Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Улсын яллагч: Г.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

Шүүгдэгч: Б.Д

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 1922001470077 тоот хэргийг 2019 оны 7 сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1990.07.16-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон-арматурчин мэргэжилтэй гэх, хувиараа хот хоорондын такси үйлчилгээ эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум 9-р баг Мандалын 12-11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗД90071613/ Б.Днь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх буюу Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэргийн 3, 6-7, 8, 10-14, 19-20, 16, 17, 18, 20, 29, 31, 34,  36, 37 дугаар талд авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эдгээр баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт байх  тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсанд тооцлоо.

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Д нь аймгийн төвд бусадтай архидан согтуурч, улмаар Ц.Амарбаясгалантай хамт хөдөө гэр лүү нь хамт явах зорилгоор Ц.Амарбаясгалангийн жолоодож явсан автомашинд сууж явсан боловч Ц.Амарбаясгалан нь “согтуу хүн гэртээ аваачихгүй” гэх шалтгаанаар түүнийг хээр орхиж явсан, Б.Д нь мөн өдрийн орой 19 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Олгойн говь” гэх газарт нутаглах иргэн М.Бийн гэрийн гаднаас М.Бийн өмчлөлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг нь зөвшөөрөлгүйгээр унаж авч явсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Гэрч Ц.Амарбаясгалангийн: Би 2019.05.20-ны өдөр өөрийн танил Б.Дтай тааралдаж, манай найзууд жаал хамт сууж байтал надад хөдөө явах ажил гарсан. Би хөдөө ганцаараа явснаас ханьтай явъя гэж бодоод Б.Даас хамт хөдөө яваад ирэх үү гэж асуухад тэгье гэж хэлсэн. Тэгээд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн “Чулуун хороот" гэх газарт байх хөдөө гэртээ очихоор аймгийн төвөөс баруун хойд зүгт хөдөлсөн юм. Явж байх замд Б.Д нь согтоод унтаад өгсөн. Би түүнийг хичнээн дуудсан боловч сэрэхгүй байхаар нь аав, ээж дээрээ согтуу хүн аваачаад яахав гэж бодоод Доржпаламыг Олгойн говийн аймаг талаасаа хамгийн эхний худгийн хажууд байх айлын гадаа буулгаад эндээс унаа олоод явчихаарай согтуу хүн гэртээ аваачихгүй гэж хэлээд үлдээсэн. Би хөдөө гэртээ очиж зарах мах ачиж буцаад аймаг руу өөр замаар өөр хүмүүстэй явж ирсэн. Би аймгийн төвд ирээд санаа зовоод Доржпалам руу утсаар ярихад би цагдаа дээр байна, намайг ирж ав гэхээр нь амжихгүй гэж хэлсэн. Тэрнээс өөрөөр холбогдсон зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-17/
  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 19 цаг 45 минутанд хүлээн авсан тэмдэглэлд “Б.Ариунбаатараас Сайнцагаан сумын Олгойн говь гэх газар нутагладаг гэрийн гаднаас мотоцикль алдагдлаа” гэжээ /хх-2/

- Хохирогч М.Бийн: би 2019.05.20-ны орой 19 цагийн үед Сайнцагаан сумын 1-р баг Олгойн говийн 2-р станцын хажууд байх гэртээ байсан юм. Тухайн үед гэрийн ар талын ногоон талбайд модоо янзалж байсан. Гэрт надаас өөр хүн байгаагүй. Гэрийн үүдэнд миний улаан өнгийн Даюун маркийн 05-17 ДУЗ улсын дугаартай мотоцикль байсан. Мотоциклын түлхүүр мотоциклийн хянахдаа байсан юм. Тэгсэн гэрийн зүүн урд байх зам дээр нэг цагаан машинтай хүмүүс хар өнгийн хувцастай залууг буулгаж үлдээгээд яваад өгсөн. Тэр залуу согтуу юм шиг байсан бөгөөд зам дээр унтаад өгсөн. Тэгэхээр нь би очоод “бос, замаас холд” гэж хэлсэн. Тэгсэн замын хажууд очоод суусан юм. Тэгэхээр нь орхиод буцаад ногоон талбайдаа очсон юм. Тэгсэн нэг харсан тэр залуу миний мотоциклийг зөвшөөрөлгүй унаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-10-11/

- Гэрч Б.Ариунбаатарын: Манай их гэр болох ээж аав маань аймгийн төвөөс баруун хойшоогоо 25 км-т Олгойн говийн худаг дээр ус сувгийн ажилтанаар ажилдаг юм. Тэгсэн 2019.05.20-ны 19 цагийн үед аав, ээж хоёр над руу утсаар залгаад ногооны талбай дээр ажил хийж байтал гэрийн гадаа байсан улаан өнгийн 05-17 ДУЗ улсын дугаартай мотоциклийг хар цамцтай хүн хулгайлаад явчихлаа гэж хэлсэн юм. Аав, ээж хоёр хоёулханаа амьдардаг юм. Хэрэг гарах үед аав ажил дээрх гэртээ ганцаараа байсан юм билээ, ээж аймгийн төвд ажлаар ирсэн байсан юм гэх мэдүүлэг /хх-12/

- Гэрч Н.Эрдэнэчулууны: Би Сайнцагаан сумын 1-р баг Бэлх гэх газарт байх гэртээ байж байтал 2019.05.20-ны орой 21 цагийн үед гэрийн баруун хойд талаас бараан өнгийн хувцастай халамцуу гэхээр залуу танай нохой намайг урчихлаа гээд хазагнаад ирсэн юм. Тэгэхлээр нь би хөлийг нь сөхөж үзэхэд зулгарч урагдсан шарх байсан. Тэгсэн тэр залуу “би худлаа ярьсан юм. Танай баруун хойд талд мотоциклиосоо ойччихлоо, та намайг аймаг дөхүүлээд өгөөч” гэхээр нь мотоцикльдоо сундлаад манайхаас зүүн урд байх Б.Наранбаатарын гэрийн гадаа буулгаж өгөөд явсан“ гэх мэдүүлэг /хх-14/

- Гэрч Б.Наранбаатарын: Сайнцагаан сумын 1-р баг “Улаан дэл” гэх газарт байх гэртээ байж байтал 2019.05.20-ны орой 21 цаг өнгөрөөгөөд манай баруун хойд айл болох Н.Эрдэнэчулуун ах мотоцикльтой нэг танихгүй залуу сундлаад ирээд надтай уулзалгүй гэрийн баруун хойд талаас хөдлөөд яваад өгсөн. Тэр залуу гэрт орж ирээд аймаг руу хүргээд өгөөч, унаагүй болчихлоо гэхээр нь явалгүй гэртээ суугаад байсан юм. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд тэр танихгүй залууг хулгай хийсэн гээд аваад явсан гэх мэдүүлэг /хх-13/

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 5 сарын 20-ны өдөр намайг Ц.Амарбаясгалан нэг шил юм ууя гээд зүүн хойд өрх дээр дуудсан. Тэгээд дөрвүүлээ тэнд 0,5 литрийн архи, 2 шил пивотой уусан. Тэгээд уугаад байж байтал Ц.Амарбаясгалан хөдөө яваад ирье гэсэн. Би хөдөө явах замдаа машинд нь унтаад өгсөн байсан. Харанхуй болсон байхад намайг Олгойн говь гэдэг газар буулгаад яваад өгсөн байсан. Манай гэр Мандалд байдаг. Тэр гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд гаднаас нь мотоциклийг нь унаад зүүн урагшаа 200 метр орчим яваад нэг овоо байсан. Тэрний зүүн урд руу нь ороход жалга таараад ойчсон. Тэгээд мотоциклийг нь босгож орхиод зүүн урагшаа аймаг руу алхсан. Замд айл таараад ороход нэг ах, эгч хоёр байсан. Аймаг руу хүргээд өг гэхэд бензин байхгүй, нэг айл руу хүргээд өгье гэсэн. Тэгээд тэр айлд нь очоод байж байтал цагдаа нар ирээд аваад явсан гэж мэдүүлсэн зэрэг баримтууд хамаарч байна.

Дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Д нь аймгийн төв рүү очих зорилгоор бусдын өмчлөлийн мотоциклийг дураараа авч, унаж явсан болох нь нотлогдож байна. Энэхүү үйлдлийг хийхдээ шунахайн зорилго агуулаагүй, хөл дайх зорилготой байсан нь түүнийг автомашинаараа авч яваад хөдөө орхисон гэрч Ц.Амарбаясгалангийн мэдүүлэг /хх-17/, тухайн тээврийн хэрэгслийг унаж яваад онхолдож уначихаад аймгийн төв рүү явах хүсэл зоригоо үргэлжлүүлэн хүмүүсээс тусламж гуйсан талаар нь мэдүүлсэн гэрч Н.Эрдэнэчулуун, Б.Наранбаатар нарын мэдүүлэг /хх-13,14,/ шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь бусдын тээврийн хэрэгслийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр, шунахайн зорилгогүйгээр, хөл дайх, унаажих зорилгоор авч явснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Тухайн тээврийн хэрэгслийг байсан газраас нь хөдөлгөснөөр гэмт хэрэг төгссөнд тооцогддогоороо бусдын өмчийг шунахайн зорилготойгоор хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс ялгагдана.

Иймд шүүх шүүгдэгч Б.Дын бусдын өмчлөлийн автотээврийн хэрэгслийг  шунахайн зорилгогүйгээр, эзнийх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Бэд бага хэмжээний буюу 30000 төгрөгийн хохирол учирсан нь: 

  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “Сайнцагаан сумын Наран багийн нутгаас 2019.05.20-ны өдөр тээврийн хэрэгсэл хулгайлагдсан асуудлаар аймгийн төвөөс баруун хойшоогоо 9 км-рт байх Эрдэнэчулууны гэх айлын гадаа улаан өнгийн Даюун маркийн 05-17 ДУЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Тухайн тээврийн хэрэгсэл нь улаан өнгөтэй цэнхэр өнгийн суудлын бүрээстэй дохио байхгүй, хөдөлгүүр хэвийн асаж хөдөлгөөнд оролцоно, 2 дугуй бүтэн. Мотоциклийн өвдгөвч буруу талдаа дотогш мурийсан, тормосны педаль дотогшоогоо мурийсан гэмтэлтэй” гэх тэмдэглэл /хх-6-7/;
  • Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2019.05.27-ны өдрийн 39 тоот актад “хуучин мотоцикль-500000 төгрөг, мотоциклийн никель өвдгөвч – 20000 төгрөг, мотоциклийн хөл тормосны педаль -10000 төгрөгийн үнэтэй“ гэх /хх-19-20/  баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж арилгасан нь хохирогчоос цагдаагийн байгуулллагад гаргасан “Б.Д нь миний мотоциклийг өгсөн, эвдрэлийн хохирол болох 30000 төгрөгийг өгсөн. Б.Д бид хоёр эвлэрсэн, миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтээр /хх-45/ нотлогдож байх тул Б.Д нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч Б.Д нь мотоциклийг хохирогчид буцааж хүлээлгэн өгсөн /хх-8/, хохирогч М.Б мөрдөн байцаалтанд гаргасан хүсэлтдээ “миний мотоциклийг өгсөн, эвдрэлийн хохирол болох 30000 төгрөгийг өгсөн. Б.Д бид хоёр эвлэрсэн” гэсэн /хх-45/ тул иргэний нэхэмжлэл бүрэн хангагдсан шалтгаанаар иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах тухай иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Эдгээр нөхцөл байдал болон шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хамгийн хөнгөн төрлийн буюу торгох ялыг сонгон хэрэглэж, хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулах тухай улсын яллагчийн саналын дагуу ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Д нь үл хөдлөх хөрөнгө нэр дээрээ эзэмшдэг эсэх талаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй боловч торгох ялыг биелүүлэх боломжтой үлдэгдэл бүхий данс эзэмшдэг болох нь ХААН банкны 2019.06.14-ний өдрийн 126 дугаар лавлагаагаар /хх-33/ тогтоогдож байх тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй байна.  

Харин шүүгдэгч Б.Д нь 2019.05.20-ны өдөр согтуурсан үедээ мотоцикль жолоодсон гэх үйлдэлд зөрчил хянан шалгах ажиллагаа явуулаагүй байх энэ талаар эрх бүхий байгууллагад даалгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

    1. Шүүгдэгч Х овогт Б-ы Д-ыг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

    3. Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд хөрөнгө хураалгаагүй, битүүмжлүүлээгүй, ХААН банкны 5020463185 тоот харилцах дансны эзэмшигч ба хохирогч М.Бэд мотоциклийг буцаан хүлээлгэж өгсөн, хохирогч М.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба хохирогч нь шүүгдэгч Б.Дтай эвлэрсэн баталгаа гаргасан болохыг тус тус дурьдсугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан шалтгаанаар иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хохирогч М.Бийн мотоцикльд учирсан гэм хорыг арилгуулах тухай иргэний нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай.

    5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Шүүгдэгч Б.Д нь 2019.05.20-ны өдөр согтуурсан үедээ мотоцикль жолоодсон гэх үйлдэл зөрчлийн шинжтэй эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулахыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

      8. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын нэг хувийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай. 

       

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.С