Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/01987

 

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/03012 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,465,900,863.8 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХК нь ******* ХХК нар 2021 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан ******* тоот зээлийн гэрээгээр 5,000,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлдүүлсэн. Мөн өдрийн 04/2163 тоот дугаартай барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 10 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийг зохих хуваарийн дагуу төлөөгүй ба гэрээний үүрэг биелэгдээгүй байна. ******* ХХК нь үндсэн зээлд 713,494,421.1 төгрөг, үндсэн хүүнд 751,518,938.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 60,972,883.6 төгрөг, нийт 1,525,986,243 төгрөг төлсөн. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үед үндсэн зээлийн үлдэгдэл 4,307,505,578.9 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1,259,342,616.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 33,407,903.5 төгрөг, нийт 5,656,098.7 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 01 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү 886,644,765.1 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. ******* ХХК нь 2024 оны 05 сарын 14-ний өдрөөс мөн оны 07 сарын 09-ний өдрийн хугацаанд 21,000,000 төгрөг төлснийг хасаж нийт 6,465,900,863.8 төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн өмчлөгчид болох *******, *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

  2.Хариуцагч ******* ХХК, *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь ******* ХК-аас бетон зуурмаг үйлдвэрлэх үйл ажиллагааг өргөжүүлэх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Зээлийн төлбөрөө хугацаандаа бүрэн төлж барагдуулаагүй нь цар тахал болон хил хаагдсанаас болж тээврийн ачаа саатсан. Мөн Монгол Улсын бетон зуурмагийн үндсэн түүхий эд болох цемент хомсдож, цементийн үнэ нэг тонн нь 180,000 төгрөгөөс 700,000 төгрөг хүрсэн буюу үнэ нь огцом өссөн. Цементийн үнийн дарамтыг бууруулж дотоодын эрэлтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 сарын 14-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор 2022 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал цементийн татвартай холбоотой бодлого гаргасан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Гэсэн ч хариуцагч нь гэрээний үүргээсээ 1,500,000,000 гаруй төгрөгийг төлсөн. Талуудын хооронд 2021 оны 05 сарын 19-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ байгуулах үед Банк эрх бүхий этгээдийн хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хууль хэрэгжиж байсан ба тус хуульд зээлийн хугацааг зээлийг авсан хугацаагаар тооцно гэж заасан байдаг. Талуудын зээлийн гэрээний 2.1.2-т зээлийн хугацааг 36 сар байна гэж заасан. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т шинээр баталсан хууль тогтоомжид гэрээний нэг тал буюу хоёр талын эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна, 5.3-т гэрээг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө нь үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно гэж заасан тул Банк эрх бүхий этгээдийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгөд шилжүүлэх зээлийн тухай 2021 оны хуулийн дагуу нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага нь үндэслэлгүй. Гэрээний хугацаа 2024 оны 05 сарын 19-ний өдөр дууссан учраас дээрх хугацаанд үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй тул 529,126,765 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэх хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

3.Хариуцагч *******, *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 05 сарын 19-ний өдөр дууссан. Бидний зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэлх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч түүнээс хойш бодогдсон 529,126,765 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-аас 6,465,900,863.8 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ******* дүүргийн *******, ******* ******* гудамж ******* байр, ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай, *******ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүргийн *******, ******* ******* гудамж ******* байр, ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай, *******гийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******дүүргийн *******хороо, ******* *******гудамж ******* байр *******хаягтай, ******* м.кв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай, *******ын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүргийн ******* хороо, ******* *******гудамж ******* байр *******тоот хаягтай, ******* м.кв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай, *******ын өмчлөлийн оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******дүүргийн ******* хороо, ******* гудамж 53/2 тоот хаягтай, ******* м.кв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай, *******гийн өмчлөлийн, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүргийн *******хороо, ******* гудамж ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай ******* тоот гэрчилгээний дугаартай ******* нэгж талбарын дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, *******гийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, ******* дүүргийн ******* хороо, ******* ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай, *******ын өмчлөлийн, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүргийн *******, ******* гудамж ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай, *******ын өмчлөлийн, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүргийн *******, ************** гудамж, ******* байр, ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай, *******ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 6,465,900,863,8 төгрөг гаргуулж, ******* ХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ******* дүүргийн ******* хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******ын өмчлөлийн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,645,404.29 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 32,645,404.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

5.Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талууд зээлийн гэрээ байгуулж байх үед 1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэрэгжиж байсан бөгөөд тус хуульд зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэсэн заалт байгаагүй.

Талуудын зээлийн гэрээний 2.1.6-д зээлийн хугацаа 36 сар байна гэж заасан байгаа. Тус зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч, хамтран зээлдэгчийн эрх, үүргийг заасан бөгөөд тус зүйлийн 3.2.4-т "Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.6 дах заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1 заасан зээл зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт Иргэний хуулийн 453 зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлнө гэж заасан.

Гэтэл "*******" ХК 2021 оноос дагаж мөрдсөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно 21.2-т заасан зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачлагчаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаанаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж, 5.3-т Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно гэж заасан тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 2021 оны хуулийн холбогдох заалтаар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага 865,644,765.1 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 44,45,46 дугаар бүлэг, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл, заалтыг тайлбарласан бөгөөд 2 дах хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн талаар тайлбарлаж тус зүйлийн 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү.... төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ноогдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасан тул зээлийн төлөгдсөн дүнгээс үндсэн зээлийг тэргүүн ээлжинд хасуулах үндэслэлтэй байна.

Тиймээс "*******" ХК-ийн шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаас 529,129,765 төгрөгийг хасаж анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Зээлийн гэрээтэй холбоотойгоор Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 43, 45 дугаар зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг зээлдэгч үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд ногдох хүүг төлөх үүрэгтэй. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.4, 2.2.7, 3.2.4, 2.1.6-т тус тус зааснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар төлөхөөр заасны дагуу зээлийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.******* ХК нь ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,465,900,863.8 төгрөг гаргуулах, хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.******* ХК, ******* ХХК нарын хооронд 2021 оны 05 сарын 19-ний өдөр зээлийн болон барьцаа, батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан ба зээлдүүлэгч нь ******* тоот зээлийн гэрээгээр 5,000,000,000 төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасан хуваарийн дагуу хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсоноор зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн харилцаа үүсжээ. Барьцааны гэрээгээр *******, *******, *******, *******, ******* нарын өмчлөл, эзэмшлийн нэр бүхий 10 үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн, гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн болон барьцаа, батлан даалтын гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлыг хуульд нийцүүлэн дүгнэжээ. Зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгө 5,000,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн талаар зохигч маргаагүй байна.

4.Харин хариуцагч нар зээл болон зээлийн хүү төлсөн байдал, төлөгдөөгүй зээлийн тооцооллын талаар маргаагүй ч зээлийн гэрээний хугацаа 2024 оны 05 сарын 19-ний өдөр дууссан учир энэ хугацаанаас хойшхи үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 529,126,765 төгрөгийг төлөх ёсгүй гэж маргажээ. Хариуцагч ******* ХХК энэ агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн талууд зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тухай заасан бол хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Харин 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохтой холбоотой харилцааг зохицуулсан 1995, 2021 оны хуулиуд нь иргэний хуулийн энэ зохицуулалтай нийцсэн бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй байхад гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг уг хугацаанаас хойшхи хугацааны үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг тодорхой хуульчилсан ба энэ агуулга 2021 оны хуульд шинээр зохицуулагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч ******* ХК нь энэ төрлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд хуульд заасны дагуу зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй тул анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 6,465,900,863.8 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. Энэ үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2024 онд дууссанаар уг хугацаанаас хойшхи зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг банк шаардах эрхгүй гэсэн агуулгаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

5.Нэхэмжлэгч зээлийн хэтэрсэн хугацаанд ногдох хүүгийн 20 хувиар тооцон нэмэгдүүлсэн хүү шаардсан байхад уг шаардах эрхэд хамаарах хуулийн заалтыг шүүхийн шийдвэрт баримтлаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг нэмнэ. Мөн шийдвэрт нэг барьцаа хөрөнгийг хоёр удаа бичсэн байгааг залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас Хан-Уул дүүргийн *******, ************** гудамж, 107 байрны 5 тоот хаягтай 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай 8 өрөө орон сууц гэснийг хассан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт тус тус оруулна.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/03012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1... гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2 гэж нэмж,

2 дахь заалтаас ...*******ын өмчлөлийн, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэсний дараа ******* дүүргийн *******, ************** гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, *******ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,803,599 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА 

Э.ЭНЭБИШ