Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2017/01522

 

“Г С”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00837 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1496 дугаар магадлалтай,

“Г С”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Э Ө”ХХК-д холбогдох

4 ширхэг дүүжин өргүүр /люлк/ болон 36 504 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 15 857 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Оргилын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.

Нэхэмжлэгч “Г С”ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагаас гаргасан тайлбартаа: “Г С”ХХК нь “Э Ө”ХХК-тай хэлэлцэн тохироод 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 16 давхар Б блокийн гадна фасадны ажлыг гүйцэтгэхээр болсон. Ажлаа эхлэхдээ өөрийн өмчлөлийн 3, түрээсийн 3, нийт 6 ширхэг люлкыг, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар ажлаа эхэлсэн. Хариуцагч тал гүйцэтгэсэн ажлын чанар муу, хүн хүч болон техникийн хангамж муутай байсан гэдгийг зөвшөөрөхгүй. Үнэхээр гүйцэтгэсэн ажлын чанар болон хүн хүчний бололцоо муу байсан бол ажил эхэлж байхад манайд энэ талаар ямар нэгэн албан бичиг явуулж шаардлага гарган, ажлын гүйцэтгэлтэй холбоотой санал, гомдол гаргаагүй. Гэрээний дагуу тохиролцсон хийх ёстой ажил хангалттай хэвийн явагдаж байсан. Үүнд: 3865 м.кв талбайд хөөс наах, 2365 м.кв талбайд дүб хадах ажил, 2365 м.кв талбайд хар замаск хийх, 24 ширхэг цонхонд амалгаа хийх ажил байсан, эдгээр ажил бүрэн хийгдсэн байгаа. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд “Г С” ХХК-иас нийт 44 524 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд үүнээс 20 500 000 төгрөгийн санхүүжилтийг “Э Ө”ХХК-иас авсан. Үлдэгдэл 24 024 000 төгрөгийг санхүүжилтийг огт аваагүй бөгөөд “Г С”ХХК нь өөрсөөсөө санхүүжүүлж ажилтны цалин, хоол, унаа, люлкны түрээсийн зардлыг төлж байсан. 60 гаруй хувийн ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-нд ажилчдын цалин олгогдохгүй удааширсан учраас “Г С”ХХК-ийн ажилчид энэ талаар гомдол гаргасан. 16 давхар барилгаас дүүжлэгдэж ажиллах нь эрсдэлтэй ажил юм. Тиймээс “Э Ө”ХХК-ийн захирал н.Мөнгөнзаяатай уулзаж санхүүжилт олгох талаар шаардлага тавихад энэ талаар үл хайхарсан учир урьдчилан мэдэгдэж, удаа дараа сануулсаны үндсэн дээр санхүүжилтийг шийдэх хүртэл 2015 оны 09 дүгээр сарын 18-наас ажилчид ажлыг түр орхиж явсан. Санхүүжилт шийдэгдээгүй тул ажлыг зогсоохоос өөр аргагүй болсон. 2015 оны 10 дугаар сарын 02-нд люлкаа буулгаж авахаар очиход “бид нар ажлаа хийж гүйцэтгэчихээд 11 дүгээр сарын 30 гэхэд буцаагаад өгье, 4 ширхэг люлкыг зах зээлийн ханшаар 12 480 000 төгрөгөөр буюу 1 ширхэг люлкыг өдрийн 40 000 төгрөгөөр түрээслье” гэж хэлж амаар тохиролцсон. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр люлкны түрээс болон ажлын үлдэгдэл төлбөрөө авахаар очиход “Э Ө”ХХК нь “барилгын ажил зогссон учир өгөх мөнгө байхгүй, мөн барилгын талбайгаас люлк гаргуулахгүй, учир нь та нар ажлаа хаяж явсан” гэсэн ор үндэслэлгүй зүйл ярьсан. Тэгээд төлбөр мөнгөө өгөхгүй, хэл ам хийгээд байсан учир гүйцэтгэсэн ажлын хөлс, люлкны түрээсийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Санхүүжилтийн хувьд тайлбар хэлэхэд, 2015 оны 06 дугаар сарын 26-нд 9 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч тус өдрөө 1 000 000 төгрөгийг өгсөн. 07 дугаар сарын 01-нд 6 900 000 төгрөгийг өгсөн. Энэ үед манайх ажлыг гүйцэтгэн 15 866 000 төгрөгийн зардал гаргасан байдаг. Тус зардалд 07 дугаар сарын ажилчдын цалин болох 9 892 000 төгрөг, 06 сард бараа материал авсан 274 000 төгрөгийн зардал, ажилчдын хоолны зардалд 2 100 000 төгрөг, 1 ширхэг люлкны түрээсийн төлбөрт 3 600 000 төгрөгийн зардал багтсан. Ингээд эхний сараас л “Г С”ХХК нь алдагдалтай байсан бөгөөд өөрөөсөө санхүүжүүлэн ажлыг хийж гүйцэтгэсэн. 08 дугаар сард “Э Ө”ХХК нь 9 000 000 төгрөгийн санхүүжилт хийсэн энэ үед манайхаас 17 418 500 төгрөгийн зардал гарсан, 8 418 500 төгрөгийн зөрүү гарсан. Харин 09 дүгээр сард “Э Ө”ХХК-иас 3 600 000 төгрөг өгсөн байхад “Г С”ХХК-иас 11 385 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд зөрүү нь 7 785 000 төгрөг болсон. Энэ мэтээр санхүүгийн удаашралтай, цувуулж өгч байсан, гэрээгээр тохиролцсон цаг хугацаанд санхүүжилтийг өгөөгүй байдал нь ажил зогсох гол шалтгаан болсон. “Хүннү гүрний шүтээн” ХХК буюу захиалагч нь гүйцэтгэгч “Э Ө”ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 02 тоот гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь “Э Ө”ХХК болон “Г С”ХХК нарын хооронд амаар тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээнд ижилхэн дагаж мөрдөгдөх ёстой гэрээ гэж үзэж байгаа. Гэтэл энэ гэрээний дагуу ажиллаагүй. Бид хариуцагч талд байсан 4 ширхэг люлкны цахилгааны шитийг очиж авсан, одоо зөвхөн люлкны их бие рам, гар, тросс зэрэг нь үлдсэн түүнийг биет байдлаар нь авахаар нэхэмжилж байгаа. Цахилгааны шитийг нь авсан учраас нэхэмжлэлийн энэ хэсгээс нь татгалзаж байна. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Иймд 36 504 000 төгрөг болон 4 ширхэг люлкны их бие рам, гар, тросс зэргийг хамтад нь хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э Ө”ХХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхзаяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүннү гүрний шүтээн” ХХК нь “Э Ө”ХХК-тай Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах 149 айлын орон сууцны барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний ажлыг хийж гүйцэтгэхийн тулд А, Б 2 блокийн барилгын ажлын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхэд гэрээний хугацаа маш бага байсан учир туслан гүйцэтгэгч юм уу ажиллах хүч аваад ажлаа хийхийг хүсэж байсан. Гэтэл “Г С”ХХК-ийн захирал н.Энхтөр, түүний найз н.Батмөнх нар нь “манай байгууллага 25-30 ажилтантай, хангалттай ажиллах хүчтэй, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хувьд асуудалгүй” гэж хэлж хүсэлт тавьсан. Харин манай зүгээс энэ нь хятадын хөрөнгө оруулалттай компани, хийсэн гэрээ нь хатуу нөхцөлтэй, урьдчилгаанд үндсэн үнийн дүнгийн 10 хувь буюу 15 800 000 төгрөгийг өгнө, 2 блок барилгын гадна фасадны ажлыг дуусгахын тулд хувааж хэрэглэх ёстой болохоор санхүүжилт болон ажиллах хүчийг хангалттай өгч чадахгүй, тиймээс танайд эдгээр нөөц бололцоо байвал үүгээрээ ажлыг хийж дуусгах ёстой гэсэн шаардлагыг анхнаасаа тавьж байсан. Тэгэхэд “Г С”ХХК-ийн захирал Энхтөр, Батмөнх нар нь “ямар ч асуудалгүй, бид нарт ажил олдохгүй байгаа учраас энэ ажлыг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ” гээд амлалт өгөөд манай ажлыг авсан. Ингээд “Хүннү гүрний шүтээн” ХХК-иас урьдчилгаанд авсан 10 000 000 төгрөгийг хуваагаад гэрээ хийсэн өдөр 1 000 000 төгрөгийг өгсөн. Ажлын явцад “Г С”ХХК-иас гарсан зардлыг тооцоход энэ компанийн ажиллах хүчний хувьд дутмаг, гарсан зардлууд нь хамгаалалтын хэрэгсэлд зарцуулагдсан байсан. Үүнийг тухайн компани өөрсдийн нөөц бололцоогоор хийх бүрэн боломжтой байсан. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа хаяад явсан. Бид “Г С”ХХК-ийн захирал Энхтөр рүү удаа дараа олон удаа залгасан. Ер нь өмнө нь ч ажиллах хүч дутмаг, ажил явахгүй байна, оройтож ажил эхэлж байна, ажилчид байнга солигдож байна гэсэн шаардлагыг удаа дараа тавьдаг байсан. Үндсэн ажил болох хөөс наах ажлыг маш чанаргүй хийж гүйцэтгэсэн. Үүнийг бригад ахалж байсан Л.Магсаржав өдөр тутамд нь ажлын зааварчилгаа өгч, шаардлага тавьдаг байсан. “Г С”ХХК-ийн цалинг харахад 30 хоногийг ажлын өдөр гэж тооцвол 6 хүн л тогтмол ажиллаж байсан бөгөөд 4 өдөр л 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан нь харагдаж байгаа. Бидэнд люлкыг өдрийн 40 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон зүйл байхгүй. Тиймээс түрээсийн төлбөр нэхэмжлэх үндэсгүй. Люлк нь манйа эзэмшилд байгаа яагаад люлкны асуудал гарсан бэ гэхээр “Г С”ХХК нь ажлаа хаяад явсан, захирал нь утсаа авахгүй, холбогдохгүй манай ажил зогссон. Захиалагчийн зүгээс ажлыг яаравчлах, хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Манайд хандан люлкаа авна гэхээр нь гэрээгээр ажлаа дуусгах нөхцөлтэй байсан, люлкаа аваад явна гэвэл үндсэн захиалагч компани ажлаа хийж дуусаагүй учраас гаргахгүй, тиймээс ажиллах хүмүүсээ олоод люлкаа ашиглаж, 2 талаасаа дэмжээд ажлаа хийж дуусгаач гэсэн хүсэлтийг удаа дараа хэлэхэд “ажиллах хүн байхгүй, нэгэнт чанаргүй ажил хийж байгаа юм чинь дахиад л чанар муутай хийнэ” гэсэн тайлбарыг тавьж байсан. Тухайн үед хийсэн ажлын зургийг авч баталгаажуулахад хөрөөний ир шиг чанаргүй хийсэн зүйл байсан бөгөөд наасан хөөс нь бүгд унасан. Захиалагч компанийн үндсэн гэрээ “Г С”ХХК хүлээн зөвшөөрч байгаа бол эхний ээлжинд 10 хувь, хөөсний ажил гүйцэтгэж дууссаны дараа 20 хувь болох 30 000 000 төгрөг төлөх төлөвлөгөөтэй байсан. Манайх ажлыг дуусгахгүй гээд санаатайгаар мөнгө өгөөгүй асуудал байхгүй. Ер нь анхнаасаа мөнгөгүй, люлк гаднаас авна гэж хэлсэн бол “Г С”ХХК-нд энэ ажлыг өгөхгүй байсан. Сүүлчийн шинжээчийн дүгнэлт дээр маргаан байхгүй. Одоо манай эзэмшилд 4 ширхэг люлкны их бие рам, гар зэрэг нь биетээр байгаа, түүнийг авахад татгалзах зүйлгүй. Харин троссыг нь өөрсдөө авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э Ө”ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхзаяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г С”ХХК-ийн Б блокийн барилгын гадна фасадны ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, чанаргүй хийсэн үйл ажиллагаанаас болж манай компани нь “Хүннү гүрний шүтээн” ХХК-д алданги болох 14 445 000 төгрөгийг төлж хохирсон. Чанаргүй хийж гүйцэтгэсэн хар замаскийг нэмж засуулахаас өөр аргагүй байсан тул 113 ширхэг хар замаск авч, 890 м.кв талбай болон чанаргүй хийсэн талбайг засахад зарцуулсан. Энэ хар замаскны үнэ 1 412 000 төгрөг, нийтдээ 15 857 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагаас шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компанийг ажлын чанар муу, хүн хүч, техникийн хангамж муу, захиалагчийн хувьд шаардлагыг удаа дараа тавьж байсан гэдэг нь үндэслэлгүй. Өөрсдөө санхүүжилтийг хугацаанд нь олгоогүй, манай компанийг хохироосон. “Хүннү гүрний шүтээн” ХХК-иас “Э Ө”ХХК-нд мэдэгдэл шаардлага хүргүүлж байсан материал байдаг. Үүний он сарыг нь харахаар ““Г С”ХХК” нь санхүүжилтээс болоод ажлаа зогсоогоод явсны дараа буюу 2015 оны 10 дугаар сарын огноотой байдаг юм. Сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа мөнгө нь ямар ч үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх гэсэн арга ядсан зүйл байна. Шинжээчийн дүгнэлтээр чанаргүй хийсэн замаск, дутуу хийсэн хөөсний ажлыг тооцож 34 417 310 төгрөгийн ажлыг “Г С” ХХК хийж гүйцэтгэсэн байна гэж тодорхой заасан бөгөөд үүнийг “Э Ө”ХХК нь ч хүлээн зөвшөөрсөн, манайх ч зөвшөөрсөн. Түрээсийн 3 ширхэг болон өөрийн өмчлөлийн 3 ширхэг буюу нийт 6 ширхэг люлктай, 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил хийж байсан. Түрээслэгч Гүнсумъяа нь 2 ширхэг люлкаа өөр ирж авсан. Одоо түрээсийн 1 ширхэг люлк, манай өмчлөлийн 3 ширхэг люлк буюу нийт 4 люлк үлдсэн гэдэг нь нотлогдож байна. Гэрээний 3.1, 3.2, 3.5, 3.7, 3.,8, 3.9, 3.10, 6.2, 6.3-д захиалагчийн эдлэх эрх, хүлээх үүрэг гэж байгаа. “Хүннү гүрний шүтээн” ХХК болон “Э Ө”ХХК нар нь өөрсдөө ажил гүйцэтгэх гэрээгээ ноцтой зөрчсөн атлаа үүнийг “Г С” ХХК-иас сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00837 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1., 106 дугаар зүйлийн 106.1., 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч “Э Ө”ХХК-иас 13 917 314 төгрөгийг 4 ширхэг дүүжин өргүүр /люлк/-ийн их бие рам, гар, тросс зэргийн хамт гаргуулан нэхэмжлэгч “Г С”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 22 586 686 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч “Г С”ХХК-иас 15 857 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Э Ө”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь 4 ширхэг дүүжин өргүүр /люлк/-ийн цахилгааны шитийг хариуцагчаас гаргуулах гэсэн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-т заасны дагуу нэхэмжлэгч “Г С”ХХК-иас 225 000 төгрөгийг, хариуцагч “Э Ө”ХХК-иас 225 000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 340 470 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 235 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227 536 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1469 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэггийн хураамж 299 812 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Оргил хяналтын гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00837 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1496 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Анхан шатны шүүх “Э Ө”ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ “Г С”ХХК болон “Хүннү гүрний шүтээн” ХХК нарын хооронд байгуулсан 02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг “Г С”ХХК дагаж мөрдөх, биелүүлэх үүрэг хүлээгээгүй гэж үзсэн. Гэтэл шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өгсөн тайлбартаа “Хүннү гүрний шүтээн” ХХК-ийг ерөнхий захиалагч гэж тодотгоод 02 дугаартай гэрээг “Г С”ХХК болон “Э Ө”ХХК нар нь ижилхэн дагаж мөрдөх ёстой гэж үзсэн байдаг. Энэ байдлаас үзвэл Иргэний хуулийн 347 дугаар зүйлд заасны дагуу эдгээр гурван компани нь захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч болох тул ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах үүрэг үүссэн гэж үзэхээр байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. 2. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс хохирол шаардсан гэж дүгнээд 14,445,000 төгрөгийн алданги төлсөн баримтгүй, ажлын доголдолтой холбоотой зардал гарсан нь тодорхойгүй, хохиролд нэхэмжлэгч буруутай болох нь тогтоогдоогүй байна гэж үзсэн хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна. 14,445,000 төгрөгийн алдангийг төлсөн баримт байхгүй талаар: “Хүннү гүрний шүтээн” ХХК -аас “Э Ө”ХХК-д илгээсэн гэрээ дүгнэх тухай 26/17 дугаартай бичигт ажлыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй улмаас нийт төлөх төлбөрөөс алдангийг суутгал тооцож байгаа талаар мэдэгдсэн байдаг. Үнийг нь “Э Ө”ХХК хүлээн зөвшөөрч нийт төлбөрөөс алданги тооцож суутгуулсан. Суутган тооцож байгаа тохиолдолд тухайн байгууллагаас санхүүгийн баримт гаргуулах боломжгүй юм. Хохиролд нэхэмжлэгч буруутай болох нь тогтоогдоогүй талаар: Иргэний хуулийн 350 дүгээр зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасан гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөлгүйгээр тодорхойгүй шалтгаанаар орхиж явсан зэрэг ноцтой зөрчил гаргасан. Мөн ажлын гологдол, дутагдал байгаа талаар “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоож төлөх төлбөрөөс зохих хасалтыг хийж тооцсон. Үүний улмаас 02 дугаартай гэрээний үүрэг зөрчигдөхөд хүрсэн байдаг. Энэ байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотолсон байхад анхан шатны шүүх “Э Ө”ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03/19/15 дугаартай тушаал, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хариуцагч байгууллагын ажилтан Л.Магсаржав, О.Эрдэнэбаатар нарын үйлдсэн “гадна фасадны ажилд хийсэн шалгалтын акт”, “Хүннү гүрний шүтээн” ХХК-иас “Э Ө”ХХК-д хүргүүлж байсан мэдэгдлүүд зэрэг нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар заасан гол нотлох баримтуудыг тодорхойгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзсэн хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр баримтгүй, тогтоогдоогүй гэх байдлаар хэргийг шийдвэрлэжээ. Иймд “Э Ө”ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс алдангид төлсөн хохирол болох 14,445,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгч “Г С”ХХК нь хариуцагч “Э Ө”ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ашиглаж байсан 4 ширхэг дүүжин өргүүрийг /люлк/ хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах, уг эд хөрөнгийг ашигласны хөлс 12 480 000 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 24 024 000 төгрөг нийт 36 504 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “...ажлаа хугацаанд нь бүрэн гүйцэтгээгүй тул захиалагчид 14 445 000 төгрөгийн алданги төлж, нэхэмжлэгчийн хийсэн чанаргүй ажлыг засварлахад 1 412 000 төгрөгийн зардал гаргасан тул хохирол 15 857 000 гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах, 149 айлын орон сууцны барилгын 4400 м.кв талбай бүхий гадна фасадны ажлыг цонх хасаагүй дүнгээр 1 м.кв-ыг 18 000 төгрөгөөр тооцож, ажил гүйцэтгэхээр амаар тохиролцсон, нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч нь урьдчилгаа 20 500 000 төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтээр /хх-196/ нэхэмжлэгчийн хийсэн ажлын үнэлгээ 34 417 314 төгрөг болохыг тогтоосон үйл баримтыг зохигчид маргаагүй байна.

Зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

Зохигчид ажлын үр дүн, гүйцэтгэсэн ажлын хэмжээг маргасан тул шүүх зохигчийн хүсэлтээр хэд хэдэн удаа шинжээч томилсон байх ба шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХКомпани үнэлгээг явуулахдаа зохигчдыг байлцуулан, тус бүрийн хийсэн ажлыг тодруулж, үнэлгээг тогтоосон, уг дүгнэлтийг зохигчид зөвшөөрчээ. Шинжээчийн дээрх дүгнэлтээр нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээ 34 417 314 төгрөг, үүнээс 20 500 000 төгрөгийг авсан тул үлдэх 13 917 314 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй болсон байна.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлын зарим хэсгийг гүйцэтгэсэн, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авсан байх тул хариуцагч хөлсийг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.”, 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгээгүй, талууд гэрээг цуцалсан, хариуцагч нь ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгасан байдал баримтаар тогтоогдсон ба гэрээг цуцлахаас өмнө хийсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар шаардах эрхтэй байна. Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийн эд хөрөнгийг гаргуулсан шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг зөрчөөгүй байна. 

Ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, ажлын чанар гэрээнд заасан шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00837 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1496 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2 удаа төлсөн 230 000 төгрөг, 175 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                             П.ЗОЛЗАЯА