Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0229

 

Х.Г-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С-ыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Г-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2, 57 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Гийн Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10.01.039/15 дугаар “Нөхөн төлбөр тогтоох” тухай актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд болох маргаан бүхий захиргааны акт хэрхэн ямар процессын дагуу гарсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй. Улсын байцаагчийн тогтоосон акт нь захиргааны акт болохын хувьд холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, Захиргааны ерөнхий хуульд заасан процессын дагуу гарах учиртай.

Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын үнэлгээ болгох зорилгоор мөрдөн байцаагчаас шаардсан албан шалтгаан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгааг анхаарч үзээгүйн улмаас энэ тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Тус маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан гэм буруугийн зарчим буюу гэм бурууг шүүхээс эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гаргасан тайлбар, шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг ямар шалтгаан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгааг анхаарч үзээгүйн улмаас энэ тухайд үндэслэл дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Нөхөн төлбөр тогтоох тухай” 10-04-039/15 дугаар актаар Б.А, Х.Г нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт нэн ховор амьтан болох “баданга хүдэр”-ийн 13 ширхэг соёог авч явсан үйлдэл нь Биологийн хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна хэмээн амьтанд учруулсан хохирол болох 21,000,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг Б.А, Х.Г нараас гаргуулахаар шийдвэрлэжээ.  

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Х.Гаас “...өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний бие нэн ховор амьтан болох баданга хүдрийг алж устган 13 ширхэг соёо болох эд эрхтэнг аваагүй ... эрүүгийн хэрэг үүссэн боловч уг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж миний гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад акт тавьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тайлбарлан маргасан байна.

Анхан шатны шүүх маргаан үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, 2-т “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна”, 2/амьтанд учруулсан хохирол, 3-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” 4-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно”, 2/амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, 57 дугаар зүйлийн 1-д “1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” талаар хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 32/4/3833 дугаар албан бичгийн дагуу Биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний шинжээчийн дүгнэлтийг үндэслэн амьтанд учруулсан хохирол болох 42,000,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд хохирлын хэмжээтэй талууд маргаагүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Х.Г нь “Бадгана хүдэр”-ийг алж устган 13 ширхэг соёо болох эд эрхтэнг аваагүй байж болох боловч Ан амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно”, 7.3-т “Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно”, 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу гэм буруутай этгээдүүдээр байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүйн дээр нэхэмжлэгчийг Амьтны тухай хууль тогтоомж зөрчөөгүй, гэм буруугүй гэж үзэхгүй.  

Түүнчлэн цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг гэм буруутай гэж үзсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө улсын байцаагчийн актаар нөхөн төлбөр тавигдсан учир хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлах бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 3-д “Гэм буруутай этгээд ... хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар уг үндэслэл няцаагдана.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг Эрүүгийн хуулийн зарчим байдаг боловч энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага бус хуулиар нарийвчлан зохицуулсан нөхөн төлбөр ногдуулж буй ойлголт тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, эрх бүхий байгууллагын мэдээллийн үндсэн дээр байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулах эрхтэй.

Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

                                  ШҮҮГЧ                                                                        С.МӨНХЖАРГАЛ  

                                  ШҮҮГЧ                                                                        Д.БААТАРХҮҮ