Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 4783

 

 2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/04783

                      Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, .. дүгээр байрны ..дүгээр орцонд байрлах “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “СӨХ” гэх/-ны,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух, ... регистртэй, Буурал овогт Д.Д холбогдох,

            Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 405,000 /дөрвөн зуун таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Г оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гүйцэтгэх захирал Г.Г гаргасан тайлбартаа: Тус СӨХ-ны үйлчилгээнд байдаг .. дугаар байрны .. тоотод оршин суудаг Д.Д нь 2014 оны 1 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны үйлчилгээний хөлс болох нийт 30 сарын 405,000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Иймд “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 16 дугаар зүйл, Иргэний хуулийн 147 дугаар зүйлүүдийн заалтыг үндэслэн тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжилсэн. Д.Д-г СӨХ-ны төлбөрөө төлөхийг холбооны зүгээс удаа дараа шаардаж байсан. Түүний хүсэлт, гомдлын дагуу 2011 оноос 2014 он хүртэлх СӨХ-ны төлбөр болох 321,000 төгрөгөөс чөлөөлж байсан. Энэ талаар баримт болон Д.Д-ийн 2014 оны 1 дүгээр сараас эхлээд СӨХ-ны төлбөр тасралтгүй төлөөд явна гэж бичсэн бичиг зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл Д.Д нь 2014 оноос эхлээд өдийг хүртэл төлбөрөө төлөөгүй бөгөөд удаа дараа шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээн аваагүй гэв.

            Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие энэ хаягт 2002 оноос одоог хүртэл амьдарч байна. 2004 оноос эхлэн 2-3 давхраас ус алдаж, бид өвөл зуны улиралд их хэмжээний хохирол амссан. 2014-2016 онд дахин ус алдсан боловч бид өөрсдөө засвар хийсэн. “Санни Хаус” ХХК-д дуудлага олон дахин өгдөг боловч ямар ч арга хэмжээ үр дүнд хүрээгүй. Ийм асуудалд СӨХ ямар ч хариуцлага хүлээдэггүй, дуудаад ч ирдэггүй. Оршин суугчдын хүсэлт болон эрүүл ахуй, ариун цэврийн асуудлыг үл тоомсорлон үздэг. Манайх 1 давхарт амьдардаг учир ус алдсаны улмаас доод подвалаас халуун усны үнэр, 00-н үмхий үнэр сэнгэнэж, эрүүл мэнд болон бидний тавтай амьдрах нөхцөл алдагдаж байна. Оршин суугчдаас мөнгийг нь авч байж ямар ч ажил хийхгүй байснаар СӨХ хамгийн сүүлийн байр эзлэж, бидний итгэл найдварыг алдсан. Шинэ даргатай болсон гээд төмөр хашаа хийх, зам янзалсан гэх мэт ажил хийсэнд баяртай байсан. Уулзаж санал бодлоо хэлэлцэж, энэ хүнийг ирснээс хойш мөнгийг төлөхөөр тохирсон боловч манай сууцны асуудал улам хүндэрч, банк мөнгийг сүүлийн сараас нь авахгүй гэсэн учир би төлбөрийг төлөөгүй юм. Одоо манай сууцны гадна үзэмжинд нэг ч удаа засвар хийгээгүйн улмаас халтар сармай байр болж хувирсан. Үүдний дежур байсан бол хойд орцонд шилжиж, хамт хийж байгаа гэсэн учир орцны толь, шчочик зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Коридорт согтуу хүмүүс унтаж байдаг болсон. Дотор 00 болон гал тогооны труба элэгдэлд орж шалтгаангүй ус алдаж, бид өөрсдөө материал авч янзалдаг. Энэ бүх асуудлыг шийдвэрлүүлж өгөхийг СӨХ-оос шаардаж байна. Энэ шаардлагыг биелүүлсэн тохиолдолд би СӨХ-ны төлбөрийг төлөх болно гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч Д.Даас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрт 405,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            “Түшээ” СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдаж, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2... дүгээр гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд дахин бүртгэгдэж /хх-ийн 3/, Г.Гийг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2007 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоолоор томилсон /хх-ийн 4/ байх тул шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Д.Д нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ...дугаар бичил хороолол, ... дугаар байрны ...тоотод оршин суудаг болох нь зохигчийн биеийн байцаалт болон түүний тайлбараар тогтоогдсон.

            Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна...” гэж, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан байна. Иймд нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч Д.Даас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын мөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

            Хариуцагч Д.Днь нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-г орон сууцны гадна үзэмжинд засвар хийгээгүй, хоёр орцны хооронд нэг дежур ажиллаж, нөгөө орцонд байрлаж байгаагаас шалтгаалан орцонд гадны согтуу хүмүүс унтах, орны эд зүйлүүд хулгайд алдагдах, дотор 00 болон гал тогооны өрөөний труба элэгдэлд орсны улмаас шалтгаангүйгээр ус алдах болсон, 2004-2009 оны хооронд 2-3 давхраас удаа дараа ус алдсаны улмаас өөрсдөө зардал гаргаж засвар хийлгэж байсан гэж тайлбарлан, түүнийгээ нотлохоор “Орон сууцанд ус алдуулсны гэмтлийг тогтоосон дүгнэлт”-үүдийг баримтаар гаргасан боловч нэхэмжлэгч нь 2014 оны 1 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацааны СӨХ-ны хуримтлалын төлбөр шаардаж байгаа бөгөөд дээрх баримтууд нь тус байрны 45 тоот оршин суугчид хохирлыг арилгаж, гомдлыг барагдуулахаар даалгасан байна.

            Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Д нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээсэн бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч Д.Даас 2014 оны 1 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал 30 сарын хугацааны засвар үйлчилгээний төлбөрт 405,000 төгрөг гаргуулж, “Түшээ” СӨХ-нд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,184 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,184 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан .. регистртэй, Буурал овогт Д.Д-с дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 405,000 /дөрвөн зуун таван мянган/ төгрөг гаргуулан “Түшээ” СӨХ-нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,184 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,184 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА