| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00072/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа
Улсын яллагч: Т.Төмөртулга
Иргэдийн төлөөлөгч: Ш.Отгонжаргал
Хохирогч А.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам, Д.Долгорсүрэн
Шүүгдэгч: Т.Х нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Х-д холбогдох 1922000100025 тоот хэргийг 2019 оны 8 сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 10, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар баг, Рашаантын 11 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Буд овогт Т.Х
Яллагдагч Т.Х нь 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар баг, Рашаантын 11 дүгээр гудамжны 2 тоотод А.Б-тай маргалдаж, түүнийг хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч А.Б нь 1 сарын 5-нд тэмээний баярт яваад 6 цагийн үед эхнэр хүүхэдтэйгээ манайд ирээд нэг пиво хувааж уучихаад буцаад явсан. Тэгээд 6-ны 01 цагийн үед хаалга нүдээд байхаар нь нээтэл Б байхаар нь ор хийж өгөөд унтуулсан. Тэгээд өглөө нь босоод би хоол хийж өгсөн, тэгтэл эхнэр нь залгаад Бямба байна уу гэсэн. Б хажуунаас ирээгүй гээд хэлчих гэхээр нь ирээгүй ээ гээд хэлчихсэн юм. Тэгээд нилээн байж байгаад бөөн эрэл сурал болох байлгүй гээд би залгаад Б-ын эхнэрт Б байна, одоо гарах гэж байна гэсэн чинь манай охиныг эсэн буснаар доромжлоод байхаар нь ах дүү нар байж арай үгүй байлгүй, ийм юм байж болохгүй байлгүй гэсэн. Тэгээд хоол идчихээд Б 1 шил архи аваад ирье гээд гарсан, тэгээд хоол идчихээд 1 шил архи хувааж уучихаад байж байгаад дахиад дэлгүүр орж 2 шил архи аваад ууж суугаад, тэгээд эхнэрийнх нь хэлсэн үг миний толгойд байн байн бодогдоод байсан. Тэгээд архи уугаад ийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хоёр өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.
2.Хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би тэмээний баяр дуусгаад Х-нд хоёр пивотой ирээд уучихаад эхнэртэйгээ яваад шөнө эргэж ирээд Х-нд хоносон. Тэгээд эхнэр утасдахаар нь байхгүй байна гээд хэлчих гэсэн, хоол хийгээд нэг шил юм ууж байтал эхнэр дахиад залгахаар нь эрээд явах байх гэж бодоод байна гэж хэл гэсэн. Тэгсэн эхнэр уурандаа танай охинтой жаргаж хоносон байлгүй гэж хэлсэн юм билээ. Би юу гэж тийм юм байдаг юм гэсэн, Хүүхэндүү дахин дахин хэлээд байхаар нь гараад нэг цохисон.Тэгээд ийм юм болчихлоо. Бид 2 нэг хонхорын улсууд. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
3.Гэрч Ц.Содномдаржаагийн “2019.01.06-ны өдөр 16:00 цагийн орчимд манай хүргэн А.Б утсаар намайг Х-д хүрээд ир, би энд байж байна, тантай ярих юм байна гэж дуудсан. Тэгээд яваад очиход тэр хоёр дундуур хэмжээтэй 0.5 литрийн Онги нэртэй архи уугаад сууж байсан. Ороход нэг уучихсан Онги архины шил бас байсан. Бямба архи аягалж байснаа, надад нэг хийж өгсөн, би тэрийг нь уусан. Тэр хоёр намайг гэрт нь орж очиход хоорондоо “бид хоёр бол нэг айлын хүргэчүүд” гээд л эвтэйхэн яриатай согтуу сууцгааж байсан. Тэгээд миний дараа Х, Б архи хийж өгөхөд нь “та нар надад бэлэрхэж, баярхдаг би энэ хар усыг чинь уухгүй” гээд Бямбын нүүр рүү цацсан. Тэгээд Бямба нүдээ нухаад сууж байхад нь Хүүхэндүү босч очоод толгой руу нь нэг удаа гараараа цохиод авсан. Тэгээд би больцгоо гэж хэлээд Бямбыг авч гарах гээд дээлийг нь өмсгөх гээд зогсож байтал дахиад тэр хоёр гэрт барилцаад авсан. Тэр үед Х-ийн охин Ганаа гаднаас орж ирсэн. Би дахиж салгаад Б-ыг аваад гартал араас Х гарч ирээд Б-ыг барьж авангуут Б нь Х-г нэг удаа цохисон. Тэгтэл Х нь гэр рүүгээ гүйж ороод хар өнгийн урт хутга бариад гараад ирсэн. Тэгээд л намайг хажуу тийш нь түлхэчихээд Б-ыг өөдөөс нь тэврээд баруун гараараа араас нь нэг удаа хутгалсан. Тэгээд тэр хоёрыг хоёр тийш нь болгоод таягаараа Х-ийн нуруу хэсэг рүү нь хүчтэй түлхэхэд цаашаа ойчоод өгөхөөр нь дээр нь дарж байгаад Х-ийн охин Ганаатай нийлж байгаад бүсээр гарыг нь ард хүлээд хэвтүүлээд орхисон. Бямба тонгойгоод зүүн далны доод хэсгээс цусаа гоожуулсан байдалтай үлдсэн. Тэр үед 16 цаг нилээн өнгөрөөд 17 цаг дөхөж байсан байх. Тэгээд сумын цагдаа, эмнэлэгт очиж мэдэгдсэн. Энэ хоёр бол хоёулаа манайхны хүргэн. Б нь 2019.01.05-ны өдөр улсын аварга малчин Алдархүүгийнд тэмээний уралдаан үзээд ирлээ гэж ярингуут нь Х нь “та нар баярхлаа, би тэрийг үзэж чадаагүй” гэж л уурлаж, атаархах шиг санагдсан. Согтуу хүмүүс нэгнийхээ үгийг даагаагүй байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-55-56/
4.Гэрч Г.Ганцэцэгийн “2019.01.06-ны өдөр би гэртээ байж байхад манай ээж Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас залгаад Хүүхэндүүг утсаар яриулаадах гэсэн. Тэгээд би Хүүхэндүү ахын хашаа буюу Өлзийт сумын төвийн Рашаантын 11-2 тоотод очсон. Тэгээд Хүүхэндүү ахын гэрт ороход Хүүхэндүү ах, Бямба ах, Содномдаржаа, манай дүү Балданцэрэнгийн хүү Анхдэлгэр нар байсан. Хүүхэндүү, Бямба, Содномдаржаа нар архи уусан байдалтай байж байсан. Хүүхэндүү, Бямба нар их согтуу байсан. Хоорондоо маргалдаад байсан. Тэгэхэд би хүүхдээ дагуулж очсон байсан. Тэгээд Анхдэлгэрийг дагуулаад гэр рүүгээ явж бай гээд явуулсан. Тэгээд Бямба ах, Хүүхэндүү ах хоёр гэрт барилцаж аваад гадаа гарсан. Тэгээд гадаа гараад Бямба ах Хүүхэндүүг цохиод авсан. Тэгээд л Хүүхэндүү ах гэр рүүгээ мөлхөн барин ороод буцаад гараад ирсэн. Гарч ирээд Бямба ахыг тэврээд авах шиг болсон. Тэгэхэд Хүүхэндүү ахын баруун гарт нь хутга байсан. Хутга нь цус болсон байсан. Тэгээд л Содномдаржаа ах Хүүхэндүү ахыг араас нь таягаараа цохиж унагаад дээрээс нь дарж байгаад бид хоёр бүсээр хүлээд хэвтүүлсэн. Тэгээд Бямба ах дээр очоод цамцыг сөхөөд харахад зүүн далны доод хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд Содномдаржаа ах бид хоёр сумын эмнэлэг цагдаад очиж мэдэгдсэн. Хүүхэндүү, Бямба нар их согтуу байсан. Гадаа гарч ирээд нэгнийгээ түлхэхэд л аль аль нь шургачиж унаад байсан“ гэх мэдүүлэг /хх-57-58/
5.Шинжээчийн 2019.01.10-ны өдрийн 190200042 тоот дүгнэлтэд: А.Б-ын биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн уушигны доод дэлбэн, өрц, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн цоо хатгагдсан шарх, цээжний хөндийн цус алдалт тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна. Амь насанд аюултай шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-65-66/
6. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээр дурдсан баримтаар шүүгдэгч Т.Х нь 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар баг, Рашаантын 11 дүгээр гудамжны 2 тоотод А.Б-тай маргалдаж түүнийг хутгалсан үйл явдал болсон, үүний улмаас хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Х-гийн бусдыг хутгалан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дүгнэлт танилцуулахдаа “шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь эргэлзээтэй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч А.Б-ын эхнэр нь утсаар А.Б танай охинтой жаргаж хоноо юу, чи мэддэггүй юм уу гэх зэргээр охин хүүхдийг нь гутаан доромжилсон зүйл хэлсний улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Т.Х нь тийм юм байхгүй биз дээ гээд байн байн үглээд байхаар нь хохирогч цохьсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйл болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...гэсэн тайлбарыг гаргаж байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд дээрхи санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх шинжийг үгүйсгэх дараахь нөхцөл байдлууд тогтоогдож байгаа болно. Үүнд:
Иймд шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч нараас гаргасан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 –т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйл болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан даархи баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Х-г зэвсэг хэрэглэн хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Х нь хохирогч А.Б-ын эмчилгээний зардалд 1.136.400 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Х нь гэмт хэрэг үйлдэн анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал болон түүний хувийн байдлын талаархи хэрэгт авагдсан бусад баримтууд болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь хохирогч А.Бд 1.136.400 төгрөг төлсөн, хохирогч А.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Х-гээс нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ нийт 30 сантиметр урттай, 17 сантиметр ажлын хэсэгтэй, 13 сантиметр иштэй, 3 сантиметр өргөнтэй, ажлын хэсгийн дунд хэсэгтээ 5 миллметр өргөн, 6 сантиметр урт нүхтэй, хар өнгийн иштэй хутгыг ашигласан болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ шүүх хуралдаанаас шүүгдэгч Т.Х-д хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1,38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Буд овогт Т.Х-г хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т. Х-д 3 /гурван/ жил 5/таван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Х-д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Т.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч А.Бд 1.136.400 /нэг сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч А.Б нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Хгээс нэхэмжлэх эрхтэйг заасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1ширхэгийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт /дарга А.Л/ шилжүүлсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ
ШҮҮГЧИД Д.БАТТУЛГА
Э.ОЮУН-ЭРДЭНЭ