| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2019/00065/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.А
Улсын яллагч: Г.Х
Шүүгдэгч: Э.Ө нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Өт холбогдох 1922001190078 тоот хэргийг 2019 оны 6 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1988.03.06-нд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 2-8 тоотод оршин суух хаягтай, одоо Сайнцагаан сум 9-р баг Мандалын 18-6 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗФ88030601/ Э.Өнь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Ө нь 2019 оны 4 сарын 10-ны өглөө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Мандалын 3 дугаар гудамжинд иргэн Э.Цгийн гээгдүүлсэн Самсунг эй-6 маркийн гар утсыг завшиж, бусдад 830000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Шүүгдэгч Э.Ө шүүх хуралдаанд: “Би 4 сарын эхээр өглөө 8 цаг өнгөрөөгөөд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд баруун цагаан дэлгүүр орох гээд явж байх замдаа Мандалын 4 дүгээр гудамжны үзүүрээс утас олсон. Олоход доошоо хараад уначихсан, дэлгэц нь хагарсан, унтраалттай байсан. Асаах гэхэд асаагүй. Тэгээд гэртээ авч ирээд цэнэглээд асаахад кодтой байхаар нь буцааж унтраасан. Унтраалттай хэвээрээ 8 хоног байсан. 4 сарын 18, 19-ний үеэр хот руу эмнэлэгт явахдаа кодыг нь гаргуулаад барьсан. Тэр үед Самсунг А6 маркийн утас гэдгийг нь мэдсэн. Тэгээд 6 сарын 4-нд цагдаагаас дуудлага ирээд хурааж авсан. Шилэн наалт нь хагарсан байсныг нь солиулсан. Гадна талын гэр нь хагарсан байсныг нь бас солиулсан. Өөр зүйл хийлгээгүй” гэж мэдүүлэв.
- Хохирогч Э.Цгийн “Би 2019 оны 4 сарын 9-ний өдрийн орой Г.Чанцалдулам гэж найзын хамт театрт тоглолт үзчихээд 21 цагийн үед тараад бид 2 Энхжин караоке орж пиво ууж байгаад 22 цаг өнгөрч байхад Энхжин караокегоос гараад Бүрд рүү очтол хүн байхгүй байхаар нь Үлэмж караоке ортол их чимээтэй байхаар нь буцаад Энхжин караокед очиж 2, 2 пиво авч уучихаад байж байгаад Г.Чанцалдулам руу найз Б.Өлзиймаа нь залгахаар нь би 2-уулаа хамт Б.Өлзиймаа дээр очьё гээд Энхжин караокегоос гараад Бөхт хүнсний дэлгүүр орж пиво аваад такси барьж Б.Өлзиймаагийн гэрийн гудамжны үзүүр дээр буугаад Б.Өлзиймаагийн машинд сууж пиво ууж байгаад гар утсаа үзтэл байхгүй байсан. Энхжин караокегоос гараад Бүрд ороод Үлэмж ороод буцаад Энхжинд очиход миний гар утас байсан. Энхжин караокегоос сүүлд гараад таксинд Б.Өлзиймаа дээр очих хүртэл байсан үгүйг мэдэхгүй байна. Самсунг А-6 маркийн гар утас байсан. Би 2019 оны 4 сарын эхээр 839000 төгрөгөөр Мобикомоос худалдаж авч байсан“ гэх мэдүүлэг /хх-15-16/
- Гэрч Г.Чанцалдуламын “2019 оны 4 сарын 9-ний орой Э.Цтай хамт театрт тоглолт үзчихээд тэгээд бид хоёр хамт Энхжин караоке орсон. Энхжин караокед Э.Ц 2 шил пиво уугаад би 1 шил пиво уугаад 23 цаг өнгөрч байхад Энхжин караокегоос гараад шинэ Бүрдэд очоод хүн байхгүй байхаар нь Үлэмж караокед очоод буцаад Энхжин орж Э.Ц ахиж 1 шил пиво уугаад гарсан. Э.Ц найз дээр чинь хамт очье гээд Бөхт дэлгүүр ороод Э.Ц пиво аваад тэгээд бид 2 Б.Өлзиймаа гээд манай найз руу таксигаар явсан. Тэгээд Б.Өлзиймаагийн машинд суугаад байж байтал Э.Ц гэнэт миний утас алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд бид 3 машинд болон зогсож байсан гудмандаа хайж үзсэн олдоогүй. Э.Цгийн 9959**** дугаар луу залгахад дуудаж байсан. Тухайн үед Э.Ц хүн залгаад байхаар нь дууг нь хаацан байсан гэж байсан. Мөн сууж ирсэн таксины хүн рүү залгаж асуухад байхгүй байна гэж байсан. Бид 2 эхэлж гараад буцаад Энхжинд очиход гар утас нь байсан. Сүүлд Энхжин караокегоос гарахын өмнө нь би надад гар утасаа өгчих би цүнхэдээ хийчий гэхэд надад өгөөгүй. Тэгээд бид хоёр Энхжин караокегоос гарсан“ гэх мэдүүлэг /хх-21-22/
- Гэрч С.Отгонбаатарын “Би 2019 оны 4 сарын 9-ний орой 23 цагийн үед захад таксинд яваад зогсож байсан. 00 цаг дөхөж байхад нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүн тортой юм барьчихсан нилээн архи үнэртүүлсэн Мандалын 3-р гудамжны үзүүр дээр явж байхад өмнөөс нэг цагаан машин гарч ирээд буугаад тэр машинд суусан. Тэгээд шөнө нь би 01 цаг дөхүүлээд харьж явахад над руу залгаад таны машинд гар утасаа хаясан байна, та машиндаа үзээд өгөөч гэж байсан. Тэгээд би машиндаа үзтэл гар утас байхгүй байсан. Тэгээд би залгаад үздээ дуудаж байна уу гэхэд дуудаад байна гэж байсан. Машинд сууж явж байхдаа утсаар ярьж байсан“ гэх мэдүүлэг /хх-23-24/
- Гэрч Б.Өлзиймаагийн “2019 оны 4 сарын 9-ний өдрийн 12 цагийн үед манай найз Г.Чанцалдулам залгаад хүрээд очье гэсэн. Тухайн үед манайд олон хүн байсан болохоор гадаа уулзсан. Г.Чанцалдулам найз залуу Э.Цгийн хамт 1 пиво авчирсан. Тэгээд машинд пиво ууж байхад Э.Ц надад нэг зураг үзүүлнэ гээд байсан. Тэгсэн миний гар утас байхгүй байна гэсэн. Тэгээд миний машинд гэрэл тусгаж хайгаад олдоогүй. Тэгээд залгахаар дуудаад байсан. Манай гудамжинд бид 3 хайж байгаад би хүүхэд уйлаад гэрлүүгээ орсон“ гэх мэдүүлэг /хх-25/
- Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2019.04.22-ны өдрийн 26 тоот актад “Самсунг А-6 маркийн гар утас – 830000 төгрөгийн үнэтэй” гэх /хх-29-30/
- Хохирогч Э.Цгийн Мобиком ХХК-тай байгуулсан гар утас зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах 22447025 дугаартай үйлчилгээний гэрээ зэрэг баримтууд хамаарч байна.
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
Шүүгдэгч Э.Ө нь иргэн Э.Цгийн хайхрамж, болгоомжгүйгээс гээгдүүлсэн Самсунг эй-6 маркийн утсыг олсон, тухайн үед эзэн нь хэн болохыг мэдээгүй гэдэг нь өөрийнх нь мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг /хаана хаяснаа, эсхүл алдсанаа мэдээгүй гэх/, гэрч С.Отгонбаатар, Б.Өлзиймаа, Г.Чанцалдулам нарын мэдүүлгээр тогтоогдсон болно.
Шүүгдэгч Э.Ө нь мөрдөн байцаалтанд “гар утас олоод аз гээд л авчихсан юм. Ийм зүйл болдог талаар огт мэдээлэлгүй, мэддэггүй болоод л ийм зүйл боллоо. Мэддэгсэн бол тэр хүний гар утсыг шууд л өгөх байсан юм” гэж мэдүүлжээ. /хх-40/
Шүүгдэгч Э.Ө нь Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх учиртай. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 116 дугаар зүйлд зааснаар гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.
Шүүгдэгч Э.Ө нь хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлээгүй, гар утасны кодыг тайлуулж, өөрийнх мэтээр эзэмшиж ашигласан нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй үйлдэл байх бөгөөд тухайн үйлдлийн улмаас бусдад 830000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна
Шүүгдэгч Э.Ө нь завшсан эд зүйлээ биетээр нь хохирогчид буцааж хүлээлгэн өгсөн /хх-8/, хохирогч Э.Ц мөрдөн байцаалтанд гаргасан хүсэлтдээ “өөрийн гээгдүүлсэн гар утсаа хүлээн авсан, миний утсыг олсон хүнтэй эвлэрсэн” гэсэн /хх-74/ тул иргэний нэхэмжлэл бүрэн хангагдсан шалтгаанаар эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах тухай иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Хохирогч нь энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Шүүгдэгч Э.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо, сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биетээр нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Ө гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 830000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд хөрөнгө хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Э.Цд Самсунг галакси эй-6 маркийн гар утсыг биетээр нь хүлээлгэж өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг, шүүгдэгч Э.Өийн хууль ёсны өмчлөлд Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигон Далай 16-01 тоот хаягт байрлалтай 700м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар бүртгэлтэй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ө нь хохирогч Э.Цд гээгдүүлсэн утсыг хүлээлгэн өгч, иргэний нэхэмжлэл бүрэн хангагдсан шалтгаанаар хохирогч Э.Цгийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах тухай иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Өт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.С