Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 4831

 

      2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/04831

 

            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамирыг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 18-9а тоотод оршин суух, ЧБ83122503 регистртэй, Шавь ургийн овогт Чимэдрэгзэн овогтой Далайгийн,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Ард аюушийн гудамж, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн баруун талд, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 2672049 регистртэй, “Буянт-Оношлогоо” ХХК-д холбогдох,

Үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Далай, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Далай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие нь “Буянт-Оношлогоо” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сарын 450,000 төгрөгийн цалинтай, үйлчлэгчээр ажилд орсон. Намайг ажилд шууд авсан бөгөөд туршилтын гэж хугацаа тохирсон зүйл байхгүй. Надад ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулж байгаагүй. Тухайн байгууллага нь эмнэлгийн байгууллага учраас миний бие өөрийн зүгээс шаардагдах ариун цэвэр, бусад байдлыг машид сахиж хичээнгүйлэн ажилладаг байсан. Эмнэлгийн өөрийн барилгынх нь 3 давхрын эмчлүүлэгч нарын 9 өрөө, сувилагчийн 1 өрөө, 6 нолийн өрөө, подвалийн давхрын угаалгын өрөө, амбулторийн коридори, ажилчдын нолийн өрөөний өдөр тутмын цэвэрлэгээ арчилгаа, эмнэлгийн ажилчдын ажлын хувцас болон хэвтэн эмчлүүлэгчийн ор дэрний цагаан хэрэглэлүүд, уламжлалын өрөөний цагаан хэрэглэлүүдийн ариутгал, угаалга, индүүдлэгийг хариуцан ажиллаж байсан. Ажлын цаг өглөө 7 цаг 30 минутаас эхэлж 16 цаг хүртэл үргэлжилдэг, энэ хугацаанд борви бохисхийх зав ч гардаггүй байлаа. Ийм байтал байгууллагын захиргааны зүгээс намайг жирэмсэн гэдгийг мэдсэн цагаас эхлэн зүй бус, шударга бус гомдолтой шаардлагуудыг удаа дараа тавьж ажлаас халахыг илтэд улайрах болсон. Надад амралтын өрөө гэж байхгүй бөгөөд би угаалгын гэх жижигхэн өрөөнд ихэнхи цагаар ажиллаж өнгөрөөдөг. Гэтэл тухайн өрөө нь агааржуулагч, агаарын хоолой, цонх байхгүй, байнга угаалга ариутгал хийгддэг, халаалт өндөр учраас өрөөгөө чийгшүүлэхийн сацуу хэрэглэлүүдийг хатаах зорилгоор пааран дээр тавьсныг ноцтой зөрчил мэтээр үзэж харьцдаг байсан. Би ажиллах орчны учир байдлаа тайлбарлаж хэлэхээр менежер Энхээ “...би чамтай харьцаж чадахгүй, бичгээр харьцана, баримтжуулна, баталгаажуулна, ер нь чамайг ажлаас хална” гэсэн. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хийж байхад менежер Энхээ намайг дуудан ажлаас халах мэдэгдэл амаар өгсөн. Би жирэмсэн учраас ажлаас битгий халаач гэж гуйхад тэр хамаагүй, халагдах тушаалыг гаргасан гэдэг. Би байгууллагын удирдлагад бичгээр өргөдөл гаргасан ч хүлээж аваагүй. 2016.3.31-ний өдрийг дуустал би ажлаа яг таг хийж байгаад ажлын цаг дуусах үед байгууллагаас миний халагдах тушаалыг хөдөлмөрийн гэрээтэй хамт өгсөн. Гэтэл надад өгсөн хөдөлмөрийн гэрээ нь анх ажилд орох үед миний гарын үсэг зурж байсан гэрээ биш байсан бөгөөд зөвхөн ажил олгогчийн зүгээс гарын үсэгтэй, туршилтын хугацаанд намайг ажиллаж байгаад ажлаас халагдсан мэтээр нөхцөл оруулан ойлгомжгүй, олон хуудастай хуурамч гэрээ байсан. Ийнхүү байгууллагаас намайг ажлаас халсан тушаалд заасан үндэслэлүүдийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд болсон нөхцөл байдлыг гуйвуулж гүтгэсэнд маш их гомдож, намайг жирэмсэн болохоор л ийнхүү шалтаглан ажлаас халсан гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд намайг үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж өгнө үү.

            Хариуцагч “Буянт-Оношлогоо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ч.Далайгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. “Буянт-Оношлогоо” эмнэлэг нь зүрх судас, дотрын эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг эмнэлэг болно. Ч.Далай нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орсон бөгөөд ажилтны ажил гүйцэтгэх чадвар, зан суртахууны байдлыг тандах зорилгоор тус эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.8-д заасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл туршилтын хугацаагаар ажиллаж байсан болно. Ч.Далайг ажилд орсноос хойш эмнэлгийн дотоод дүрэм журмын дагуу сургагч багш, их эмч В.Ганбат 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээний журам, заавар, стандартыг танилцуулж, сургалтанд хамруулсан байдаг. Ч.Далай нь тус эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа ажлын чанар байдал, харилцаа хандлагын доголдол удаа дараа гаргаж байсан ба тухай бүрт нь анхааруулж, хамт олны хурлаар хэлэлцэн, цаашид алдаагаа засах хугацаа олгосон. Гэтэл тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчээс эмнэлгийн ариун цэвэртэй холбоотой санал гомдол ирсний дагуу эмнэлгийн зүгээс Ч.Далайгийн ажил байдалд дотоод хяналт шалгалт явуулахад хэд хэдэн зөрчил илэрсэн. Зөрчлүүдийн талаар Ч.Далайд өөрт нь танилцуулж шаардлага тавихад менежерийг шинэ ажилтан гэж ялгаварлан, удирдах ажилтантай зүй бус харьцаж, эмнэлгийн цэвэрлэгээ үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгэлгүй, байгууллагын халдвар хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дүрэм журмыг биелүүлэхээс татгалзан, үйлчлүүлэгчийн өмнө эмнэлгийн хүлээсэн үүргийг зөрчигдөхөд хүргэсэн. Иймд байгууллагын зүгээс дээрх зөрчлүүд болон зөрчлийг арилгах талаар тавьсан удирдлагын шаардлагыг биелүүлэхээс татгалзсантай холбогдуулан Ч.Далайд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халах шийдвэрийг мэдэгдсэн ба Ч.Далай нь 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулж өгөхийг хүссэний дагуу халагдах өдрийг энэ өдрөөр тасалбар болгож шийдвэрлэсэн. 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ч.Далайд тушаалыг танилцуулахад 3 дугаар сарын 31-ний өдрөөр гаргасангүй хэмээн тушаалын агуулгыг бүрэн ойлголгүй менежертэй маргалдаж, тэр үедээ “би жирэмсэн, та нар намайг халж чадахгүй” гэж хэлсэн ба тушаалын агуулгыг тайлбарлуулахаар менежер Д.Энхээ, Ч.Далай нар надад хандсан. Тус эмнэлгийн хуулийн мэргэжилтэн Б.Бямбажаргал миний бие тушаалын агуулга өөрийнх нь хүсэлтийн дагуу 3 дугаар сарын 31-ний өдрөөр гарсан болохыг ойлгуулах явцад тэрээр “би жирэмсэн, та нар намайг халж чадахгүй” гэж хэлсэн тул түүнд биеэ бодоод уурлах хэрэггүй, шийдвэрлүүлэх зүйл байгаа бол хэрүүл маргаан гаргаж ойр орчмоо тавгүйтүүлэлгүй албан ёсоор бичгээр хандахыг, мөн сүрдүүлэх биш учир байдлаа тайлбарлаж асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөсөн ба Ч.Далайтай ярилцах явцад жирэмсэн учир дикретээ авах хүртэл нийгмийн даатгалаа тасралтгүй төлөх шаардлагатай тул ажиллах хүсэлтэй, нэг удаа харж үзээд ажиллуулахыг хүссэн учир энэ хүсэлтээ бичгээр тавихыг зөвлөсэн ба хүсэлтээ бичихэд хэнд хаяглах, өөрийгөө танилцуулах, шалтгаанаа тайлбарла, хүсэлтээ тодорхой илэрхийл хэмээн өргөдлийн бүрдүүлбэр талаас нь зөвлөсөн ба харилцаа хандлагын талаасаа өөрийгөө хүнд зөвөөр илэрхийлэх талаас нь бичихийг зөвлөсөн болно. Тэрээр өргөдөлдөө 4 сартай жирэмсэн, 7 сард дикретээ авах хүртэл ажиллуулахыг хүссэн ба байгууллагын удирдлагын зүгээс түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, харин түүний хувийн байдлыг харгалзан үзэж нийгмийн даатгалын шимтгэлийг одоо авч байгаа цалинг нь бууруулалгүй байгууллагаас дикретээ авах хүртэл тасралтгүй төлөх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг Ч.Далайд танилцуулахад “та нар байгууллагаа л бодно л доо” хэмээн өөрийг нь бодсон бидний сэтгэлийг зөвөөр ойлголгүй, мөн л эгдүүцсэн байдлаар хүлээн авч, тус шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж, анхны тушаалаа авна гэсэн тул тушаалыг хэвээр гаргаж, ажилтанд өгсөн. Ч.Далайг ажлаас халсан шийдвэр нь түүний жирэмсэн эсэхтэй хамааралгүй, эмнэлгийн захиргаанд жирэмсэн гэдгээ мэдэгдэхээс өмнө ажилтны гаргасан удаа дараагийн сахилгын зөрчилтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасны дагуу Ч.Далайг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Далай нь хариуцагч “Буянт-Оношлогоо” ХХК-д холбогдуулан, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин, олговорт 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ч.Далай нь “Буянт-Оношлогоо” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс тус байгууллагын үйлчлэгчээр томилогдон, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 6, 7-15/

Нэхэмжлэгч Ч.Далай нь хариуцагч “Буянт-Оношлогоо” ХХК-ийг өөрийг нь жирэмсэн гэдгийг мэдсэн боловч үндэслэлгүйгээр ажлаас халсан учир үйлчлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч “Буянт-Оношлогоо” ХХК нь уг шаардлагыг эс зөвшөөрч Ч.Далайг ажиллах хугацаандаа удаа дараа сахилгын зөрчил гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн бөгөөд түүнийг жирэмсэн болохыг ажлаас чөлөөлөх үед мэдсэн боловч Ч.Далайг ачлаас чөлөөлсөн үндэслэл түүний жирэмсэн эсэхтэй хамааралгүй гэж тайлбарлан маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба нэхэмжлэгч Ч.Далай өөрийг нь ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тушаалд хуульд заасан хугацаанд гомдол гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан байдаг.

Хариуцагч байгууллага хуулийн дээрх зохицуулалтын ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Ч.Далайг 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр ажлын байрны ариун цэвэр, халдвар хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг алдагдуулан, гаргасан зөрчил дутагдлаа арилгаагүй, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ажлын байрны галын аюулгүй байдлын журам зөрчиж өвлийн улиралд халуун пар дээр хөнжил тавьж хонуулах, ажлын байрыг эмх замбараагүй байлгаж, цэвэрлэгээ үйлчилгээг зохих уусмал материал, эрүүл мэндийн байгууллагад тавигдах нормын дагуу гүйцэтгээгүй халдвар хамгааллын журам зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, гаргасан зөрчлөө арилгаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.1.1, 8.3.1.7, 8.3.1.1.10-д заасан зөрчлүүдийг удаа дараа давтан гаргасан нь байгууллагын дотоод хяналт шалгалтын зурагт тайлбар, хамт олны хурлын тэмдэглэлээр тус тус тогтоогдсон учир хуульд заасны дагуу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлан мэтгэлцлээ.

Нэхэмжлэгч Ч.Далай нь дээрх зөрчлүүдийн дагуу сануулга авч, тэдгээртэй бичгээр танилцаж байсан болохоо хүлээн зөвшөөрөх боловч анх хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа олон хуудас гэрээнд гарын үсэг зуруулаагүй, гурван хуудас гэрээнд гарын үсэг зурсан, мөн туршилтын хугацаагаар ажиллах талаар тохиролцоогүй бөгөөд ажлаас чөлөөлөгдөх үед жирэмсэн байсан тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэх тайлбарыг өгч байна.

Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах, зөрчлийг ажилтан хоёр ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондын хугацаа өмнөх зөрчилд сахилгын шийтгэл хүлээсэн бол нэг жилээс, хүлээгээгүй бол зургаан сараас хэтрээгүй байх, харин энэ хугацаа өнгөрөөгүй байхдаа ажилтан дахин сахилгын ямар нэг зөрчил гаргавал давтан гаргасан гэж тооцогддог бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.

Нэхэмжлэгч Ч.Далайгийн хувьд түүнийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд дурдсан сахилгын зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөх бөгөөд тэдгээр зөрчлүүдэд удирдлагын зүгээс сахилгын шийтгэл ногдуулаагүй боловч бичгээр сануулга өгч байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагч “Буянт-Оношлогоо” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Ч.Далай нь ажлаас чөлөөлөгдөх үед 4 сартай жирэмсэн байсан учир ажил олгогчийн гаргасан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, өөрийн шаардлагыг нотлохоор “Эрхэт Босго” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагааг нотлох баримтаар гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон мөн хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж зохицуулсан хуулийн заалтыг хариуцагч байгууллага зөрчөөгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Далайг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт хамаарахгүй.

Нэхэмжлэгч Ч.Далай нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, мөн хөдөлмөрийн гэрээнд зурагдсан гарын үсэг өөрийнх нь биш гэж марган, түүний хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гарсан боловч зохигчид хөдөлмөрийн гэрээний нөхцлийн талаар маргаагүй, уг шинжээчийн дүгнэлт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухайхуулийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Буянт-Оношлогоо” ХХК-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн Ч.Далайгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Далай улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА