Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 046

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Толбо сумын 5 дугаар багийн оршин суугч Х.Ашимийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох,

аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 дүгээр захирамжийн холбогдох хэсгийн хүчингүй болгож, Х.Ашимийг Толбо сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, гуравдагч этгээд Б.Даулет, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ашим шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.Ашим миний бие 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн Засаг даргын 225 тоот захирамжаар Толбо сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд түүнээс хойш захирлын үүрэгт ажлыг 11 жил тасралтгүй гүйцэтгэж байгаа билээ. 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болсон тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д тус тус заасны дагуу ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ хуулийн хугацаанд ажил олгогч буюу аймгийн Засаг даргад гаргасан ба аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Х.Ашимийг ажлаас түр чөлөөлөх тухай Б/275 тоот захирамжаар захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөж ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Х.Ашимийг эгүүлэн томилох тухай Б/386 тоот захирамжаар Толбо сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилогдсон болно.

Гэтэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга А.Гылымхан нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжаар Х.Ашим намайг урьд нь захиргааны чөлөө авсан гэх үндэслэл, чөлөөний хугацаа дууссан үндэслэлээр эгүүлэн тогтоосон аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/386 тоот захирамжийг хүчингүй болгож хөдөлмөрийн гэрээг нэг талын буюу ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон тул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжийн Х.Ашим надад холбогдох хэсэг нь дараах үндэслэлээр хууль бус хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэснийг илтгэж байна. Учир нь, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан байдал бол Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 18 дахь хэсэгт ...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум дүүргийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус хүчингүй болгоно гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй гэж тодорхой тайлбарласан байдаг. Х.Ашим миний бие төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үндсэн дээр Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсон болно.

Гэтэл аймгийн Засаг даргын Х.Ашим намайг захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөд хүргэж байгаа 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамж нь Улсын дээд шүүхийн тогтоол, Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн илт хууль бус захиргааны акт болох нь дээрхи үндэслэлээр тогтоогдож байна.

Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасныг баримталсан байна. Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т ...төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, үүргээ гүйцэтгээгүй байвал зохино... гэж заасан ёсоор ажил олгогч буюу аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/275 тоот захирамжаар Х.Ашим миний хүсэлтийг үндэслэж захирлын албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг үндэслэж түр чөлөөлсөн бөгөөд миний бие нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш сонгуулийн үр дүн гарах хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй болно. Харин Х.Ашим миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасны дагуу түр чөлөө авах эрхээр хангагдах ёстой бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар захиргааны чөлөөтэй байгаа хугацаанд миний урьд эрхэлж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдах учиртай гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т ...Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно гэж заагаад 37.1.4-д хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага дуусгавар болгоно... гэсэн хуулийн заалтыг аймгийн Засаг дарга Б/440 тоот захирамж гаргахдаа хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн явдал гэж үзэж байна.

Учир нь, Х.Ашим намайг захиргааны чөлөө авсан шалтгаан арилж, аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/386 тоот захирамжаар томилсныг хэдийд, хэн, ямар байгууллага, ямар учраас юуг үндэслэж хүчингүй болгохыг шаардсан нь тодорхой бус байна. Энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн, илт хууль бус акт болохыг илтгэж байна.

Төрийн жинхэнэ албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр төрийн үйлчилгээний албан тушаалтнудыг ажлаас чөлөөлөх явдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох зүйл хэсгээр захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөх тухай заасан юм. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалт нь сонгуулийн өмнөх харилцааг зохицуулсан эрхийн акт бөгөөд сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараах буюу Х.Ашим намайг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн захирлаар буцаан томилсон тухай аймгийн Засаг даргын Б/386 тоот захирамжид хамааралгүй болно.

Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжаар Х.Ашим намайг ажилд томилсон тухайн аймгийн Засаг даргын Б/386 тоот захирамжийг хүчингүй болгохдоо Х.Ашим миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн эрхийн акт гаргаж байхад Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3-д заасныг зөрчиж эрхийг эдлүүлээгүй байгаа юм. Энэ үндэслэлээр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/440 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан хууль бус эрхийн акт болно.

Х.Ашим миний бие 2016 оны 08 дугаар 02-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/440 тоот захирамж гарсан өдрөөс эхлэн одоог хүртэл ажилгүй байгаа тул үүнээс хойш одоо хүртэл цалингаар давхар хохирч байна. Х.Ашим миний сарын үндсэн цалин 734,053 төгрөг бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Зулхаш шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Ашимийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгч Х.Ашим нь аймгийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 220 тоот захирамжаар одоогийн Толбо сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгуулах тухай Б/440 тоот захирамжаар Х.Ашимийг урьд нь чөлөө олгож, дараа нь ажилд нь эгүүлэн авсан аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/386 тоот захирамжийг хүчингүйд тооцсон тул уг эрхийн акт хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлийг Х.Ашимийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ нэг бүрчилэн дэлгэрэнгүй тусгасан байх ба үүнд нэмж дараах саналыг дэвшүүлж байна.

Х.Ашимийг урдах ажилд эгүүлэн тогтоосон аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгуулах тухай Б/440 тоот захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Учир нь,Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан байдаг.

Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгуулах тухай Б/440 тоот захирамжаар Х.Ашимийн түр чөлөөтэй байсан хугацаа дуусаж, ажилд нь эгүүлэн тогтоосон аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/386 тоот захирамжийг хүчингүйд тооцож эрхийн акт гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг баримталж захирамж гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 18 дахь хэсэгт ... Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй гэж тодорхой тайлбарласан байгаа. Х.Ашим нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хувьд Төрийн албаны зөвлөлөөс баталсан 60 дугаар тогтоолд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж, зохих журмын дагуу ажилд томилогдсон байгаа.

Ингээд нэхэмжлэгч Х.Ашимийн албан тушаалд холбогдох захирамжийг хүчингүй болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь Улсын Дээд шүүхийн 08 дугаар тогтоолын 18 дахь заалттай харшилж байна.

Дараагийн асуудал нь, маргаан бүхий захирамжинд Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасныг баримталсан байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн байгаа.

Гэхдээ Х.Ашим нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан өөрөө хүсэлт гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар ажлаас түр чөлөөлөгдсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Ажил олгогч ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно гэж төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд Х.Ашим нь дээрх хуулийн дагуу чөлөө хүссэн байсан юм. Уг хүсэлтийг үндэслэж аймгийн Засаг дарга 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Б/275 тоот захирамж гаргаж Х.Ашимд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу захиргааны чөлөө олгосон байгаа. Ингээд захиргааны чөлөө олгосон шалтгаан нөхцөл нь сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараа арилсан учраас Х.Ашимийг ажил олгогч буюу аймгийн Засаг дарга 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/386 тоот захирамжаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсноор ямар нэгэн хууль зөрчөөгүй

Өөрөөр хэлбэл, сургуулийн захирлаар ажиллаж байгаад сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд захирлын эрх мэдлийг давуу байдал болгон ашиглаж сонгуульд нөлөөлж болзошгүй гэдэг утгаар дээрх байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх заалтыг хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг юм. Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт Нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн дүн гарах хүртэл хугацаанд түүнийг захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно гэжээ.

Энэ нь төрийн албан тушаалтнуудыг Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээр хангах үүднээс хуулийн 76.3 дахь заалтыг оруулсан гэж ойлгож байна.

Ийм учраас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 дугаартай захирамж нь үндэслэл муутай болох нь харагдаж байна. Мөн Х.Ашимийг урьд эрхэлж байсан ажилд томилсон захиргааны актыг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжинд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хуулийн дээрх зохицуулалт нь хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан-аар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох гэсэн агуулгатай.

Гэтэл Х.Ашимтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар шаардсан ямар нэгэн байгууллагын шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Х.Ашим нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан байсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр, төрийн үйлчилгээний албан тушаалтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажлаас чөлөөлөх талаар тус тус зохицуулсан байгаа.

Гэвч нэхэмжлэгч Х.Ашимийн хөдөлмөрлөх эрхэд аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжаар халдсан байх бөгөөд ажилтныг ажлаас халж байгаа тохиолдолд тухайн захиргааны актад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох заалтыг баримталсан байвал зохино. Харин аймгийн Засаг дарга Б/440 тоот захирамжинд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй байна. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дахь заалтад тодорхой зохицуулсан байгаа. Гэхдээ аймгийн Засаг даргын Б/440 тоот захирамж Хөдөлмөрийн тухайн хууль болон Улсын Дээд шүүхийн 33 тогтоолын холбогдох хэсэгт нийцээгүй байна. Үүгээр ажил олгогч буюу аймгийн Засаг дарга ажилтан Х.Ашимийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Мөн дээрх захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154.4-д заасныг гол үндэслэл болгож нэхэмжлэгч Х.Ашимийг ажлаас чөлөөлсөн байдаг. Сонгуулийн хуулиар сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараа уг хуулийг буцаан хэрэглэсэн нь мөн адил аймгийн Засаг дарга Сонгуулийн тухай хуулийг буруу хэрэглэснийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой Х.Ашим нь чөлөө авсан байх ба сонгуулийн үйл ажиллагаа дууссан учраас чөлөө авсан шалтгаан нөхцөл арилсан байдаг.

Тийм учраас өмнөх ажилд буцаан томилсон аймгийн Засаг даргын захирамжийг буруутгах үндэслэлгүй. Х.Ашимд чөлөө олгосон аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/275 тоот захирамжинд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримталсан байгаа. Ингэснээр ажилтан эрхийнхээ дагуу захиргааны чөлөө авсан, ажил олгогч чөлөө олгосон гэж ойлгож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа гэж тодорхой заасан байгаа. Тийм учраас Х.Ашим нь захиргааны чөлөөтэй байсан хугацаанд урьд эрхэлж байсан ажил болох Толбо сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаал хэвээр хадгалагдах учиртай. Иймд Х.Ашимийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг дарга А.Гылымхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Толбо сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Х.Ашим нь 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь түр чөлөөлөгдсөн байна. Х.Ашим нь сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчиж эгүүлэн томилогдсон байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт ...Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга,, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино... гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг заагаад өгсөн, мөн хуулийн 40.1.6-д сонгууль, ажиллах болсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хуульчилж өгсөн ба өмнөх ажил олгогч уг заалтыг баримтлан бүр мөсөн чөлөөлөх ёстой байсан боловч хууль зөрчиж эгүүлэн томилж буруу шийдвэр гаргасан байна.

Сонгуульд нэр дэвшихэд заавал ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтад хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсанаар гэсэн заалттай юм. Х.Ашимийг эгүүлэн томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Сонгуульд нэр дэвшихэд түр, бүр чөлөөлсөн гэсэн заалтгүй тул нэр дэвшсэн тохиолдолд ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдөж, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтад ... аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх ... гэж заасны дагуу дахин сонгон шалагруулалтаар томилогдох ёстой байсан.

Учир нь, Х.Ашимийн Сонгуульд нэр дэвшихээр өөрөө хүсэлт гаргаж, 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлж, бүртгүүлсэн болох нь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоолын хавсралтаар нотлогдож байна. Мөн Х.Ашимийг ажлаас түр чөлөөлөх аймгийн Засаг даргын Б/275 дугаар захирамжид үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн түр чөлөөлөх олгох заалт огт байхгүй ба мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно гэж заасан, хэдий хугацааны чөлөө олгох тухай тодорхой заагаагүй юм.

Х.Ашимийг захирлын ажилдаа эгүүлэн томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэсэн байна. Бид Х.Ашимийг ажлаас нь чөлөөлөөгүй, 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэнээр ажлаас чөлөөлөгдсөн ба дахиж хууль зөрчиж томилогдсон хууль бус захирамжийг хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч талын тайлбарыг сонслоо. Толбо сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралаар ажиллаж байсан Х.Ашим нь 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154.4-д зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас түр чөлөөлөгдсөн байна. Х.Ашим нь сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчин эгүүлэн томилогдсон учраас эгүүлэн томилсон захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгосон юм.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан байгаа.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ... хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг заагаад өгсөн ба мөн хуулийн 40.1.6-д сонгуульд ажиллах болсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хуульчилж өгсөн юм. Тийм учраас Х.Ашимийг өмнөх ажил олгогч уг заалтыг баримтлан бүр мөсөн чөлөөлөх ёстой байсан боловч хууль зөрчиж эгүүлэн томилж буруу шийдвэр гаргасан байна гэж үзсэн. Сонгуульд нэр дэвшихэд заавал ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтад хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсанаар гэсэн заалттай юм. Сонгуулийн тухай хуулийн 154.4-д зааснаар сонгуулийн хороо ажлаас чөлөөлөхийг шаардсан байх тул Х.Ашим нь өөрөө хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэл болгосон юм.

Х.Ашимийг эгүүлэн томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Сонгуульд нэр дэвшихэд түр, бүр чөлөөлнө гэсэн заалтгүй тул нэр дэвшсэн тохиолдолд ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдөж, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтад зааснаар Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасны дагуу дахин сонгон шалгаруулалтаар томилогдох учраас хууль зөрчиж ажилд томилсон гэж үзсэн байгаа.

Х.Ашим нь Сонгуульд нэр дэвшихээр өөрөө хүсэлт гаргаж, 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлж, бүртгүүлсэн болох нь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар нотлогдож байна. Мөн Х.Ашимийг ажлаас түр чөлөөлөх аймгийн Засаг даргын Б/275 дугаар захирамжид үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуульд түр чөлөө олгох заалт огт байхгүй ба мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно гэж заасан болохоос биш түр чөлөө олгоно гэсэн заалт байхгүй. Х.Ашимийг захирлын ажилд эгүүлэн томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Хуулийн дээрх заалтад бусад гэж заасан бусад тохиолдолд гэж ямар үйлдлийг үзэж байгаа талаар захирамжид тайлбар байхгүй байсан.

Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэсэн байна. Бид Х.Ашимийг ажлаас нь чөлөөлөөгүй, 2016 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуульд нэр дэвшсэнээр 2016 оны 5 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн ба дахиж хууль зөрчиж томилогдсон хууль бус захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3, Сонгуулийн тухай хуулийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-д зааснаар хүчингүй болгосон.

Анх энэхүү хэргийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх аймгийн Засаг даргын Б/440 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байсан юм. Дараа нь Улсын Дээд шүүхээс захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан гэж буцааж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээд Б.Даулетээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Б.Даулет би дээд боловсролтой, багш мэргэжилтэй бөгөөд улсад 9 жил ажилласан ажлын тодорхой арга барилыг эзэмшсэн юм. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Ял шийтгүүлж байгаагүй. БЭ82022719 регистрийн дугаартай Шыбарайгыр овогт Базарханы Даулет гэдэг нэрээр бүртгэгддэг.

Би аймгийн Засаг даргад мэргэжлийн болон удирдах ажилд авч ажиллуулахыг хүсэн өргөдөл гаргаж байсныг минь хүлээн авч Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/478 дугаартай захирамжаараа намайг Толбо сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа билээ. Тухайн үед захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа н.Ахансерээс сургуулийн тамга, тэмдэгийг хүлээж авсан болно. Би энэ ажлыг хүлээн авчажиллаж байгаа бөгөөд ажилдаа алдаа дутагдал гаргаагүй, сургуулийн ажлыг тасралтгүй жигд шаардлагын хэмжээнд хүргэн ажиллуулж байна. Энд ажлаа тайлагнах шаардлагагүй бөгөөд захиргааны хариуцлага хүлээж байгаагүй юм.

Тус сургуулийн өмнөх захирал байсан Х.Ашим гуайг таньдаг гаднаас нь хүндэтгэж явдаг, энэ хүнийг Засаг дарга ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тус шүүхэд бичгээр тайлбарласан бөгөөд энэ тайлбарыг би дэмжиж байна.

Би аймгийн Засаг даргын албан ёсны гаргасан захирамжаар захирлын ажилд томилогдсон бөгөөд энэ ажлыг цаашид үргэлжүүлэн хийж ажиллах ёстой гэж үзэж байна. Энэ ажлаа Х.Ашим болон бусдад шилжүүлэн өгөхийг зөвшөөрөхгүй. Иймд Х.Ашимийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Ашимаас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.Ашимийг Толбо сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг аймгийн Засаг даргад даалгах шаардлагатай нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Толбо сумын 10 жилийн дунд сургуулийн захирал ажилтай Х.Ашимийг аймгийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/275 дугаар захирамжаар[1] аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших үндэслэлээр ажлаас түр чөлөөлж, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Б/386 дугаар захирамжаар[2] түр чөлөөтэй байсан хугацаа дууссан үндэслэлээр ажилд эгүүлэн томилсон, улмаар аймгийн Засаг дарга өөрөө 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжийн[3] холбогдох хэсгээр түүнийг ажилд эгүүлэн томилсон Б/386 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгчийг 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлсэн нь хэрэгт авагдсан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар[4] батлагдаж байгаа бөгөөд хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч ...орон нутгийн сонгууль дуусгавар болсны дараа намайг ажилд эгүүлэн томилсон захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамж хууль бус, анх сонгуульд орохоос өмнө миний хүсэлтээр намайг албан тушаалаас түр чөлөөлсөн байсан, хуульд зааснаар нэр дэвшүүлсний дараа ажил үүргээ гүйцэтгээгүй, хүний нөөцийн удирдлагатай холбоотой асуудлаар аймгийн Засаг дарга захирамж гаргасан нь буруу, Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д ...нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс хойш ... захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно... гэж заасныг зөрчсөн... гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгуульд нэр нь дэвшигдвэл албан тушаалаас бүрмөсөн чөлөөлөгдөх ёстой, харин сонгон шалгаруулалтад орсны дараа уг албан тушаалд дахин томилогдох боломжтой... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 дэх заалтыг тус тус баримталсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт ... Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино... гэж заасан.

Хуулийн энэ заалт нь нэрлэсэн албан тушаалтнуудыг орон нутгийн сонгуульд нэр дэвшигдсэн тохиолдолд сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, мөн нэр дэвшигчээр бүртгүүлснээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгэхгүй байхыг тус тус шаардсан нарийвчилсан зохицуулалт бөгөөд уг заалтыг хуулийн 157 дугаар зүйлийн 157 дугаар зүйлийн 157.2.7, 157.3.6-дэх заалтын агуулгатай холбож үзвэл тухайн албан тушаалтнууд нь нэр дэвшигчээр бүртгэгдэх үед ажил, албан үүргээсээ чөлөөлөгдсөн шийдвэртэй байх, бүртгэснээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байхыг тус тус хуульчилсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, энэхүү заалтаар нэр дэвшигч нь ажил, албан үүргийг хэдий хугацаа хүртэл гүйцэтгэхгүй байх талаар тодорхой зохицуулаагүй тул ажил, албан үүргээсээ бүр чөлөөлөгдөх ёстой гэж үзэх ба анх аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийг орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн гэх үндэслэлээр албан тушаалаас нь түр чөлөөлсөн нь хууль бус байсан гэж үзлээ.

Харин Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дах хэсэгт ...Нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн дүн гарах хүртэл хугацаанд түүнийг захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно... гэж заасан, энэхүү заалт нь хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан албан тушаалтнуудаас бусад ажил, албан үүрэг гүйцэтгэдэг нэр дэвшигч нарт хамааралтай заалт, маргаан бүхий захиргааны акт нь сонгуулийн үр дүнгийн дараа гарсан тул нэхэмжлэгчээс хуулийн энэ заалтын дагуу ажил, албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны хувьд орон нутгийн сонгуульд нэр дэвшсэнээр ажил, албан үүргээсээ бүрмөсөн чөлөөлөгдөх ёстой гэсэн агуулгаар гаргасан нь үндэслэлтэй байна.

Агуулга болон үндэслэлийн хувьд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой захиргааны актын улмаас үүссэн энэхүү маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасан ...хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан... үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон... үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 35 дугаар зүйлийн 3,35.1.3-д заасан ...захиргааны чөлөөтэй байгаа... үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, 80 дугаар зүйлийн 80.1-д заасан ...ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно... гэсэн заалтууд нь хамааралгүй юм.

Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 дэх заалтыг тус тус баримталсан нь буруу гэж маргасан нь үндэслэлтэй боловч Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасныг баримталснаартухайн захиргааны акт нь агуулга болон зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч Х.Ашим нь маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтын журам-д заасны дагуу сонгон шалгаруулалт явагдсан тохиолдолд уг сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх, дахин томилогдох боломжтой болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ашимаас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.Ашимийг Толбо сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 


[1] Хэргийн 6 дугаар хуудас

[2] Хэргийн 5 дугаар хуудас

[3] Хэргийн 4 дүгээр хуудас

[4] Хэргийн 31 дүгээр хуудас