгөөд энэ үйлдэл нь ноцтой үр дагавар үүсгэн бусдад өрсөлдөөнгүйгээр давуу байдал үүсгэж, бусдын эрх ашгийг хохироож, хууль давсан эрх мэдэл эдэлсэн байхад шүүх бодитой дүгнэлтийг хийгээгүй.
7.3.3.Нэхэмжлэлд тодорхой дурдсан байхад маргаан бүхий тогтоол нь анхнаасаа Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор баталсан “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгүүдийг бүхэлд нь зөрчиж, төрийн өмчит нэг этгээдэд чиг үүрэг шилжүүлэн давуу байдал бий болгосон. Мөн Засгийн газар нь төрийн чиг үүрэг шилжүүлэх талаар 2018 оны 22 дугаар тогтоолоороо баталсан “Төрийн чиг үүргийг дахин хуваарилах аргачлал”-д заасан заалтуудыг огт мөрдөөгүй. Тухайлбал,эрх ашиг хөндөгдөх этгээдүүдийн оролцоог хангаагүй, хуульд өөрчлөлт оруулах чиг үүргийн үнэлгээ хийж хуульд өөрчлөлт оруулах санал бэлтгэж Улсын Их Хуралд мэдүүлэх зэрэг процессыг хийгээгүй зэрэг нь маргаан бүхий акт нь анхнаасаа хууль бус болохыг шүүх шалгаж тогтоогоогүй байна.
7.3.4.Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа 2016 оны 264 дүгээр тогтоолыг эш татаж, зөвхөн “барилгын зураг тосолд магадлал хийх талаар гаргасан нэхэмжлэл”-ийн үйл баримтыг үндэслэл болгож, Улсын дээд шүүхийг өмнө нь Улсын Их Хурлаар хуульд өөрчлөлт оруулахгүйгээр чиг үүрэг шилжүүлэх эрхтэй гэсэн дүгнэлт хийсэн гэж, мөн Засгийн газар нь “хуульд нийцүүлэхгүйгээр чиг үүрэг шилжүүлэх эрхтэй” гэсэн мэтээр Улсын дээд шүүхийн шийдвэрийг мушгин хамаатуулж, “маргаж буй асуудал нь хуульд үндэслээгүй, энэ маргаанд хамаагүй” гэж Улсын дээд шүүх үзсэн гэж буруугаар ашигласан байна. Мөн шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “БХТ” ТӨААТҮГ нь (улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын тусгай зөвшөөрөлгүй статус өөрийгөө санхүүжүүлдэг, ашгийн төлөө компани) засгийн газрын бус байгууллага (хөгжлийн хөтөлбөр, дэмжлэгийн сан, уран бүтээлийн нэгдэл, мэдээллийн агентлаг г.м) гэж андуурч, улмаар Засгийн газар хууль зөрчих эрхтэй мэт буруу дүгнэлт хийжээ.
7.3.5.Түүнчлэн өмнө нь гарсан Засгийн газрын 251 дүгээр тогтоолын “төрийн чиг үүргийг мэргэжлийн этгээдээр сонгон шалгаруулалтын үндсэн дээр гэрээгээр гүйцэтгүүлэх тухай” заалтыг хүчингүй болгосон нь Засгийн газрын 51 дүгээр тогтоолтойгоо зөрчилдсөн, тогтоолын нэршил, агуулга, заалтууд нь анхнаасаа зөрчилтэй байгааг хянаж үзээгүй.
7.3.6.Ингэснээр төрийн бодлого үйл ажиллагааны нэгдмэл байдлыг алдагдуулсан, бодлого шийдвэрүүдээ зөрсөн байгааг, тухайлбал, энэ тогтоол батлагдсанаар Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 заалт нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, 5 заалтыг нь сайд төрийн бус байгууллагуудад шилжүүлсэн 2 заалт эзэнгүй, 8 заалтыг БХТ-д шилжүүлж эрх мэдлээ хэтрүүлж замбараагүй болгосныг шүүх огт үнэлээгүй, маргаан бүхий тогтоолыг гаргах процесс анхнаасаа буруу, хууль бус байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
7.4.Хуульд илт харшилсан тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардлагын гол үндэслэл болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 350 дугаар тогтоолуудаар батлагдсан бодлогын баримт бичиг, аргачлалуудыг баримтлаагүй, тэдгээрт харшилсан талаар бодитой дүгнэлт хийж шийдвэрлээгүй.
7.4.1.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гол маргаанд субьектив байдлаар хандаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр нь өөрөө хууль зүйн бодит үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Учир нь Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний 376 дугаар тогтоол, Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 405 дугаар шийдвэрт “51 дүгээр тогтоолоор “шилжүүлсэн гэх зарим заалт нь нэхэмжлэгчдийн эрх ашгийг хөндөж, хохироосон гэж дүгнэж хүчингүй болгосон мөртлөө тус тогтоолын бусад заалтуудыг хүлээж авахаас татгалзсан нь Улсын дээд шүүхээс асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна” гэж үзсэн. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2023 оны 30 дугаар тогтоолоор “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүнд уг акт “илт хууль бус байх” үндэслэл тогтоогдсон ч шүүх уг актыг “хүчингүй болгох” нэхэмжлэлийг хангах боломжтой актын эрх зүйн үр дагаврыг зөвхөн хаяглагдсан этгээдээр хязгаарлах биш, уг актын “үр дагавар” нэхэмжлэл гаргаж буй этгээдэд тодорхой үйлчлэлтэй байж болох эсэхийг шүүх харгалзан үзнэ” гэж тайлбарласан хууль зүйн тайлбар байсаар байтал дээрх байдлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулснаас гадна нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй хэмээн тайлбарлаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасныг орхигдуулсан байна.
7.5.Эрх ашиг хөндөгдсөн тухайд: Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эрх ашиг ноцтой хохирч байгаа үйл баримтыг хангалттай дурдаж, хохирлын нотлох баримтыг гаргасан байхад маргаан бүхий тогтоолын улмаас зөрчигдөж байгаа эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэн өмнө гарсан магадлалаас иш татан хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, маргаан бүхий тогтоолоор шилжүүлсэн чиг үүргийн 2 заалт нь эрх ашгийг хөндөж хохироосон гэж үзсэн нь бусад чиг үүргүүд хохироогоогүй гэсэн дүгнэлт биш юм. Энд шилжүүлсэн гэх чиг үүрэг хохироосон уу? Маргаан бүхий тогтоол нь эрх ашиг хөндөж хохироосон уу? гэсэн асуултыг нэг бүрчлэн судалж тайлбар авч шийдвэрлэх ёстой байсан.
7.5.1.Улсын дээд шүүхийн 376 дугаар тогтоолд “51 дүгээр тогтоолоор “... шилжүүлсэн гэх зарим заалт нь нэхэмжлэгчдийн эрх ашгийг хөндөж, хохироосон гэж дүгнэж хүчингүй болгосон мөртлөө тус тогтоолын бусад заалтуудыг хүлээж авахаас татгалзсан нь Улсын дээд шүүхээс асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэсэн... ”мөн тогтоолтой холбоотой хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шүүхээс даалгасан” шийдвэр нь эрх ашиг хөндсөнийг нотлоод, үр дагаврыг арилгах асуудал тавигдсаныг шүүх ач холбогдол өгч шийдвэртээ тусгаагүй. Засгийн газрын 51 дүгээр тогтоолоос үүдсэн эрх ашгийн асуудлыг шүүх ул суурьтай судалж шийдвэрлэх ёстойг харуулж байна. Шилжүүлсэн гэх чиг үүргийн зарим нь эрх ашиг хохироосон л бол Засгийн газрын тогтоол нь бүхэлдээ эрх ашиг хөндөж хохироосон гэдэг логикт хүргэж байгаад хууль зүйн зөв ойлгомжтой дүгнэлт өгөх ёстой байсан гэж үзэж байна.
7.6.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/ШШ2026/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
8.Хариуцагч, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах журмаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүх хэргийн үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
10.Нэг. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно”, 52.2.2-т “захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно” гэж,
11.Мөн Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 32.1.1-д “барилгын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах”, 32.1.8-д “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлах” бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэх талаар тус тус хуульчилж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 18.4, 34.2, 44.7-д заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлж болно” гэж тус тус зохицуулжээ.
12.Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлэх эрхтэй бөгөөд гагцхүү тухайн этгээд нь Засгийн газрын бус, төрийн бус мэргэжлийн байгууллага байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг төрийн оролцоо хамааралгүй мэргэжлийн байгууллагад шилжүүлэхийг зөвшөөрсөн агуулгатай байна.
13.Гэтэл Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “БХТ” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн нь “Засгийн газрын бус”, “төрийн бус, мэргэжлийн байгууллага” гэдэг хуульд заасан нөхцөлд хамаарна гэж үзэхээргүй байна.
14.Тухайлбал, “БХТ” нь Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга, захиалагчийн алба” улсын үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж бий болгосон 100 хувийн төрийн хөрөнгө оруулалттай төрийн өмчит хуулийн этгээд байна. Иймээс “БХТ” нь барилгын салбарын мэргэжлийн чиг үүрэг гүйцэтгэх чадавхтай эсэхээс үл хамааран Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан шаардлагыг хангахгүй байна.
15.Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна”, 2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэж заажээ.
16.Мөн Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 34.1.10-т “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох” гэж заасан бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж тус тус зааснаар төрийн аливаа чиг үүрэг, өмч хөрөнгө шилжүүлэх харилцаанд оролцох сонирхогч этгээдэд тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг олгох учиртай.
17.“БХТ” нь төрийн өмчид үндэслэн байгуулагдаж, өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх, бие даан иргэний гүйлгээнд оролцох чадвартай аж ахуйн тооцоот хуулийн этгээд тул тухайн зах зээлд бусад мэргэжлийн байгууллагын нэгэн адил ажил, үйлчилгээ үзүүлдэг ашгийн төлөөх хуулийн этгээдийн шинжийг агуулж байна. Төрийн захиргааны байгууллагын нийтийн чиг үүргийг сонгон шалгаруулалтгүйгээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоотой нэг аж ахуйн нэгжид шууд шилжүүлсэн нь бусад төрийн бус, мэргэжлийн байгууллага тухайн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх боломжийг хязгаарлаж, өрсөлдөх тэгш боломжийг алдагдуулсан, төр өөрийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлтэй.
18.Иймээс нэхэмжлэгчийн ““... хуульд нийцүүлэн ...”, “... төрийн бус мэргэжлийн байгууллагад ...”, “... гэрээгээр ... ”, “сонгон шалгаруулалтаар” гэсэн хуулийн нөхцөл, шаардлагыг үл хэрэгсэн, энэ талаар дүгнэлт өгөлгүйгээр маргаан бүхий тогтоолыг төрийн өмчит этгээдэд шууд давуу эрх олгон гаргасан”, “… манай зөвлөх мэргэжилтэн, экспертүүд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, барилга байгууламжийн зураг төсөлд экспертиз, магадлал хийх ажил зогссон, ... БХТ-өөс өөр тусгай зөвшөөрлөөр магадлал хийдэг газар Монгол Улсад байхгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
19.Гэтэл давж заалдах шатны шүүх “... хариуцагч Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд уг эрхийнхээ хүрээнд маргаан бүхий Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг гаргасан ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
20.Түүнчлэн Улсын Их Хурлаас 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 64 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын 2 дугаар зүйлийн 2.3-т “Түншлэлд оролцогч хувийн хэвшлийн этгээдийг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгоно”, 2.4-т “Түншлэлийн арга, хэлбэр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, холбогдох төрийн байгууллагаас гаргасан шийдвэр, хувийн хэвшлийн этгээдийг сонгон шалгаруулах ажиллагаа, түншлэлийн үр дүн нийтэд ил тод, нээлттэй байна”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Түншлэл дараахь төрөлтэй байна”, 4.1.3-т “төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх түншлэл”, 5 дугаар зүйлийн 5.1-д “дараахь төрийн байгууллага түншлэлд оролцоно”, 5.1.6-д “төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэж тус тус заажээ.
21.Дээрх бодлогоос үзвэл түншлэлд оролцогч хувийн хэвшлийн этгээдийг хуульд зааснаас бусад тохиолдолд зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгох бөгөөд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь түншлэлд хувийн хэвшлийг төлөөлөн оролцох этгээд бус, харин төрийн байгууллагын хувьд оролцогч байна. Иймд төрийн тодорхой чиг үүргийг бусад этгээдээр гүйцэтгүүлэхдээ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалт явуулж, уг ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй, өрсөлдөх тэгш боломжийг хангасан байдлаар хэрэгжүүлэх нь дээрх бодлогын баримт бичигт нийцэх юм.
22.Нөгөө талаас 2022 онд батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг шударга, эрх тэгш, ил тод, өрсөлдөөнд суурилсан, нээлттэй, үр дүнтэй, хариуцлагатайгаар зохион байгуулж, сонгон шалгаруулалтын бүх үе шатны явц, үр дүнг нийтэд нээлттэй мэдээлж байх” гэсэн түншлэлийн зарчим нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарын түншлэлийн харилцаанд мөн баримтлагдах учиртай. Хэдийгээр маргаан бүхий тогтоолыг 2018 онд баталсан ч захиргааны акт хүчин төгөлдөр хуулийн шаардлагад нийцэх ёстой, хуульд нийцүүлэх арга хэмжээг хуулийн биелэлтийг Улсын Их Хурлын өмнө хариуцдаг Засгийн газрын хувьд анхаарах ёстойг дурдах нь зүйтэй.
23.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмын нэг болох “хуульд үндэслэх” зарчмыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцохоор зохицуулсан. Уг заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өмнөх “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх агуулгаас “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж өөрчилсөн боловч эрх зүйн зохицуулалтын мөн чанар, агуулга өөрчлөгдөөгүй болно.
24.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 131 дүгээр тогтоолд[1] “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны “хууль дээдлэх” зарчмын агуулгыг тайлбарлахдаа хууль тогтоох эрх мэдэл Үндсэн хуульд, харин гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаа Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байхыг шаардана” гэж дүгнэсэн. Мөн үүнтэй уялдуулан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчим нь захиргааны байгууллагын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх аливаа шийдвэр, үйл ажиллагаа хүчин төгөлдөр эрх зүйн үндэслэлтэй байх, мөн тухайн эрх зүйн үндэслэл нь дээд эрэмбийн хэм хэмжээтэй нийцсэн байхыг шаарддаг болохыг тайлбарласан. Харин энэхүү зарчим зөрчигдсөн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу тухайн захиргааны акт илт хууль бусад тооцогдох талаар хууль хэрэглээний тайлбар өгсөн бөгөөд уг тайлбар нь энэ маргаанд мөн нэгэн адил хамаарна.
25.Иймд Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоол нь холбогдох хууль тогтоомжуудад заасан “Засгийн газрын бус”, “төрийн бус” байх, “сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгосон” байх нөхцөлийг тус тус хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмыг зөрчиж гарсан тул мөн хуулийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр маргаан бүхий акт нь илт хууль бус актын шинжийг агуулсан гэж үзнэ.
26.Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/ШШ2026/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ
[1] “Гэгээн хэлхээ” ХХК ба Татварын ерөнхий газрын улсын байцаагч нар, УДШ, 128/2023/0558/З, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2024/0131, х.7.