| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2019/00068/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.А
Улсын яллагч: Г.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.С
Шүүгдэгч: М.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Нт холбогдох 1922000650082 тоот хэргийг 2019 оны 7 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд 1985.08.24-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг мэднэ гэх, “Хилийн төлөө” цол тэмдгээр шагнуулж байсан гэх, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймаг Луус сум 3-р баг “Өнгөт” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЗ85082418/ М.Н нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
1/ Шүүгдэгч М.Н нь 2019 оны 2 сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Ар дов” гэх газарт “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож яваад онхолдож, сундалж явсан С.С.Эг унагасан зам тээврийн осол гаргасан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Шүүгдэгч М.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”Хөдөө гэртээ байж байхад С.Э утсаар яриад “Хүрээд ир. Ойрхон айлд буугаад ирье” гэсэн. Тэр айлд очиход хүнгүй байсан.Цаашаа ганц нэг айлаар орох гээд явсан. Тэгээд Мөнх-Очирынд очоод архи уусан. Тэднийд 4,5 хүн байсан. Мөнх-Очирынхоос гараад явахад зам жоохон эвгүй, цастай, дэрс, дов ихтэй байсан. Замын тойрог дээр зүүн тал руугаа налах байдалтай унасан. Ширүүн яваагүй гэв. Тухайн үед нь бид нар сайн мэдээгүй. Урьд орой нь 17, 18 цагийн үед айлд орхиод явсан. Өглөө очоод авах гэтэл оройны байдлаараа хэвтэж байсан. Өглөө нь 09 цагийн үед бие нь эвгүй боллоо гэж айлынхаа хүмүүстэй яриад гэрт нь авч ирээд түргэн дуудсан” гэr мэдүүлэг,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сгийн: “...2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр аймгаас манай ах болох Сүндалай надтай утсаар ярихдаа танай нөхөр С.С.Э ухаангүй байна гэсэн. Тэгээд би хотоос Дундговь руу ирээд нэгдсэн эмнэлэг дээр очиход хүлээн авах тасаг дээр С.С.Э ухаангүй хэвтэж байсан. Эмч бид нарт хэлэхдээ энэ хүн харвасан байна, яаралтай хот руу авч явах шаардлагатай гэж хэлсэн“ гэх мэдүүлэг /хх-15-17/
- Гэмт хэргийн талаархи мэдээллийг утсаар 2019 оны 2 сарын 23-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /хх-4/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “Адаацаг сумын 4-р баг Ар дов гэх газарт байх 4-р багийн иргэн Мөнх-Очирын бууцнаас ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэсэн зам байх бөгөөд Мөнх-Очирын бууцнаас үл хөдлөх цэгийг авч зам дагуу хэмжиж үзэхэд 310м зайтай зам дээр иргэн М.Н нь Даюун маркийн мотоцклийг жолоодон явсан гэх ба ард нь сундалж явсан С.С.Э ойчсон гэх газрыг зааж өгснийг гэрэл зургаар бэхжүүлэв. М.Н хэлэхдээ тухайн үед цастай байсан харанхуй болсон байсан, унахдаа зүүн тал руу дарж унасан. С.С.Э яг мотоциклийн хажуу талд унасан, тэгээд С.С.Эг босгох гэж оролдсон боловч босоогүй” гэжээ /хх-33-34/
- Гэрэл зургууд /хх-35/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “ Даюун маркийн цагаан өнгийн улсын дугааргүй, мотоцикль байв. Суудал хэсэг нь цагаан хар цоохор өнгийн ямааны арьсаар хучсан байх бөгөөд жолооны хэсгийн хоёр талын бариул хэсэгт улаан шар өнгийн ханцуйвчтай байв. гадна талд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв. Тухайн тээврийн хэрэгслийг асааж үзэхэд хэвийн асах ба гэрэлтүүлэг хэсэг болон моторын эргэлт хэвийн ажиллагаатай, тормозны механизм хэвийн ажиллагаатай байв“ гэжээ /хх-9-12/
- Гэрч А.Сүндалайгийн “...Мөнх-Очирын гэрээс манай хүргэн С.Э Намбаагийн хамт мотоцикльтой сундалж гарч яваад гэрээс нь холдож амжилгүй мотоцикльтойгоо ойчсон байсан. Тэгээд босоод бие засаад дахин мотоциклио бариад С.Э ард нь сууж цааш гэр рүүгээ явж байгаад замдаа дахиж унаад С.Э сэрэхгүй хурхирсан байдалтай хэвтээд байсан гэж Намбаа хэлсэн “ гэх мэдүүлэг /хх-18-19/
- Гэрч Б.Ундрахцэцэгийн “...Манай нөхөр эргэж ирээд Пүрэвдоржтой хамт машинаа унаж гараад С.Эг авч ирсэн. Би дэр дэрлүүлээд дээлийнх нь энгэрийн товчийг тайлаад хэвтүүлсэн. 2019 оны 2 дугаар сарын 22-ны өглөө Намбаа, манай нөхөр Мөнх-Очир, би, Очирхуяг бид нар С.Эг сэрэхгүй болохоор нь гэрт нь аваачиж өгсөн. Тэгээд тэндээс түргэн дуудаад үзүүлсэн “ гэх мэдүүлэг /хх-21-23/
- Гэрч Д.Мөнх-Очирын “Би гэртээ эргэж ирээд амраад байж байсан чинь нэг их удалгүй мотоцикль хаазлах дуу сонсогдоод байсан. Тэгээд эргээд гараад очсон чинь С.Э замын хажуу талд унтаж байсан. Намбаа замын хажуу талд мотоциклио босгох гээд зогсож байсан. Би Намбаад хандаад та хоёр чинь яагаад явж чадахгүй байна гэсэн чинь чадахгүй байна гэж хариулсан. Тэгэхээр нь би С.Эг гэртээ хонуулах санаатай машин авч ирэх гээд буцаад гэрийн зүг явж байсан чинь Намбаа мотоцикльтойгоо ганцаараа зүүн урд зүг рүү яваад өгсөн“ гэх мэдүүлэг /хх-24-27/ зэргээр тогтоогдож байна.
Дээрх зам тээврийн осолд Дундговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэсгийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээчийн 2019.05.24-ний өдрийн №26 тоот дүгнэлтэд “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч М.Н Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч М.Н /3385082418/-нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: з/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна” гэжээ /хх-47/
Шинжээч дээрх дүгнэлтийг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан тусгавал зохих зүйлсийг бүрэн тусгаагүй, ямар объект болон материалд шинжилгээ хийсэн нь тодорхойгүй, энэ талаар шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь заалт, мөн хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.4, 1.5, 1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.
Гэвч тухайн шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч М.Н 2019.06.19-ний өдөр /хх-48/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С 2019.06.25-ны өдөр /хх-49/ тус тус танилцсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хэн аль нь маргаагүй байдлыг харгалзан дээр дурьдсан шинжээчийн дүгнэлтийн “дүгнэлт” хэсгийг шүүх нотлох баримтаар тооцлоо.
Хохирогч С.С.Э нь 2019 оны 2 сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд шүүгдэгч М.Нын жолоодож явсан мотоциклиос унасны улмаас ухаангүй байдалтайгаар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, тэндээсээ Улаанбаатар хотод байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж, 2019 оны 2 сарын 23-ны өдөр “хатуу хальсан доорх цусан хурааг авах” мэс засал яаралтай хийлгэн амь нас аврагдсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сгийн мэдүүлэг, ГССҮТөвийн 2019.02.23-ны өдрийн 00 цаг 25 минутад нээсэн 2137 дугаартай өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, компьютерт томографийн шинжилгээ, рентгений шинжилгээ, тархины MRI шинжилгээ, амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-67-88/ зэрэг баримтаар нотлогдож байна.
Хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийн шинж байдлыг тогтоолгохоор Дундговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилсон бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн 2019.05.13-ны өдрийн №199400002 тоот дүгнэлтэд “С.С.Эгийн биед тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэжээ /хх-45/
Шинжээчийн энэхүү дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж гаргасан байх бөгөөд тухайн дүгнэлттэй шүүгдэгч М.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С нар 2019 оны 6 сарын 19-ний өдөр танилцаж, ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна /хх-48/
Шүүгдэгч М.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “С.С.Э урьд нь цагаан сарын үеэр, морь уралдуулах үед толгой нь өвдөөд байгаа гэж хэлж байсан. Мотоцикль дээрээс унаад гэмтсэн гэхэд эргэлзэж байгаа. Би тийм чанга унагаагүй, маш зөөлхөн налаад л унах шиг болсон” гэж мэдүүлснийг шалгаж үзэхэд хохирогч нь урьд өмнө архаг хууч өвчтэй байсан эсэхийг нотлох баримт байхгүй, шүүгдэгч энэ талаар хүсэлт гаргаж байгаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид “хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүссэн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл” учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаж гаргасан байна.
Мөн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын хавсралт “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2 дахь хэсэгт Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно Үүнд: амь насанд аюултай гэмтэл ; амь тэнссэн байдал; гэмтлээс үүссэн үлдэц уршиг; ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдсан гэжээ. Мөн журмын гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур гэх 3 дугаар зүлийн 3.1.3-т “тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл. Үүнд: Тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна” гэжээ.
Дээрх баримтыг нэгтгэн дүгнэж үзэхэд хохирогч С.С.Э нь мотоциклиос унасны дараа ухаангүй /гэрч Б.Ундрахцэцэг, Д.Мөнх-Очир, шүүгдэгч М.Н нар “унтаад хурхирч байна” гэж ойлгосон гэх/ байдалтай байсаар эмнэлэгт хүргэгдсэн ба хохирогч С.С.Эгийн бие махбодид учрах үедээ амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, эмнэлгийн тусламж аваагүй бол үхэлд ч хүргэж болох гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
Хохирогч С.С.Э нь архаг хууч өвчтэй байсан эсэхийг нотлох баримт шүүхэд ирээгүй бөгөөд 2019 оны 2 сарын 21-ний өдөр шүүгдэгч М.Н мотоциклио онхолдуулж унагасан үйлдлийн улмаас хохирогч С.С.Эгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч М.Наас шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж буй нь баримтаар нотлогдохгүй байх тул шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч М.Н, хохирогч С.С.Э нар нь 2019 оны 2 сарын 21-ний өдөр зам тээврийн осолд орох үедээ хэдий хэмжээний согтолттой байсныг нотлох баримт хэрэгт хавсаргагдаж ирээгүй боловч тухайн өдөр тэд нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь гэрч Б.Ундрахцэцэг, Д.Мөнх-Очир, шүүгдэгч М.Н нарын мэдүүлгээр /хх-21-27/ тогтоогдож байгаа болно.
Жолооч М.Н нь “В”, “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь №2, №952586 тоот жолоочийн үнэмлэхний хуулбараар; 2008 оны 6 сарын 6-ны өдөр “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болсон нь мотоциклийн үнэмлэхээр тус тус тогтоогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жилийн хугацаагаар олгоно. Шүүгдэгч М.Нын “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2018 оны 6 сарын 6-ны өдөр дууссан, хуульд заасан журмын дагуу жолоодох эрхээ сэргээлгээгүй байх тул Замын хөдөлгөөний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар түүний “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсны дараа буюу 2019 оны 2 сарын 21-ний өдөр мотоцикль жолоодож, замын хөдөлгөөнд оролцсоныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсонд тооцно.
Шүүгдэгч М.Н нь “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль жолоодсон, мөн согтуурсан хохирогч С.С.Эг ардаа суулган замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас хохирогч С.С.Эгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөний оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно” гэх заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын “а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно” гэх заалт, мөн дүрмийн 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: “з/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Шүүгдэгч М.Н нь жолооч хүний хувьд өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсээр атлаа түүнийг гаргахгүй байж чадна хэмээн тооцож, хөнгөмсгөөр найдан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээр дурьдсан баримтаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч М.Нын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөнд оролцож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Н нь зам тээврийн осол гаргах үед өөрөө болон хохирогч С.С.Э хамгаалах малгай өмсөөгүй байсан талаар шүүхэд мэдүүлсэн ба энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн “в”-д ”жолооч мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тэвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ” гэх заалтыг зөрчсөн байна. Энэхүү үйлдэл нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөөгүй боловч зам тээврийн ослын улмаас учрах нийгмийн хор аюул, хохирлын шинж чанар нэмэгдэхэд буюу хохирогчийн эрүүл мэндэд “хүнд” хохирол учрахад нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй юм.
2/ Хохирол, төлбөрийн талаар:
Шүүгдэгч М.Н үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн С.С.Эгийн биед тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл буюу хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч М.Н нь хариуцан арилгах үүрэгтэй ба хохирогч С.С.Э нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг М.Наас шаардах эрхтэй байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлснээр осолд орсны дараа хохирогч С.С.Э нь ГССҮТөвд толгойндоо мэс засал хийлгэж, эмчилгээ хийлгэсний дараа дөрвөн удаа эмнэлэгт хэвтэж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн гэх ба хохирогч одоо бусдын тусламжгүйгээр ойр зуур хөдөлж явж, хэлж ярьж байгаа, зарим нэг зүйлийг санахгүй байгаа ой санамж нь сааталтай байгаа болох нь /2019.07.30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/ тогтоогдож байна.
Хохирогч талаас мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 2 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардалд 970000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд “нийт 3 сая 500 мянган төгрөгийг зөвхөн эмчилгээнд зарцуулсан” гэж мэдүүлсэн байна /хх-?/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцоогүй боловч шүүгдэгч М.Нтай харилцан тохиролцож нийт 2700000 төгрөгийг өгч авалцахаар, үүнээс 1350000 төгрөгийг 2019 оны 7 сарын 30-ны өдөр шилжүүлж, үлдэгдэл 1350000 төгрөгийг 2019 оны 12 сарын 31-ний дотор өгч авалцахаар тохиролцсон хэлцлийг бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эдлэх тул талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, хэлцэл байгуулсныг шүүх хүлээн авч, өнөөдрийг хүртэл хугацаанд хохирогч С.С.Эгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэл хангагдсан үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч С.С.Эгийн бие махбодид учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлийн явцаас хамаарах нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гарсан эмчилгээ, зардалтай холбоотой нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Н нь 1350000 төгрөгийг 2019 оны 7 сарын 30-ны өдөр дансаар шилжүүлэн, баримтаар нотлогдсон төлбөрийг бүрэн нөхөн төлсөн тул өнөөдрийн байдлаар бусдад төлбөргүй болсон байна.
3/ Хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч М.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргалаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгч зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэр бүлээ авч явдаг ганц хүн нь бөгөөд бага насны хүүхдүүдтэй зэрэг амьдрал ахуйн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэн хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.
Шүүх шүүгдэгч М.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах талаар санаачилгатай хандсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.
Шүүгдэгч М.Нын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ба дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, баримтаар нотлогдсон хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн, хохирогч талтай тохиролцсоны дагуу үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, нийгэм хамт олны дунд засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч нь хохирогч талтай тохиролцсон төлбөрийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал эдлүүлнэ.
Шүүхээс шүүгдэгч М.Нт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байгаа тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 9 дэх хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Нт хохирогч С.С.Эд 1350000 төгрөгийг 2019 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч М.Нт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасах ял оногдуулж шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч М.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч талд 2700000 төгрөг хүлээлгэн өгөх: үүнээс 1350000 төгрөгийг 2019 оны 7 сарын 30-ны өдөр шилжүүлсэн, үлдэгдэл 1350000 төгрөгийг 2019 оны 12 сарын 31-ний дотор төлөхөөр тохиролцсон болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хорын төлбөрт 970000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч М.Н хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Хохирогч С.С.Э нь цаашид эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Наас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны хамт М.Нын №952586 дугаартай жолоочийн үнэмлэх, 2008 оны 6 сарын 6-ны өдрийн №02 дугаартай мотоциклийн үнэмлэхийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.С