Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02013

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04428 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хүнд даацын машин механизм түрээсийн гэрээний төлбөрт нийт 112,997,786 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: "*******" ХХК нь "*******" ХХК-тай 2024 оны 05 сарын 20-ны өдөр №2024/Г-05-02 дугаартай, 06 сарын 16-ны өдөр №2024/Г-06-03, №2024/Г-06-04 дугаартай гэрээг бичгээр, мөн 07 сарын 01-ний өдөр амаар хэлэлцэн тохиролцож "Хүнд даацын машин механизм түрээслэх" гэрээг тус тус байгуулсан. Эдгээр гэрээнүүдэд зааснаар "*******" ХХК нь гэрээнд заасан хугацаа, төлбөр төлөх нөхцөлтэйгөөр машин механизмыг ашиглуулах, "*******" ХХК нь түрээсийн төлбөрийг төлөх, ажил үүрэг гүйцэтгүүлэх харилцааг зохицуулсан. Талууд 2024 оны 07 сарын 31-ний өдөр 2024/Г-05-02, 2024/Г-0603, 2024/Г-06-04 дугаар "Хүнд даацын машин механизм түрээслэх" гэрээнүүдийг дүгнэж, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн ба 2024.05.25-аас 2024.07.31-ний өдрийг дуустал хугацааны үлдэгдэл төлбөр 136,204,286 төгрөг болсноос 100,000,000 төгрөгийг төлж 36,204,286 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 2024.07.01-ний өдрийн аман гэрээний урьдчилгаа төлбөрт 2024.08.14-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 11,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөг төлсөн.

Тооцооны үлдэгдэл баталгаа үйлдсэнээс хойш 2024/Г-05-02, 2024/Г-06-04 дугаартай гэрээнүүдийн түрээс үргэлжлээгүй. Харин 2024.08.01-ээс 09.11-ний өдрийн хугацаанд 2024/Г-06-03 дугаартай гэрээний төлбөр 63,907,143 төгрөг, гэрээний. 5.5-д зааснаар техникийн тээврийн зардал 5,543,500 төгрөг, аман гэрээний дагуу *******маркийн экскаваторын түрээсийн төлбөр 7,342,857 төгрөг болж байна. Иймд түрээсийн гэрээний төлбөрт нийт 112,997,786 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК-тай 2024 оны 07 сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд 136,204,286 төгрөгийн өглөгтэй гарсан ба 2024 оны 08 сарын 13-нд 50,000,000 төгрөг, 14-нд 5,000,000 төгрөг, 17-нд 50,000,000 төгрөг, 09 сарын 30-нд 11,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Эдгээр төлбөрөөс тооцооны үлдэгдлийн баталгааны эхэнд бичигдсэн ковшийн үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөг эхэлж хасагдах учиртай. Гэтэл уг ковшийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлсөн байхад гэрчилгээг одоо хүртэл манай компанид шилжүүлэхгүй байгаа. Иймд "*******" ХХК-тай тооцоо нийлсэн 2024.07.31-ний өдрийн үлдэгдэл төлбөр 31,204,286 төгрөгийг тус компанид засуулахаар өгсөн экскаватор болон худалдаж авсан ковшийн гэрчилгээг шилжүүлж авсныхаа дараа төлөх болно.

Манай компани "*******" ХХК-ийн техникүүдийг 2024 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл түрээслэсэн. Төслийн ажил цааш үргэлжлэх эсэх нь захиалагчийн санхүүжилтээс шалтгаалах байсан тул 2024.07.21-31-ний өдрийг хүртэл төслийн шийдвэр гарахыг хүлээж талбайд ажил хийхгүй 10 хоног сул зогссоны нөхөн төлбөрийг 2024.07.31-ний өдрийн нийлсэн тооцоондоо оруулж тооцон гэрээ дууссан.

Тухайн үед ******* аймгийн ******* сумаас ******* боомт чиглэлийн автозамын төслийн 124.5 км авто замын 3-р багцын ( км 62 + 000 + 92 + 000 ) 30 км авто замын ажлын далангийн ажлыг манай компани хийж гүйцэтгэхээр *******-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэвч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь манай компанитай биш *******-ын Гүйцэтгэх захирал*******той ярилцаж төслийн талбайд үлдсэн байдаг. Тиймээс тооцоо нийлснээс хойшхи хугацааны техникийн түрээс  үргэлжилсэн гэдэг нь манай компанид хамааралгүй учраас 2024.08.01-ээс 09.11-ний өдрийг хүртэлх нэхэмжилсэн түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 84,111,428 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 28,886,358 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722,939 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 578,507.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлээс 28,886,358 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.Хариуцагчаас 36,204,286 төгрөгийн төлбөр гаргуулах шаардлагын тухайд:

Талууд эхний гурван гэрээг дүгнэж, үлдэгдэл төлбөрийн тооцоог нийлж "Тооцооны үлдэгдлийн баталгаа" үйлдсэн ба 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 сарын 23-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцоход "*******" ХХК нь 136,204,286 төгрөгийн өртэй гарсан. Энэ нь 2024 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал хамаарч байгаа. Үүний дараа хариуцагч 100,000,000 төгрөгийн өр төлж 36,204,285 төгрөгийн өр үлдсэн.

Харин 2024 оны 07 сарын 01-ний өдрийн гэрээний урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөгийг 2024.08.14-ний өдөр нэхэмжлэгчийн данс руу, мөн 11,000,000 төгрөгийг 20246.09.30-ны өдөр "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ийн хаан банкны дансанд тус тус шилжүүлж 16,000,000 төгрөгийг төлсөн. Тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу хариуцагч нь одоо 36,204,286 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тооцооны үлдэгдлийн баталгааны 2-т "Тооцооны баримтын жагсаалт дотруу талууд Гүйлгээний утга: Ковш үлдэгдэл 11 000 000 төгрөг гэж оруулсан нь нэхэмжлэлийн шаардлага "Хүн даацын машин механикм түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 112,997,786 төгрөг гаргуулах шаардлага дотроо ковшны үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөr (Худалдах-худалдан авах гэрээний ковшний үлдэгдэл төлбөр) гаргуулах шаардлага хамтдаа орж нэхэмжилсэн.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн 2024 оны 09 сарын 30-ны өдөр "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал *******т төлсөн 11,000,000 төгрөгийг тооцооны үлдэгдлийн баталгааны үлдэгдэл 36,204,286 төгрөгөөс андуурч, хассан алдаа гаргасан. Энэ 11,000,000 төгрөг нь тооцооны үлдэгдлийн баталгаанд хамаарахгүй юм. Энэ нь хэрэгт авагдсан /хх-39/ баримт болох 2024.09.30-ны өдөр хариуцагч "*******" ХХК-аас нэхэмжлэгч "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ийн хаан банкны дансанд 11,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ "*******" гэсэн утгаар шилжүүлснээр нотлогдоно. Хариуцагч нь ковшны үлдэгдэл төлбөрт шилжүүлэн бол гүйлгээний утгыг "ковшны үлдэгдэл төлбөр " гэж шилжүүлэх байсан.

Мөн "******* маркийн 2021 онд үйлдвэрлэгдсэн ковшийн үнийг талууд НӨАТ-гүй дүн буюу 100,000,000 төгрөгөөр "*******" ХХК нь "*******" ХХК-д худалдаж, уг төлбөрөөс 40 маркийн ковшийг 24,000,000 төгрөгт, тоёота ******* маркийн суудлын автомашиныг 35,000,000 төгрөгт тус тус тооцож, дансаар 30,000,000 төгрөг, нийт 89,000,000 төгрөгийг авсан үлдэгдэл 11,000,000 төгрөг дутуу үлдсэн. Эдгээр баримтуудаар хариуцагч нь 11,000,000 төгрөгийг төлөөгүй нь нотлогдоно.

4.2.Аман гэрээний дагуу Доосан 55 маркийн экскаворыг дахин түрээслүүлсэн хугацааны төлбөр 7,342,857 төгрөг гаргуулах тухайд:

Хэрэгт авагдсан /хх-36, хх-37/ баримтуудаар 8 сарын үлдэгдэл төлбөр 800,000 төгрөг, 9 сарын үлдэгдэл төлбөр 6,542,857 төгрөг, нийт 7,342,857 төгрөг болж байгаа. Энэ дүнг Ажлын хуудас баримтыг үндэслэн гаргасан. Хариуцагч нь 16,000,000 төгрөгийг хэрхэн төлсөн талаар дээр бичсэнээр нотлогдоно.

4.3.2024 оны 06 сарын 16-ны өдрийн 2024/Г-06-03 дугаар гэрээний 5.5-д техникийн очих зардлыг захиалагч, 3 сараас дээш ажилласан бол буцах зардлыг гүйцэтгэгч хариуцна гэсэн тул тээврийн зардлын 5,543,500 төгрөг гаргуулах тухайд:

Шийдвэр ...7.1.******* экскаворын гэрээг 2024.06.16-ны өдөр байгуулж, мөн оны 09.11-ний өдрийг хүртэл хугацаанд түрээсийн гэрээний дагуу ажилласан нь 3 сар болоход 5 хоног дутаж байх ч энэ нь ялимгүй зөрүү гэж үзлээ. Мөн уг техникийг буцаан тээвэрлэхэд 5,543,500 төгрөгийн зардал гарсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн зардалд холбогдох хэсгийг ханган үндэслэлгүй..." гэжээ. Талуудын хооронд байгуулсан 2024/Г-06-03 дугаар гэрээний 5.5-д энэ тухай тодорхой заасан. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1. Хугацааг тоолохдоо он, сар, өдрөөс, эхлэн тооцно" мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн эцсийн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын гучин нэгний өдрөөс дуусна" гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зориуд хасаж, хариуцагчид ашигтай байдлыг бий болгохыг хичээж, хууль зөрчсөн алдаа гаргасан байна. Иймээс анхан шатны шүүхийн "... 3 сар болоход 5 хоног дутаж байх боловч энэ нь ялимгүй зөрүү гэж үзлээ гэж дүгнэж байгаатай санал нийлэхгүй, энэ бол байж боломгүй алдаа гэж үзэж байна. Уг 5,543,500 төгрөгийн тээврийн зардал нь ******* аймгаас ******* хүртэл 720 км замыг туулж (Экскаватор: ******* улсын дугаар:*******) уг эксваторыг ачиж ирсэн тээврийн зардал юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын ярьж байгаа тээврийн зардал нь хэргийн баримтаар нотлогдохгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Учир нь тээврийн зардал 5,000,000 төгрөгт холбогдох ямар ч баримт хэрэгт байхгүй учир тухайн шаардлагыг хангах үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч тал 500,000 төгрөгийн талаар ярьж байгаа нь 2024.09.11-ний өдрөөс 2024.11.07-ны өдрийн хооронд ажилласан цагийн бүртгэл болон гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байхад нэхэмжлэгч тал 3 хоногийн тооцоо гэж 500,000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхээд байдаг. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын утга ойлгомжгүй, зөвхөн нэхэмжлэлээс 28,000,000 төгрөгт холбогдох хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой гэж гомдлоо гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, амаар байгуулсан гэрээний талаар ярьдаг.

2024 оны 08 сард сул зогссон үеийн тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрийг хэн төлөх талаар талууд маргадаг. Хэрэгт талуудын хооронд харилцан бичилцсэн чат авагдсан бөгөөд тухайн чатаар 2024 оны 08 дугаар сард сул зогссон үед 3 дугаартай гэрээний техник, тээврийн хэрэгслүүд ажил хийж байсан газарт үлдсэн болох нь нотлогддог. Нэхэмжлэгч тал нь тухайн ажлыг хийлгэж байсан үндсэн захиалагч компанитай тохирч техникээ үлдээсэн болохоос энэ талаар манай компанитай тохирсон зүйл байхгүй. Үндсэн захиалагч компанийн зүгээс танайх техникээ битгий тат, ажил эхэлтэл түр байлгаж бай, 30 хувиар нь тооцъё гэж нэхэмжлэгч талтай тохирч техникийг үлдээсэн. Гэтэл нэхэмжлэгч тал нь манай компани танай компанитай гэрээ байгуулсан учир тухайн 46,000,000 төгрөгийг бөөнд нь авна гэж маргадаг. Бид 2024.07.31-ний өдөр тооцоо нийлсэн тул 2024.08-р сараас хойших төлбөрийг хариуцахгүй тул тухайн 46,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй.

Мөн 17,000,000 төгрөгийн асуудал нь 2024.09.01-ээс 07-ны өдрийн хооронд ажилласан ажлын цагийн бүртгэл байдаг учир тухайн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2024.06 сард байгуулсан гэрээнүүд нь 2024.07.31-ний өдөр дуусгавар болсон учир техник татахтай холбоотой зардлыг манай компани төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал өөр хүмүүстэй 30 хувьд нь сул зогсож, 30 хувийн түрээсийн төлбөрийг авъя гэж тохиролцож, техникийг тухайн газар үлдээсэн тул нэхэмжлэгч техникээ татах эсэх нь өөрийнх нь эрх юм. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 84,111,428 төгрөгөөс 63,907,143 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч байна.

Талууд 2024.07.23-ны өдрийн байдлаар 136,204,285.71 төгрөгийн өглөг, авлагатай болохоо баталж тооцоо нийлсэн. Үүнээс хойш хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 116,000,000 төгрөгийг төлсөн ба уг төлбөрт тэргүүн ээлжинд ковшийн үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөг төлөгдсөн гэж маргадаг. Үүнээс үзэхэд талуудын хооронд 20,204,285.71 төгрөгийн үлдэгдэл байгааг хариуцагч зөвшөөрдөг. Төлбөрийг хойшлуулсан шалтгаанаа тайлбарлахдаа нэхэмжлэгчээс өмнө нь худалдаж авсан ковшийн нэрийг шилжүүлж өгөөгүй, засуулахаар өгсөн экскаваторыг одоо хүртэл засаж өгөөгүй, өмнөх төлбөр тооцоогоо харилцан дуусгах ёстой гэж тайлбарладаг.

Харин нэхэмжлэгчийн шаардаж буй 2024.08.01-нээс 09.11 өдөр хүртэлх хугацааны ******* экскаваторын түрээсийн төлбөрийг зөвшөөрөхгүй. Учир нь 2024 оны 07 сарын 23-ны өдрийн байдлаар талууд тооцоо нийлэхэд ажил зогссон, үүнээс хойш нэхэмжлэгч ажлын талбайгаас техникээ татах бүрэн боломжтой байсан, нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирал ******* нь ажлын үндсэн захиалагч *******-ын Гүйцэтгэх захирал *******тай тохиролцож, дараагийн шатны санхүүжилт орж иртэл ажлын талбайд 30 хувийн төлбөртэйгээр сул зогсолт хийхээр тохиролцсон байдаг. Уг тохиролцоо нь хариуцагчтай хамааралгүй тул үүнтэй холбоотой төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй. Гэтэл шүүх уг баримтыг дүгнэхдээ зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээг сунгагдсан гэж буруу дугнэж, хариуцагчаас тухайн сул зогссон 8-р сарын түрээсийн төлбөрт 46,000,000 төгрөг, 9.01-с 11-ний хооронд ажилласан цагийг 109 цагаар бодож 17,907,143 төгрөг, нийт 63,907,143 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч ******* экскаваторын 8-р сарын сул зогсолтын улмаас үүсэх төлбөрийг Өвөрмонголын дээрх компанитай харилцан тохиролцсон нь хариуцагчид хамааралгүй юм. Иймд нэхэмжлэгч нь 2024.08 сараас хойшхи хугацааны аливаа төлбөрийг хариуцагчаас шаардах, хариуцагч төлөх үүрэггүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн тооцоолол нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн аль шаардлагад хэдэн төгрөr төлүүлэхээр шийдвэрлэсэн нь тодорхойгүй тул шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 2024.08 сарын түрээсийн төлбөр 46,000,000 төгрөг, 9-р сарын 109 цагийн ажлын хөлс 17,907,143 төгрөг, нийт 63,907,143 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: 2024.08 сараас хойших хугацааны төлбөрийн тухайд талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаагүй, үргэлжилж байсан. ******* аймгийн зам дээр манай техникүүд ******* ХХК-ийн шууд удирдлагад ажилласан. Сул зогсолтын тухайд ******* ХХК-ийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалж сул зогссон ба тухайн техникийн түрээсийн төлбөр зогсоно гэж тусгаагүй. Гэрээний дагуу ******* ХХК-ийн хэрэгжүүлж буюу тухайн төслийн ажлын талбайд манай техник хэрэгслүүд байрлаж байгаа тохиолдолд түрээсийн төлбөр бодогдож байсан. Хариуцагч талын зүгээс биднийг үндсэн гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байна. Гэтэл ямар нэгэн байдлаар ийм тохиролцоо хийсэн асуудал огт байхгүй. Тухайн үед манай компанийг төлбөрөө нэхэж байх үед хариуцагч талын зүгээс үндсэн компани санхүүжилтээ өгөхгүй байна гэхэд нь манайх тухайн компанитай холбогдож үзье гэж утсаар ярьж байсан тохиолдол байдаг. Гэвч ямар нэгэн байдлаар үндсэн гүйцэтгэгч компанитай гэрээ, хэлцэл, тохиролцоо хийсэн асуудал байгаагүй, зөвхөн ******* ХХК-ийн удирдлага дор ажиллаж байсан гэжээ. 

ХЯНАВАЛ

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үндсэн болон сунгасан хугацааны төлбөрт нийт 112,997,786 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 25,204,286 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, бидний байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болж сунгаагүй ба нэхэмжлэгч өөр компанитай тохиролцон техникүүдээ түрээслүүлсэн хугацааны хөлсийг манайх төлөхгүй, зарим төлбөрийг ковшийн үнэд төлсөн гэж тайлбарлан маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан ба зохигч энэ талаар гомдол гаргаагүй. Харин шүүх зохигчийн маргаж буй хэргийн үйл баримтыг бодитой тогтоож чадаагүйн улмаас нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй улмаас шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэр ойлгомжгүй, нотлох баримтыг бодитой үнэлж үндэслэлтэй шийдвэр гаргаагүй гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний үргэлжилсэн хугацаа, төлбөрийн хуваарилалтыг алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан улмаар нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, ийнхүү гомдлыг хангасан учир хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

4.Талуудын хооронд "Хүнд даацын машин механизм түрээслэх тухай 4 гэрээ байгуулагдсаны 3-ыг бичгээр, 1-ийг амаар тохиролцон байгуулагдсан, энэ талаар зохигч маргаагүй байх ба анхан шатны шүүхээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлжээ.

Талууд 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 2024/Г-05-02, 06 сарын 16-ны өдрийн 2024/Г-06-03, 2024/Г-06-04 дугаартай түрээсийн гэрээгээр ******* улсын дугаартай ******* маркийн экскаватор, ******* улсын дугаартай ******* маркийн экскаватор, ******* улсын дугаартай ******* маркийн экскаваторыг тус тус 3 сарын хугацаагаар түрээслүүлсэн.

Хэргийн 1-р хавтасны 23-32 талд авагдсан баримтаар талууд дээрх түрээсийн гэрээнүүдийн төлбөр тооцооны талаар Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтыГ үйлдэж, 2024.05.25-07.23-ны өдрийн хугацааны түрээсийн төлбөрт хариуцагч ******* ХХК нь 136,204,285.71 төгрөгийн өглөгтэйг баталгаажуулжээ. Энэ баримтыг үйлдсэнээс хойш хариуцагч 100,000,000 төгрөг төлж, 36,204,286 төгрөгийн түрээсийн өглөгтэй үлдсэн тухайд, мөн талууд 2024 оны 07 сарын 01-ний өдөр Доосан 55 маркийн экскаваторыг 3 сарын хугацаатай, түрээсийн нэг сарын төлбөр 16,000,000 төгрөг байхаар амаар хэлэлцэн тохиролцсон, уг техникийн гэрээний хугацаанд хариуцагч ашигласан талаар зохигч тус тус маргаагүй байна.

5.Нэхэмжлэгч ******* ХХК нь бичгээр байгуулсан 3 гэрээний төлбөрийн талаар тооцоо нийлсэн баримтын дагуу үлдэгдэл 36,204,285 төгрөг, мөн 2024.06.16-ны өдрийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай ******* маркийн экскаватор, мөн 2024.07.01-ний өдрийн гэрээний зүйл болох ******* маркийн экскаваторыг 2024.08.01-ны өдрөөс 09.11-ний өдрийн хугацаанд түрээслүүлсний төлбөрт /*******-63,907,143 төгрөг, *******-7,342,857 төгрөг/ 71,250,000 төгрөгийг, мөн ******* маркийн экскаваторыг буцаан авчрахад гарсан зардал 5,543,500 төгрөг буюу нийт 112,997,875 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас шаарджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчийн тооцоо нийлсэн баримт дахь төлбөрийн дүн, гэрээний хугацаа сунгаж 1 техникийг түрээслүүлсний төлбөрийн дүнг хооронд нь нэмж, уг дүнгээс хариуцагчийн төлсөн төлбөрийг хасах байдлаар дүгнэлт хийсэн, мөн ******* маркийн экскаваторыг нэхэмжлэгч 2024.08.01-09.11-ний өдрийн хугацаанд хариуцагчид түрээслүүлсэн тухай баримтгүй гэж, мөн ******* маркийн экскаваторыг буцаан авчрахад гарсан зардлыг ялимгүй гэж дүгнэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, талуудын байгуулсан гэрээ болон нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбар, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг давж заладах шатны шүүх харьцуулан дүгнэж, дараах байдлаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангаж шийдвэрлэв.

5.1.Дээр дурдсан тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу хариуцагч нь 36,204,285 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү мөнгөн төлбөр нь анхан шатны шүүхийн тооцсоноор хариуцагчийн төлсөн 116,000,000 төгрөгөөс дахин хасах үндэслэлгүй байна. Учир нь зохигчийн бичгээр байгуулсан 3 гэрээний түрээсийн төлбөрийг талууд 2024.05.25-07.23-ны өдрийн хугацаанд тооцсоны үлдэгдэл төлбөр /136,204,285-100,000,000/ учир, өөр төлбөрийг буюу 16,000,000 төгрөгийг нэмж тооцох, мөн энэ хугацаанаас хойшхи түрээсийн төлбөрт хамааруулан дүгнэх үндэслэлгүй.

Иймд хариуцагч нь 36,204,285 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Энэ дүнгээс нэхэмжлэгчээс худалдан авсан ковшны үнэ 11,000,000 төгрөг төлснийг хасч тооцуулна гэсэн хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар тогтоогдоогүй учир энэ тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

5.2.Нэхэмжлэгч нь ******* улсын дугаартай ******* болон ******* маркийн экскаваторыг тус тус 2024 оны 08 сарын 01-ний өдрөөс 09 сарын 11-ний өдрийн хугацаагаар хариуцагчид түрээслүүлсэн нь хэргийн 1-р хавтаст хэргийн 36-37, 106 талд авагдсан баримтууд, 2-р хавтаст хэргийн 19-20 талд *******ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогджээ. Гэрч ******* нь мэдүүлгийн эх сурвалжаа 1-р хавтаст хэргийн 106 талд авагдсан Ажлын хуудас гэсэн баримт гэж заасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс дээрх хугацаанд хариуцагч тал ******* маркийн экскаваторыг ашигласны төлбөр 63,907,143 төгрөг, ******* маркийн экскаваторыг ашигласны төлбөр 7,342,857 төгрөг болсон тухай тооцооллыг гаргаж, зохих баримтаа ирүүлснийг хариуцагч татгалзаж, 1-р хавтаст хэргийн 198-239 талд авагдсан 2025 оны 04 сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийг иш татжээ. Үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан ******* гэдэг нь ******* ХХК-ийн захирал ******* ын фэйсбүүк хаяг, ******* компани гэдэг нь нэхэмжлэгч компанийн захирал *******ийн фэйсбүүк хаяг болохыг хариуцагч тал дурдаж, эдгээр хүмүүсийн хооронд харилцсан цахим шуудангийн агуулгад нэхэмжлэгч гэрээ цуцлагдсаны дараа захиалагч компанийн хүмүүстэй тохирч ажил эхэлтэл түрээсийг 30 хувиар нь тооцон техникээ үлдээсэн нь нотлогддог тул нэхэмжлэгч тал ийнхүү техник, тээврийн хэрэгслээ ажил явагдаж байсан газарт үлдээсэн нь хариуцагчид хамааралгүй гэсэн агуулгаар татгалзлаа илэрхийлжээ.

Дээрх фэйсбүүк цахим сүлжээний шуудан буюу мессенжер дэх зохигчийн хооронд харилцсан захидал нь нэхэмжлэгч компани *******, ******* маркийн экскаваторыг хариуцагчид бус өөр компанид түрээслүүлсэн, уг төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлгүйг хөдөлбөргүй нотлохгүй юм. Иймд хариуцагч ******* ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлоогүй буюу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтыг үндэслэл бүхий байдлаар үгүйсгэж чадаагүй гэж дүгнэнэ. Энэ үндэслэлээр хариуцагчаас 71,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

5.3.Зохигчийн хооронд 2024.06.16-ны өдөр байгуулсан 2024/Г-06-03 дугаартай түрээсийн гэрээгээр ******* улсын дугаартай ******* маркийн экскаваторыг хариуцагч 2024.06.16-09.11-ний өдөр хүртэл түрээслэн ашигласныг өмнө дүгнэсэн. Гэрээг дуусгавар болгож уг техникийг буцаан авах үед хариуцагч техникийг 2 сар 25 хоногийн хугацаагаар түрээслэсэн байна. Түрээсийн гэрээний 5.5-д зааснаар техникийг 3 сараас дээш ажилласан бол буцаах зардлыг гүйцэтгэгч буюу ******* ХХК өөрөө хариуцах, харин 3 сар хүрээгүй бол хариуцагч уг техникийн буцаах зардлыг хариуцахаар заажээ. Иймд хариуцагч нь ******* маркийн экскаваторыг 2 сар 25 хоногийн хугацаагаар түрээслэсэн тул буцаах зардал 5,543,500 төгрөгийг хариуцах үндэслэлтэй байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

6.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ХХК нь нийт 116,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ дүнгийн талаар маргаагүй байна. Хариуцагч тухайн төлбөрүүдийг экска түрээс төлбөр 6 сар, ******* ХХК-д түрээс төлөв, дугуйт экска түрээс, экска түрээс төлбөр гэсэн гүйлгээний утгаар тус тус төлжээ. Хариуцагч талаас 11,000,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчээс худалдан авсан экскаваторын төлбөрт төлсөн үндэслэлээр дээр дурдсан 136,204,285 төгрөгийн дүнгээс хасуулна гэж дурдсан нь төлбөрийн агуулгатай нийцэхгүй байна.

Хариуцагч нь 2024 оны 08 сараас 09.11-ний өдрүүдэд *******, ******* маркийн экскаваторыг тус тус түрээслээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Энэхүү магадлалын 5.2-т дүгнэснээр хариуцагчаас 63,907,143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн учир энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

7. Шүүхийн шийдвэр бүтцийн хувьд хэргийн оролцогчид ойлгомжтой байх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбарын үндсэн, гол санаа давхардаагүй, цэгцтэй байх шаардлагатай. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбарын агуулгыг логик дэс дараалалгүй, цэгцгүй байдлаар тусгаснаас шийдвэр нь бүтцийн хувьд хэргийн оролцогч, сонирхогч бусад этгээдэд ойлгомжгүй, шаардлагагүй нүсэр /нийт 16 хуудас шийдвэрийн 12 хуудас нь тодорхойлох хэсгийг бүрдүүлсэн/ болжээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 29 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг баталсан. Тус тогтоолын 1-р хавсралтын 3.3-т дээрх байдлын талаар тодорхой дурдсаныг тэмдэглэж байна. Мөн тогтоолын 5-р хавсралт Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал-ын 2.3-т зохигчийн тайлбарыг товч, ойлгомжтой, логик дараалалд оруулж агуулгыг тусгана гэж заасны дагуу шийдвэрийн тодорхойлох хэсгийг боловсруулаагүй байна.

Энэ талаар дүгнэх, анхаарах асуудлын шалтгаан, үндэслэлийг тэмдэглэх нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хянах давж заалдах шатны шүүхийн үндсэн чиг үүрэгт хамаарахыг дурдав. Шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргахдаа Улсын дээд шүүхээс баталсан шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг баримтлах үүрэгтэй. Мөн шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүргийг мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.8-д зааснаар шүүгчийн туслах хэрэгжүүлэхийг анхаарч, шийдвэрийн тодорхойлох хэсгийг хууль, журамд нийцүүлэн боловсруулах үүрэгтэйг цаашид анхаарч ажиллах нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлыг хангаж хариуцагч ******* ХХК-аас 112,997,786 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэж, мөн шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралгүй заалтыг шийдвэрт баримталсныг хассан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 112,997,786 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...578,507.14 төгрөг... гэснийг 722,939 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 477,486 төгрөгийг улсын төсөвт үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 302,382 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Э.ЭНЭБИШ