Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01977

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/064******* шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2023 оны 04 сард ******* ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Ажил олгогч буюу ******* ХХК нь мөн өдөр Батлан даалтын гэрээг *******, түүний аав *******, ээж ******* нартай байгуулсан. Уг гэрээнд зөвхөн батлан даагчийн гарын үсэг хангалтгүй гэж ажил олгогч үзсэн тул үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч нь өөрийн өмчлөлийн ...******* дүүргийн ******* хороо, *******, *******байрны ******* тоотод байрлах ******* м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. ******* 4 сарын хугацаанд ажиллаад өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргасан. ******* ХХК нь ажил хүлээлцээгүй учир Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр болгохгүй, дотоод тооцоог нягталж дуусах хүртэл байрыг барьцаанаас чөлөөлөхгүй, гэхдээ ажлаасаа гарч болно гэдэг хариу өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим нь барьцаа хэрэглэхгүй байна гэж заасан байхад ******* ХХК нь өндөр цалин амласан зарыг нийтэд хүргэж, ажилд орохоор ирсэн ажил горилогч нартай батлан даалтын гэрээ гэх нэртэй барьцааны гэрээ байгуулан ажилтны орон сууцыг барьцаалж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна. Иймд 2023 оны 04 сарын 17-ны өдрийн Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Батлан даалтын гэрээ нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд үндэслэн хийгдсэн, батлан даагч нар нь гэрээнд заасан хэмжээгээр өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхээр заасан. Хуульд заасны дагуу Батлан даалтын гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бид хүчээр нэхэмжлэгчийг ажилд аваагүй, улсын бүртгэлд шилжүүлэхийг хүчээр шаардаагүй. Компанийг 40 гаруй сая төгрөгийн хохиролд оруулсан байгаа учир эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа. Компани хууль зөрчөөгүй. Компанийн дотоод асуудал дээр нотлох баримтгүйгээр гүтгэж байна. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учраас энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар ******* ХХК, *******, *******, ******* нарын 2023 оны 04 сарын 17-ны өдөр байгуулсан ******* тоот Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ******* дүүргийн ******* хороо, *******, ******* байрны ******* тоот ******* дугаартай, ******* м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хэрэг бүртгэлийн хэрэг нь *******тэй байгуулсан ******* дугаартай батлан даалтын гэрээнд хамааралгүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд үндэслэж хийсэн батлан даалтын гэрээгээр манай компани өөрт учирсан хохирлоо *******ээс шаардаж нөхөн төлүүлэх боломжийг авч үзэлгүйгээр хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Цагдаад гомдол гаргаж тус гомдолд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын хэрэг нээж шалгагдаж байхад шүүхээс тус хэрэг нь ******* дугаартай батлан даалтын гэрээтэй холбоогүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ******* ХХК-д *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ч Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Батлан даалтын гэрээг цуцлаагүй. ******* нь компанид хохирол учруулсан эрүүгийн хэрэг нь одоо шүүхийн шатанд шилжсэн байгаа.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хэрэг нь *******ийн ******* ХХК-д ажиллах хугацаандаа байгууллагын эд хөрөнгө завшсан эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг батлан даалтын гэрээ хоёр хоорондоо хамааралгүй гэж үзсэн. Зүй нь шүүхээс *******тэй холбоотой шийдвэр гарснаар учирсан хохирлоо гаргуулахаар бол батлан даалтын гэрээний дагуу шаардах эрхтэй болно. Гэтэл шүүх батлан даалтын гэрээ нь хэрэг бүртгэлийн хэрэгтэй ямар үндэслэлээр хамааралгүйг тайлбарлалгүй шийдвэр гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж заасны дагуу хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэх байтал шүүхээс хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Иймд гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч ******* ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түр хугацаанд түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч талаас хохирол огт учруулаагүй гэж маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхийг хориглох зарчмыг зөрчсөн учир талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэжээ. 

ХЯНАВАЛ: 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тус компанитай 2023 оны 04 сарын 17-ны өдөр байгуулсан Батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хүрээнд батлан даалтын гэрээ байгуулж зохих бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, барьцааны гэрээ байгуулаагүй гэж тайлбарлан маргажээ.

3.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааны төрлийг зөв тодорхойлж, улмаар гэрээг хууль зөрчиж хийсэн болохыг тогтоон, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж зааснаар энэхүү гэрээний зорилго нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийг батлан даагч өөртөө шилжүүлэн авч байгаа бус үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол түүнийг нь хариуцах амлалтын үүрэг хүлээсэн бие даасан харилцаа байдаг. Ийм учраас батлан даалтын гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргад тооцогддог бөгөөд гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг баталгаатай байлгах зорилгоор мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах нь зарчмын хувьд нээлттэй.

Харин энэ хэргийн хувьд зохигчийн хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний зорилго нь ажилтан ******* хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр аливаа өр үүссэн, ажил үүрэгтэй нь холбоотой буруутай үйл ажиллагааны улмаас ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд уг хохирлыг гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хариуцуулах агуулгатай байна. Улмаар уг гэрээг улсын бүртгэлийн барьцааны бүртгэлд бүртгүүлж, үүргийн гүйцэтгэл хангуулах хөрөнгийн үнэлгээг 50,000,000 төгрөгөөр, үүрэг гүйцэтгүүлэх үнийг 15,000,000 төгрөгөөр тус тус тогтоосон нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний шинжийг агуулсан байна.

Иймд талуудын хооронд батлан даалтын гэрээ эсхүл барьцааны гэрээний аль нь байгуулагдсан эсэх маргааныг анхан шатны шүүх зохигчийн тайлбар болон тухайн гэрээ, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулж, Батлан даалтын болон Барьцааны гэрээний агуулга, түүнд тавигдах үндсэн шаардлага болон гэрээний үүргийг хариуцах этгээд, үүрэг хангагдах онцлог зэргийг харьцуулан тодорхойлох замаар ******* ХХК болон *******, *******, ******* нар хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, барьцааны эрх шударгаар үүссэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шүүх үзлээ.

4.******* ХХК, ******* нарын хооронд Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, мөн ******* ХХК, *******, *******, ******* нарын хооронд Батлан даалтын гэрээ 2023 оны 04 сарын 17-ны өдөр нэгэн зэрэг байгуулагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д үл ялгаварлан гадуурхах, 5.1.5-д барьцаа хэрэглэхгүй байх тухай суурь зарчмыг ажил олгогч зөрчсөн гэж үзэхээр байна.

Энэ нь хариуцагчаас ...Батлан даалтын гэрээ нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд үндэслэгдсэн, батлан даагч нар гэрээнд заасан хэмжээгээр өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхээр заасан ... бид нэхэмжлэгчийг хүчээр ажилд аваагүй... гэсэн тайлбарыг шүүхэд гаргасныг ажил олгогчийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзнэ. Мөн ажил олгогч ******* ХХК нь шинээр ажилд орж буй ажилтан *******тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэж хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажлын байрны онцлогоос шалтгаалан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах эрхтэй боловч ажилтан, түүний эцэг, эх нартай Батлан даалтын гэрээ байгуулж, гэрээний 5.1-д ажилтан, ажил олгогчийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй бол батлан даагч нар гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр тухайн үүргийг нөхөн хариуцлага хүлээхээр гэрээний зорилгыг заасан байна.

Энэ үндэслэлээр дээрх гэрээнүүд байгуулагдсаныг нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* ХХК зөрчсөн буюу тус компанийн худалдааны төлөөлөгч-ийн ажлын байранд ажиллах ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, уул гэрээний үүргийг бүрэн хариуцаж чадах эд хөрөнгөтэй хүнийг ажилд авах шаардлагыг нэхэмжлэгчид тавьсан нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд аливаа ялгаварлалыг эс зөвшөөрсөн заасан эс зөвшөөрөгдөх нөхцөлийг бий болгожээ.

Улмаар талууд батлан даалтын гэрээ гэж нэрлэсэн барьцааны гэрээг 2023 оны 04 сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн барьцааны бүртгэлд бүртгүүлсэн нь тус гэрээнд хийгдсэн улсын бүртгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, эд зүйл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн баримт бичгийн эх хувийг шаардан авч барьцаалахыг хориглоно гэсэн зохицуулалт зөрчигдсөн байна.

Аливаа хэлцлийг хуулиар хориглосон буюу хуулийн тодорхой заалтыг зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн /хуульчлагдсан/ зан суртахууны тодорхой зарчмуудыг зөрчиж хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгсөн.

Дээр дурдсан хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, хориглолтыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчим гэж тодорхойлох, хөдөлмөрийн харилцаан дахь тэгш бус, давуу байдлыг ашиглан ийнхүү хэлцэл хийх нь талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд харьяалагдахгүй. Талууд 2023 оны 04 сарын 17-ны өдөр барьцааны гэрээ байгуулсныг Батлан даалтын гэрээ гэж нэрлэн, гэрээний хүчин төгөлдөр байдлыг хангах, үүргийг баталгаажуулахаар улсын бүртгэлд гэрээг бүртгүүлсэн нь хууль бус бус бөгөөд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

5.Хариуцагч талаас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр батлан даалтын гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч хариуцагч компанид хохирол учруулсан нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа бөгөөд уг хохирол тогтоогдсон нөхцөлд хохирлыг уг хөрөнгөөр барагдуулах шаардах эрх үүссэнийг шүүх анхаараагүй тухай гомдлыг хангахгүй. Батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул аливаа эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй тул зохигчийн хооронд үүссэн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж буйтай нэхэмжлэгчийн нэхэмжлэл давхцахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаархи нэхэмжлэлийг иргэний журмаар хэлэлцэхгүй, шийдвэрлэхгүй байх үндэслэлд хамаарахгүй тул шүүх хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаагүй нь хуульд нийцсэн байна.

6.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/064******* шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Э.ЭНЭБИШ