Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 162

 

Ц.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1065 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1010 дугаар магадлалтай, Ц.Б-д холбогдох 2309000000805 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Г овогтой Ц.Б нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ийг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ээс 5,585,862 төгрөг гаргуулж төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ээс 15,665,862 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай. ...” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Ц.Б нь гэм буруугийн талаар маргаагүй. Үйлдсэн гэмт хэргээ ухамсарлан ойлгосон. Өрх толгойлсон эмэгтэйн хувьд бага насны хүүхдээ сургуульд хүргэж, авдаг ажилтай. Мөн тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа тул торгох ял оногдуулж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргасан юм. Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс Ц.Б-ийн 2 жилийн хугацаанд авсан цалинг бүтнээр нь буюу 15,665,862 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар заалтыг зөрчин хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хэргийг хянан үзэж давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор С.Батсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийг 2020 оны 08 сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд Соёл урлагийн их сургуулийн диплом хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ. Цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн албан тушаалд бакалавраас дээш боловсролтой, сургуулийн өмнөх боловсрол олгох багш, арга зүйч мэргэжилтэй хүн ажиллах шаардлагыг Ц.Б хангаагүй байна. Шүүгдэгч Ц.Б нь боловсролын хуурамч диплом ашиглан төрийн албанд томилогдож нийт 15,665,862 төгрөгийн цалин авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж, улсын орлогод шилжүүлсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүхээс оногдуулсан ялын хувьд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй,  хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2.Шүүгдэгч Ц.Б нь Соёл Урлагийн Их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, бүжгийн найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг 2021 онд төгссөн гэх D201114325 дугаартай “Бүжигчин” бакалаврын зэргийн хуурамч дипломыг мэдсээр байж ашиглан 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 272 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилд орж, 2022 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан болох нь Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /хавтаст хэргийн 18-67 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М /хавтаст хэргийн 168-169 дэх тал/, гэрч Б.С /хавтаст хэргийн 198 дахь тал/, гэрч Н.А /хавтаст хэргийн 200 дахь тал/ нарын мэдүүлэг, ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаалын хуулбарууд /хавтаст хэргийн 142-143, 206-209, 222-224 дэх тал/, Сонгинохайрхан дүүргийн 272 дугаар цэцэрлэгийн цалингийн карт /хавтаст хэргийн 214-218 дахь тал/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ийг “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

3.Шүүгдэгч Ц.Б нь хуурамч диплом ашиглан Сонгинохайрхан дүүргийн 272 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилд орохдоо төрийн албанд хууль дээдлэх, иргэн бүр төрийн алба хашихад адил тэгш боломжоор хангагдах зарчмыг ноцтой зөрчиж, тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон байна.

Нөгөө талаар цэцэрлэгийн хөгжмийн багшаар бакалавраас дээш боловсролтой, сургуулийн өмнөх боловсрол олгох багш, арга зүйч мэргэжилтэй хүн ажиллах тусгай шаардлагыг шүүгдэгч Ц.Б хангасан эсэхийг ажил олгогч нягтлан шалгаж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй зохих буруутай болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б боловсролын хуурамч диплом ашиглан Сонгинохайрхан дүүргийн 272 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар томилогдон, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2 жилийн хугацаанд ажиллахдаа тухайн ажлын байранд шаардагдах зохих мэдлэг, чадварыг эзэмшээгүйн улмаас цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна энэ хэрэгт хохирогчий̆н хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон оролцсон Х.М нь шүүгдэгч Ц.Б-д холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргахаас татгалзсан байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ...цалин хөлс авах эрхтэй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т “ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах” эрхтэй,  Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ийн Сонгинохайрхан дүүргийн 272 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажиллах хугацаанд авсан нийт цалин хөлснөөс /хавтаст хэргийн 206-209 дүгээр тал/ тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон цалинг өөрт нь үлдээж, илүү гарах хэсгийг хурааж, төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ээс 5,585,862 төгрөгийг гаргуулж, төрийн санд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Б-ээс 5,585,862 төгрөгийг гаргуулж, төрийн санд оруулсугай” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

4.Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийн Сонгинохайрхан дүүргийн 272 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар 2 жилийн хугацаанд ажиллахдаа авсан нийт 15,665,862 төгрөгийн цалинг бүхэлд нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогод тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс 15,665,862 төгрөг гаргуулж, төрийн санд оруулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэв.

5.Шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй зэрэг ар гэрийн болон хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1065 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй”,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Б-ээс 5,585,862 төгрөгийг гаргуулж, төрийн санд оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1010 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Ч.ХОСБАЯР

      ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

            Б.БАТЦЭРЭН

            М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                   Б.ЦОГТ