Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.А

Улсын  яллагч Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц

Шүүгдэгч Г.Мө нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мөд холбогдох 1922001650083 тоот хэргийг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч : Монгол Улсын иргэн, 1996 оны 7 сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р баг, “Тэмээт” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Мө /РД:ЗП96070711/ гэв.

 

Шүүгдэгч Г.Мө нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай  сумын “Бунхант” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан тус сумын иргэн М.Цын 4 тооны адууг хулгайлж, бусдад 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Мө шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

2.  Яллагдагч Г.Мө: “... Би 2019 оны 4 сарын эхээр Дэлгэрхангай сумын ар руу гарсан. Тэнд 4 сарын сүүлээр хоёр ч удаа шуурга тавьсан юм. Тэгэхэд хул халзан азаргатай адууг тогтоосон юм. Тэгээд 5 сарын эхээр Дэлгэрхангай сумын Ханбулаг гэх газарт адуугаа усалсан юм. Тэгэхэд тэр хул азарагатай адуу хэд хэдэн удаа хамт таарч услагдсан. 6 сарын эхээр банкнаас залгаад хүнтэй хамтарч зээл хийсэн юм байна, зээлээ төл тэгэхгүй бол барьцаалсан хөрөнгийг хураадаг гэж сануулсан. Тэгээд нөгөө найздаа хэлсэн боломжгүй байна ямар ч арга алга байна гэсэн. Би зээл хийсэн талаараа аав ээждээ хэлээгүй, хүнд мөнгө аваад өгсөн байсан юм. Хамтарч зээл хийсэн найздаа бүх мөнгийг өгсөн юм. Би адуунаасаа зарах гээд хотруу нэг ченж рүү яриад адуу авах уу? гэсэн чинь адуу туранхай байгаа авахгүй гэхээр нь тарган байгаа авах уу? гэсэн чинь болно гэсэн. Тэгээд би хотод байгаа хүнтэй яаж өгөлцөх вэ? гэж бодоод сумын ченж Чойжамцтай яриад хотод адуу үнэтэй байгаа юм байна та хэдэн адуу авчих дүүд нь мөнгөний хэрэг гарчаад байна гэж хэлсэн чинь за тэгье тохирвол авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь эзэнгүй юм байна гэж бодоод Дэлгэрхангай сумын “Хангийн булаг" газраас өөрийн адуутайгаа хамт хул халзан азаргатай адууг туусан. Тэгээд хул азаргатай адууг туугаад Эрдэнэдалай сумын 6-р багийн “Бунхант” гэх газарт бууцанд хашаад тэрнээс 5 морийг авч үлдээд бусдыг нь гаргаж туусан. Тэр өдөр буюу 2019 оны 6 сарын 6-ны өдөр Чойжамцтай утсаар яриад бүдүүн морь аваад ирлээ ирээд аваач гэсэн. Тэгсэн маргааш авъя гээд 2019 оны 6 сарын 7-ны өдрийн өглөө Чойжамц ирээд 4 адууг авсан. Нэг адууг 900,000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-49-51/

3. Хохирогч М.Цын: “... Адуугаа 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эгчийн хүүхэд Амартүвшин гэх залууд маллуулахаар Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Ямаа даравгай” гэх газарт авч ирж өгсөн юм. Тэгээд манай дүү Амартүвшин адууг маань өөрийн адуутайгаа аваад Дэлгэрхангай сумын “Хангийн булаг” гэх газарт 5 дугаар сарын эхээр авчирсан талаар хэлж байснаа 2019 оны 6 дугаар сарын эхээр надад утсаар адууг чинь алдчихлаа сураглаж байгаарай гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай адуу өөрийн нутагладаг Эрдэнэдалай сумын Цавчир багийн нутаг “Замбалын Гашуун” гэх худаг дээр баруун өмнө зүгээс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн үдээс хойш нар хэвийж байх үед 18-н тоотой адуу гүйж ирсэн. Тэгээд манай дүү Амартүвшингийн адуунд байгаа гэх 4-н тооны адуунаас бусад /халиун морь, ухаа морь, хүрэн морь, шарга морь/ гэх зүсний бүдүүн нас гүйцсэн тарга тэвээрэг сайтай морьд алга байсан” гэх мэдүүлэг  /хх-5/

4. Гэрч Т.Цамбагаравын ““...Би 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “Хөтөл” гэх газраас Эрдэнэдалай сум ороод Мөнхөө гэх залуутай таартал надад хандан би танай хажууд адуу орхисон юм, түүнээс 5-н морь барьж Луус сум руу ачуулъя гэж хэлэхэд нь өө тийм үү гээд салсан. Тэгээд би өдөр нь гэртээ очоод байж байсан чинь Жав гэх айлийн өвөлжөөнд адуу хашилцаад өгөөч гээд залгасан. Би очиж адуу хашилцтал Хонгор халиун азаргатай, 1 алагтай туухай, зоосон тамгатай адуу байсан. Тэгээд би адуу хашилцаж орхичоод яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-7/

5. Гэрч Ж.Чойжамцын “2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр манай сумын Мөнхөө гэх залуу миний утас руу залгаад та адуу авч байгаа юмуу гэсэн. Би хариуд нь авч байгаа гэж хэлтэл надад хандан би таньд 4-5 тооны адуу аваачиж заръя гэж хэлсэн. Би хариуд нь маргааш эзгүй байна хөдөө явна гэж хэлтэл Мөнхөө ачиж аваачаад хашаанд чинь буулгачихъя гэж хэлсэн. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 6-ны орой дахин над руу утсаар яриад машин эвдэрээд мотоциклиор хөөж яваад сумаас баруун тийш 20 км зайтай байх Бямбажав гэх айлийн эзэнгүй хороонд хашчихлаа та ирж ав гэж хэлсэн. Би орой болсон байна маргааш болъё гэж хэлсэн. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө Мөнхөөтэй хамт очоод (бүдүүн морийг 900000 төгрөгөөр тус бүрийг үнэлж аваад жижигхэн биетэй шарга морийг үнэ тохиролгүй буцаасан, мөн морьдоо ачих гэтэл чадаагүй. Мөнхөө шарга морио хөтлөөд гэртээ хурга заслаа гэж хэлээд явсан. Би сумын төв орж Батболд, Баатар гэх 2 хүн аваад буцаж очоод адууг ачиж авчирсан. Би өдөр 15 цаг болж байхад Эмээлт рүү гараад нядалж зарсан” гэх мэдүүлэг /хх-8-9/

6. Гэрч Д.Батболдын ““...2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө манай сумын Чойжамц гэх хүн өглөө 7 цаг өнгөрч байхад адуу ачилцаад өгөөч гэж хэлэхэд нь Баатарчулуун гэх хүний хамт Эрдэнэдалай сумаас баруун тийш 20 орчим км зайд “Уул-Овоо” гэх газар айлын өвөлжөөнд хоёр, хоёроор нь холбочихсон 4-н тооны бүдүүн морь байсныг ачилцаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-10/

7. Гэрч С.Баатарчулууны ““...2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө 7 цаг болж байсан байх манай сумын Чойжамц гэх хүн ирээд ойрхон хөдөө очоод адуу ачилцаад өгөөч гэж гуйсан. Тэгээд цагаан өнгийн Чойжамц гэх хүний портерт  суугаад Эрдэнэдалай сумаас баруун тийш 20 орчим километр айлын эзэнгүй өвөлжөөнд очтол 4-н тооны бүдүүн морь хашаатай байсан. Одоо бодоход халиун зүсмийн морь, бор морь, зээрд морь, хүрэн морь байсан байхаа сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-11/

8. Гэрч О.Оюунчимэгийн “... 2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө манай сумын мал мах түүхий эд авдаг Чойжамц гэх хүн ирээд 4-н тооны адуу Ганхуяг гэх айлаас авсан. Амьд малын гарал үүслийн бичиг авъя гэж хэлсэн би өөрөөс нь зүс, тамгыг нь асууж бичиг хийж өгсөн” гэх мэдүүлэг /хх-12/

9. 2019.07.23-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн №53 дугаартай актад “HAOJUE мотоцикль – 500000 төгрөг ” гэжээ /хх-37/

10. Шинжээчийн 2019.07.23-ны өдрийн №ТХҮ-319/25 тоот дүгнэлтэд “17-н настай халиун морь – 1000000 төгрөг, 8-н настай хүрэн морь- 1100000 төгрөг, 7-н настай шарга моорь- 1100000 төгрөг, 15-н настай ухаа морь 1000000 төгрөг нийт 4200000 төгрөг” гэжээ /хх-38-40/

11. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан  болон  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Г.Мө нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Бунхант” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан тус сумын иргэн М.Цын 4 тооны адууг хулгайлж, бусдад 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Мө дээрхи үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг бусдын 4 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Мөд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Дээрхи үйлдлийн улмаас хохирогч М.Цэнд-Аюушид 4.200.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь хохирогчид бэлнээр 4.500.000 төгрөг, эр ямаа-10, төлөг-10-ийг тус тус өгсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн Haojue маркийн тээврийн хэрэгслийг ашигласан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул уг тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд уг тээврийн хэрэгслийг хураан авсан талаархи баримт хэрэгт байгаа боловч уг тээврийн хэрэгсэлийг хаана хадгалж байгаа талаар дурьдаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад үзлэг хийхэд уг тээврийн хэрэгсэл нь цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл  түр саатуулах хашааны гадна талд байсныг мөрдөгч болон прокурорт анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Мө бусдын 4 /дөрвөн/ тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Мөд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн  2-ын  2.3-т зааснаар шүүгдэгч Г.Мөд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавьж эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг шүүгдэгч Г.Мөд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид эр ямаа-10, төлөг-10, бэлнээр 4000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 

 5. Эрүүгийн  хуулийн 7.5 дугаар 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мө гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, цэнхэр өнгийн Haojue маркийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл /мотоцикль/-г улсын төсөвт шилжүүлсүгэй. 

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.М