Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01978

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/10399 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

ХЯНАВАЛ: 

1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК эс зөвшөөрч, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлыг дутуу орхин явсан гэж тайлбарлан маргажээ.

3.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд хариуцагч ******* ХХК-ийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх хоёр хариуцагчид холбогдох нэхэмжлэлээс хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг *******, ******* нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэйг шийдвэрт зөв дүгнэсэн ч шийдвэрлэлгүй орхигдуулсан нь мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүйг давж заалдах шүүхээс шийдвэрлэж, зохих өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

4.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК нарын хооронд 2022 оны 08 сарын 08-ны өдөр байгуулсан АГГ/22-10 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээгээр ******* нь ******* дүүргийн *******, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт тавигдах авто замын ажилтай холбоотойгоор тус авто замын трасст орсон айлуудын газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх, ******* ХХК ажлын хөлс 22,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Тухайн ажлыг нэхэмжлэгч 2022.07.19-08.03-ны өдрийн хугацаанд гүйцэтгэж дууссан, хөлс 17,000,000 төгрөг авсан ч хариуцагч 5,000,000 төгрөгийг дутуу өгсөн гэж тайлбарлан гэрээт ажлыг гүйцэтгэж байх үед хариуцагч ******* ХХК-ийг төлөөлөн харилцаж байсан *******ээр 22,000,000 төгрөгийн ажил хийсэн нь үнэн гэсэн бичиг бүхий дээрх гэрээг нотлох баримтаар гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэхүү баримтыг гаргасан нь нэхэмжлэлээ нотолсон гэж үзнэ. Нотолгооны энэ үүрэг хариуцагчид мөн адил үйлчлэх бөгөөд хариуцагч нь 48 айлаас 6 айлыг чөлөөлөөгүй, тус айлууд өөрсдөө нүүсэн тухай тайлбараа нотлоогүй байна.

Мөн ******* нь нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэж байх үед хариуцагч ******* ХХК-ийн дээрх газар чөлөөлөх ажлыг хариуцан ажиллаж байсан инженер гэдэгт маргаагүй байна.

Иймд анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлж, тэдгээрийн байгуулсан гэрээний 2.4.1.2-т заасан тохиролцоог үндэслэн хариуцагч ******* ХХК-аас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн нь хэргийн байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5.Хариуцагч нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй нь *******дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандан 2022.08.15, 24 болон 11.09-ний өдрүүдэд хүргүүлж байсан албан бичгээр нотлогдоно гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, уг албан бичгүүд хэрэгт нотлох баримтаар авагдсаныг хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар захиалагч буюу ******* ХХК нь гэрээний үүргийг гүйцэтгэгч буюу *******аас шаардах эрхтэй. Гэвч газар чөлөөлөлтийн ажлын явцад ******* ажлаа бүрэн гүйцэтгэлгүй ажлыг орхин явсан асуудлаар ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг гүйцэтгэгч *******аас шаардсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн болох авто замын траст орсон айлуудын газрыг чөлөөлөх нь нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг байхад хариуцагч уг үүргийг нэхэмжлэгчээс шаардаж байгаагүй тухай хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан.

Хоёр талын гэрээнд нэг талын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байдлыг гэрээний оролцогч бус этгээдэд хандан гаргасан албан бичгийг бичмэл нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй. Уг албан бичгийн дагуу гуравдагч этгээд болох ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй ажлыг нөхөн гүйцэтгэж тодорхой үр дагавар үүсгэсэн бодит үйл баримт тогтоогдоогүй нөхцөлд уг албан бичгийг хариуцагчийн тайлбартай адилтган үнэлнэ. Энэ байдлыг хариуцагч нотлоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг нэмж оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/10399 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... олгосугай... гэснийг олгож, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

Э.ЭНЭБИШ