Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2017/00573/и |
Дугаар | 001/ХТ2017/01520 |
Огноо | 2017-12-01 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2017/01520
Б.Огийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/01081 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1770 дугаар магадлалтай,
Б.Огийн нэхэмжлэлтэй
МИАТ ТӨХК-дхолбогдох
Ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/331 тоот тушаалаар Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчээр томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж мөнгө санхүүтэй холбоотой ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд Монгол, Хятадын бүх нийтээр амрах амралтьн өдрүүдэд болон хагас сайн өдрүүдэд энгийн цагийн хуваарийн дагуу ямар нэг нэмэгдэлгүй болон илүү цаг ажилласан цалингүйгээр ачаалалтай ажилласан. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч төвөөс ямар нэгэн шийдвэр гаргалгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “МИАТ" ТӨХК-ийн 2016/18 тоот дугаартай хөдөлмөрийн гэрээний хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах тухай мэдэгдэх хуудас ирсэн. 2016 оны 8 сарын дундуур 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 2 сарын хугацаагаар сунгасан гэрээний сунгалт хүлээн авсан. Бээжин хотод амьдрах орон байр түрээслэхэд 1 жилээс дээш хугацаагаар гэрээ хийгддэг тул 2016 оны 6 сараас хойш гэрээ сунгах үгүй нь тодорхойгүй байсан тул түрээслэх боломжгүй болж зочид буудалд амьдарч эхэлсэн. 9 сарын 01-ний өдрөөс хойш төвөөс шийд ирээгүй байсан ч төлөөлөгчийн газрын ерөнхий менежерийн хэлснээр ажлаа ургэлжлүүлэн хийж буудалдаа амьдарч байгаад 2016 оны 10 сард ээлжийн амралтаа авч амарсан. 12 сарын 01-ний өдөр "'МИАТ” ТӨХК-ийн 2016/34 тоот дугаартай гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дуусгаж байгаа тухай мэдэгдэх хуудас дахин хүлээж авсны дараа 12 сарын дундуур хөдөлмөрийн гэрээг сунгасан гэрээний сунгалтыг мөн хүлээн авсан. 2016 оны 6 дугаар сараас 12 сар хуртэлх хугацаанд зочид буудалд амьдарч, бие сэтгэлийн хувьд тав тухгүй, эдийн засгийн хувьд хохиролтой ажиллаж амьдарч байсан. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/06 тоот тушаалын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож байгаа тушаал хулээн авч, зохих журмын дагуу ажлаа хүлээлгэн өгч Монголдоо ирсэн. Энэ тушаалыг хүлээн авах үед миний бие 2 сартай бие давхар байсан бөгөөд Монголд ирээд ажилд томилогдоно гэж ойлгож ажлаа хүлээлцэж өгөөд ирэхэд хүний нөөцийн ахлах мэргэжилтэн тойрох хуудсаа зуруулсны дараа Хан-Уул дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст бүртгүүлэх зөвлөгөө өгсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгүүлсэн. Мөн Бээжин хот дахь төлөөлөгчийн газар нь байнгын ажиллагаатай байгаа бөгөөд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, мөн жирэмсэн эхийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “МИАТ” ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “МИАТ” хувьцаат компанийн БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч билет бичигчээр хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байсан Б.Огийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар гадаадын төлөөлөгчийн газруудыг шинэчлэн байгуулж, орон тоог баталсан ба БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газрыг 5 орон тоотой байхаар баталсан. Мөн Бээжингийн чиглэлийн ачаа эргэлт, зорчигч урсгал буурсантай холбоотой зардал хэмнэх зорилгоор төлөөлөн удирдах зөвлөлийн 10 дугаар сарын 26-ны өдрийн 17/15 дугаар тогтоолоор аэропортын туслах ажилтан 1, суудал захиалагч-билет бичигч-1 орон тоог хассан. Зуны нислэгийн давтамж, ачаалал нэмэгдэж байгааг харгалзан гүйцэтгэх захирлын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/331 дүгээр тушаалаар Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчээр Б.Ог томилж, хоёр тал харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, түүний орон тоо Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдсан үндсэн орон тоо биш, ажлын ачаалал, шаардлагаар томилж, түүнтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа. Б.Огийн хөдөлмөрийн гэрээний хугацааг түүний гаргасан хүсэлт болон ажлын ачаалал тус төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, компанийн зорилтот түвшинг биелүүлэх, төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хоёр тал харилцан тохиролцож сунгаж байсан. Хамгийн сүүлд ажлын ачаалал болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас шалгалт хийгдэж байсантай холбоотой 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний хугацаа дээрх хугацаанд дуусгавар болсон. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн удирдамжийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 11 дүгээр 11-ний өдрийн 02/17 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталсан. Уг тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар гадаад улсын төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоог баталсан ба Бээжин хот дахь төлөөлөгчийн газрыг 3 орон тоотой байхаар баталсан. Улмаар гадаадын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан бүх хөлсөөр ажиллах гэрээтэй болон хөдөлмөрийн хугацаатай түр гэрээтэй ажиллаж байсан ажилтнуудын гэрээний хугацааг дуусгавар болгосон. Мөн Зам тээвэр хөгжлийн яамны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 38-07, 09-01/07 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтын тайлангийн 4.5.1-д "...Гадаад улс дахь төлөөлөгчийн 6 газарт батлагдсан орон тоогоор 20 хүн ажиллахаас 26 хүн ажиллаж байгаа нь Засгийн газрын 2015 оны 157 дугаар тогтоолын 3.3-д "... шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын ачааллыг нягтруулж орон тоог бууруулах сул чөлөөтэй..." гэж дүгнэсэн. Нэгэнт компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс орон тоог баталсан, салбарын яам болон хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажлын ачааллыг нягтруулах, орон тоо бууруулах чиглэл өгсөн тул Б.Од хөдөлмөрийн түр гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгох мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Б.О нь ажил олгогчтой харилцан тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, хуулийн дагуу дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсэг хамаарахгүй болно. Иймд Б.Огийн орон тоо нь үндсэн орон тоо биш ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2 дахь хэсгийн дагуу дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/01081 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Хан Хөхий овогт Баярын Б.Ог "БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч билет бичигчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Огийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20 165 856 төгрөгийг хариуцагч "МИАТ" ТӨХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.Огийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч "МИАТ" ТӨХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч "МИАТ" ТӨХК-аас тэмдэгтийн хураамжид нийт 328 979 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1770 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/01081 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “МИАТ” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Б.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1770 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.
Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухай: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 167.1.4-д заасныг удирдлага болгон шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд магадлалын хянавал хэсэгтээ “...хугацаатай гэрээг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасны дагуу цуцалсныг буруутгах үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-ийг зөрчсөн байна. ИХШХШтХ-ийн 168.1-д анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг тусган зохицуулж өгсөн байдаг. Гэтэл уг зүйлийн аль заалтын дагуу давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон нь тодорхойгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, ИХШХШТХ-ийн 168.1 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад 167.1.4 гэсэн ерөнхий заалт баримтлан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болжээ.
Хоёр. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн судлалгүйгээр ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогчид үүрэг болгосон заалтуудыг харгалзан үзэлгүйгээр, зөвхөн хөдөлмөрийн гэрээ хугацаатай байсан тул гэсэн үндэслэлээр 23.2.2-д заасны дагуу хугацаатай байгуулсан бол хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж, 23.3-д заасныг огоорон нэг талын шинжтэй магадлал гаргасан нь илэрхий байна. Шүүхээс нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах үүргээ огт биелүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр болжээ. Мөн хянавал хэсэгтээ “... Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт нь уг хуулийн 37.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход хамаарахгүй” гэж бичсэн нь ажилтны эрх, тэр дундаа эмэгтэй хүний хөдөлмөр бүлэгт тусгайлан зааж оруулсан зохицуулалтыг үл тоосон гэж үзэхээр байна. Гурав. МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/06 тушаал болон хариуцагчийн хариу тайлбарын хуулийн ба бодит үндэслэлийн талаар: Ажилтан Б.Ог чөлөөлсөн МИАТ ТӨХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/06 тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 43 дугаар зүйлийн заалтыг нарийвчлан тусгахгүйгээр хэт ерөнхий чигээр нь баримталсан, 38.1.2-ын дагуу “ажил олгогч санаачилсан” гэх атлаа уг заалтын нарийвчилсан зохицуулалт болох 40.1 дэх хэсгийн аль заалтыг баримтлан тушаал гаргасан нь тодорхойгүй, тушаалын гарчиг хүртэл “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай” гэсэн 2 өөр утгатай, ажлаас халах тухай тусгасан 43 дугаар зүйлийг баримталж гаргасан байхад уг тушаалыг үндэслэлтэй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь магадлал хууль зүйн болон бодит үндэслэлгүй болсныг илтгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан УДШ-ийн 2007 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолын 7 дугаар зүйлд “ 7.Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн “хугацаагүй” гэрээ байгуулах үүрэгтэй болно" гэж тодорхой тусган, “харин энэ зүйлийн 23.2.2.-т дээрх гэрээг “талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино” гэж тайлбарлажээ. Мөн тус тогтоолын “15.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана” гэснийг баримтлаагүй тушаал гаргасан ажил олгогчийн гомдлыг үндэслэлтэй байна хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1770 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны 183/ШШ2017/01081 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “МИАТ” ТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдол гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулжээ.
Б.О нь “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/331 тоот тушаалаар "Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч, билет бичигч”-ээр томилогдон, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд оржээ. Гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 01 хүртэл, 9 дүгээр сарын 01-нээс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 2 удаа сунгаж, талууд гарын үсгээ зурсан баримт хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгч нь “...хугацаа дуусахаас өмнө гэрээг сунгаагүй, хожим нь нөхөж, гэрээ байгуулах замаар сунгасан...” гэж тайлбар гаргасан нь үндэслэлтэй байх боловч гэрээний хугацааг сунгасан агуулга бүхий баримтыг талууд зөвшөөрч, гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй, гэрээний нэг нөхцөл буюу хугацааг тохирч, сунгасан гэж үзнэ.
Гэрээний хугацаа дуусан тул ажил олгогч нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Гэрээнд хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэж заасан, 12 дугаар сарын 31, 1 дүгээр сарын 01-ний өдөр амралтын өдрүүд байсан тул нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллаагүй, ажил олгогч нь ажлын эхний өдөр буюу 2017 оны 01 сарын 02-ны өдөр тушаалаа гаргажээ. Түүнчлэн хариуцагч нь гэрээг дуусгавар болох талаар 2016/34 тоот мэдэгдлийг ажилтанд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн байна.
Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Гэрээг цуцлах үед нэхэмжлэгч нь жирэмсэн байсан болох нь Интермед эмнэлэгийн тодорхойлолтоор тогтоогдсон байна.
Ажил олгогч нь аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халж болохгүйг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан. Уг заалтаар ажлаас халах буюу хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үед баримтлах асуудлыг зохицуулсан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар гэрээг дуусгавар болох тохиолдолд хамаарахгүй байна.
Харин нэхэмжлэгчийг өөр ажлаар хангах эсэх, өөр ажилд авах эсэх асуудалд энэ шийдвэр нөлөөлөхгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нотлох баримтыг бодитой үнэлээгүй ...” үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1770 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
ТАНХИМЫНТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА