Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

                                   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Г.Х

Хохирогч: Ц.Г

Шүүгдэгчийн  өмгөөлөгч: Г.Л

Шүүгдэгч: Д.Л нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Лид холбогдох 1922000830084 тоот хэргийг 2019 оны 8 сарын 7-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын 8-12 тоотод оршин суух, бие эрүүл, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, ЗЖ95051117 регистрийн дугаартай, Д.Л.

                                                                                                    

Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 9-р гудамжинд иргэн Ц.Гын хүзүүн тус газар нь тоосгоор цохих, мөн нүүр хэсэгт нь мөргөх зэргээр биед нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

- Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Энэ хэргийг хийсэндээ харамсаж байна. Тэнсэж өгнө үү гэв.

 

- Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 3 сарын 23-нд 11 цагийн үед Ундрамын гадаа зогсож байхад өндөр, согтуу залуу суугаад Мандал орно гэсэн. Тэгээд энд манай найз мотоцикльтой явж байсан, тэрийг харъя, холбоогоор эргээд АПУ-гаар эргээд Нандин оръё гэсэн. Хэлсэн замаар нь явахад тэр хүн нь байгаагүй. Тэгтэл шууд Мандалын 9 оръё гэсэн. Очиход буугаад орчихоод ирье гээд өвөртөө байсан тал шил архийг үлдээгээд орсон. 5-10 минут хүлээсэн. Тэгтэл орсон хаалгаараа гарч ирэлгүйгээр эсрэг талын хашаагаар хашаа давж бууж ирсэн. Таксины төлбөр 2500 төгрөгөө өг гэхэд тас хийгээд явсан. Хаанаас тоосго авсныг нь мэдэхгүй. Утсаа авах гээд машин руугаа явсан. Тэгтэл цагдаа дуудлаа гээд нүүрэн тус газар мөргөсөн. Мөргүүлээд байж байхад таньдаг такси хажуугаар явж байгаад хараад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан. Эмнэлэгт үзүүлтэл яаралтай хэвт гээд хэвтсэн. Уг үйлдлийн улмаас миний утасны дэлгэц хагарсан, биед хөнгөн гэмтэл учирсан тул маш их гомдолтой байгаа. Эм тарианы мөнгө өг гэхээр би гуйлгачин, надад өгөх юм байхгүй гээд төвд байнга согтуу явж байдаг. Намайг зодох үед савхин куртка урагдсан. Тэрийг нэхээгүй. Нийт 16 хоног хэвтрийн дэглэм сахисан. Томографын шинжилгээнд харуулах ёстой. Томографын шинжилгээ өгөх гэхээр их үнэтэй юм билээ. Шинжилгээ өгөх гэж байна гэхэд бас мөнгө өгөөгүй. Надад мөнгөний бололцоо байхгүй болохоор шинжилгээ өгөөгүй байгаа. Таксинд яваад өдөрт доод тал нь 60000 төгрөг олдог. Иймд 16 хоногийн олох ёстой байсан орлого 960.000 төгрөг, утасны дэлгэцийн үнэ 120.000 төгрөг, томографын шинжилгээ хийлгэх зардал нэхэмжилнэ. Гомдолтой гэв.

 

- 2019.03.24-ний өдрийн 00 цаг 10 минутын яаралтай тусламжийн хуудсанд 2019.03.24-ний 00 цаг 10 минут Цын Г 39 настай, эрэгтэй, РД:зю ... зовиур. Толгой дүйрнэ, чамархай нүдний ухархай, хүзүүгээр өвдөнө... хэсэг газрын үзлэгт: Хүзүүний ар хэсэгт 2ш улаан зулгарсан шархтай эмзэглэлтэй. Өөр ил харагдах шарх сорвигүй байна. Онош: тархины доргилт ... эмч Энхжаргал“” гэжээ /хх-11-12/

- Шинжээчийн 2019.03.26-ны өдрийн 190200082 тоот дүгнэлтэд: “Ц.Гын биед тархи доргилт, хацрын зөөлөн эдийн няцрал, дагзанд цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэг, хацрын зөөлөн эдийн няцрал, дагзанд цус хурсан нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-13/

- Шинжээчийн 2019.06.11-ний өдрийн 730 тоот дүгнэлтэд: “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №190200082 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.Гын биед нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг болон толгой, хүзүүний рентген зургаар №190200082 тоот дүгнэлтэнд тусгагдсан тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дагзны цус хуралт гэмтлээс өөр гэмтэл тогтоогдсонгүй. Ц.Гын биед тархи доргилт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дагзанд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-53-54/

- Яллагдагч Д.Лийн “Би 2019.03.23-ны тэр өдөр хэсэг найз нарынхаа хамтаар архи ууж байгаад салцгаасан юм. Тэгээд би орой 23:00 цаг өнгөрч байх үед ганцаараа “Мандал” худалдааны төвийн гадна зогсоол дээр зогсож байсан таксинд суугаад Мандалын 10 дугаар гудамжинд айлд хүргүүлэхээр болсон юм. Тэгээд би өөрөө мөнгө байхгүй болохоор очсон айлынхаа хүнээс мөнгө авах гэтэл тэр айлд бас хүн байгаагүй. Тэгээд би тэр хашаанаас гараад иртэл намайг хүргэж өгсөн таксины жолооч надад хандаж, мөнгөө өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад газраас тал тоосго аваад таксины жолоочийн хүзүүний ар хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд тэр залуу цагдаад дуудлага өгөхөөр нь би босоод өмсөж явсан курткных нь энгэрээс барьж байгаад баруун хацар дээр мөн нэг удаа мөргөсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан. Тухайн үед бидний хажууд өөр хүн байгаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үнэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/

 

Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Д.Л нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 9-р гудамжинд иргэн Ц.Гын хүзүүн тус газар нь тоосгоор цохих, мөн нүүр хэсэгт нь мөргөх зэрэг үйл явдал болсон, уг үйлдлийн улмаас хохирогч Ц.Гын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.03.26-ны өдрийн 190200082 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.06.11-ний өдрийн 730 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

Шүүгдэгч Д.Л нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Л нь гэмт хэргийг улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах талаар арга хэмжээ аваагүй, эд хөрөнгийн байдал нь тодорхойгүй, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон шүүгдэгчид оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Д.Л нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солидог болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус  тус  дурдах нь зүйтэй.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс олох ёстой байсан орлого 60.000*16=960.000 төгрөг, утасны дэлгэцний үнэ 120.000 төгрөг, томографикын шинжилгээнд хамрагдах үнэ зэргийг нэхэмжилнэ гэсэн тайлбарыг гаргаж  байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хор, олох ёстой байсан орлогыг шүүгдэгч Д.Л хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Ц.Г шаардах эрхтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Гаас  гаргаж өгсөн хохирлын талаархи баримтуудыг судалж үзээд шүүгдэгчээс утасны дэлгэцний үнэ 120.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, хохирогчийн нэхэмжлэлийн  шаардлагаас  олох ёстой байсан орлого 960.000 төгрөг, томографикийн шинжилгээний үнэ гаргуулах гэсэн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ. Учир нь: Хохирогч Ц.Г нь такси үйлчилгээнд явдаг болох нь Суврага шилтгээн хоршооны 2019.08.09-ний өдрийн 11 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна. Гэвч энэ баримт нь түүнийг өдөрт  60.000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний орлого олдог гэдгийг нотлох баримт болохгүй бөгөөд энэ талаар өөр баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн  хохирогч нь томографикийн шинжилгээ хийлгэх гэсэн боловч мөнгө байхгүй улмаас хийлгэж чадахгүй байгаа тул үнийг нь нэхэмжилнэ гэх боловч уг шинжилгээг хийлгэхэд хэдэн төгрөг шаардлагатай талаар нотолсон баримт ирүүлээгүй байх тул шүүхээс иргэний нэхэмжлэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй, өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох боломжгүй байна.

Хохирогч Ц.Г нь шүүхээс хэлэлцээгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лид 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгт зааснаар шүүгдэгч Д.Л нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Лоос 120000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Гт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 960000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Г нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Лоос нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулан өгсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.М