| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/04361/И |
| Дугаар | 210/МА2025/02014 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02014
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/04340 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны хэлтсийн баяжуулалтын операторын албан тушаалд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тухай гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаал гарч үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон. Уг тушаалыг зөвшөөрөөгүй тул хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан боловч ажил олгогч маргаантай асуудлаар тохиролцохгүй гэсэн. Иймд шүүхэд хандсан. Тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг баримтлан гарахдаа уг зүйл хэсэгт заасан хоёр үндэслэлээр, эсхүл аль нэг үндэслэл болохыг нэрлэн заагаагүй ч бодит байдал дээр ийм үндэслэл болоогүй байсан.
Би урьд нь сахилгын ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. ******* ХХК-тай 2022 оны 01 сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.1-д Хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчлийг нэрлэн заасан бөгөөд энэ зөрчилд захирлын ******* тушаалд бичигдсэн Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн б, в-д заасан үүргийг зөрчсөн гэх зөрчил хамаарч бичигдээгүй байхад энэ үүргийг зөрчсөн гэж гэрээг шууд цуцлах үндэслэл болохгүй юм.
******* ХХК-ийн 2024 оны 05 сарын 11-нд ажлын байранд бусадтай маргасан асуудлаар 5.13-д ярилцлага хийж тэмдэглэл үйлдсэн. Энэ тэмдэглэлээс 05 сарын 11-ний өдрийн үйл баримтыг биш өмнөх хугацаанд дүрэм журам зөрчсөн байж болзошгүй гэсэн байдлаарх асуултыг түлхүүтэй асууж, мөн 05 сарын 11-ний өдрийн үйл баримтыг хянан шалгах ажиллагааг явуулах болсон нь тогтоогдож байгаа. Ингээд надад өгсөн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн мэдэгдлийн дагуу намайг 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 15 цагт ******* ХХК-ийн ******* дахь ажлын байранд ирэхэд мөн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан тушаалыг гардуулж өгсөн.
Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2024 оны 05 сарын 11-ний өдөр ******* уурхайн ******* дэх ******* өрөөнд бусдыг хэл амаар доромжилсон хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь хянан шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар *******гийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
1.Хариуцагч нь нэхэмжлэгч *******г хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн "б", "в"-д заасан үүргийг зөрчсөн нь Сахилгын шийтгэл оногдуулах журмын 17.9.2.1-д заасан ноцтой зөрчил бүхий үйлдэл гэсэн үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахдаа Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.1.и, Сахилгын шийтгэл оногдуулах журмын 17.1, 17.3-д заасныг давхар баримталсан. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д "тушаалын үндэслэл болгоогүй Сахилгын шийтгэл оногдуулах журмын 17.2, 17.2.9.1" заалтын талаар дүгнэлт хийсэн.
2.Шүүх талуудын маргааны зүйлийг дутуу буруу тодорхойлж маргааныг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэж 2 өөр үндэслэл заасан. Ажил олгогч тушаалдаа аль үндэслэлээр тушаалыг гаргаж байгаа нь тодорхойгүй тухай нэхэмжлэлдээ бичиж, маргасан.
Гэтэл шүүхийн шийдвэрт "Талуудын маргаан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй эсэх байна" гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь "хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн "б", "в"-д заасан үүргийг зөрчсөн нь" хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил биш гэж маргасан ч шүүх энэ талаар дүгнээгүй. Мөн ажил олгогчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1, 7.1.2-т заасныг баримталдаг. Энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон эсэхэд шүүхээс дүгнэлт хийгээгүй.
3.Шүүх "Бусад ажилтныг *******, ******* гэж зэргээр доромжилсон ноцтой зөрчил гаргасан болохыг ажил олгогч Сахилгын шийтгэл оногдуулах журмын 11.2-т заасан журмын дагуу шалган тогтоосон" гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ийм үгс хэлээгүй гэдгээ өөрөө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлсэн. Шүүх хуралдааны мэтгэлцээний үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн үйл явдал болсон гэх үед тэр өрөөнд орж ирсэн, хэн юу хэлсэн, юу болсон талаар нүдээр үзсэн гэрчүүдээс мэдүүлэг аваагүй талаар гаргасан тайлбарт дүгнэлт хийсэнгүй. Мөн шүүх *******, ******* нараас авсан "Осол, зөрчлийн тайлбар" авах хуудсаар нотлогдсон гэж үздэг.
Хувь хүнээс ажил олгогчийн шаардлагаар өгч буй ярилцлагад амаар өгч буй мэдүүлэг /асуултандаа хариу авсан байдаг/, бичгээр өгсөн тайлбарт бичигдсэн зүйл нь айдасгүйгээр эмээх зүйлгүй, чөлөөтэйгээр өгүүлсэн үйл баримт, түүнчлэн агуулгыг зөв илэрхийлж бичигдсэн гэхэд эргэлзээтэй бөгөөд гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлэх талаар эрх зүйн ойлголт, тайлбар байгааг анхаарч үзсэнгүй. Ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа тул тушаалынхаа үндэслэлийг нотлох үүргийг өөрөө хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой.
Шүүхэд хариуцагчаас гаргаж өгсөн "*******" ХХК-ий кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм зэрэг нь хэрэгт хэрхэн хамааралтай, мөн шийдвэрийн үндэслэл болгосон ярилцлагын тэмдэглэл ба осол зөрчлийн тайлбар авах хуудасыг нотлох баримтаар үнэлсэн үндэслэлээ шүүх шийдвэртээ заасангүй. Зөрчлийн талаар асуусан ярилцлагын тэмдэглэлд өмнөх зөрчлийн талаар голлон асуусан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Энэ нь гомдлын 2-д заасантай хамаарна. Ямар ч тохиолдолд ажил олгогчийн тушаал нь хуульд нийцсэн байх ёстой. Хуульд нийцээгүй тушаалыг шүүхээс нийцүүлж тайлбарлаж маргааныг шийдвэрлэх нь боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Тушаалд Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.9.1, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.1 гэх заалтууд тусгагдсан байхад зөвхөн Сахилгын шийтгэл ногдуулах журмын тухайн заалтад дүгнэлт хийсэн нь тушаалд тусгагдаагүй гэх агуулгаар гомдол гаргасан байдаг. Мөн тухайн үед өөрийн үндсэн ажилчдаас бусад хүмүүсийг асуугаагүй, зөрчлийг тогтоогоогүй, нэхэмжлэгч зөрчил гаргасан болох нь сахилгын шийтгэл ногдуулах журмаар нотлогдоогүй гэх зүйлийн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч дурдаж байна. ******* ХХК-д мөрдөгдөж байгаа Сахилгын шийтгэл ногдуулах журмын 11-д заасны дагуу холбогдох хяналт шалгалтын баг бүрдэж, хяналт шалгалт явуулсны үндсэн дээр 2024 оны 05 сарын 11-ний өдөр болсон үйл баримтыг тогтоосон. Түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.1и гэх заалтад ******* ХХК-д мөрдөгдөж байгаа журмуудад буюу Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь хамтран ажиллагч ******* руу зүй бус үг хэллэг хэлж, доромжилсон талаар тухайн үед хамт байсан ******* гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн нэхэмжлэгчийн хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар шүүх тодруулах ёстой байсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох үүрэгтэй ч анхан шатны шүүх хуралдааны үед шүүгч энэ талаар нэхэмжлэгчээс тодруулсныг буруутгахгүй ба нэхэмжлэгчийн үүргийг тодруулсан байх. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил тогтоогдсон ба ноцтой зөрчилд тооцогдоно гэж маргажээ.
Уг тушаалд ...******* нь 2024.05.11-ний өдөр ******* уурхайн ******* дэх *******өрөөнд бусдыг хэл амаар доромжилсон хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан... тухай дурдаж, талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.2.1, 9.2.1(и), Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 17.1, 17.3-т заасныг удирдлага болгожээ.
4.Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн маргаж, гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд гаргажээ. Ажил олгогчийн 2024 оны ******* дугаар шийдвэр нь ажилтны зөрчил гаргасан үйл явдалд тохирсон бөгөөд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тухайн компанийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд баримталдаг эрхийн актад үндэслэн гарсныг анхан шатны шүүх зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч 2024 оны 05 сарын 11-ний өдөр ажилтан *******тай эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд маргалдан түүнийг чи яг ******* шиг харагддаг, *******, ******* гэсэн зүй бус үг хэрэглэж, доромжилсон нь хариуцагчийн магадлан шалгалтын тайлан, шалгалтын явцад ажилтан *******, *******, ******* нарын ярилцлагын тэмдэглэл, осол зөрчлийн тайлбар авах хуудас зэргээр тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч *******гийн энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажилтнууд бие биедээ үгээр, биеэр болон бусад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглох зарчмыг зөрчиж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах үйлдлийг гаргажээ. Энэ талаар талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7-ийн б, в-д заасан буюу ажилтан хууль тогтоомжийг мөрдөн ажиллах үүргийг тохиролцож, энэ үүргийг ажилтан зөрчсөн нь сахилгын ноцтой зөрчилд тооцогдохыг компанийн дүрэм, журамд заасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасантай адилтган үзнэ.
Талууд хөдөлмөрийн гэрээний 9.2.1-д хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг тусгайлан заасны 9.2.1.и хэсэгт Сахилгын шийтгэл ногдуулах журам зөрчсөнийг ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заасан байна. Мөн Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2-т Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно гээд журмын 17.2.9.1-д Бусдыг аливаа хэлбэрээр дээрэлхэх, доромжлох, дарамтлах, нэр хүндэд халдах, ялгаварлан гадуурхах, 17.3-т Журмын 17.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэжээ.
Хариуцагч энэ үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн бодит байдал, тухайн зөрчилд тохирсныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
5.Ажил олгогч зөрчлийг шалган тогтоохдоо тухайн зөрчил болсон 2024 оны 05 сарын 11-ний өдөр *******, ******* нарыг ******* өрөөнд маргалдаж байх үед тухайн үйл явдлыг харсан буюу гэрчлэх боломжтой хүмүүсийг гэрчээр асууж, бодит байдлын талаар бүрэн тодруулаагүй тухай хариуцагч гомдолдоо дурджээ.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн үүрэг тул тэрээр гэрчээр асуулгах боломжтой байсан гэж гомдолд дурдсан хүмүүсийг анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуулгах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Мөн ажил олгогч зөрчлийг хянан шалгах явцад ч энэ тухай саналаа ажил олгогчид гаргаагүй байх тул хэргийн байдлыг шүүх бүрэн тогтоогоогүй гэсэн гомдлыг хангахгүй.
6.Анхан шатны шүүх Иргэний болон Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргаанд хамаарах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/04340 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЭНЭБИШ