Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 128

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч О.Ж,

Нарийн бичгийн дарга П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И овгийн О.Ж-д холбогдох 1928000000131 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 26-нд ............. аймгийн .............. суманд төрсөн, .............. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. аймаг ............ сум ............ дугаар баг ....................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, И овгийн О.Ж, регистрийн дугаар ...........................,

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч О.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бааран гэх газарт О овогтой М-тэй маргалдаж, түүний цээжин тус газар нь хайчаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэд болсон бүх зүйл бичигдсэн байна гэв.

              Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 09 сарын 11-ний өдөр үдээс хойш хөдөөгүүр явж малаа эрж яваад ирсэн чинь 23 цаг өнгөрч байсан байх, 2 хүүхдээ авах гээд зүүн айл Э ахынд ороод очтол Н ах, Ж, Д бас нэг танихгүй эгч байсан, тэд нар архи уугаад сууж байсан, тэгээд манай эхнэр Бадамхорол араас ирээд 2 хүүхэд аваад гэр лүү явсан, би тэдний гэрт үлдсэн тэгсэн Э ах надаа архи аягалж өгсөн, архинаас уугаад бид хэд юм яриад байж байтал Ж над руу чи намайг хавар зодсон гээд маргалдсан тэгээд гаръя гээд гэрийн гадаа бид хоёр маргалдаж байгаад эв зүйгээ олоод гэр лүү Ж түрүүлээд гэр лүү орсон би жаахан байж байгаад араас гэр лүү ортол Ж гэр дотор гэрийн зүүн талд сууж байснаа босох шиг болсон чинь миний цээж хавьд хутгаар зүсэх шиг болсон, тухайн үед хутгаар зүслээ гэж бодож байсан, тэгсэн хайчаар зүссэн байсан, тэгээд би гэрээс гартал араас гарч ирэхээр нь би шууд гүйгээд гэр лүү очоод эхнэр Б-д Ж намайг зүсчихлээ гэж хэлсэн чинь Б эмнэлэг цагдаа дуудъя гээд дуудсан... Одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа, Улаанбаатар хотод очоод цээжин дахь оёдлоо авхуулж, 2 удаа боолт хийлгэсэн, мөн суманд 16 оёдол тавиулж 4 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, Өмнөговь аймгийн төвд ирээд 3-4 хоног боолт тариа хийлгэсэн, Ж надад эмчилгээтэй холбоотой 1 сая төгрөг өгсөн, суманд анх үзүүлж эмчилгээ хийлгэсэн гээд 165.000 төгрөгийг Ж өнөөдөр төлсөн. Ингээд нийт 1.165.000 төгрөг хохирол учирсныг бүрэн барагдуулсан.” гэжээ /хх-14-16/,

Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 09 сарын 11-ний өдөр Булган сумаас гараад хойшоо Норовсүрэн гэдэг манай ангийн хүүхэд байдаг тэднийд очих гээд А.Э бид хоёр мотоцикльтой явж байсан чинь Эийн мотоцикль эвдрээд тэгээд намайг тэр Э гэдэг айлд үлдээгээд Э буцаад сум руу явж мотоциклийн сэлбэг авна гээд явсан. Тэгээд тэр айлд орой унтах гэж байхад цаг 22 цаг өнгөрч байсан байх гаднаас ланд машинтай 2 хүн ирсэн тэгээд тэр айлын эзэнд ландны жолооч / Сүүлд нь нэрийг нь мэдсэн Ж гэсэн/-нэртэй тэр хүн 1 шил архи гаргаж өгөөд тэр гурав хувааж ууж байхад бас нэг залуу мотоциклийн гэрэл нь болохгүй байна гээд ирж хоносон, тэр үед баруун айлын хүн гээд нэг эмэгтэй хүн хүүхдээ үлдээгээд аавыг чинь аваад ирье гээд хүүхдээ үлдээгээд явсан, тэгээд удалгүй тэр баруун айлын залуу хүүхдээ авах гээд ирсэн / нэрийг нь мэдэхгүй хууз сахалтай залуу байсан М гэсэн байх/ хүүхдээ аваад явсан, тэгсэн буцаж ирээд тэр ландны жолооч залууг дагуулаад гэрээс гарсан, тэгсэн удаагүй тэр хоёр орж ирээд бид хоёр учраа оллоо гэж байсан. Тэгээд ландны жолооч залуу ахиад нэг шил архи машинаасаа гаргаж ирээд тэр хэд ууцгаасан, тэр хэдийг юм ярьж байхад би тэрхэн зуур унтчихсан байсан, нэг мэдсэн тэр айлын эзэн ах Э гэдэг хүн гаднаас орж ирээд Ж Халзаадайг /Мг/ хутгалчихлаа М нь зугтаагаад явчихлаа гэж байсан, араас нь Ж гэдэг хүн нь араас хайчаа бариад гэрт орж ирээд хайчаа гэрийн зүүн талын хаяа руу тавьсныг нь мотоцикльтой ирсэн Тогоо гэдэг залуу нуугаад гудсан доогуур хийсэн...” гэжээ /хх-17-19/,

Гэрч О.М мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 09 сарын 11-ний өдөр үдээс хойш хөдөөгүүр явж малаа эрж яваад ирсэн чинь 23 цаг өнгөрч байсан байх, 2 хүүхдээ авах гээд зүүн айл Э ахынд ороод очтол Н ах, Ж, нэг танихгүй эгч байсан, Ж нар архи уугаад сууж байсан, Э ах надаа архи аягалж өгсөн, архинаас уугаад бид хэд юм яриад байж байтал Ж над руу чи намайг хавар зодсон гээд маргалдсан тэгээд гаръя гээд гэрийн гадаа бид хоёр маргалдаж байгаад эв зүйгээ олоод гэр лүү Ж түрүүлээд гэр лүү орсон би жаахан байж байгаад араас гэр лүү ортол Ж гэр дотор гэрийн үүдэн дээр гэнэт миний цээж хавьд хутгаар зүсэх шиг болсон, тэгээд би гэрээс гартал араас гарч ирэхээр нь би шууд гүйгээд гэр лүү очоод эхнэр Б-д Ж намайг зүсчихлээ гэж хэлсэн чинь Б эмнэлэг цагдаа дуудъя гээд дуудсан... Ж хайч юм уу хутгыг мэдээгүй миний цээжинд зүссэн...” гэжээ /хх-20-22/,

           Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 09 сарын 11-ний өдөр 18-19 цагийн үед санаж байна, Дэн багийн нүхтийн Сарлагын-Ус гэдэг газар малаа услаад байж байхад Ж машинтайгаа ирээд ах надтай хамт яваад сум ороод бензин аваад ирэх үү гэхээр нь за тэгье гээд Жтэй хамт сумын төв ороод колонкоос бензин аваад шууд буцсан, тэгээд бид хоёр гэр лүү явж байгаад замдаа төөрөөд сумаас зүүн хойш байдаг хоёр хайрханы зүүн талаар гараад явж байгаад төөрчихсөн тэгээд тэр явж байсан замаа орхиод зүүн гар талын зам аваад явж байсан чинь Э гээд өндөр настай ах байдаг юм тэдний гэрийн гадаа тэр зам яваад очсон, тэгээд Ж бид хоёр Э ахын гэрт нь ороод мэнд-ус мэдээд цай уучихаад явах гэж байсан чинь Э ах Ж рүү архитай явж байна уу? гэж хэлсэн тэгсэн Ж машиндаа архитай явсан юм билээ, машинаасаа нэг шил архи гаргаж Э ахад өгсөн, тэгэхэд гэрт нь нэг танихгүй эмэгтэй, Мий хүүхэд байсан, тэр эмэгтэй уугаагүй Э ах, Ж бид гурав нэг шил архи уугаад дууссан тэгтэл Ж ахиад нэг шил архи гаргаж ирсэн, тэрийг уугаад талдаа орж байтал гаднаас М орж ирээд хүүхдээ авах гээд ирсэн, тэгээд архи уугаад сууж байхад М Ж нар хоорондоо маргалдаад байх шиг байсан, би тэр үед нэлээн согтсон байсан болохоор ямар ч байсан за та хоёр больцгоо гэж хэлж байснаа мэдээд байгаа юм тэрнээс хойш юу болсныг нь сайн санахгүй байгаа юм, өдөр нь малд явж байхдаа 2 айлаар ороод монгол архи уусан байсан болохоор амарсан согтсон байсан...” гэжээ. /хх-23-25/,

Гэрч М.Д мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 09 сарын 11-ний шөнө Мандал-овоо сум орчихоод буцаад явж байсан чинь мотоциклийн гэрэл асдаггүй, тэгээд Э ахын гэрт шөнийн 23 цаг өнгөрч байсан байх, очсон чинь Э ах, Н ах, Ж ах, М ах бас нэг танихгүй эгч байсан? тэгсэн тэр хэд архи уугаад сууж байцгаасан, би жаахан сууж байгаад унтах гээд гэрийн баруун талаар дээлээ нөмрөөд хэвтэж байсан чинь Ж ах би явлаа гээд гэрээс гараад машиндаа суугаад намайг дуудахаар нь очсон чинь машины түлхүүр байдаггүй ээ гэсэн тэгэхээр нь би надаа байхгүй гэсэн чинь Ж ах, Мөөс түлхүүр авчихлаа түлхүүр өг гэж хэлсэн чинь байхгүй би аваагүй гээд Ж ахыг машинаас буугаад ир гээд тэр хоёр машины ард хэрэлдээд маргалдаад байсан, тэгсэн Э ах Н ах хоёр тэр хоёрыг боль гээд салгасан, тэгэхэд би машинд сууж байгаад машинаас буухад зөрөөд Ж машинд суусан, М ах Ж ах руу чи муу буугаад ир гээд байсан, тэгээд Ж ах за больё гээд машинаас буугаад гэр лүү орсон, араас М ах дагаад гэр лүү орсон, тэгээд би бие засчхаад араас нь гэр лүү ортол Э ах Ж ахыг загнаад сууж байсан чи яагаад хүн зүсэж байгаа юм гээд наад хайчаа тавь гээд сууж байсан, Ж ахыг гартаа байсан хайчаа гэрийн хойд талын гудасны зүүн талд тавьчихсан байсныг нь би аваад гудсан доогуур хийчхээд гэрийн зүүн талын пин дотор ороод унтаад өгсөн...” гэжээ. /хх-/

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 542 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...О.М цээжний өмнө хэсэг дэх зүсэгдсэн шарх /хөндий рүү нэвтрээгүй/ гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл  тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх-34/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-7/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/,

О.М амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-46-49/,

Замын зардлын баримт /хх-50/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-62/,

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-63/,

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-65/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-66/,

Шүүгдэгч О.Ж-гийн хохирол төлбөр төлсөн баримт /хх-67/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Ж-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Ж-гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт Нбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

            Шүүгдэгч О.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бааран гэх газарт О.М-тэй маргалдаж, түүний цээжин тус газарт  хайчаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.М “...Ж түрүүлээд гэр лүү орсон би жаахан байж байгаад араас гэр лүү ортол Ж гэр дотор гэрийн зүүн талд сууж байснаа босох шиг болсон чинь миний цээж хавьд хутгаар зүсэх шиг болсон, тухайн үед хутгаар зүслээ гэж бодож байсан, тэгсэн хайчаар зүссэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-14-16/, Гэрч Г.Бгийн “...нэг мэдсэн тэр айлын эзэн ах Э гэдэг хүн гаднаас орж ирээд Ж Халзаадайг / Мг / хутгалчихлаа М нь зугтаагаад явчихлаа гэж байсан, араас нь Ж гэдэг хүн нь араас хайчаа бариад гэрт орж ирээд хайчаа гэрийн зүүн талын хаяа руу тавьсныг нь мотоцикльтой ирсэн Тогоо гэлэг залуу нуугаад гудсан доогуур хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-17-19/, Гэрч О.Мн “...Ж над руу чи намайг хавар зодсон гээд маргалдсан тэгээд гаръя гээд гэрийн гадаа бид хоёр маргалдаж байгаад эв зүйгээ олоод гэр лүү Ж түрүүлээд гэр лүү орсон би жаахан байж байгаад араас гэр лүү ортол Ж гэр дотор гэрийн үүдэн дээр гэнэт миний цээж хавьд хутгаар зүсэх шиг болсон, тэгээд би гэрээс гартал араас гарч ирэхээр нь би шууд гүйгээд гэр лүү очоод эхнэр Б-д Ж намайг зүсчихлээ гэж хэлсэн чинь Б эмнэлэг цагдаа дуудъя гээд дуудсан... Ж хайч юм уу хутгыг мэдээгүй миний цээжинд зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-20-22/, Гэрч М.Нын “...М Ж нар хоорондоо маргалдаад байх шиг байсан, би тэр үед нэлээн согтсон байсан болохоор ямар ч байсан за та хоёр больцгоо гэж хэлж байснаа мэдээд байгаа юм дэрнээс хойш юу болсныг нь сайн санахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-23-25/, Гэрч М.Дийн “...М ах Ж ах руу чи муу буугаад ир гээд байсан, тэгээд Ж ах за больё гээд машинаас буугаад гэр лүү орсон, араас М ах дагаад гэр лүү орсон, тэгээд би бие засчхаад араас нь гэр лүү ортол Э ах Ж ахыг загнаад сууж байсан чи яагаад хүн зүсэж байгаа юм гээд наад хайчаа тавь гээд сууж байсан, Ж ахыг гартаа байсан хайчаа гэрийн хойд талын гудасны зүүн талд тавьчихсан байсныг нь би аваад гудсан доогуур хийчхээд гэрийн зүүн талын пин дотор ороод унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хайч зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

            Хохирогч О.М эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан болох нь  2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 542 дугаартай шинжээчийн “...О.М цээжний өмнө хэсэг дэх зүсэгдсэн шарх /хөндий рүү нэвтрээгүй/ гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл  тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-34/-ээр тогтоогдсон.

Шүүгдэгч О.Ж нь хувийн байдлын хувьд бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, өөрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө үгүй, мал маллаж амьдардаг зэрэг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/, хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-63/, Булган сумын Дэн багийн Засаг дарга ....................... тодорхойлолт /хх-64/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч О.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Харин шүүгдэгч О.Ж-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Иймд шүүгдэгч О.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага  хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч О.Ж-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын яллагчийн саналаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч О.Ж торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүгдэгч О.Ж нь  шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Ж нь хохирогч О.М-д хохирол төлбөрт 1.218.230 төгрөг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг, М шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-67/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Ж-гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хайчийг устгуулж шийдвэрлэхэд улсын яллагч болон шүүгдэгчээс тусгайлан санал, хүсэлт гаргаагүй тул шүүх  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овгийн О.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Ж 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.Ж хохирогч, иргэний нэхэмжлэгч О.М-д хохирол төлбөрт 1.218.230  /нэг сая хоёр зуун арван найман мянга хоёр зуун гуч/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.  

6. Шүүгдэгч О.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэгдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч О.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ