Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 4830

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, ...дугаар байрны ... тоотод оршин суух, ... регистртэй, Цагаан гэрүүд ургийн овогт Б.Ц,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Ард Аюушийн гудамж 1а, ..., ...регистртэй, Анагаах ухааны хүрээлэнд холбогдох,

Эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг тооцож олгуулах, чөлөөний хугацаа дууссанаас хойшхи цалин гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Анагаах ухааны хүрээлэнгийн Б.Ц холбогдуулан, түүний нийгмийн даатгалын дэвтрийн 30 дугаар хуудасны “эрдэмтэн нарийн бичгийн дарга”-аар томилсон бичилтийг хууль буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч байгууллагын захирал Б.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 15-нд Анагаах ухааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргын ажилд томилогдон ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолоор Анагаах ухааны үндэсний ууган эмнэл зүйн хүрээлэнг БСШУЯ-ны харъяа Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуульд харъяалуулахаар шийдвэр гарсан байна. Улмаар 2015 оны 1 сард АШУҮИС-ийн захирал Г.Б нь өөрийн биеэр хүрэлцэн ирж Анагаах ухааны хүрээлэнгийн ажилчидтай уулзахдаа ганцхан захирлын асуудлыг сонгон шалгаруулалт хийх ба бусад бүтэц зохион байгуулалтыг хуучин хэвээр нь байлгана гэж албан ёсоор мэдэгдсэн болно. 2015 оны 1 сарын 27-ны өдөр хүрээлэнгийн бүх ажилчдыг нэгдсэн журмаар ажлаас чөлөөлөөд дахин авахдаа намайг ганцхан эрдэмтэн нарийн бичгийн даргаас чөлөөлж эрдэм шинжилгээний ажилтан болгосон тушаалыг тухайн үеийн захирлын үүрэг гүйцэтгэгч академич Н.Б-р гаргуулсан байсан. Гэтэл сонгон шалгаруулалтаар захирлаар томилогдсон Б.М нь ажлаа 5 сард авангуутаа намайг ЭНБД ажиллуулах боломжгүй гэж үзэж миний оронд дотрын секторт эрдэм шинжилгээний ажилтан байсан Л.Т эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилсон тул эрдэмтэн нарийн бичгийн орон тоо бүтцийн өөрчлөлтөөр хасагдаагүй юм байна гэж мэдсэн. Уг нь бол АУХ нь их сургуулийн харъяанд орж үйл ажиллагааны хүрээ нь багассантай холбоотой эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалыг байхгүй болгоно гэсэн мөртлөө өөр хүнийг миний хуучин албан тушаалд томилон ажиллуулж байгаад туйлын гомдолтой байна. Иймд миний бие 2015 оны 6 сард УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга О.Б-д өргөдлөө бичсэн. УИХ-ын гишүүн О.Б гишүүний туслах нь утсаар хариу өгөхдөө миний болон бусад өргөдөл гомдол гаргасан хүмүүсийн талаар Засгийн газарт чиглэл өгнө, хууль зүйн шугамаар гомдлоо холбогдох албан тушаалтанд нь гаргах зөв гэсэн тул БСШУЯ-ны сайд Л.Г-т өргөдлөө дэлгэрэнгүй хүргүүлсэн. Харин БСШУЯ-ны сайдаас иргэн миний бичсэн өргөдөлд одоо болтол хариу алга байгаа болно. Энэ хугацаанд миний төрсөн эцэг биеийн байдал эрс доройтож 2015 оны 7 сараас эхлэн хүндээр өвдөж удаа дараа Улсын нэгдсэн 2 дугаар эмнэлэгт 2015 оны 10, 11, 12 саруудад хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 1 сарын 04-нд ертөнцийн мөнх бусыг үзсэн билээ. Ингээд 2016 оны 1 сарын 04-нд ажилдаа орох гэсэн боловч захирал гадаадад явчихсан байсан тул аавынхаа 49 хоногийг өнгөрөөж 2016 оны 2 дугаар сарын 23-нд ажилдаа орсон тул шүүхэд хандаж байна. Ингэж миний бие амьдралын хүнд гачигдал зовлонтой үед минь хууль дүрмийг зөрчин эрхэлж байсан албан тушаалаа өөрчлүүлж, цалин хөлс болон сэтгэл санаагаар хохирсондоо одоогийн Анагаах ухааны хүрээлэнгийн захиргаанд маш их гомдолтой байгаа тул дээрх хүндэтгэн үзэх шалтгаануудыг минь харгалзан үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, нэхэмжлэлийг хууль тогтоомжийн дагуу шалган үзэж эрхэлж байсан эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээний ажилтны цалингийн зөрүүг мөн чөлөөний хугацаа дуусаад ажилд орсон боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж цалин хаасан учир авах ёстой дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Анагаах Ухааны Хүрээлэн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон захирал Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анагаах ухааны хүрээлэнгийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тушаалаар Б.Цг тус хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллуулахаар шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч дээрх шийдвэр гарах үед уг шийдвэрийн дагуу эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан бөгөөд өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажил олгогч болон шүүхэд аливаа гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаж байгаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түүнийг эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллуулах тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч уг албан тушаалд ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан байна. Энэ байдлаас харвал нэхэмжлэгч нь уг шийдвэрийг гарсан өдөр нь мэджээ. Би 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тушаалаараа Л.Т тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргыг томилсон. Энэ үед нэхэмжлэгч мөн л эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан бөгөөд ийм шийдвэр гарсныг мэдэж байсан бөгөөд уг тушаал нь холбогдох хууль тогтоомж зөрчиж, өөрийнх нь эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа талаар аливаа гомдол гаргаж байгаагүй. Нөгөө талаас нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өвчтэй эцгээ асрах үндэслэлээр 3 сарын хугацаатай цалингүй чөлөө олгохыг хүссэн өргөдлийг өөрийн гараар бичиж өгснөөс харвал эрдэмтэн нарийн бичгийн дарыг шинээр томилсныг чөлөө авах хугацаа буюу 5 сарын турш мэдэж байсан нь тогтоогдоно. Дээрх байдлаас харвал нэхэмжлэгч нь түүнийг эрдэм шинжилгээний ажилтнаар томилсон болоод Л.Т эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилсон шийдвэртэй холбоотой аливаа гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй нь эдгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээс өөр аргагүй юм. Түүнчлэн энэ хугацаанд нэхэмжлэгч нь ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан тул эдгээр шийдвэртэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан болон үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгчийг 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тушаалаар эрдэм шинжилгээний ажилтнаар томилсноос хойш 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааг авч үзвэл шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ. Хөдөлмөрийн тухай хуулийн уг зохицуулалтаас харвал ажилтан нь өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлыг зөвхөн шүүхэд гаргах буюу энэ төрлийн маргааныг зөвхөн шүүх харъяалан шийдвэрлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгч үүнийг мэдээгүй байх нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Үүнийг Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй гэж тодорхой заасан байдаг. Дээрх байдлаар нэхэмжлэл нь үндэслэлгүй, түүний шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            Анагаах ухааны хүрээлэнгийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тушаалаар Б.Цг эрдэм шинжилгээний ажилтнаар томилсноос хойш өнөөдрийг хүртэл түүнийг тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилсон аливаа дэвтэрт түүнийг 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилсон тухай ажил олгогчийн ямар ч шийдвэр гараагүй байхад түүнийг Эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилсон мэт бичилт хийгджээ. Б.Ц нь нэхэмжлэлдээ ажил олгогчийн шийдвэрээр эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах болсон тухайгаа тодорхой дурдсан байдаг. Нэгэнт ажил олгогчийн зүгээс Б.Цыг эрдэм шинжилгээний ажилтнаар томилсноос хойш өнөөдрийг хүртэл түүнийг тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилсон аливаа шийдвэр байхгүй буюу түүний нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилсон тухай бичилт хийх эрх зүйн үндэслэл байхгүй тул уг бичилтийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Анагаах Ухааны Хүрээлэнд холбогдуулан, тус байгууллагын Эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, эрдэмтэн нарийн бичгийн дарга болон эрдэм шинжилгээний ажилтны цалингийн зөрүүг чөлөөний хугацаа дуусаад ажилд орсноос хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, харин хариуцагч Анагаах Ухааны Хүрээлэн нь нэхэмжлэгч Б.Ц холбогдуулан түүний нийгмийн даатгалын дэвтрийн 30 дугаар хуудасны “эрдэмтэн нарийн бичгийн дарга”-аар томилсон бичилтийг хууль буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.  

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

            Б.Ц нь Анагаах ухааны хүрээлэнд 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс тус хүрээлэнгийн захирлын 28 дугаар тушаалаар Эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалаар уг ажлаас чөлөөлөгдөн, мөн өдрийн 03 тоот тушаалаар тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд томилогджээ. /хх 6, 92, 31, 32/

            Тэрээр дээрх 03 дугаар тушаалын дагуу Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад тус хүрээлэнд шинээр томилогдон ирсэн захирал 2015 оны 5 дугаар сард дахин шинээр Эрдэмтэн нарийн бичгийн даргын орон тоог батлаж, өмнө нь Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан Л.Т гэгчийг эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот тушаал үндэслэлгүй гарсан гэж маргах бөгөөд хариуцагч Анагаах ухааны хүрээлэн нь уг шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь түүнийг эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд шилжүүлсэн тушаалыг мэдсэн ба хуульд заасан хугацаанд гомдол гаргалгүй хүлээн зөвшөөрч ажиллаж байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

            Засгийн газрын 2015 оны 27 тоот “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны харъяа Анагаах ухааны хүрээлэнг Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяалалд оруулахаар шийдвэрлэсний дагуу Анагаах ухааны хүрээлэнгийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 02, 03 дугаар тушаалуудаар тус хүрээлэнгийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, “эрдэмтэн нарийн бичгийн дарга, референт, хоёр нягтлан бодогч”-ийн албан тушаал хасагдан, референтээр ажиллаж байсан Х.Н гэгчийн ажлыг нэхэмжлэгч Б.Ц хариуцуулж, түүнийг эрдэм шинжилгээний ажилтнаар томилжээ. /хх 31, 32/

Нэхэмжлэгч Б.Ц өөрийг нь ажлаас буруу шилжүүлсэн гэх 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тушаал гарсан талаар мэдэж байсан, түүнчлэн уг тушаалыг хүлээн авсан өдрөөс хойш шүүхэд гомдол гаргасан 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалыг эрхэлж байгаа бөгөөд тухайн тушаалыг авсан өдрөөс хойш шүүхэд гомдол гаргах хугацааг алдсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.  

            Хэдийгээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааг нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоох боломжтой боловч нэхэмжлэгч Б.Цг Анагаах ухааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалаас Эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд шилжүүлсэн талаар 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тушаалыг ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид болон бусад албан хаагчдад мэдэгдэж, энэ хугацаанаас хойш тэрээр Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллан, тухайн албан тушаалд ногдох цалин авч, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Анагаах ухааны хүрээлэнгийн захиргаанд хандан цалингүй чөлөө хүсч өргөдөл гаргаж байсан болох нь гэрч Б.Оийн мэдүүлэг, 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 02, 03 дугаар тушаалууд, Б.Ц чөлөө хүссэн өргөдөл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн мэдээлэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаанаар гомдол гаргах хугацаа алдсан гэж үзэхгүй. /хх 6, 31, 32, 55, 77/

            Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 6 дугаар сард Улсын Их Хурлын Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга О.Б, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайд Л.Г нарт гомдол гаргасан, өвчтэй эцгээ асарч байсан гэж тайлбарлах боловч хөдөлмөрийн маргааныг дээрх байгууллага, эрх бүхий албан тушаалтнууд шийдвэрлэхгүй бөгөөд 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэгчийн гомдож буй 03 тоот тушаалд гомдол гаргах 1 сарын хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл, эмнэлгийн магадлагаагаар Б.Ц нь  2015 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд эцэг Б.Б асарч байсан болох нь тогтоогдсон байна. /хх 3-4/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан ажилд буруу шилжүүлсэн тушаалтай холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, уг хугацааг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Ажилд буруу шилжүүлсэн тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх иргэний хэрэгт багтах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

            Хариуцагч Анагаах Ухааны Хүрээлэн нь нийгмийн даатгалын дэвтрийн 30 дугаар хуудасны “эрдэмтэн нарийн бичгийн дарга”-аар томилсон бичилтийг хууль буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт ажил олгогч нь ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтрийг нээж, бичилт хийн хөтлөх үүрэг хүлээсэн бөгөөд 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 04, 05 тоот тушаал гараагүй болох нь баримтаар тогтоогдох боловч уг шаардлагаар хариуцагч нэхэмжлэгчээс юу шаардаж байгаа, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн “Эрдэмтэн нарийн бичгийн дарга” гэх албан тушаалын бичилт хариуцагч Анагаах ухааны хүрээлэнгийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой ямар эрх хэрхэн зөрчигдсөн болох нь ойлгомжгүй, нэхэмжлэгчээс юу шаардаж буй нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Хөдөлмөрийн тухайхуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Анагаах ухааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, цалингийн зөрүүг тооцож олгуулахыг хүссэн Б.Цын үндсэн нэхэмжлэлийн шаардлага, Б.Цын нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Эрдэмтэн Нарийн бичгийн даргаар томилсон бичилт хууль бус болохыг тогтоолгох тухай Анагаах ухааны хүрээлэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА