Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ХШТ/02

 

                                                        Н.Л, Б.С, М.Н нарт холбогдох эрүүгийн

                                                                          хэргийн тухай 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, шүүгдэгч М.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Т.Золбоо, Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар магадлалтай, Н.Л, Б.С, М.Н нарт холбогдох эрүүгийн ________ дугаартай хэргийг шүүгдэгч М.Н, шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Х овогт Н-ийн Л.

2.Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ял шийтгэлгүй О овогт Б-ийн С.

3.Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ял шийтгэлгүй Х овогт М-ын Н.

Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн _______ сумын төвд амь хохирогч М.Н-тай “хүндэлж харьцсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар өшиглөж алсан,

Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн ______ сумын төвд амь хохирогч М.Н-тай “хүндэлж харьцсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний эрүүн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

М.Н нь “М.Н-ийн амь нас хохирсон” эрүүгийн __________ дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолоор Н.Л хүнийг алах, Б.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, М.Н-ыг худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Л 13 жилийн хугацаагаар хорих,  

мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Л-д оногдуулсан 13 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Н-т оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3 дахь хэсэгт зааснаар Н.Л-ээс 3,513,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 10,680,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлууд болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж 66 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн “Улсын яллагч Б.О” гэснийг “Улсын яллагч Л.О”,

“...Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос ...” гэснийг “...Хөвсгөл аймгийн прокурорын газрын орлогч прокуророос...”,

тодорхойлох хэсгийн “Улсын яллагч Б.О” гэснийг “Улсын яллагч Л.О” тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 4 дүгээр зүйлийн 4.1...” гэснийг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Л-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1-д “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж болно” мөн зүйлийн 1.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэж заасныг үндэслэн дараах үндэслэлээр хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна.

Хуулийн хэрэглээний үндэслэл: Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд хүнийг алах гэмт үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцон уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялын төрөл хэмжээг хуульчлан заажээ. Хүнийг алах гэмт хэрэг нь хүний амьд явах жам ёсны эрхийг зөрчиж амь насыг хохироож эргэн сэргээгдэх, нөхөн төлөгдөх боломжгүй болгодог нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ их, гэмт хэргийн ангиллын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүнд гэмт хэрэг юм. Хүнийг алах гэмт хэргийн объектив шинж нь нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн хэрэгжүүлсэн “хүнийг алсан” идэвхтэй үйлдэл, хүнийг алах гэмт үйлдлийн улмаас хүний амь хохирсон хор уршиг, хүнийг алсан идэвхтэй үйлдэл түүний улмаас хүний амь хохирсон хор уршгийн хоорондох “шалтгаант холбоотой” байхыг хуулийн хэрэглээний хувьд шаарддаг материаллаг бодит шинжтэй гэмт хэрэг юм. Хүнийг алах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох хүнийг алах гэдэгт нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс хүч хэрэглэж хүний амьдрах үйл ажиллагааг тасалдуулж үхэлд хүргэж буй үйлдлийг ойлгох ба энэ нь тухайн этгээдийн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл байхыг шаарддаг. Хүний амь нас хохирсон хор уршиг гэдэгт: Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний анатоми болон физиологийн бүрэн бүтэн байдал алдагдаж зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогсож үхэлд хүргэсэн сөрөг үр дагаврыг ойлгоно. Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн хэрэгжүүлсэн үйлдэл, түүний улмаас хүний амь нас хохирсон хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байх нь энэ гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох ба шалтгаант холбоо тогтоогдоогүй бол хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл хууль хэрэглээний хувьд үгүйсгэгдэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад материаллаг бодит шинжтэй гэмт хэрэг бүрд гэмт этгээдийн үйлдэл, түүний улмаас учирсан хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоог хөдөлбөргүй, эргэлзээгүй зөв тогтоох нь гэмт хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагыг үндэслэлтэй хүлээлгэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой байдаг. Гэмт хэргийн шалтгаант холбоог тогтоохдоо хэргийн бодит нөхцөл байдал, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн хор уршгийн шинж, хэр хэмжээг харгалзахаас гадна тусгай мэдлэг шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага, тэдгээрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоодог. Шалтгаант холбоо нь өөртөө хууль зүйн шинжүүдийг агуулахаас гадна хууль хэрэглээний хувьд дараах шалгууртай байхыг шаарддаг. Үүнд:

1.Гэмт үйлдэл, хор уршиг нь хоорондоо цаг хугацааны хувьд дараалалтай байх, үйлдэл нь хор уршгийн өмнө хэрэгжсэн байх.

2.Гэмт үйлдэл нь үр дагавар болсон хор уршгийг учруулах бодит боломж, нөхцөлийг тухайн тохиолдолд өөртөө агуулсан байх, үйлдэл хор уршгийн дотоод хамааралтай нөхцөл зайлшгүй тогтоогдсон байх ба бололцоо гэдэг нь үйл явдлын тодорхой үр дагаврыг бий болгох боломж байдаг бол бодит байдал гэдэг нь тухайн боломжийн тодорхой нөхцөлд хэрэгжсэн байдал, бий болсон үр дүн байх ба энэ нь эрүүгийн эрх зүйн хэрэглээний ойлголт мөн юм.

3.Хор уршиг нь шалтгаан болсон гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүний шууд, зайлшгүй үр дагавар болж учирсан бодитой шинжээр тайлбарлагддаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээний үндэслэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтыг агуулдаг. Энэхүү зорилтыг хангах, биелүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөртөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх (шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийг чанд сахина) хэргийн бодит байдлыг тогтоох (...хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...) хүний халдашгүй байх эрхийг хангах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зэрэг зарчмын хэм хэмжээг удирдлага болгон явуулахыг хууль тогтоогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд хуульчлан заажээ. Зарчим гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй оролцогчид, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдээс үйл ажиллагаандаа чанд баримтлах үзэл санааны нийлбэр цогц хандлагыг ойлгодог.

Миний үйлчлүүлэгч Н.Л-д холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч хууль ёсны зарчмыг ноцтой зөрчиж хэргийн оролцогч нараас мөнгө авч тухайн үйлдэлдээ шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял шийтгэгдсэн. Гэмт хэрэг үйлдэх замаар цуглуулсан нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэргийн бодит байдалд нь үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэсэн дүгнэлтийг хийж байна.

Хууль хэрэглээний үндэслэл болон өмгөөллийн дүгнэлтийг тогтоож буй нотлох баримтууд:

Шинжээч эмч Б.Ц-ийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар шинжээчийн дүгнэлт “дээрх хоёр хүний өшиглөлтийн яг алиных нь өшиглөлтийн улмаас амь нас хохирогчийн биед учирсан гэмтлийг болон үхэлд хүргэснийг ялгах боломжгүй. (хавтаст хэргийн34 дэх тал)

Б-ийн гэрчээр өгсөн “...С гэнэт босож ирээд бакалан гутлаар М.Н-ийн нүүр хэсэгт өшиглөсөн чинь уруулаас нь цус гараад өө та нар ингэдэг болсон юм уу гэж талийгаач хэлсэн чинь Л босож ирээд пүүзэн гутлаараа өшиглөсөн. (1-р хавтаст хэргийн 62 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 384 дүгээр шинжээчийн дүгнэлт “...нүүрэнд нь сүүлд өшиглөхөд нь талийгаач ухаангүй болсон улмаар нас барсан үхэлд хүргэх гэмтэл.

Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын мөрдөн шалгах тасгийн мөрдөгч Б.Д нь энэ хэргийн яллагдагч, гэрч нараас албан тушаалын байдлаа ашиглаж С.А, Э.Э, М.Н, Б.Б нараас торгуулийн мөнгө гэж зохиомол нөхцөл байдал бий болгож залилан мэхэлж авсан хэрэгт анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоол (1-р хавтас хэргийн 87 дахь тал)

М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчээр удаа дараа өгсөн “...Том биетэйгээр нь Л барьж унахгүй бол та нар хэрэгт орно хэцүүднэ, том биетэй учраас түүн рүү чиглүүлж байж та нар хөнгөн мултарна... байцаалтыг өөрөө зохиогоод уншуулаагүй гарын үсэг зуруулсан гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

Шинжээч эмч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “Ц эмч бол тухайн хэргийн хувьд анхны задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан эмч “харин манайх хэргийн материалтай танилцаад дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

Шинжээч эмч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Ц эмч бол анхны задлан шинжилгээ хийсэн эмч, бид бол хэрэг уншиж байгаад дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Хууль зүйн хэрэглээний үндэслэл болон нотлох баримтуудыг харьцуулан шалгахад:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад материаллаг бодит шинжтэй гэмт хэрэг бүрд гэмт этгээдийн үйлдэл, түүний улмаас учирсан хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоог хөдөлбөргүй, эргэлзээгүй зөв тогтоох, хор уршиг нь шалтгаан болсон гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүний шууд, зайлшгүй үр дагавар болж учирсан байх зэрэг хууль хэрэглээний шаардлага шалгуур эргэлзээгүй тогтоогүй байна. Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар шинжээчийн дүгнэлтэд “дээрх хоёр хүний өшиглөлтийн яг алиных нь өшиглөлтийн улмаас амь хохирогчийн биед учирсан гэмтлийг болон үхэлд хүргэснийг ялгах боломжгүй” гэж дүгнэсэн бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 384 дүгээр шинжээчийн дүгнэлт “...нүүрэнд нь сүүлд өшиглөхөд нь талийгаач ухаангүй болсон улмаар нас барсан үхэлд хүргэх гэмтэл” гэж тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан нь анхны шинжээчийн дүгнэлт эсхүл бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзээ бий болсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.А “Цэмч бол тухайн хэргийн хувьд анхны задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан эмч харин манайх хэргийн материалтай танилцаад дүгнэлт гаргасан”, шинжээч эмч Ч.Э “Цэмч бол анхны задлан шинжилгээ хийсэн эмч, бид бол хэрэг уншиж байгаад дүгнэлт гаргасан” гэх мэдүүлгүүдийг нэгтгэн дүгнэвэл “амь хохирогчийн нас барсан шалтгаан, эмнэл зүйн шинж тэмдгийг тогтоохдоо М.Н, Б.С, Б нарын гэрч болон яллагдагчаар өгсөн “Л эгц урдаас нь хохирогчийг өшиглөхөд хохирогч дахиж босож ирээгүй” гэсэн мэдүүлгийг үндэслэн хоёр дахь өшиглөлт амь насыг хохироох шалтгаан болсон гэж дүгнэсэн нь тодорхой харагддаг. Энэ хэрэгт эхнээс нь дуустал мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч Б.Д гэгч этгээд нь дээрх нэр бүхий оролцогч нараас “та нар том биетэйгээр нь Л гэж хэлээрэй гэж өөрөө мэдүүлэг зохиож бичээд гарын үсэг зуруулсан талаар М.Н тогтвортой мэдүүлэг өгсөн байдаг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Иймээс дээрх шинжээч нар хавтаст хэргийн материалтай танилцах замаар шинжээчийн дүгнэлт  гаргасан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа нь хууль бусаар цугларсан баримтуудыг үндэслэсэн гэж үзэх бүрэн үндэстэй байна. Энэ шинжээчийн дүгнэлтийн хуулийн болон тусгай мэдлэгийн үндэслэл үгүйсгэгдэх нөхцөл болно. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 “Шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх” шинжилгээ хийх зарчмууд алдагдсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Давж заалдах шатны шүүхээс магадлалдаа гэрч С.А, Э.Э, С.Б нарын мэдүүлэг нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй хэргийн үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй байдлаар нотолж байна гэж дүгнэжээ. Гэвч хэргийн оролцогч нараас мөнгө авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн “хэргийг аргалж өгнө” гэх зэрэг үйлдлээс үзэхэд хэргийн нөхцөл байдлыг өөрчлөх, гэмт санаа бодол энэ хэргийг шалгах аль үед нь бий болсон нь тодорхойгүй тул аль нотлох баримт үнэн зөв, ямар нь худал эсэхийг дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Энэ нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина” гэж заасныг ноцтой зөрчиж гэмт хэрэг үйлдэх замаар цуглуулсан нотлох баримт болон хэргийг бүхэлдээ хууль ёсны дагуу шалгаж мөрдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн мөрдөгч Б.Д гэгч этгээдээс дээрх гэрчүүдийн мэдүүлгийг зөрүүгүй байдлаар авч Л гэж хэлээрэй гэх зэргээр бусад нэр бүхий оролцогч нарт хууль бус амлалт өгч байсан гэмт үйлдлээ халхавчлах зорилго агуулж байсныг үгүйсгэхгүй юм.

Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Л гаргасан гомдолдоо: “...Надад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт, прокурорын шатанд өгсөн өмгөөлөгчийн гаргасан гомдол хүсэлтийг хангаагүй, нотлох баримтуудыг дүн шинжилгээ хийж чадаагүй, анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтуудыг хангаж чадаагүй нь намайг маш их хэлмэгдүүлж хохироож байгаа тул доорх гомдлыг гаргаж байна.

Хэргийг мөрдөн шалгах явцад нэг талыг барьж намайг хэлмэгдүүлсэн үйл ажиллагаа цөөнгүй явсан. Үүний нэг нь хэргийг мөрдөж байсан байцаагч өөрөө мэдүүлэг зохион бичиж гэрчүүдээр гарын үсэг зуруулсан. Энэ тухай М.Н шүүх хурлуудад удаа дараа мэдүүлдэг. Мөн зарим нэг хэргийн оролцогчоос 450,000 төгрөг авч зохиомол байдал зориуд үүсгэж намайг хэрэг хийсэн мэт харагдуулсан юм. Энэ байдал нь тогтоогдож ял авсан баримт нь хавтаст хэрэгт байна. Энэ бол туйлын ноцтой асуудал гэж харж байна. Мөрдөн байцаалтын ажил анхнаасаа үнэн зөв, бодитой явагдаагүй баримтаар намайг шийтгэж, илт хилс хэрэгт хийж байгаад гомдолтой байна. Уг байдлыг миний бие давж заалдах шатны гомдолдоо мөн дурдсан билээ.

Мөн хоёр шатны шүүх намайг цагаатгах нотлох баримтыг огт үнэлэхгүй байгаад миний бие их гомдолтой байна. Тухайлбал, эхлээд Б.С хохирогчийг эгц урдаас өшиглөсөн үйлдэл, миний өмсөж байсан пүүзэн гутал болон Б.С-ийн өмсөж байсан бакалан гутал хоёрын хооронд ямар ч дүгнэлт гаргаагүй юм.

Миний бие шүүхээс үнэн зөвийг тодорхойлж өгөхийг л хүсэж байна. Иймд хяналтын шатны шүүх хэргийг авч хэлэлцэн үнэн мөнийг тогтооно гэж найдаж байна.” гэжээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Н гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаж байна. Үүнд:

Хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагч Б.Д нь 2019 оны 08 дугаар  сарын сүүлээр авсан гэрчүүдийн мэдүүлгийг өөрөө бичиж биднээр  гарын үсэг зуруулсан. Мөн өндөр биетэйгээр нь Н.Л барьж унахгүй бол та нар бүгд энэ хэрэгт татагдана гэж хэлсэн. Энэ тухай М.Н би Орхон аймгийн анхан ба давж заалдах шатны шүүхийн өмнө үнэн зөвөөр мэдүүлэг өгөхөд миний мэдүүлгийг хүлээж аваагүй.

Мөрдөн байцаагч Б.Д нь энэ хэргийн гэрчүүдээс тус бүр 450,000 төгрөгийг бэлнээр авсан. Дараа нь Авлигатай тэмцэх газар шалгагдаж байхдаа мөрдөн байцаагч Б.Д миний мөнгөнөөс 250,000 төгрөгийг яллагдагчаар байцаагдаж байсан Б-ны Б-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Гэтэл Б.Б-ийн данснаас малчны зээл татсан учир мөнгөө авч чадаагүй.

2019 оны 09 дүгээр сард байцаагч Б.Д Хөвсгөл аймгийн Т сум руу хувьдаа болон худалдах зорилгоор хоёр удаа мод бэлтгэсэн. Эхлээд байцаагч Б.Д, яллагдагч Б.С, гэрч С.А, Э.Э нарыг авч явсан. Дараа нь байцаагч Б.Д, яллагдагч Б.С, гэрч М.Н, Б.Б, С.Б нарыг авч явсан.

Б-ийн С Хөвсгөл аймгийн _______ суманд анх мэдүүлэг  өгөх үед талийгаач М.Н-г өшиглөсөн гэдгээ хэлээгүй, бакалан гутлаараа талийгаачийн нүүрэн тус газар өшиглөсөн мөртөө ямар ч ял аваагүй. Гэтэл намайг худал мэдүүлэг өгсөн гэж үзээд 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оноож байгаад гомдолтой байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, хэргийг нягталж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.Н хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Б.Д гэдэг хүн анх мэдүүлэг авахдаа хамаг юмыг буруу болгосонд гомдолтой байна. Б.С Хөвсгөл аймгийн _______ суманд М.Н-г өшиглөсөн гэдгээ хэлээгүйг мэдсээр байж намайг “би тэнд байхгүй байсан” гэж буруу мэдүүлснээс торгосонд гомдолтой байна гэв.

Шүүгдэгч Н.Л-ийн өмгөөлөгч Т.Золбоо хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гомдлыг дэмжиж тайлбар гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ. Ингэхдээ шийтгэх тогтоол болон магадлалд хууль зүйн үндэслэл тусгаагүй байна. Анхан шатны шийтгэх тогтоолд нотлох баримтын жагсаалд байх бөгөөд зөвхөн 11 дүгээр талд гэм буруугийн талаар товч дурдсан. Анхан шатны шүүх Н.Л-ийн өшиглөсөн үйлдэл нь М.Н үхэлд хүргэсэн гэж үзжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.С М.Н-ийн нүүрэн тус газарт бакалаараа нэг удаа өшиглөсөн, Н.Л пүүзээр нэг удаа өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна. Эдгээр үйлдлүүдээс аль нь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой болохыг тогтоох боломжгүй болох нь Б.Ц-ийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс ижил нотлох баримт болох 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 96, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 384 дүгээр, 2020 оны 06 дугаар сарын 03-ны дүгнэлтүүдээс яагаад 96 дугаартай дүгнэлтийг үгүйсгэж байгааг тайлбарлаагүй. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлтийг цогцост задлангаар хийсэн бөгөөд сүүлийн хоёр дүгнэлт нь эксгумаци буюу цогцсыг гаргалгүйгээр хэргийн материалд хийсэн дүгнэлт юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 11 дэх талд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно” гэж тайлбарласан байна. Гэвч Н.Л нь М.Н хүсэж алсан эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүх огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хэрэв М.Н-ийн үхэл Н.Л-ийн үйлдлээс шалтгаалсан гэж үзвэл субъектив шинжийн хувьд болгоомжгүйгээр хүн алсан нөхцөл байдал тогтоогдохоор байна. Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн үйлдэл байгаагүй, урьд алах хүсэл зориг илэрхийлсэн нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн энэ хэргийг хүсэж болон урьдаас төлөвлөсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заавал заана гэсэн байна. Хэрэв заагаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр бичжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн үндэслэл болгосон 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичээгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь огт “хууль зүйн дүгнэлт” гэсэн хэсэггүй бөгөөд хууль зүйн дүгнэлт нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, нотлох баримтын жагсаалтаар дүүрэн тогтоол болжээ. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч Б.Д нь гэрч С.А, Э.Э, М.Н, Б.Б нараас 450,000 төгрөг авсан нь тогтоогдож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 223 дугаартай тогтоолоор шийтгэгдсэн байна. Энэ байдлаас тус хэргийн гэрчүүд болон мөрдөн байцаагч ашиг сонирхлын хамааралтай болохыг тод харж болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд нотлох баримтаар тооцсон баримтууд нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх талд М.Н, Б.Б нарын, 5 дахь талд Э.Э-ийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд авагдсан байна. Тэгэхээр анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэх, тогтоох хэсэгт гэмт хэрэг үйлдэх замаар бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэсэн байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, миний үйлчлүүлэгч Н.Л шударгаар байцаагдах нөхцөл байдлаар хангаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Д.Оюунчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар магадлалыгхэвээр үлдээж өгнө үү. Н.Л-ийн хувьд Б.С-ийн үйлдлийн улмаас талийгаач нас барсан үндэслэлээр гомдол гаргасан байна. Гэтэл Н.Л нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ болсон үйлдлийг нэг бүрчлэн тодорхой ярьсныг бүрэлдэхүүн анхаарахыг хүсье. Түүнчлэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр Н.Л-ийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын журмаар гаргасан гомдолдоо Эрүүгийн хуулийг хэрхэн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн зөрчсөн талаар дурдаагүй байна. Мөн 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн атлаа 3 дахь дүгнэлтийг гомдолдоо дурдаагүй. 3 дахь удаагийн дүгнэлт бол сүүлийн өшиглөлтийн улмаас талийгаач нас барсан болохыг тодорхойлсон. Тархиндаа хүнд гэмтэл авч буй гол шинж нь савж унаад шууд хурхирч эхэлсэн үйл баримт учраас шүүх шинжээчийн дүгнэлтийг буруу үнэлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Мөрдөгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 25-нд гарсан гэмт хэргийн талаар 25, 26, 27-ны өдрүүдэд Б.С, Н.Л, С.А нарын 4 хүнээс мэдүүлэг авахад тэдний мэдүүлгүүд хоорондоо яг таардаг. Харин 2019 оны 09 дүгээр сард зарим хүмүүсээр мод бэлтгүүлсэн хэдий ч хэргийн үйл баримт аль хэдийн тогтоогдсон байсан. Тэгэхээр мөрдөгч Б.Д-ийн хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөрдөгч Б.Д хууль бусаар нотлох баримт цуглуулсан гэж байгаа бол үндэслэл бүхий гомдлыг тухайн үед нь гаргах байсан байх. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хэвээр үлдээж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Энэ гэмт хэргийн хувьд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдэгдэх үед 8 хүн байсан бөгөөд хэргийн газарт эмч Э.М хамгийн түрүүнд очсон, улмаар цагдаагийн байгууллагаас ажиллагаа хийсэн баримт хэрэгт авагдсан. Өмгөөлөгч нарын гомдолд дурдсанчлан бүх нотлох баримтыг гэмт хэрэг үйлдэх замаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу 2019 оны 07 дугаар сарын 26, 27, 28, 29, 08 дугаар сарын 29-ний өдрүүдэд гэрчүүдээс мэдүүлэг авсан. Мөн хэргийн газрын үзлэгийг хийсэн тэмдэглэл, анхан шатны шүүх 81 фото зургийн үзүүлэлт бүхий дүгнэлт зэрэг баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, Н.Л, Б.С, М.Н нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Тодруулбал, шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна. Эдгээр нотлох баримтууд хуульд заасан журмыг зөрчөөгүй, оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хязгаарлаагүй гэж дүгнэн шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хувьд мөрдөгчийн асуудал хөндөгддөг бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн. С.А, Э.Э, М.Н, Б.Б нараас 1,800,000 төгрөг авсан асуудлыг ямар нэгэн гадны нөлөө байгаагүй, торгуулийн мөнгө гэж авсан талаар мэдүүлсэн байдаг. Б.Д-ийн дээрх үйлдэл нь тухайн гэмт хэргийн талаар дуудлага авч, нотлох баримтыг бэхжүүлэх, мэдүүлэг авсан, шинжилгээ хийлгэхээс өмнө хийгдээгүй буюу гэмт хэрэг үйлдэх замаар нотлох баримт цуглуулсан гэж үзэх үндэслэлгүй. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч нар 3 удаагийн шинжилгээний талаар тодорхой тайлбарласан. Шинжээч эмч нар “анхны задлан шинжилгээгээр тогтоогдсон тархи нугасны урагдал гэмтэл нь тархинд бүтэн цус харвалт үүссэн байх учиртай. Өшиглөлтийн улмаас хойшоо хүчтэй савалт, савалтаас тархинд цалгилт үүсэж унахад тархинд секунд гэх хугацаагүйгээр цус харвалт үүсдэг. Энэ гэмтлийг авсан хүн ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй байдаг” гэж мэдүүлсэн. Энэ талаар шүүгдэгч Н.Л шүүх хуралдааны явцад “Б.С өшиглөхөд талийгаач унаагүй, ямар нэгэн үйлдэл хийгээгүй. 1 минут орчмын дараа би өшиглөхөд савж унасан” гэж тодорхой мэдүүлснийг бусад гэрчүүд, шүүгдэгч М.Н нар давхар мэдүүлдэг. Шүүгдэгч М.Н-ын хувьд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “би байгаагүй, хэргийн талаар хараагүй” гэж худал мэдүүлсэн хэрэгт шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. М.Н-ын үйлдсэн гэмт хэргийн хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар өршөөлд хамаарагдахгүй гэмт хэрэгт хамаарч байгаа талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан харьцуулж хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдал нийцэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Одоогийн байдлаар хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Б.С-ийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн _____ сумын төвд “хүндэлж харьцсангүй” гэх шалтгаанаар хохирогч М.Н-ийн эрүүнд өшиглөсөн, уг үйлдлийн дараа шүүгдэгч Н.Л нь согтуугаар мөн хохирогчийн нүүрэнд өшиглөсөн, энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр байцаагдахдаа шүүгдэгч М.Н нь зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримтыг хоёр шатны шүүх эргэлзээгүй тогтоосон байна.

Тухайлбал, амь хохирогчид хэн, ямар дарааллаар, хэрхэн яаж хүч хэрэглэж халдсан, эдгээр үйлдлийн дараа хохирогч ямар байдалтай байсан талаар гэрч С.Б, Б.Б нарын өгсөн мэдүүлэгт үндэслэн хоёр шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал болон уг хэргийг хэн үйлдсэнийг сэргээн тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Аливаа юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны үр дүнд бий болдог нь гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох болон Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд чухал ач холбогдолтой юм.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухай этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Амь хохирогчийн биед үүссэн гэмтлийн шинж чанар, үхлийн шалтгааны талаар шинжээчийн гурван удаагийн дүгнэлт гарсан бөгөөд эдгээрт дээрх нөхцөл байдлыг зөрүүгүй тодорхойлсон тул тэдгээрийг бүрэн бус эсхүл үндэслэлгүй хэмээн дүгнэх боломжгүй болно.

Тодруулбал, гурав ба таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээний 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 384 (хэргийн 2 дахь хавтас, 42-48 дахь тал), 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 462 (хэргийн 4 дэх хавтас, 158-162 дахь тал) дугаар дүгнэлтүүдэд хохирогчийн нүүрэнд сүүлд өшиглөсөн үйлдэл нь түүний үхлийн шалтгаан болсон гэмтлийг учруулсан гэж тогтоосноос гадна шинжээч Б.А, Ц.Г, Ч.Э нар мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад дээрх дүгнэлтээ тайлбарлан тодорхой мэдүүлсэн байна.

Түүнчлэн тухайн үед болсон үйл явдал, түүний дараалал болон хохирогч ямар байдалтай юу хэлж байсан, хэний өшиглөлтийн дараа ухаангүй болсон талаар гэрч С.Б (хэргийн 1 дэх хавтас, 63-64, 85-86 дахь тал) Б.Б (хэргийн 1 дэх хавтас, 65-67, 2 дахь хавтас, 34-36 дахь тал) нар өөр хоорондоо агуулгын зөрүүгүй мэдүүлцгээжээ.

Дээр дурдсан хоорондоо харилцан хамаарал бүхий шинжээчийн дүгнэлт болон гэрч, шинжээч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хоёр шатны шүүх хэрэгт цугларсан ба шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.С-ийн хохирогчийн эрүүнд өшиглөсөн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, харин М.Н-ийн нүүрэнд өшиглөсөн шүүгдэгч Н.Л-ийн үйлдэл нь амь хохирогчийн үхлийн шалтгаан болсон гэмтлийг учруулсан, эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой болохыг хөдөлбөргүй тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, хохирогчид хүч хэрэглэж халдсан шүүгдэгч тус бүрийн үйлдэл ямар үр дагавар үүсгэсэн, хэнийх нь үйлдлийн улмаас учирсан гэмтэл хохирогчийг үхэлд хүргэсэн, тэдгээрийн шалтгаант холбооны талаар анхан ба давж заалдах шатны шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хэргийн үйл баримт, сэдэлт, хор уршиг, шалтгаант холбоог ийнхүү нотлон тогтоосны үндсэн дээр шүүхүүд Б.С, Н.Л нарын үйлдлийг зөв зүйлчилж, Б.С-ийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан үндэслэлтэй шийдвэрлэснээс гадна Н.Л-д оногдуулсан 13 жилийн хорих ял нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн нь гэрч болох ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгвөл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгч М.Н нь эрх, үүрэгтэйгээ танилцаж, хууль сануулагдан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр байцаагдахдаа (хэргийн 1 дэх хавтас, 50-51 дэх тал) “тухайн үйл явдал болох үед тэр газарт байгаагүй” гэж зориуд худал мэдүүлсэн нь хэргийн газар цуг байсан бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болон хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээтэй холбогдуулан шүүхүүдээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хууль зөрчөөгүй байна.

Тэрээр 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хэдий ч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамарч буйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн _____ сумын төвд М.Н гадны нөлөөтэй нас барсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад хуульд заасан бүх арга хэмжээг авч, хийгдвэл зохих бүхий л ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэснээс гадна үүнд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлжээ.

Эдгээр ажиллагааны үр дүнд гэмт хэргийг хэзээ, хаана, хэн, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг нотлоход хүрэлцэхүйц, хангалттай нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулан бэхжүүлснийг хоёр шатны шүүх тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалган үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Ийнхүү хянан шийдвэрлэхдээ шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчөөгүй, хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй, хориглоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тул “хилс хэрэгт хийж байгаад гомдолтой” талаар шүүгдэгч Н.Л, “тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй билээ.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч Б.Д-д холбогдуулан прокурор яллах дүгнэлт үйлдээгүй, түүнд холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлээгүй тул түүний талаар шүүгдэгч М.Н, Н.Л, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гомдолд дурдсан асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүйн гадна өршөөлд хамрагдсан Б.С-той өөрийгөө харьцуулж “торгуулийн ял оноосон”-д гомдолтой байгаа талаар (өршөөлд хамруулах үндэслэлгүй тухай энэ тогтоолд тусгасан) шүүгдэгч М.Н-ын гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн үндэслэлийн алинд ч хамаараагүй байх тул түүний гомдлыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч М.Н нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Б.ЦОГТ