Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 129

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Г.Мөнхбат, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А,

Шүүгдэгч О.Д,

Иргэдийн төлөөлөгч А.Батжаргал,

Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн О.Д-д холбогдох 1928001780125 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 17-нд .............. аймгийн .................. суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, түүхийн багш, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг................  аймаг, .............. сумын .......... дугаар баг, ................ гэх газарт оршин суух хаягтай, .............. сумын .................... баг Баян ................. амьдарч байсан, ял шийтгэлгүй, Н овгийн О.Д, регистрийн дугаар .......................;

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймаг, Цогт-Овоо сумын төв Баян хорооллын 5-5 тоотод хардалтын улмаас эхнэр Э.А-ийн цээжний зүүн тал руу хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө. Ярьж чадахгүй юм байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгнө. 2019 оны 07 дугаар сарын 29-нд наадмын үйл ажиллагаа дуусаад Б архи гаргаж ирч бүгдээрээ хувааж уусан. Орой архиа ууж дуусаад гэртээ харьсан. Гэртээ харихаас өмнө Баатар ахын үүдэнд очиж зогсчоод та хэд явж бай би араас чинь очино гэж Б хэлсэн. Тэгээд бид хэд манай гэрт очоод удаагүй араас ирцгээсэн. Бид нар 0,75 граммын шилтэй архи, пиво хувааж ууцгаасан. Д гаднаас бөөлжиж байгаад орж ирсэн чинь Н намайг хүргээд өг гэсэн тэгэхээр нь би явуулсан. Тэр 2 яваад нэлээн удсан. Бид нар архи пивоо ууж дуусгаад тарцгаасан тэгтэл Б их ядарсан байсан учраас унтаад өгсөн. Тэгээд би Б дээр хөнжил нөмрүүлчихээд хүүгээ хөхүүлээд орон дээр хэвтэж байсан. Нэг мэдсэн би зүүрмэглэсэн байсан тэгэхэд чанга дуу гараад орилоод ороод ирсэн. Сэрээд хартал манай охин ээжээ яах вэ гээд байсан. Тэрнээс хойшоо юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдсэн хагалгааны маргааш нь эмнэлэгт сэрсэн. Өндийж харсан чинь цээж дүүрэн цус болсон байсан. Цээж их хөндүүртэй байсан. Цагаан юман дундуур гүйгээд л байсан. Цус их алдсан болохоор толгой эргээд биеийн байдал сайн биш байна. Ажил хийгээд авсан цалингаа зээлэнд зарцуулаад байгаа учраас 2 хүүхэддээ хүргэж  зарцуулж чадахгүй байна. 2019 оны 10 сарын зээл 660.000 төгрөгөө төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч А.Б саналдаа: Энэ хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн ухаангүй уураар шийдвэр гаргасан байна. Мэдээж эхнэрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгалсан хүнд гэм буруу байгаа. Тийм учраас гэм буруутай гэж үзэж байна гэв.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07-р сарын 29-ний орой сумын хойно байх наадмын талбайгаас би нөхөр Д 2 хүүхэд Н гэх хамаатны хүнтэй манай машинаар нөхөр Д машинаа бариад сумын төврүү Баатар гэх айлын хашааны гадаа манай ажлын хүмүүс болох Б, У, Баясгалан нар 2 машинтай ирсэн. Тэгсэн нөгөө машинтай хүмүүс та хэд түрүүлээд явж бай, араас чинь очъё гэсэн. Тэгээд нөхөр бид нар гэртээ ирсэн. Тэгсэн удалгүй ардаас нөгөө машинтай хүмүүс ирсэн. Тэгээд манай ажлын хүмүүс нэг шил архи, нэг том савтай пиво хувааж ууцгаасан. Тэгж байтал Н манай нөхрийг наадмын талбайруу хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би нөхөр Дыг чи архи уусан байж явж яахын гэхэд нөхөр зүгээр зүгээр гээд Нтай машинаар наадмын талбай явсан. Тэгээд гэрт байсан хүмүүс архи пивоо ууж дуусаад тарцгаасан. Тэгэхэд гэрт манай ажлын Б унтаж үлдсэн. Би гэрээс хүмүүсээ гаргаж явуулаад гэрт орж ирээд Б унтаж байхаар нь дээрээс нь хөнжил гаргаж хуччихаад гэрийн зүүн талын орон дээр бага хүүгийнхээ хажуугаар ороод унтсан. Тэгсэн нойрон дунд хүн хашгирах чимээ гараад сэрээд харахад манай том охин толгой дээгүүр ээжээ ээжээ гээд гүйгээд байсан. тэгээд өндийгөөд зүүн гараараа дарахад халуун оргиод байсан. Миний цээжний зүүн талаас цус гарсан байсан. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Ухаан ороход би эмнэлэгт байсан...Д намайг хутгаар цээжний зүүн талаас хутгалж элэг, дэлүү, уушиг, өрц зэрэг эрхтнүүдийг гэмтээсэн байсан... Би гэртээ зүүн талын орон дээр баруун талаараа хэвтээд унтаж байсан. Гэнэт нэг хашгирах чимээ гарсан. Өндийгөөд харахад манай охин толгойн дээгүүр ээжээ ээжээ гээд гүйгээд байсан. Тэгээд амьсгаа авч болохгүй байхаар нь цээж рүүгээ харахад их цус гарсан байсан. Д намайг ямар байдлаас хутгалсныг би хараагүй. Сэрэхэд манай охин л харагдсан...Одоо нэгэнт нөхцөл байдал ийм болсон учраас гомдол санал гэх юм алга. Харин биеэ эрүүл болгож авах цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах шаардлагатай байна. Мөн Д бид нарыг тайван байлгах хэрэгтэй байна. Утсаар болон өөрөө ирээд архи ууж үхнэ энэ тэр гэж айлгаад байна. Сэтгэл санааны дарамттай байна. Цаашид тусдаа л баймаар байна.” гэжээ /хх-25-26/,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07-р сарын 29-ний орой сумын хойно байх наадмын талбайгаас би нөхөр Д 2 хүүхэд Н гэх хамаатны хүнтэй манай машинаар нөхөр Д машинаа бариад сумын төв рүү Баатар гэх айлын хашааны гадаа манай ажлын хүмүүс болох Б, У, Баясгалан нар 2 машинтай ирсэн. Тэгсэн нөгөө машинтай хүмүүс та хэд түрүүлээд явж бай, араас чинь очъё гэсэн. Тэгээд нөхөр бид нар гэртээ ирсэн. Тэгсэн удалгүй ардаас нөгөө машинтай хүмүүс ирсэн. Манай ажлын хүмүүс нэг шил архи, нэг том савтай пиво хувааж ууцгаасан. Тэгж байтал Н манай нөхрийг наадмын талбай руу хүргээд өг гэсэн. Би нөхөр Дыг чи архи уусан байж явж яахын гэхэд нөхөр зүгээр зүгээр гээд Нг суулгаад машинаараа наадмын талбай явсан. Тэгээд гэрт байсан хүмүүс архи пивоо ууж дуусаад тарцгаасан. Тэгэхэд гэрт манай ажлын Б унтаж үлдсэн. Би гэрээс хүмүүсээ гаргаж явуулаад гэрт орж ирээд Б унтаж байхаар нь дээрээс нь хөнжил гаргаж хуччихаад гэрийн зүүн талын орон дээр бага хүүгийнхээ хажуугаар ороод унтсан. Тэгсэн нойрон дунд хүн хашгирах чимээ гараад сэрээд харахад манай том охин толгойн дээгүүр ээжээ ээжээ гээд гүйгээд байсан. Өндийгөөд зүүн гараараа цээж хэсэгт дарахад халуун оргиод байсан. Миний цээжний зүүн талаас цус гарсан байсан. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Ухаан ороход би эмнэлэгт байсан... Би Цогт-Овоо сумын эмнэлэгт хагалгаанд ороход нэг сая төгрөг, аймагт ирээд бас нэг сая төгрөг 2 сая орчим төгрөгний зардал гарсан. Түүнээс Даас 500.000 төгрөг төлсөн. Бусад зардлыг төлөөгүй байгаа. Манай ар гэрээс төлж байгаа. Мөн миний цалингийн зээл сард 450.000 төгрөгний зээл, бас банк бус санхүүгийн байгууллага болох Говийн буян дэлгэрэх хоршоонд сард 210.000 төгрөгний зээл нийт сард 660.000 төгрөгний зээл төлдөг. Түүнийг төлүүлэх шаардлагатай байна. Цаашид сарын 400.000 төгрөгний үнэтэй эм тариа авч эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Түүнээс би өөрөө 7 хоногийн эм тариа авсан байгаа...” гэжээ /хх-27-28/,

            Гэрч О.Д мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07-р сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байхад манай эхнэрийн ажлын хүмүүс болох Баясаа, У, Баатар, Б, Н бид нар сумын төвийн хойно наадмын талбайгаас ирсэн. Тэгээд манайд 0.75 граммын экс архийг хүмүүс хувааж уусан. Тэгээд Н намайг наадмын талбай руу хүргээд өг гээд би машинаар наадмын талбай яваад ирсэн. Тэгээд Н бид 2 хамт гэрт эргэж ирэхэд үлдсэн хүмүүс бүгд байсан. Тэгээд гэрт байсан хүмүүс удалгүй явцгааж манайд эхнэр болох А, 2 хүүхэд, Б, Н нар үлдсэн. Тэгээд шөнө манай охин, Н бид 3 соёлын төв ороод чигээрээ Нг гэрт нь хүргэж өгсчөөд эргээд хашаанд ирэхэд гэрийн хаалга онгорхой манай эхнэр А гэрийн зүүн талд байдаг ор луугаа гүйгээд орж байгаа харагдсан. Би охины хамт гэрт ороод эхнэрт та 2 яаж байгаа юм, юу болоод байгаа юм, чи сая ор луугаа гүйж орсон биздээ гэж хэлсэн. Тэгсэн эхнэр юм хэлээгүй. Тэгээд гэрийн хоймор хэсэгт унтаж байсан Бын хөнжлийг татаж сэрээсэн. Тэгээд би хоолны шүүгээн дээр байсан хутга аваад хутганы ишнээс нь барьж байгаад эхнэр лүү шидсэн. Тэгээд Б намайг барьж авсан. Б хашаанд байх хажуу айлын Адъяабаатараа гэж хашгирсан. Тэгсэн А-н эхнэр нь гарч ирээд хүмүүс дуудсан. Удалгүй цагдаа ирсэн...Би согтууруулах ундаа уусан байсан. Нэлээн согтолттой байсан. Гэхдээ цагдаагийн өрөөнд ирээд драгер үлээхэд 0.52%-тай гарч байсан...Шөнө би хашаанд ирэхэд гэрийн хаалгаар харахад манай эхнэр А ор руугаа орж байгаа харагдсан. Тэгээд би хардаад уур хүрээд хутга шидсэн. Хутга эхнэрийн зүүн суганаас доош хавирганы ойролцоо оносон байсан. Ямар гэмтэл учирсныг нь сайн мэдэхгүй байна... 2019 оны 02-р сард зүүн талын нүд рүү нь нэг удаа цохиж байсан...” гэжээ /хх-30-31/,

Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Аийнд би эхнэр Уийн хамт 22 цаг өнгөрч байхад очсон. Тэгэхэд А нөхөртэйгээ, Н, Б, Ч, Б нар байсан. Тэгж байтал Н, Аийн нөхөр Д нар хойшоо зоо орж ирнэ гээд байсан. Бид нар явуулахгүй гэсэн. Тамхи татаж байгаад Н, Аийн нөхөр Д 2 машинаараа гараад явсан. Тэгээд байж байтал хашаан доторх хажуу айлын Адъяабаатар орж ирсэн. Бид нарыг тарах үед Н, Аийн нөхөр Д 2 буцаад ирсэн. Тэндээс Б Бын машиныг унаад Чийг хүргэж өгөхөөр гарсан. Би эхнэр Уийн хамт Адъяабаатарыг гэрт оруулж өгөөд явган гэртээ харьсан. Гэрт А нөхөр Д, Н нар болон Б унтаад үлдсэн... А бага зэрэг архи уусан байсан. Нээх согтсон зүйл байгаагүй. Хүүхдээ хөхүүлээд хоол хийх гэж байсан. Д бараг эрүүл байсан. Эхнэр бид 2-ыг очихоос өмнө бүгд бага зэрэг уусан байсан...” гэжээ. /хх-33/,

            Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07-р сарын 29-ний орой наадмын талбайгаас сумын төв рүү 21 цаг өнгөрч байхад Баатар, Н, А, Аийн нөхөр Д бид нар Баатар ахын хашааны гадаа ирсэн. Тэндээсээ Аийнд очсон. Н 0.75 граммын нэг шилний хагас архи гаргаад Баатар, Н, А, Д, сүүлд Баясаа ах У нар ирээд гаргасан архиа хувааж ууж дууссан. Надтай хамт Баясаа ахын эхнэр У эгч машинаар хамт яваад төв ороод дэлгүүрээс нэг шил 0.75 граммын бараан шилтэй архи нэг шилийг авсан. Эргээд Аийнд ирэхэд Н, Д 2 машинаар хашаанаас гарч байсан. У эгч бид 2 Аийнд нэг шил архи гаргаад Баясаа ах, У, А, Баатар ах бид нар хувааж ууж дуусгасан. Би Аийн гэрийн хоймор хэсэгт нь хэвтэж байсан чинь чигээрээ унтсан байсан. Тэгээд гэнэт хүүхэд чарлах чимээ гарсан. Сэрсэн чинь А гэрийн зүүн талын орон дээрээ хэвтсэн зүүн хөхний доороос цус гарсан байсан. Хөнжил нь цус болсон байсан. Аийн нөхөр гэрийн зүүн орны хажууд багананы ойролцоо гартаа хутга барьсан зогсож байсан. Дыг би араас нь тэвэрч байгаад хутгын булааж аваад гэрийн хойд хэсэгт шидээд Дтай зууралдаад гадаа гаргаж гэрийн үүдэнд унагаагаад дарсан. Тэгээд би Адъяабаатарыг хашигарч дуудсан. Тэгтэл нэг эмэгтэй гарч ирэхээр нь цагдаа эмнэлэг дууд гэсэн. Тэгсэн тэр эмэгтэй машинаар гарч дуудлага өгсөн байсан. Эмнэлэг түрүүлж ирээд удалгүй цагдаа ирсэн...Хэрэг гарах үед би А багшийн гэрийн хоймор хэсэгт унтсан байсан. Тэдний бага хүү гэрийн зүүн талын орон дээр ээжтэйгээ хэвтэж байсан. Д том охины хамт гэрийн зүүн багананы хажууд зогсож байсан. Өөр хүн байгаагүй... Би хэрэг болсон үйл явдлыг хараагүй. Ямарч байсан намайг унтаж байхад хүүхэд хашигарах чимээ гарч би сэрсэн. Тэгэхэд Аийн биений цээжний зүүн доод хэсгээс цус гарч нөмөрч байсан хөнжил нь цус болсон байсан. Охин нь ааваа ээжийг яаж байгаа юм бэ гээд уйлаад байсан. Гартаа хутга барьсан зогсож байсан...Даас би чи яагаад хүн хутгалж байгаа юм бэ гэхэд Д санамсаргүй хутга шидсэн зоогдоно гэж бодоогүй. Би бодохдоо Д эхнэрээ хардсан байх. Би Дыг гаднаас орж ирж байхыг нь мэдээгүй...А уусан байсан. Нэлээн согтуу байсан байх адилхан уусан. Д бол архи уусан жаахан халамцуу согтуу байсан.” гэжээ. /хх-34-35/,

            Гэрч М.С мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07-р сарын 30-ны шөнө гэртээ унтаж байхад хашаанд машин орж ирэх шиг болсон. Тэгээд эргээд унтаж байгаад нэг сэрэхэд 2 эрэгтэй хүн маргалдаж байгаа чимээ сонсогдсон. Тухайн үед би ажлынх нь хүн байгаа юм байх гэж бодоод нээх тоогоогүй. Нэлээн сүүлд хүүхэд уйлах чимээ гарсан. Тэгээд хажуу айлын том охин гэрт ирээд манай ээжийг аав түлхээд унагаачихлаа гэсэн. Тэгэхээр нь би босоод Аийн гэрт ороход эхнэр нь гэрийн зүүн орон дээр нялх хүүхэдтэйгээ ёолоод хэвтэж байсан. Хүүхэд нь унтаж байсан. Тэгсэн Аийн өмсөж байсан фудволк нь цустай болсон хэвтэж байсан. Тэгээд би урд айлын хүн Амаржаргалыг эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би машинаараа явж хадам аав Батцэнгэлийнд очсон. Тэндээс Төмөртогтох, Бямба-Эрдэнэ 2-г аваад эргэж хашаандаа очсон. Гэрт ороод Сугирсүрэн эгч рүү залгаад цагдаа дуудаач өгөөч гэж хэлсэн. Эргэж хашаанаас гараад эмнэдэг дээр ирж дуудлага өгсөн. Тэгээд эргээд хашаанд ирэхэд цагдаа эмнэлэг 2 зэрэг ирсэн... Би шөнө Аийн гэрт 01 цагийн 30 минутын үед ороход А гэрийн зүүн орон дээр бага хүүхэдтэйгээ хамт хэвтэж байсан. фудволк нь цус болсон, биеийн зүүн доод хэсэгт хавирганд ил шарх харагдаж байсан. 2 эрэгтэй хүн гэрийн гадаа байсан. Өөр хүн байгаагүй...” /хх-36/,

            2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 462 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Э.А-ийн цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц, элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт, цус алдалтын дараах цочмог цус багадалт, шокын байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Э.А-ийн биед учирсан дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хутга шидэж оногдох үед үүсэхгүй...” гэжээ /хх-38-39/,

            2019 оны 08 дугаар  сарын 27-ны өдрийн Шүүх сэтгэцийн дүгнэлтэд: “...Шинжлүүлэгч О.Д нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч О.Д-ын хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдал хэвийн. Шинжлүүлэгч О.Д хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч О.Д нь хэрэг хариуцах чадвартай.” гэжээ. /хх-66-68/

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-12/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-15/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-23/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-24/,

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-40/,

Өвчний түүх /хх-41-62/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-82/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-91/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-93/,

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-94/,

Дээд боловсролын дипломны хуулбар /хх-95-96/,

Хохирогчийн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн засаг даргын тодорхойлолт /хх-97/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-102/,

Дээд боловсролын дипломны хуулбар /хх-106/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-ийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээ  зэрэг 6 хуудас хохирлын баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Д-ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч О.Д-ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймаг Цогт-Овоо сумын төв Баян хорооллын 5-5 тоотод хардалтын улмаас эхнэр Э.А-ийн цээжний зүүн тал руу хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатайгаар учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-ийн “...нойрон дунд хүн хашгирах чимээ гараад сэрээд харахад манай том охин толгой дээгүүр ээжээ ээжээ гээд гүйгээд байсан. Тэгээд өндийгөөд зүүн гараараа дарахад халуун оргиод байсан. Миний цээжний зүүн талаас цус гарсан байсан. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Ухаан ороход би эмнэлэгт байсан...Д намайг хутгаар цээжний зүүн талаас хутгалж элэг, дэлүү, уушиг, өрц зэрэг эрхтнүүдийг гэмтээсэн байсан... Би гэртээ зүүн талын орон дээр баруун талаараа хэвтээд унтаж байсан…Д намайг ямар байдлаас хутгалсныг би хараагүй. Сэрэхэд манай охин л харагдсан...” гэсэн мэдүүлэг/хх-25-26/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-ийн “...Нойрон дунд хүн хашгирах чимээ гараад сэрээд харахад манай том охин толгойн дээгүүр ээжээ ээжээ гээд гүйгээд байсан. Өндийгөөд зүүн гараараа цээж хэсэгт дарахад халуун оргиод байсан. Миний цээжний зүүн талаас цус гарсан байсан. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Ухаан ороход би эмнэлэгт байсан...” гэсэн мэдүүлэг /хх-27-28/, гэрч М.Сгийн “...би босоод Аийн гэрт ороход эхнэр нь гэрийн зүүн орон дээр нялх хүүхэдтэйгээ ёолоод хэвтэж байсан. Хүүхэд нь унтаж байсан. Тэгсэн Аийн өмсөж байсан фудволк нь цустай болсон хэвтэж байсан... фудволк нь цус болсон, биеийн зүүн доод хэсэгт хавирганд ил шарх харагдаж байсан. 2 эрэгтэй хүн гэрийн гадаа байсан. Өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-36/ яллагдагчаар  О.Д-ын “...би хоолны шүүгээн дээр байсан хутга аваад хутганы ишнээс нь барьж байгаад эхнэр рүүгээ шидсэн. Аийн биеийн цээжний зүүн доод хэсэгт өрц элэг, хэвлийн хөндийг гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-72-74/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-12/, эд мөрийн баримтаар тооцон шүүх хуралдаанд шинжлэн судалсан шар эрээн өнгийн зураас бүхий бариултай хутга зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Д-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь  2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 462 дугаартай шинжээчийн “...Э.А-ийн цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц, элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт, цус алдалтын дараах цочмог цус багадалт, шокын байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Э.А-ийн биед учирсан дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хутга шидэж оногдох үед үүсэхгүй...” гэх дүгнэлт /хх-38-39/, Өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл, сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас, сувилагчийн тэмдэглэл, цус цусан бүтээгдэхүүн захиалах маягт, цус цусан бүтээгдэхүүн сэлбэсэн протокол, мэс заслын тэмдэглэл /хх-41-62/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч Э.А шүүгдэгч О.Дтай 2014 оноос хойш хамтран амьдарч дундаасаа  5 настай охин ....................., 1 настай хүү ............... нарыг төрүүлсэн байх тул гэр бүл, эхнэр, нөхөр гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж согтуурч,  гэр бүлийн хардалт, маргааны улмаас болсон гэж дүгнэхээр байна.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт  “Хүн бүр амьд явах үндсэн эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг заасан.

Шүүгдэгч О.Д нь хутга буюу зэвсэг хэрэглэн эхнэр Э.А-ийн эрүүл мэндэд халдаж хүнд хохирол учруулсан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан.

Шүүгдэгч О.Д гэр бүлийн хардалтын улмаас эхнэр Э.Аийг хүүхэдтэйгээ  унтаж байхад нь хутга авч улмаар цээжний зүүн талд хутгалж байгаа үйлдлийг хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан хэдий ч уг үйлдлээ хүсч үйлдэн, хүний эрүүл мэндэд хүнд хохиролд зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

           Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох ба “зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж хуульд тайлбарласан.

          Иймд шүүгдэгч О.Дыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг хүйтэн зэвсэг гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч О.Д гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай ажлын хүмүүс нэг шил архи, нэг том савтай пиво хувааж ууцгаасан. Тэгж байтал Н манай нөхрийг наадмын талбай руу хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би нөхөр Дыг чи архи уусан байж явж яахын гэхэд нөхөр зүгээр зүгээр гээд Нтай машинаар наадмын талбай явсан.” гэсэн мэдүүлэг /хх-25-26/, гэрч О.Д-ын  “...2019 оны 07-р сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байхад манай эхнэрийн ажлын хүмүүс болох Баясаа, У, Баатар, Б, Н бид нар сумын төвийн хойно наадмын талбайгаас ирсэн. Тэгээд манайд 0.75 граммын экс архийг хүмүүс хувааж уусан...Би согтууруулах ундаа уусан байсан. Нэлээн согтолттой байсан. Гэхдээ цагдаагийн өрөөнд ирээд драгер үлээхэд 0.52%-тай гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-30-31/, гэрч Э.Бын “...2019 оны 07-р сарын 29-ний орой наадмын талбайгаас сумын төв рүү 21 цаг өнгөрч байхад Баатар, Н, А, Аийн нөхөр Д бид нар Баатар ахын хашааны гадаа ирсэн. Тэндээсээ Аийнд очсон. Н 0.75 граммын нэг шилний хагас архи гаргаад Б, Н, А, Д, сүүлд Б ах У нар ирээд гаргасан архиа хувааж ууж дууссан. Надтай хамт Б ахын эхнэр У эгч машинаар хамт яваад төв ороод дэлгүүрээс нэг шил 0.75 граммын бараан шилтэй архи нэг шилийг авсан. Эргээд Аийнд ирэхэд Н, Д 2 машинаар хашаанаас гарч байсан. У эгч бид 2 Аийнд нэг шил архи гаргаад Б ах, У, А, Б ах бид нар хувааж ууж дуусгасан. Би Аийн гэрийн хоймор хэсэгт нь хэвтэж байсан чинь чигээрээ унтсан байсан...А уусан байсан. Нэлээн согтуу байсан байх адилхан уусан. Д бол архи уусан жаахан халамцуу согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хх-34-35/ зэргээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч О.Д хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн хувьд эрүүл болох нь 2019 оны 08 дугаар  сарын 27-ны өдрийн Шүүх сэтгэцийн “...Шинжлүүлэгч О.Д нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч О.Д-ын хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдал хэвийн. Шинжлүүлэгч О.Д хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч О.Д нь хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлтээр /хх-66-68/ тогтоогдсон.

Шүүгдэгч О.Д 1992 оны 12 дугаар сарын 17-нд ................... аймгийн ................ суманд төрсөн, эрэгтэй, .............. настай, дээд боловсролтой, түүхийн багш, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ................ аймаг, ............... сумын 5 дугаар баг, ................. гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, өөрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө үгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-82/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-91/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-93/, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-94/, Дээд боловсролын дипломны хуулбар /хх-95-96/, ..................., ............... нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-105-106/ зэрэг нотлох баримтаар хувийн байдал нь  тогтоогдож байна.

          Шүүгдэгч О.Д-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч  Э.Ад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 2.448.000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.

          Шүүгдэгч О.Д хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ад эмчилгээтэй холбоотой хохирол төлбөр, 2019 оны 10 дугаар сарын зээлийн төлөлт 660.000 төгрөг нийт   2.448.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч О.Д-ын мэдүүлэг /хх-73-74/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-88-90, 98-99/, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбар, мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.Дыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч О.Дыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдал, дээд боловсролтой, эхнэр, 2 хүүхэдтэй нийгэмд эзлэх байр сууриа олсон зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

          Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэх тайлбар, мэдүүлгийг харгалзан иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан гэж үзэж цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмааар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Д-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шар эрээн өнгийн зураас бүхий бариултай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

            Шүүгдэгч О.Д цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явууллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овгийн О-н Д-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2  . Шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.Д хохирогч нэхэмжлэгч Э.А-д хохирол төлбөр, зээлийн эргэн төлөлтөд нийт 2.448.000 /хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.  

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А цаашид гаргах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн зураас бүхий бариултай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

  8. Шүүгдэгч О.Д цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч О.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА

 

                                                                  Г.МӨНХБАТ

 

                                                                            Э.ОЮУН-ЭРДЭНЭ