Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02016

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/07782 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов. 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчид зээлдүүлсэн 7,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлдээ дурдсан ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эхнэрээс мөнгө авах ёстой гэж ярьж, нэхээд байсан, эхнэртэйгээ ярилцаж асуугаад ойлголцоогүй, тэгээд эхнэрээ загнуулаад яахав гээд мөнгө орж ирэхэд нь өгсөн, уг мөнгийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн тул буцаан гаргуулна гэсэн агуулгаар тодруулжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэ хүнээс 7,000,000 төгрөг зээлээгүй, эхнэр *******д өгсөн мөнгийг л буцааж авсан, худал хэлж нэхэмжлэл гаргасан байна гэсэн агуулгаар татгалзлаа илэрхийлсэн байна.

3.Нэхэмжлэгч 2023 оны 06 сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 07 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг хариуцагчид тус тус шилжүүлсэн нь зохигчийн шүүхэд гаргасан дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, энэ тухай баримтаа шүүхэд гаргах үүрэгтэй. Хэргийн баримтаар зохигчийн гаргасан дансны хуулгаас өөр байдлаар талууд шаардлага, татгалзлаа нотлоогүй, хэргийн үйл баримтыг тодорхойлох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Зохигчийн хооронд 7,000,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэл бий болоогүй байна. Нэхэмжлэгч 7,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдсон ч уг мөнгөн гүйлгээ нь зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг дангаар нотлохгүй юм. Мөн нэхэмжлэгч 2025 оны 06 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 7,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн учир хариуцагчаас буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон хүсэл зоригоо илэрхийлсэн нь хариуцагчийн тайлбартай нийцсэн байна.

Иймд зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч ******* нь 7,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******аас шаардах эрхгүй байна.

4.Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх зохигчийн хооронд 7,000,000 төгрөгийг шилжүүлэх үүрэг үүссэн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Энэ үндэслэл шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад тогтоогдсон нөхцөлд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1-д Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хуулийн 751.1.1-751.1.4-т заасан хэргийн харьяалалд үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой нэхэмжлэлийг хялбар ажиллагааны шүүх харьяалан шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Энэ хуульд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийг нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ гэж хэргийн харьяалал тогтоосныг зөрчин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******аас 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Хариуцагч талаас нэхэмжлэгчийн эхнэр *******ын нэхэмжлэлээр хариуцагч *******т холбогдуулан 91,860,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцэж байгаа тухай тайлбарлан нэхэмжлэлээс татгалзаж, тус шүүхийн шүүгийн 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 16955 дугаар захирамжийг шүүхэд гаргажээ. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан буюу шүүх мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоогүй.

Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаалгах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдолд зохих дүгнэлт өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж үзлээ.

6.1.Хариуцагч ******* нь 2025.05.06-ны өдөр *******д итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. Шүүх 2025.05.23-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийн материалтай танилцах, хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг ханган хойшлуулж, хурлыг 2025.06.06-ны өдөр товложээ. Энэ өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас шүүх нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг нь хангахгүй орхиж, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох эрхээр ханган хурлыг 2025.06.12-ны өдөр товложээ. Өмнөх шүүх хуралдаанаас хойшхи 14 хоногийн хугацаанд хариуцагч тал нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбар, нотлох баримтаа шүүхэд урьдчилан гаргаагүй, шүүх хуралдааны бэлтгэлээ хангахгүйгээр хуралдаанд оролцсон нь хэргийн 60-63 талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025.06.10-ны өдөр гаргасан цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх 2025.06.12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд нийцсэн гэж үзлээ. Учир нь тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх фэйсбүүк цахим сүлжээний шуудан буюу мессенжерээр харилцсан захидалд үзлэг хийх ажиллагааг мөн хуулийн 108 дугаар зүйлд зааснаар явуулах боломжгүй юм.

6.2.Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагчийн өмгөөлөгч *******ийн туслахаар ажилладаг тухай тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.2, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5, 24.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчийн туслах нь шүүхийн хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөн өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, оролцох эрхгүй байна. Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны 35 дугаар тогтоолын хавсралт болох Өмгөөлөгчийн туслахын үйл ажиллагааны журам-ын 4, 6-д өмгөөлөгчийн туслахын үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг тодорхойлжээ. Энд дурдсанаар өмгөөлөгчийн туслахын үйл ажиллагааны аливаа үр дагаврыг түүнийг ажиллуулж байгаа өмгөөлөгч хариуцахыг заасан байна.

Өмгөөлөгчийн туслахын хувьд өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааны шинжтэй буюу үйлчлүүлэгчийг шүүхийн хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох ажиллагааг байнга эрхлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэнийг сайн дураар төлөөлөх хэлбэрт хамаарахгүй юм.

Иймд хариуцагч ******* нь өмгөөлөгч *******т хандан хууль зүйн туслалцаа авч, улмаар өмгөөлөгчийн туслах *******д 2025.05.06-ны өдөр итгэмжлэл олгосон үеэс эхлэн хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрх хангагдсан байна. Үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцох (туслахаараа дамжуулан эсхүл өөрөө биечлэн болон хамтран оролцох) нь өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагааны эрх, сонголт юм.

Шүүх энэ байдлыг хэргийн оролцогчид тайлбарлан таниулж, шаардлагатай бол тэдгээрийн эрх зүйн байдлыг тодруулах чиг үүрэгтэй.

Хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрх хангагдаж, энэ хүрээнд үйлчлүүлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүх ханган шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх зарчим, хугацаа хэтрэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/07782 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

Э.ЭНЭБИШ