Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 29

 

 

Л.Амарсайханд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

  226/2017/0020/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга

Ялтны өмгөөлөгч: Д.Оюунбаатар,

Хохирогч: М.Сандагсүрэн

Ялтан: Л.Амарсайхан нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Л.Амарсайханы давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201623010058 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1992 онд Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймаг Бор-Өндөр сум 4-р баг, Уурхайчны 15-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 290 дүгээр шүүгчийн захирамжаар Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хорих ялыг өршөөн хассан гэх Боржигон овогт Лувсансовдын Амарсайхан  /РД:НЕ92102615/.

Л.Амарсайхан нь  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 39-00 тоотод 2016 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн М.Сандагсүрэнгийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын прокурорын газраас Л.Амарсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын  шүүхийн  2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Лувсансовдын Амарсайханыг бусдын бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амарсайханыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Амарсайханд оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  ялтан С.Амарсайханы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Амарсайханаас 238.000 /хоёр зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулан Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 82-1163 тоотод оршин суух хохирогч М.Сандагсүрэнд олгож, Хохирогч М.Сандагсүрэн нь эмчилгээ болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаар бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Амарсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тус тус шийдвэрлэжээ.

              Ялтан Л.Амарсайхан нь давж заалдах гомдолдоо: Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сандагсүрэн бааранд архи уусан. Баарнаас гараад 3 цаг орчим болсны дараа даараад байна унтах газар байна уу гэж надаас асуусан. Би түүнийг найзынд нь хүргэж өгөх үү гэхэд “очихгүй” гэсэн. Тэгэхээр нь би Ууганбаяр ахынд очиж хамт унтацгаасан. Хохирогч Сандагсүрэн намайг үнсээд, тэврээд байсан. Бид хоёр харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон юм. Өглөө нь босоод 82000 төгрөг алга болчихлоо, чи хулгайлсан байна гээд уурлаж цагдаа дуудсан. Би энэ хэргийг үйлдээгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Л.Амарсайхан нь  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 39-00 тоотод 2016 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн М.Сандагсүрэнгийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Сандагсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би Бор-Өндөр суманд очиж ажил хийсэн юм. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цалин бууж ажлыхантайгаа хамт “Билгүүн тулга” бааранд хоол идэж, архи уусан. Ер нь бааранд архи ууж байснаа санаж байгаа,  дараа нь караокед орж дуулж байснаа санаж байна. Түүнээс хойш юу ч санахгүй байгаа. Тэгээд маргааш өглөө 6 цагийн үед сэрээд харахад танихгүй газар байсан. Эргээд харсан чинь миний хажууд цээжин бие нь нүцгэн, цаад талд нь цээж нь нүцгэн нэг залуу хэвтэж байсан. ... Өмдийг маань айлын үүдэнд шидээд хаясан байхаар нь өмдөө аваад кармаг нь үзсэн чинь мөнгө байхгүй байхаар нь карманд байсан 80.000 төгрөг хаана байна. Та нар намайг ингэж доромжилж байгаа юм уу би хоёр хүүхэд гаргасан эх хүн та нар намайг хэдүүлээ хүчиндсэн юм бэ, Батболор хаана байна вэ гэж асуухад Амарсайхан би таны мөнгийг авсан нь үнэн. Би төлнө. Худлаа гэвэл та манай эгчийн утас руу залгаад асуу манай эгч тантай цуг ажилладаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүнийг мэдэхгүй учраас чи эгчийгээ дуудчих гээд утсаа өгсөн. Амарсайхан эгчтэйгээ утсаар яриад 80.000 төгрөг  өдөр гэхэд аргалаад өгөөч гэж хэлээд утсаа тасалсан. Би Бор-Өндөр сумын цагдаагийн дугаарыг мэдэхгүй учраас шууд Улаанбаатар хотын цагдаагийн 102 дугаарт залгаад Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байна хүнд хүчиндүүлчихлээ гэж утсаар ярьсан. Цагдаа 5 минутын дотор ирсэн. Цагдаа ирэх хооронд Мөнхбаатар зугтаасан, дараа нь Амарсайхан курткээ орхиод зугтаасан. Тэгээд цагдаа ирээд Амарсайханы курткийг нь аваад явсан. Би маш их  гомдолтой байна ... гэх,

Гэрч Х.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Би 2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд  шилжих шөнө гэртээ ганцаараа байхад хамаатны залуу Амарсайхан нь Мөнхбаатартай 30 гаруй насны эмэгтэйтэй хамтдаа гурвуулаа байсан. Намайг диван дээр ганцаараа хэвтэж байхад Амарсайхан нь тэр эмэгтэйг оролдож байгаад бэлгийн харьцаанд орж байсан. би нүдээрээ харсан юм. ...Амарсайхан нь надад хандан та энэ эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орох уу гэж асууж байсан тэгэхээр нь би үгүй ээ гэж хэлсэн ...Мөнхбаатар, Сандагсүрэн хоёр нилээд согтолттой байх шиг байсан. Харин Амарсайхан нь нөгөө хоёрыгоо бодвол арай гайгүй байх шиг байсан... гэх /хх-н 14 х/,

Гэрч М.Загдсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09-р сарын 28-ны өдөр төрсөн дүү Сандагсүрэн нь ойролцоогоор 14 цагийн үед над руу утсаар яриад уйлаад эгчээ би ажлынхаа хүмүүстэй караокед орсон юм. Тэгээд тасарчихсан байна юу болсон талаар огт санахгүй байна. Өглөө сэрсэн чинь танихгүй 3 залуугийн хажууд сэрлээ, эдгээр хүмүүс намайг хүчиндсэн байж магадгүй гэж бодож байна. Цагдаад хандсан байгаа гэж хэлж ярьсан ...  гэх /хх-н 18-19 х/,

Гэрч Б.Батболорын мөрдөн байцаалтанд  өгсөн: ... Сандагсүрэн манай компанид чулуу түүгчийн ажилд орсон. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай компаний цалин буусан юм. Бид ресторанд хоолонд орж, архи, пиво ууцгаасан юм.  Дараа нь “Билгүүн тулга” гэдэг караокед орж дуулахаар болсон. Сандагсүрэн бааранд маш их архи уусан. Баарнаас явах гэтэл шалан дээр нь хэвтчихээд босохгүй байсан. Тэгэхээр нь би зүс мэддэг Мөнхбаатар гэх залууг хүргээд өгөөч гэж гуйсан юм ... гэх,  /хх-н 22-23 х/

Гэрч Э.Соёмбын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би “Билгүүн тулга” караокед бармен хийдэг. Тухайн өдөр манай караокед уурхайн ажилчид орсон. Мөн Амарсайхан, Мөнхбаатар хоёр хамт гаднаас 1 шил архи барьчихсан орж ирэхээр нь би тек руу хураагаад авсан. Тэд нар тус тусдаа сууж байсан. Караоке хаах үед гахайн байрны уурхайн ажилчидтай хамт байсан нэг эгч согтоод караокений үүдний хэсэгт зааланд хэвтээд өгсөн. Ажлынх нь нэг хүн босгох гээд босгож чадахгүй байсан. Согтуу хүнээ аваад гар гэж хэлэхэд манай караокегаар үйлчлүүлж байсан Амарсайханыг гуйгаад аваад гарсан. Амарсайхан тэр согтсон эмэгтэйг үүрээд гарсан. Тэд нарыг гарснаас хойш би баараа хаагаад гарсан чинь нөгөө эгч ХААН банкны хажууд зогсоолын дэргэд газар хэвтэж байсан... гэх  мэдүүлгүүд /хх-25-26 х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8539 дугаартай шинжээчийн

1.М.Сандагсүрэнгийн гэх шингэн цус Оαβ /I/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /хх- 36 х/,

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 07 дугаартай  шинжээчийн

1.М.Сандагсүрэнгийн гадна бэлэг эрхтэн орчимд гэмтэл тогтоогдсонгүй

2.М.Сандагсүрэнгийн үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. ДНК-ийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.

3.М.Сандагсүрэн нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

4.М.Сандагсүрэнгийн цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /хх- 37 х /,

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 08 дугаартай  шинжээчийн

1.Л.Амарсайханы биед гэмтэл тогтоогдсонгүй.

2.Л.Амарсайхан нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

3.Л.Амарсайханы цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /хх- 41 х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8537, 8540, 8538, 8541, 8536 дугаартай шинжээчийн

Л.Амарсайханы гэх шингэн цус Аβ /II/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /хх-42 х/,

М.Сандагсүрэнгийн гэсэн үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. ДНХ-ийн шинжилгээ хийлгэх шаардлагатай

М.Сандагсүрэнгийн гэх шингэн цус Оαβ /I/ бүлгийн харьяалалтай байна

М.Сандагсүрэн бэлгийн замын халдварт өвчингүй байна

Л.Амарсайхан бэлгийн замын халдварт өвчингүй байна гэх дүгнэлтүүд /хх- 43-46 х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9049 дугаартай шинжээчийн

8540 дугаартай М.Сандагсүрэнгийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E,D5S818,D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллэлиар тогтоов.

8540 дугаартай М.Сандагсүрэнгийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E,D5S818,D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Л.Амарсайханы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт. /хх-н 126 х/ зэрэг хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүх Л.Амарсайханд хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

Л.Амарсайханыг бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн болох нь нотлогдон, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Давж заалдах гомдлын тухайд: Гэрч Х.Ууганбаяр, Б.Батболор нарын болон хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч М.Сандагсүрэн нь их согтолттой, биеэ хамгаалах чадваргүй байсан байна.

Л.Амарсайхан нь хохирогчтой харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул ялтны “хэргийг хэрэгсэхгүй болгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.ДЭНСМАА