Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02015

 

 

   

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/02946 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 72,828,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* хороолол******* баригдаж буй бартерын байр зах зээлийн үнээс хямд зарна гэсэн зарын дагуу ******* ХХК-ийн борлуулагч *******тай уулзахад манайх ******* гэх хүнд ******* давхрын ******* м.кв талбайтай 2 өрөө байрыг захиалгын гэрээгээр өгөхөөр тохирсон байрыг чамд шилжүүлж өгнө гэсэн. Ингээд би *******гийн хаан банкны ******* тоот дансанд 72,828,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед ******* нь уг байрыг хоёр сарын дараа ашиглалтад орно гэж хэлсэн. Дараа нь ******* ХХК-ийн оффис дээр очиход тухайн байрыг *******д биш өөр хүнд захиалгын гэрээгээр шилжүүлснийг мэдсэн. Иймд ******* уг байрны өмчлөгч биш, өмчлөх эрхийг олж аваагүй атлаа 72,828,000 төгрөгийг надаас үндэслэлгүйгээр өөртөө шилжүүлж авсан байх тул *******гээс 72,828,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2022 оны 7 сарын 20-ны өдөр ******* ХХК-ийн захирал *******д өөрийн *******маркийн автомашиныг байраар бартер хийсэн. Машины оронд авсан байраа эргүүлэн ******* гэх хүнд худалдсан нь үнэн. ******* ХХК-ийн байрлаж байсан хойморь оффис дээр очиж захиалгын гэрээгээ шилжүүлж өгсөн. Захирал ******* нь дүү *******гээ машиныг үзэж байж хүлээн авч нэр дээрээ шилжүүлэн авсан. ******* ХХК-д залилуулсан иргэдийг ******* дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа, гэрчийн мэдүүлэг өгсөн болно. Иймээс ******* гэх иргэний гомдлыг ******* ХХК-аас барагдуулах тул зөвшөөрөхгүй... гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 72,828,000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 522,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

1. Хариуцагч нь ******* ХХК-тай 20/01/121 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан ч *******гийн 2022.08.02-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу гэрээг цуцалж ******* ХХК нь нэхэмжлэгч *******тэй 2022.08.02-ны өдөр ******* дугаартай гэрээг байгуулж уг захиалгын орон сууцийг нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгөх талаар талууд тохиролцсон байдаг. Энэ талаар нэхэмжлэгч ******* нь мэдэж байсан бөгөөд өөрийн хүсэл зоригийн дагуу дээрх гэрээг байгуулсан. Хариуцагчийн зүгээс дээрх орон сууцны үнийг арилжааны гэрээ буюу бартер байдлаар төлсөн нь хэргийн баримтаар тогтоогддог. ******* нь нэхэмжлэгч *******тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр ******* ХХК-д хүсэлт гарган шаардах эрхийг гэрээний үндсэн дээр *******д шилжүүлсэн. Хариуцагч нэхэмжлэгч нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдаагүй бөгөөд хариуцагч нь худалдагч биш зөвхөн эрхээ шилжүүлсэн этгээд юм. Худалдагч биш учир анхан шатны шүүхийн дүгнэсэн эрхийн доголдолгүй хөрөнгийг шилжүүлэх ямар нэгэн үүргийн харилцаа үүсэхгүй.

2.Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэх талаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гарсан байдаг. Цагдаагийн байгууллагаас ******* ХХК-ийн захирал *******ийг захиалагч нарт орон сууцыг хугацаанд нь шилжүүлэн өгөхгүй байгаа нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байна. Энэ хэрэгт нэхэмжлэгч *******г хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан. Магадгүй эрүүгийн хэргийн шүүх холбогдох этгээдүүдийг гэм буруутайд тооцож 72,828,000 төгрөгийг гаргуулж шийдвэл нэхэмжлэгч нь 72,828,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжөөд зогсохгүй *******д ноцтой хохирол учрах юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т "Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй" гэж заасан ба мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д "уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульд заасан. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэргийг түдгэлзүүлэхийг хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар ямар нэгэн дүгнэлт огт өгөлгүй хэт нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нар шаардах эрхээ шилжүүлсэн эсвэл ******* ХХК-ийн үүргийг буюу 72,828,000 төгрөгийг ******* төлөх үүрэг хүлээж, тохиролцсон гэх баримт байхгүй. Хариуцагчийн хувьд ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан ч уг гэрээг цуцалсан учир гэрээ цуцалсны үр дагавар нь талууд харилцан гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаах үүргийн харилцаатай байдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдэд хамааралгүй учир хариуцагч талын шаардах эрх шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй. Хариуцагч нь ******* ХХК-ийн захирал *******д холбогдох ******* дүүрэгт эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хамааралтай гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн эрүүгийн хэрэгт хариуцагчийг ямар нэгэн байдлаар яллагдагчаар татсан зүйл байдаггүй буюу энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч 72,828,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн учир хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ******* ХХК-ийн захиралтай холбоотой эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэг нь энэ иргэний хэрэг маргаанд хамааралгүй тул анхан шатны шүүхийг энэ асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна. Хариуцагч нь ******* ХХК-аас гэрээний дагуу мөнгөө шаардах болон тухайн хэргийг эрүүгийн журмаар шалгуулах эрх нь нээлттэй байгаа.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй буюу эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч *******, хариуцагч *******д холбогдуулан орон сууцны өмчлөгч биш атлаа орон сууц худалдан авах гэрээний мөнгийг үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан гэсэн үндэслэлээр 72,828,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* ХХК-аас уг орон сууцыг бартераар авсан ба уг орон сууцаа нэхэмжлэгчид худалдсан гэсэн тайлбар гарган маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас талуудын маргааны үйл баримтад хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4.Нэхэмжлэгч *******, ******* ХХК нарын хооронд 2022.08.02-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээгээр тус компанийн барьж байгаа орон сууцнаас ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 72,828,000 төгрөгөөр тохиролцсон, гэрээний үнийг тус компанийн борлуулалтын ажилтан *******гийн хэлсэн дансанд буюу хариуцагч *******гийн Хаан банкин дахь ******* тоот дансанд дээрх мөнгийг шилжүүлжээ.

Гэвч ******* ХХК нь уг ******* м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бусдад давхар худалдах гэрээ байгуулсан, орон сууцыг нэхэмжлэгчид бодитоор шилжүүлэх боломжгүй гэсэн асуудлаар нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад 2023 оны 06 сарын 19-ний өдөр гомдол гаргажээ.

Гомдлын дагуу Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2024 оны 07 сарын 04-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ******* дугаартай прокурорын тогтоолоор ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэгч *******г уг хэрэгт хохирогчоор тогтоосон тухай 2024 оны 07 сарын 02-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол хэрэгт авагдсан байна.

Энэхүү хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх цаг хугацаанд дээрх эрүүгийн хэрэг дуусгавар болоогүй тухай хэргийн оролцогч тайлбарлаж байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаархи нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд дээрх эрүүгийн хэргийн улмаас нэхэмжлэгчид 72,828,000 төгрөгийн хохирол учирсан эсэх асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байх тул иргэний хэргийн шүүх эрүүгийн журмаар шалгаж байгаа асуудлыг хянан шийдвэрлэхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ гэж, мөн хуулийн 31.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ гэж тус тус заасан бөгөөд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь тухайн хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлд хамаарна.

Иймд зохигчийн маргаж байгаа асуудлын талаар нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Энэ тохиолдолд шүүх зэрэгцсэн маргаан үүсгэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгох журамтай. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсний дараа дээрх баримтууд хэрэгт нотлох баримтаар цугларсан, нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон тухай, хариуцагч нь *******д холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу байна.

6.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох, 72,828,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/02946 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч *******гээс 72,828,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,090 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 Э.ЭНЭБИШ