Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 69

 

 

                                         

 

 

 

 

                                         

 

 

 

 

 

 

                                          

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Г.Х

Хохирогч: Ц.Н

Хохирогчийн өмгөөлөгч: Г.л

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А

Шүүгдэгч: Ц.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эт холбогдох 1922000920067 тоот хэргийг 2019 оны 6 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өндөршил суманд 1979.07.30-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй гэх, мэргэжилгүй гэх, малчин, ам бүл-2, эхийн хамт Дундговь аймгийн Өндөршил сум 1 дүгээр баг “Тавилан” гэх газарт оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД: ЗГ790/ Ц.Энь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдаанд оролцсон хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлахад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан байна

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 3 сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр баг, “Манхан” гэх газарт нутаглах иргэн Х.Өлзий-Оршихын гэрт бусадтай архидан согтуурч, Ц.Нын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2019 оны 3 сарын 31-ний өдрийн 10 цаг 10 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/;
  • Шүүгдэгч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 3 сарын 27-ны өдөр хөдөө Улаанаа болон Ц.Нтай Улаанаагийн гэрт архи ууж байгаад Ц.Нтай муудсан. Хаанахын вэ гэхэд Айраг гэсэн. Би нэлээд согтуу байсан. Тэгээд маргасан байсан. Унтаад босож ирэхэд миний хацраас цус гарсан байсан. Хэн ийм болгов гэхэд Ц.Н гэсэн. Тэгээд босож ирээд Ц.Ныг өвдөглөсөн. Ц.Н босохоо байсан. Тонгойлгож байгаад өвдгөөрөө цохисон. Өөр юм болоогүй. Тэгээд буцаад унтаад өгсөн. Өглөө босоход Ц.Н шээж чадахгүй байна гэхээр нь би түргэн дуудсан. Тэгээд түргэн ирээд сум руу аваад явсан. Орой 4, 5 цагийн үед энэ асуудал болсон байх гэх мэдүүлэг;
  • Хохирогч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2019 оны 3 сарын 27-ны өглөө 8 цаг 30 минут болж байхад Ц.Э ирсэн. Өндөршил сум руу Улаанаатай бид хэд явсан. Өдөр 12 цагийн үед ирсэн. Намайг ямаа самнаад байж байхад намайг хаанахынх вэ гэхээр нь би Айргийнх гэсэн. Хар юм уу, цагаан юм уу гэхээр цагаан гэсэн. Өөр байдлаар маргаагүй. Тэрний дараа Улаанаа 1 шил архи гаргаж өгсөн. Тэрийг Улаанаа бид хоёр уусан. Ц.Эт эхлээд нэг өгөхөд согтох гээд байна гэхээр нь дахиад өгөөгүй. Би нөгөөдөхийг нь ууж дуусгаад гэр рүү ороод унтсан. Тэрний дараа Өлөө, Улаанаа хоёр Ц.Эаас мөнгө нэхээд байгаа бололтой байсан. Тэгэхэд нүүрэнд нь цус болсон байх. Ц.Эыг сэрэхэд намайг зодсон гэж хэлсэн байсан. Ц.Э уулзъя гээд гараад явсан. Тэгээд өвдөглөсөн. Өөр зүйл болоогүй гэх мэдүүлэг;
  • Хохирогч Ц.Нын мөрдөн байцаалтад өгсөн: Би Өндөршил сумын урд Манхан гэх газарт байдаг Өлзий-Орших гэх айлд ямаа самнах зорилгоор очсон юм. Тэгтэл 2019.03.27-ны өглөө Эрдэнэбаатар гэх хүн тэднийд ирээд Өлзий-Оршихын дүү Дашзэвгээр сумын төв хүргүүлээд эргээд өдөр хамт хөдөө ирцгээсэн. Дашзэвгэ сум явахдаа надад нэг шил архи авчирч өгсөн юм. Тэр архийг нь Дашзэвгэ, Эрдэнэбаатар бид 3 хувааж ууцгаасан. Тэгтэл Эрдэнэбаатар өврөөсөө ахиад нэг шил архи гаргаж ирээд ууя гэхээр нь би одоо уухгүй гэсэн. Тэгтэл Эрдэнэбаатар надруу уурлаад байсан. Тэгээд гадаа гарч уулзья гэхээр нь би дагаад гарсан. Гадаа гараад бид хоёр муудалцаад заамдалцаад байж байтал Эрдэнэбаатар баруун өвдгөөрөө миний хэвлий хавь руу өвдөглөсөн. Тэгээд би ойчоод өгсөн юм. Тэгээд Өлзий-Оршихынд байж байтал оройн 19 цагийн үед миний давсаг чинэрээд шээж чадахгүй байхаар нь түргэн дуудаад өгөөч гэж гуйсан. Түргэний машин маргааш өглөө 9 цагийн үед ирсэн. Тэгээд намайг эмнэлэг рүү авч явсан. Тэгээд Өндөршил сумын төвд ирээд Дундговь аймгийн төвөөс мэс заслын баг дуудаад тэр оройдоо хагалгаанд орсон. Тэгээд маргааш өглөө нь аймгийн төв хүргүүлсэн ба аймгийн төвд очоод дахин хагалгаанд орсон. Миний давсаг хагарсан гэж эмч хэлсэн. Миний давсаг хагарсан байсан. Үүнээс болж шээс хэвлий дотор асгарч түлэгдэлт үүссэн. Би өөр хүнтэй муудалцаж зодолдсон асуудал байхгүй. Гомдолтой байна. Эмнэлгийн зардлаа төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-6/;

- Гэрч Д.Дашнямын “... Тэгтэл Ц.Э, Ц.Н нар зүүн урагшаа зүгээр алхаж байсан. Тэгээд нэг их холдолгүй хоёр гараа зөрүүлээд барилцаж байснаа Ц.Э гэнэт өвдгөөрөө Ц.Нын давсаг хавь руу нь өшиглөх шиг болтол Ц.Н унаад өгсөн. Тэгэхээр нь би болсон асуудлыг хүүхдүүддээ хэлтэл Х.Дашзэвгэ болон Х.Өлзий-Орших нар гараад оруулж ирсэн. Ил харагдах шарх мэдэгдээгүй. Шээж чадахгүй байсан. Ц.Э өвдөглөснөөс болж давсаг нь өвдсөн байх. Хажууд нь өөр хүн байгаагүй. Бид нар бүгд гэрт байсан юм. Гэрийн хаалгаар би л харсан байх. Өөр хүн хараагүй“ гэх мэдүүлэг /хх-12/;

- Гэрч Х.Дашзэвгийн “... Тухайн үед Ц.Н, Ц.Э нар хоорондоо тоглоод юм яриад байгаа бололтой байсан. Бид нарыг бууз хийж байх хооронд Ц.Н, Ц.Э нар гэрээс гарцгаасан. Ээж үүдэнд сууж байгаад Ц.Э Ц.Ныг өвдөглөчихлөө, Ц.Н ойчоод өглөө гэсэн. Тэгэхээр нь Х.Өлзий-Орших ах бид хоёр гараад очтол Ц.Н газар хэвтэж байсан ба Ц.Э хажууд нь зогсож байсан. Ц.Ныг босгох гэтэл босч болохгүй байна гээд байхаар нь ах бид хоёр өргөж гэрт оруулсан. Тэгээд гэрт оруулаад байж байтал Ц.Н шээж болохгүй байна гээд байсан. Тэгэхээр нь түргэн дуудъя гэтэл Ц.Н хэрэггүй, ингэж байгаад гайгүй болчих байх гэхээр нь дуудахаа больчихсон юм. Маргааш өглөө нь 7 цагийн үед сумаас түргэн дуудсан“ гэх мэдүүлэг /хх-13-14/;

- Гэрч Х.Өлзий-Оршихийн: ... Эргээд иртэл Ц.Н газар хэвтэж байсан ба эмнэлэг дуудахгүй яасан юм гэтэл Ц.Н хэрэггүй, маргааш больё гээд байсан. Тэгээд маргааш өглөө нь Ц.Н бие өвдөөд байна гэхээр нь сумаас эмнэлэг дуудсан. Тэгээд эмнэлэг ирээд аваад явсан. Ил харагдах шарх байгаагүй. Гэдэс өвдөөд байна гээд хэвтээд байсан. Хэн тухайн гэмтлийг учруулсаныг нь би мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-15/;

- Гэрч Т.Одгаравын “Ц.Э гэдэг хүнтэй манай хүргэн ах Ц.Н муудалцаж байгаад гаднаас орж ирээд, гэрт орж ирээд хоол идээд гарахдаа гадаа гараад дахин муудалцаад Ц.Э гэдэг хүн манай хүргэн ах Ц.Ныг гэдэс рүү нь өшиглөж унагаасан. Ил харагдах шарх байгаагүй, харин миний шээс гарахгүй байна гээд ёолоод байсан“ гэх мэдүүлэг /хх-16/;

- Гэрч Л.Мөнхжаргалын “Намайг очих үед гэрийнх нь зүүн орон дээр хөлөө нугалаад суусан байдалтай байж байхаар нь хэвлий хэсэгт нь дарж үзэхэд их чангарсан байдалтай байсан. Ил харагдах шарх сорви бол байгаагүй. Ц.Н болохоор барилдаж байгаад ийм болчихлоо. Тэгээд шээж чадахгүй байна гэсэн. Тэгтэл хамт байсан Ц.Э гэх хүн бид хоёр барилдаж байгаад би дээр нь өвдөглөөд ойччихсон юм гэж хэлсэн. Хамт Х.Өлзий-Орших болон эхнэр Эрдэнэзул нар нь байсан. Тэд нар болсон асуудлын талаар надад тодорхой зүйл яриагүй. Тэр хоёроос архи их үнэртэж байсан. Уусан байсан. Зодолдсон асуудал мэдэгдээгүй. Сумын төв дээр ирээд ЭХО-д хараад хэвлийд шингэн хуримтлагдсан байна гээд мэс заслын баг дуудаж тэр өдөртөө мэс засалд орсон“ гэх мэдүүлэг /хх-19/;

- Шинжээчийн 2019.04.05-ны өдрийн 190200098 тоот дүгнэлтэд: “Ц.Нын биед хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдсан шарх, хэвлийд мэс ажилбарын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь 2019.03.27-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай шинжээрээ Шүүх эмнлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна” гэх /хх-22-23/ дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөртэй холбоотой баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсанд тооцлоо.

Шүүгдэгч Ц.Эын үйлдлийн улмаас хохирогч Ц.Нын бие махбодид “хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдсан шарх гэмтэл” учирсан бөгөөд энэ нь учрах үедээ амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэл болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2019.04.05-ны өдрийн 190200098 тоот дүгнэлтээр тогтоогджээ.

Шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа болно.

Хохирогч Ц.Нын бие махбодид учирсан гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-ын 2-т “Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараахь шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.2.1 амь насанд аюултай гэмтэл гэж, мөн журмын 3-т “Энэхүү журмын 2.2.1-д заасан амь насанд аюултай гэмтэлд дараахь гэмтлүүд хамаарна. Үүнд: 3.1.12.цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл; Үүнд цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, агаар хуралдсан гэмтэл” гэж заасанд хамаарч байна.

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 3 сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Ц.Н, Х.Дашзэвгэ нартай архидан согтуурсан ба ямар ч шалтгаангүйгээр хохирогч Ц.Нын хэвлийн тус газарт нь өшиглөж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогч Ц.Н, гэрч Д.Дашням, Х.Дашзэвгэ, Х.Өлзий-Орших, Т.Одгарав, Л.Мөнхжаргал нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар /хх-12, 13-14, 15, 16, 22-23/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Э нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, урьд нь үл таних, бие бялдрын хувьд өөрөөс нь намхан, хүч чадлын хувьд илтэд тэнцвэргүй Ц.Ныг ямар ч шалтгаангүйгээр хэвлийн тус хэсэгт нь өшиглөн зодож, улмаар бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлттэй, санаатай үйлдэл байна.

Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг буюу хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах гээд зайлшгүй бүх зардлыг шүүгдэгч Ц.Э хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Ц.Н шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч Ц.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Нын биед “хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдсан шарх” гэх буюу учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж авч, мэс засал хийлгэсний улмаас амь нас аврагдсан болох нь шинжээчийн дүгнэлт, өвчний түүх, мэс заслын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-22-23, 25-43, 49-64/

Хохирогч Ц.Н нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой гэм хорыг арилгахыг шаардаж нийт 1063910 төгрөгийн баримт бүрдүүлж өгсөн байсан ба эрүүгийн хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “ажил төрөл эрхлэх боломжгүй болсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3840000 төгрөг нэхэмжилж” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Мөн Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгээс “Б.Эрдэнэбаатар” гэгчээс “Ц.Нын эмчилгээний зардалд 508000 төгрөг нэхэмжилсэн” нэхэмжлэх хэрэгт хавсаргагдан иржээ. /хх-135/

Шүүх иргэний нэхэмжлэл, хохирол төлбөр нэхэмжилсэн баримт болон шүүгдэгчээс хохирогч Ц.Нт мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудыг шинжлэн судалж үзэхэд дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

  • Хэргийн 68-134 дүгээр талд авагдсан нийт 1063910 төгрөгийн баримтаас хэргийн 81, 103, 117 дугаар тал дахь баримтууд харагдахгүй, хэдэн төгрөгийн баримт болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэнгүй.
  • Гар утасны төлбөр, нэгж худалдан авсан, ундаа, жүүс, архи, пиво, хиам, боорцог, сүү, аяга шанага зэрэг хүний өдөр тутмын ахуйн болон хүнсний хэрэглээний зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй. Үүнд 401510 төгрөгийн баримт хамаарч байна.
  • Хэргийн 69, 79, 85, 86, 93, 104, 119, 134 дүгээр тал дахь баримт нь эм тариа, эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардал байх тул гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол нь 154400 төгрөг болж байна. Энэ зардлыг шүүгдэгч Ц.Эаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
  • Хэргийн 135 дугаар талд авагдсан Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэхийн хувьд шүүгдэгч Ц.Э шууд хариуцан төлөх үндэслэлгүй. Учир нь Нэгдсэн эмнэлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэний нэхэмжлэгч биш байна. Зүй нь хохирогч Ц.Н нь эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан төлбөрөө өөрөө төлөөд уг төлсөн баримтаа үндэслэн шүүгдэгч Ц.Эаас нэхэмжлэх ёстой байна.

Шүүгдэгч Ц.Э нь бэлнээр болон банкны мөнгөн шилжүүлгээр хохирогч Ц.Нт нийт 1150000 төгрөг хүлээлгэн өгсөн, уг мөнгийг хүлээн авсан тухайгаа хохирогч Ц.Н шүүхэд гэрчлэн мэдүүлсэн тул өнөөдрийн байдлаар шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй болсон байна. Иймд шүүгдэгч, иргэний хариуцагч Ц.Э нь шүүх хуралдаанаас өмнө хохирогч Ц.Нын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хохирогч Ц.Нын бие махбодид учрах үедээ амь насанд аюултай гэмэл учирсан, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нь тухайн гэмтлийн эмчилгээ эдгэрлийн явцаас хамаарах нь шинжээчий дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “гэм буруутай этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “2009 оноос хойш байнгын ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж байсан” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч нь байнгын ажил хөдөлмөр эрхэлж байсан бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар дутуу авсан цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй, цалин хөлс орлогогүй байсан бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505-2т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

Тухайн асуудлыг нотлох баримт дутуу бүрдүүлж өгсний улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

Мөн 12 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлэх боломжгүй болсон эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.

 

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учрууласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин шүүгдэгч Ц.Эт оногдуулах хорих ялын хэмжээг  Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар улсын яллагчийн санал болгосон хорих ялын хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр тогтоолгох санал гаргасан болно.

Шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлэхэд санаачилгатай оролцсон, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Ц.Эын харъяа сумын Засаг даргаас “тус багийн иргэн Ц.Э нь 1-р багийн малчин В.Эрдэнэжаргалынд 2017-2019 он хүртэл туслах малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэх тодорхойлолтыг болон Ц.Эыг туслах малчнаараа ажиллуулах боломжтой талаархи баталгааг тус сумын иргэн Ш.Нармандах, В.Эрдэнэжаргал нар шүүхэд ирүүлсэн болно.

 Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрдэнэбаатар торгох ял биелүүлэх боломжгүй тул хорих ял оногдуулах тухай” санал гаргасныг шүүгдэгч Ц.Э өөрөө хүлээн зөвшөөрч байх тул шүүх Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхэн үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлсэн болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, хохирогчоос “аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн тохиолдолд  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэн улсын яллагчийн санал болгосон хорих ялын хоёрны нэгээс багагүй хэмжээний буюу хорих ялыг хөнгөрүүлж оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл,

36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2, 38.1,

38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Ц.Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид нийт 1150000 төгрөг хүлээлгэн өгсөн гэснийг хохирогч Ц.Н хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэл бүрэн хангагдсан үндэслэлээр хохирогч Ц.Нын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хохирогч Ц.Нын ажилгүй байх хугацаанд олох ёстой орлого 3840000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Ц.Н нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон иргэний нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Ц.Эын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
  8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн 81, 103, 117 дугаар талд авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлээгүйг дурьдсугай.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                   С.С